ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

AHA, Пептид, Ретинол гэж юу вэ: Арьс арчилгааны шалгарсан найрлагуудын тайлбар

Гоо сайхан  | 2018 / 02 / 17

Чи мэднэ дээ. Хэдэн сар болоод л нэг удаа Тахитын ширэнгэн ойгоос ч юм уу, Японы ууланд ургадаг нэгэн ургамлаас ч юм уу, арьс арчилгааны ертөнцөд шуугиан тарьсан нэгэн шинэ найрлагыг нээдэг. Тэгээд л тэр найрлага төд удалгүй бүх брэндийн тос серумд орчихсон байдаг. Арьс арчилгааны найрлага, шинэ технологи гэдэг хааяа хувцас загварын тренд шиг л санагддаг шүү. Гэхдээ хувцасны хуучрашгүй тренд гэж байдгийн адил цаг хугацааны шалгуурыг давсан, шилдэг нь батлагдсан найрлагууд гэж бий. Нэр алдартай, сайн үнэлгээтэй бүх л бүтээгдэхүүний найрлага дунд явж л байдаг өнөөх хэдэн гадаад нэртэй, гайхамшигтай найрлагуудын тайлбар толийг гаргасан юм. Ихэнх нэршил нь миний хувьд эртний найз шиг чинь танил дотно, олон удаа сонсож байсан ч яг юунд хэрэгтэй гэдгийг нь нарийн мэдэхгүй найрлагууд байсан.

AHA, Пептид, Ретинол гэж юу вэ: Арьс арчилгааны  шалгарсан найрлагуудын тайлбар

Хэрэв чи “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр хөтөлбөрт нэгдээд байгаа бол доорх толь бичиг чамд бүр их хэрэг болно. Орой бүр хэрэглэх тос, серумныхаа найрлагыг уншаад, аль нь яг ямар үйлчилгээтэйг нь сайтар мэдэж авбал хэрэглэхэд улам урамтай сэтгэгдэл төрж, арьсныхаа эксперт болсон мэт л санагдана л гэсэн үг.

A
AHA:
AHA (Alpha Hydroxy Acids) нь төрөл бүрийн жимс, ургамлаас гаргаж авдаг, арьсны өнгөн давхарга дээрх үхэжсэн арьсыг зөөлнөөр гуужуулагч үйлчилгээтэй органик бүлэг хүчил юм. Арьс арчилгааны бүтээгдэхүүнд гликолийн хүчил, сүүн хүчил гэсэн хоёр төрлийн AHA-г түгээмэл ашигладаг.

Antioxidant: Гадил жимс чөлөөт радикалуудад өртөж бор өнгөтэй болдог шиг, бидний арьс ч бас чөлөөт радикалуудын нөлөөгөөр коллаген, эластинаа алддаг. Өөрөөр хэлбэл бидний арьсны эсийн түвшинд исэлдэх үйл явц явагдаж байна гэсэн үг. Харин антиоксидант (орчуулбал үл исэлдүүлэгч) найрлага нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, хөгшрөх үйл явцыг удаашруулдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг антиоксидант бол С амин дэм юм.

Арбутин: Энэ нь нэгэн төрлийн уулын жимсгэнээс гаргаж авдаг байгалийн гаралтай арьс цайруулагч найрлага юм.

B
BHA:
BHA (Beta Hydroxy Acids) бол хар батга арилгах, нүх агшаах, арьсыг тайвшруулах зэрэг үйлчилгээтэй гуужуулагч бүлэг хүчил юм. Батганы эмчилгээнд хамгийн түгээмэл ашиглагддаг нь салицилийн хүчил бөгөөд энэ нь үрэвсэл намдаах, тослогийг шингээх үйлчилгээ үзүүлдэг. BHA-үүд нь зөвхөн нүхийг цэвэрлэж, үхэжсэн арьс, илүүдэл тослогийг арилгахаас гадна үрчлээг ч багасгаж, арьсыг цайруулах давхар үйлчилгээ үзүүлдэг тул маш үр дүнтэй байдаг. Ширхэгтэй скраб хэрэглэж чаддаггүй эмзэг арьстай хүмүүс BHA-ээр гуужуулахад тохиромжтой.

C
Ceramides:
Серамид нь арьсны эсүүдийг хамтад нь барихад тусалдаг, бидний арьсанд байгалиас агуулагддаг липид юм. Арьс гэмтсэн, эмзэгшсэн үед серамидийн хэмжээ багасаж, аливаа өвчлөлд өртөмтгий болдог. Серамид хангалттай байгаа үед арьс тэжээллэг, эрүүл, нягт байж, чийгээ сайтар барьдаг юм. Тиймээс арьсаа хамгаалахыг хүссэн хүмүүс үүнийг өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагаас хайгаарай.

