ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арчаатай бүсгүйн хийдэггүй 10 зүйл

Гоо сайхан  | 2018 / 02 / 28

“Жаахан өөртөө арчаатай бай л даа” гэж ээж, эмээ маань биднийг бага байхад загнадагсан. Тэр үед арчаатай байна гэж яг юу гэсэн үг болохыг нарийн сайн ойлгодоггүй байжээ. Одоо бодоход арчаатай байна гэдэг өдөр тутмын, наад захын зүйлсэд түүртэж, дарамтлуулалгүйгээр, өөрийгөө аваад явах, цэгцтэй зөв амьдрах чадвартай байхыг л хэлдэг бололтой. Дараах 10 зүйлийг арчаатай эмэгтэйчүүд хийдэггүй. Чи ч бас хийдэггүй биз дээ?

Арчаатай бүсгүйн хийдэггүй 10 зүйл

Өвчнөө хүндрүүлдэггүй
Хамгийн түрүүнд үүнийг оруулахыг хүссэн юм. Арчаатай байна гэдэг нь арчилдаг байхын нэр шүү дээ. Өөрийгөө бие султай, дархлаа муутай байхыг зөвшөөрч, энгийн жижиг өвчнүүдийг эмнэлэгт хэвтэх, тарианд орох хүртлээ хүндрүүлдэг байх нь өөрийгөө арчлахгүй байна гэсэн үг. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирэх тохиолдол бий. Гэхдээ хийсээд ирсэн өвчний эсрэг үтэр түргэн зөв арга хэмжээг нь авч, хүндрэхээс нь өмнө дарж авах нь арчаатай эмэгтэйн зуршил мэт болсон байдаг. Тэд найтаалгаж, хамар, тагнай загатнаж найтааж эхлэх л юм бол ажилдаа дарагдсан байсан ч хамаагүй гарч хажуугийн эмийн сан руу ороод, даруй вирусын эсрэг, дархлаа дэмжих эмчилгээг эхлүүлдэг. Циститийн эхний шинж тэмдэг илэрсэн даруйд цангисны шүүс, витамин С өндөр тунгаар ууж, тохирох нянгийн эсрэг эмчилгээг хийлгээд, доороосоо хэд дахин дулаалан гэртээ өнждөг. Дотор эрхтнүүд нэг хоёроос олон хоног зовиурлах юм бол шуудхан шинжилгээ өгдөг.

Албаар өвдөх гэж байгаа юм шиг биед муу болгоныг байнга хэрэглэж, хийдэг хүмүүс мэр сэр харагддаг. Тиймээс ч тэд эмнэлэг, дусал, тариа, антибиотиктой тогтмол нөхөрлөсөөр “биегүй” болж гүйдэг. Өвчнүүд улам “ухаалагжиж” байгаа энэ үед огт өвдөхгүй байна гэдэг туйлын хэцүү. Харин өвдсөн ч аль болох хурдан эдгэдэг, тэгээд ахин яг тэр өвчнөөрөө өвдөхгүй байхад анхаарах нь л чухал, тийм биз дээ?

Гаднаасаа ямар нэг илт өө сэвтэй явдаггүй
Хэн нэгний дотоод сэтгэлийг гаднах үзэмжээр нь дүгнэж болдоггүй. Харин тухайн хүний хэр арчаатай нэгэн болохыг нь гаднах үзэмжээр нь шууд дүгнэсэн ч хилсдэхгүй. Арчаатай хүмүүс гял цал, ганган байх албагүй ч хэн ч харсан цэвэрхэн, цэмбэгэр байдаг. Гутал нь шороогүй, уруул гар нь хуурайшилгүй, хувцас нь үрчлээгүй, будалт нь сайтар шингэсэн,энэ бүхнийг бодолцон гарахаасаа өмнө өөрийгөө цаг гарган бэлдсэн учраас өөртөө итгэлтэй цэх алхаж явдаг.

Эвдэрхий юмыг тэвчдэггүй
Арчаатай эмэгтэйн гэрт хуучин юм байж болох ч эвдэрхий юм байдаггүй. Зарим айлд нэг биш бүр нэжгээд хэдэн эвдэрхий юм байж л байдаг, түүнийгээ бүр тоохоо ч больчихсон байдлаар аж төрөх нь бий. Энэ байдлаа ганц бие эрчүүд “Эмэгтэй хүний гар дутсан” эсвэл ганц бие бүсгүйчүүд “Эр хүний гар дутсан” гэж цайруулдаг. Гэхдээ арчаатай хүн бол ямар ч хүйснийх байсан эд хэрэглэл, орчноо эвдэрхийгүй, тав тухтай байлгаж чаддаг. Усны цоргоноос дусаал гоожсон, шүршүүр эвдэрсэн байвал маргаашийн дотор сантехникч дуудаад янзлуулна. Салсан хугарсан юмыг тэр орой нь л нааж, урагдсан цоорсон юмыг дор нь оёно. Утасных нь аль нэг товчлуур ажиллагаагүй болсон эсвэл батерей нь унаад байгаа зэрэг асуудал байвал хэдхэн хоногийн дотор л цаг зав гаргаж шийднэ. Эд юмсын боол нь биш эзэн нь байх нь мөн л арчаатай хүний шинж мөн билээ.

Арчаатай эмэгтэйн тухай ярьж байгаа ч, арчаатай эрчүүдийг машинаар нь шинжмээр санагддаг шүү. Арчаатай эрчүүд машиндаа бүх үйлчилгээг нь цаг тухайд нь хийлгэсэн, дуу орсон эсвэл эвдэрсэн зүйлийг дор нь засуулсан байдаг учраас машин нь буцаж зарагдахдаа хүртэл амархан байдаг нь ажиглагдсан.

Нөөцгүй байдаггүй
Үеэл эгч маань үнэхээр арчаатай бүсгүй. Гадаадад байдаг эгчийнхээ гэрт би нэг сар амьдрахаар болов оо. Энэ хугацаанд анзаарсан зүйл гэвэл тэдний гэрт юу ч дуусахын зовлон гэж үгүй байлаа. Угаалгын нунтаг дуусчихжээ гэж хэлмэгц л цаанаас бүр том ууттайг гаргаад ирнэ. Өглөөний цайны овьёос дуусчихжээ, дэлгүүр ороод аваад ирье гэхэд л шүүгээнийхээ булангаас бүр томоор нь гаргаад ирнэ. Аливаа бүх л хэрэгцээт юманд нөөцийг сайтар базаасан байдаг, амархан мууддаг төрлийн зүйлсийг харин тогтмол авч дүүргэдэг зуршлаас нь суралцмаар санагдсан.

Арьс нь муухай байдаггүй
Арчаатай эмэгтэй нүүрээ мундаг буддаг биш байсан ч, цаанаасаа л нүүрний арьс нь эрүүл, чийглэг, өдөр бүр цаг гарган арчилдаг гэдэг нь мэдэгдэхээр, үүнийгээ дагаад бие нь хүртэл эв эрүүл байх даа гэж бодогдохоор тийм сайхан арьстай байдаг. Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүрийн зүйлс өө, сэвтэй, муухай болж болно л доо. Гэхдээ ямар ч шалтаг, шалтгаанаар арьсаа муухай байлгаж болохгүй юм шиг ээ. Яагаад гэвэл арьс гэдэг нэг өдрийн дотор гэнэт огцом муудчихдаг, өөрсдийн хяналтаас гадуур зүйл биш харин бидний эрүүл мэндийн болон гоо сайхны байнгын арчилгааг илтгэдэг, ариун цэвэртэй адилхан арчаанаас л зуун хувь хамааралтай зүйл гэж бодогддог.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрт нэгдэж зуун оройн туршид арьсандаа арчилгааг тултал нь хийхээр шийдсэн бол чи надтай санал нийлж байгаа байх аа. Хэрэв тэгж эхлээгүй байгаа бол даруй арчаатай бүсгүйчүүдийн эгнээнд ЭНЭ группт орж нэгдээрэй.

Аяга тавгаа хонуулдаггүй
Ариун цэвэр гэснээс миний таних арчаатай эмэгтэй бүр хоорондоо ярилцсан мэт хэдхэн зүйлийг ягштал биелүүлдэг. Бохир аяга таваг болон ууттай хогийг хонуулдаггүй. Суултуурын тагаа онгорхой орхидоггүй (суултуурын таг онгорхой байх нь эргэн тойрны 4 метрийн орчимд өтгөний нянг тархах нөхцлийг бүрдүүлдэг). Хөргөгчиндөө муудсан хүнс байлгадаггүй. Нүүрний бохирдол, будгаа арилгалгүй унтдаггүй. Яснаасаа л “нян үржүүлэх дургүй” байдагтай нь холбоотой юм болов уу?