C амин дэм: C амин дэм буюу L-ascorbic acid бол арьс арчилгааны хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг юм. C амин дэм нь арьсыг цайруулах, нөсөө толбыг бүдэгсгэх, хөгшрөлтийг сааруулахад өндөр үр дүн үзүүдэг. С амин дэм нь гайхалтай антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна коллагены үйлдвэржилтийг дэмждэг тул арьсыг гэрэлтүүлж, өнгийг жигдэлдэг. Тиймээс ч сүүлийн үеийн арьсны мэргэжилтнүүд С амин дэмийг биширч байна. Сайн үр дүнг хүсэж байвал 20 хүртэл хувийн С амин дэмийн өндөр агууламжтай серум, тосыг сонгоорой. Мөн Е амин дэмийн найрлагатай хослуулан хэрэглэвэл илүү ч сайн цайрах болно. С амин дэмд ганц л сул тал бий: Энэ нь хүчилтөрөгч, гэрэлтэй урвалд орохоороо задарч хэрэгцээт үр нөлөөгөө алддаг. Тиймээс агаар нэвтэрдэггүй сайн савлагаатай бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Мөн нарны гэрэлд үр дүн нь багасдаг учраас оройн арчилгаа, шөнийн тосондоо оруулах нь хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ ретинол хэрэглээгүй шөнөдөө С амин дэмээ хэрэглэвэл зүгээр гэдгийг санаарай. Учир нь С амин дэм нь А амин дэмийн нийлэгжилтийг бууруулах магадлалтай.

Collagen: Коллаген бол арьсыг уян хатан, эрүүл, үрчлээгүй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг нэг төрлийн уураг юм. Коллагенийг гаднаас нь түрхэх байдлаар хэрэглэснээр арьсыг эрүүл, тэжээллэг, чанга харагдуулах нэг төрлийн давхарга үүсгэж өгдөг. Гэхдээ коллаген нь хэтэрхий том “ширхэг”-тэй учраас арьсны гүн давхаргад бүрэн шингэдэггүй. Тиймээс үр нөлөө нь түр зуурынх байдаг юм шүү.

Coenzyme Q10: буюу Ubiquinone нэрээр найрлаган дунд бичигдсэн байдаг. Coenzyme Q10 нь бидний биед байгалиас байдаг нэг төрлийн антиоксидант юм. Энэ нь арьсыг эрч хүчээр тэтгэж, хялгасан үрчлээг бүдэгсгэснээр хөгшрөлтийн үйл явцыг саармагжуулдаг.

E
Vitamin E:
буюу Tocopherol бол коллагений задралаас сэргийлж, үрчлээ, хуурайшилт гэх мэт бусад хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй ч давхар тэмцдэг хүчтэй антиоксидант юм. Энэ амин дэмийг бидний бие өөрөө үйлдвэрлэдэггүй учраас арьсандаа гаднаас нь түрхэж хэрэглэх нь зайлшгүй.

G
Glycerin:
Глицерин бол байгалийн humectant буюу чийг баригч найрлага. Энэ нь өөртөө усыг татаж, арьсанд чийгийн агууламжаа алдалгүй хадгалахад тусалдаг. Хуурай арьстай хүмүүс глицерин хэрэглэвэл ерөнхий үзэмжийг нь сайжруулж, арьсны давхаргуудыг чангаруулна.

Galactomyces Ferment Filtrate: Энэ бол Солонгосын олон арьс арчилгааны бүтээгдэхүүний жинхэнэ “од” найрлага юм. Galactomyces бол нэг төрлийн хөгц. Муухай сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ бид мисо шөл, шар буурцагны цуу, дарсанд хүртэл “хөгцрүүлэх” буюу ферментжүүлэх технологийг ашигладаг гэдгийг санаарай. Galactomyces Ferment Filtrate нь чийгшүүлэх, цайруулах, тослогжилтыг тэнцвэржүүлэх, батга арилгах, уян хатан байдлыг нэмэгдүүлэх, нүхжилтийг багасгах, арьсны ерөнхий бүтцийг сайжруулах, жигдлэх зэрэг тоо томшгүй олон эерэг үр нөлөөтэй найрлага болох нь батлагдсан.

Glycolic Acid: Гликолийн хүчил бол AHA-ын нэг төрөл юм. Энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны гадарга шинэчлэгдэх үйл явцад дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр нүхний хэмжээг багасгаж, нөсөө толбыг бүдэгрүүлж, ерөнхий өнгийг цайруулдаг.

H
Hyaluronic Acid:
Гиалуроний хүчил бол арьс арчилгаанд дурлагсдын “мөрөөдлийн” найрлага юм. Энэ нь арьсны чийгийн агууламжийг дээшлүүлж, чийг алдагдлаас сэргийлэх гол үйлчилгээг үзүүлдэг, дэлхийн хамгийн сайн humectant (усыг татаж, өөртөө барьдаг элемент) билээ. Чийгийн алдагдлаас үүдэлтэйгээр хөгшрөлт байгалийн жамаасаа эрт явагдаж, үрчлээтэж, арьс уян хатан чанараа алддаг. Харин гиалуроны хүчил үүнээс хамгаалах үйлдэлтэй. Бусад төрлийн арьс арчилгааны найрлагатай ч сайтар зохицдог. Жишээ нь гиалуроны хүчлээ ретинолтой хослуулж өдөр тутамдаа хэрэглэвэл залуу, чийглэг арьсаа байнга хадгалах боломжтой.

L
Lactic Acid:
Сүүн хүчил нь AHA-ийн нэг төрөл бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, шинэчлэх, арьсыг илүү гэрэлтсэн болгож, батганы сорвийг бүдэгдсгэх үйлчилгээтэй. Иймэрхүү хүчил ашигласан үед арьс түр хугацаанд нимгэрч, хэт ягаан туяанд өртөмтгий болдог учраас араас нь SPF-тэй бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй.

N
Niacinamide:
Vitamin B3 буюу Niacinamide нь нүхжилтийн хэмжээг багасгаж, гадаргууг шинэчилж, хөгшрөлтийн эхний шинж тэмдгүүдтэй тэмцдэг. Мөн орчны хортой нөлөөнөөс хамгаалах арьсны өөрийн чадварыг сайжруулдаг.

P
Peptides:
Пептид нь арьс чангаруулагч найрлага юм. Үүнийг арьсыг бүрдүүлдэг “тоосго” гэж ойлгож болно. Судалгаагаар зарим төрлийн пептид нь шархны эдгэрэлтийг түргэсгэж, коллагений үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг, гаднаас нь түрхсэн үед Ботокстой төстэй үр дүнг харуулдаг нь тогтоогджээ. Тиймээс арьс өмнөх шигээ чанга, нягт санагдахаа больж эхлэх 30+ насандаа пептидтэй нөхөрлөх нь зүйтэй.

R
Retinol:
Косметикийн сурталчилгааны үеэр хамгийн их нэр нь дурдагддаг найрлага магадгүй ретинол байх. Ретинол нь үрчлээнээс хамгаалж, өнгийг засдгаараа алдартай. 1975 онд ч ретинолтой тоснууд зах зээл дээр байсан, одоо ч байгаа. Яагаад гэвэл энэ нь үнэхээр үр дүнгээ өгдөг найрлага билээ. Ретинол нь эрүүл арьсны эсүүдийн үйлдвэржилтийг дэмжиж, чөлөөт радикалаас хамгаалагч хүчтэй антиоксидант. Тогтмол хэрэглэснээр коллагенийг дэмжиж, нөсөө толбыг бүдэгрүүлэх нөлөө үзүүлдэг учраас залуужуулах үйлчилгээг үзүүлдэг. Үр дүнг нь ихэсгэхийг хүсвэл бусад төрлийн антиоксидантуудтай хослуулан хэрэглээрэй.

S
Saccharomyces Filtrate:
Солонгосын арьс арчилгааны ертөнцийн бас нэгэн “од” найрлага Saccharomyces Filtrate нь эсийн түвшинд үйлчилж, арьсыг цайруулж, өнгийг жигдэлж, чийгшүүлдэг.

Salicylic Acid: Салицилийн хүчил нь BHA-ийн нэг төрөл бөгөөд зах зээл дээр хамгийн түгээмэл байдаг батганы эсрэг найрлага юм. Үнэтэй, хямд бүх төрлийн батганы эсрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Бусад гоо сайхны хүчлүүдийн адилаар үхэжсэн арьсыг гуужуулж, эсийг шинэчлэхээс гадна тослогжилтыг багасгаж, нүхийг цэвэрлэж, бөглөрлийг арилгадаг гэдгээрээ онцлог.

Чиний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд арьсанд чинь хэрэгтэй найрлагуудыг агуулж уу?

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(434)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oyunrdn.   2018-02-20
heregtei medeelel baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com