Хоолоо алгасдаггүй
Хоол ундаа тогтмол цагт, тогтмол хэмжээгээр иддэг байх нь тийм ч хэцүү зүйл биш юм шиг атлаа маш олон хүн үүнийг хийдэггүйг гайхмаар. Өглөөний цайгаа уугаагүй гэсэн хүмүүс оффисоор дүүрэн. Өдрийн хоолоо идэлгүй явсаар оройн хоолон дээрээ бөөнддөг зуршилтай хүмүүс ч олон байдаг. Өглөөнөөс хойш шингэн юм уулгүй өдрийг бардаг хүмүүс ч бий. Хоол ундны цаг, хэмжээ тогтмол, зохистой байснаар бид биеэ тогтмол шаардагдах эрч хүчээр нь хангаж, чангаруулж байдаг. Арчаатай эмэгтэйчүүд үүнийг мэддэг учраас хэчнээн ч их ажилтай завгүй байсан эрүүл мэндээ золиослолгүйгээр 5 минут тайван суугаад хооллох цагийг өөртөө заавал гаргадаг.

Хонож ажилладаггүй
Арчаатай эмэгтэйчүүд ажлаас болж эрүүл мэнд, гоо сайхнаа ер нь хэзээ ч золиослохгүй. Үүний оронд муу ажилтан болж харагдсан нь дээр юм. Тэглээ ч тэдэнд хонож ажиллах шаардлага ч бараг гардаггүй. Учир нь тэд аливаа чухал зүйлсийг цаг тухайд нь бас нэн түрүүнд гүйцэтгэж, чухал бус зүйлийг ялгаж салгаж сурсан байдаг.

Өөрийгөө өрөвддөггүй
Арчаатай эмэгтэйчүүд зовоод л яваад байдаггүй. Зовлонгийнхоо учир шалтгааныг хурдан олж, шийдвэрлэж чаддаг. Өөртэй нь хамаатай хэрэг дээр “Би мэдэхгүй болохоороо...”, “Би чадахгүй болохоороо...” гэж тэд бараг л хэлдэггүй, харин гялс мэдэж авахыг, чаддаг болоод авахыг чухалчилж, бие даан амьдралд суралцдаг. Тиймээс үргэлж мэдлэгээ тэлж, чадвараа хөгжүүлж, өөрийгөө төгөлдөржүүлж байдаг.

“Материал”-даа ханадаггүй
Энэ бол нэлээн “өндөр түвшний” арчаатай эмэгтэйн хийдэггүй зүйл байх аа. Арчаатай эмэгтэйчүүд өөртөө байгалиас заяагдсан гоо сайхан, бие махбодийн өгөгдлөө ямар ч байсан тэр хэвээр нь хадгалж, хамгаалж, алдагдуулахгүй байх алхмуудыг заавал хийдэг. Гоолиг сайхан биеэ таргалуулж алддаггүй, цасан цагаан арьсаа харлуулж сэвхтүүлж алддаггүй гэсэн үг.

Харин бүр ч илүү арчаатай эмэгтэйчүүд нь “байгаа материал”-даа ханахгүйгээр түүнийгээ улам илүү гайхалтай болгож чаддаг байх юм. Зүгээр л угийн дажгүй гоё биетэй бүсгүй байхаас илүү, тасархай гоё биетэй бүсгүй болохоор чармайж, фитнесст явдаг. Будаагүй байсан ч давгүй царайлаг бүсгүйд тооцогддог бол нэмж сайхан будалт хийж сураад өөрийгөө дэндүү сайхан бүсгүй болгож авч явдаг.

Зөвхөн гоо сайхны талаасаа ч биш, угаас хэлний авьяастай бол түүгээрээ хоёроос дээш хэлийг сайтар сурах, зурах авьяастай бол түүнийгээ тогтмол хобби маягаар сайжруулж, гаршиж байх зэрэг өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж төгс рүү тэмүүлэх ч бас арчаатай байгаагийн нэг шинж мөн.

Чи хэр арчаатай эмэгтэй вэ?

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(180)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Annms.   2018-05-09
Зарим нэг юмнууд нь бол ёстой ШААЖ өгсөн байна шд.

Зочин: Ok.   2018-03-01
Archaatai ntr yaahvee zurhai zurhai yachiv kk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com