ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Галзуу санаагаа гайхамшиг болгож чадсан эрийн түүх буюу “Пүүзэнд дурлагч” номын тэмдэглэл

Чөлөөт цаг  | 2018 / 08 / 10

Орегон мужийн уугуул иргэн, Стенфордын их сургуулийн бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэй америкийн алдартай нягтлан бодохын фирм болох Күүперс&Либранд болон төрөлх Портланд хотынхоо их сургуульд профессоор ажиллаж байсан нэгний тухай энэхүү ном өгүүлнэ. Эхний өгүүлбэрээс таны толгойд түүний хэн гээч болох талаар ямар ч таамаглал орж ирэхгүй байна уу? Тэгвэл энэхүү эрхэм бол 2015 оны байдлаар нийт 34.4 тэрбум америк долларын борлуулалтыг дэлхий даяар хийж чадсан дэлхийн хамгийн загварлаг бөгөөд спортлог компанийн үүсгэн байгуулагч. Тэр бол Афины ялалтын бурханы нэрээр нэрлэгдсэн Найк брендийн үүсгэн байгуулагч, дэлхийн баячуудын жагсаалтанд 30 тэрбум доллларын хөрөнгөөр 28-рт жагсаж буй Фил Найт юм.

Галзуу санаагаа гайхамшиг болгож чадсан эрийн түүх буюу  “Пүүзэнд дурлагч” номын тэмдэглэл

Түүний Найк хэмэх эзэнт гүрнийг бүтээн босгосон амаргүй аяллын тухай өгүүлэх энэхүү ном хэвлэгдэн гарсан дариудаа Нью-Йорк Таймс, Амазон сайтын бестселлер бүтээл болж, өдгөө дэлхийн өнцөг булан бүрд хэдэн сая хувь зарагдсан амжилттай байгаа билээ. 1962 онд Айви лигт багтах томоохон сургуулийг бизнесийн удирдлагийн зэрэгтэйгээр дүүргэсэн 24- хэн настай залуу хүү цаашдын амьдралаа шийдэх хүндхэн сорилттой нүүр тулах үедээ тухайн үед үе тэнгийн бүх л залуучуудынх нь хошуурч байсан Америк мөрөөдлийн биелэл болсон баталгаатай бөгөөд эрсдэлгүй тэр л амьдралын замыг биш, бизнесийн сургуулийнхаа энтрепренер-ийн хичээлийн бие даалтаа хийх зуураа бодож олсон галзуу санаагаа бодит зүйл болгохын төлөө үлдсэн амьдралынхаа бүхий л хугацааг зориулахаар шийдсэн юм. Түүний галзуу санаа спорт барааны зах зээлийн дэлхийн хамгийн том тоглогчдын нэг болж чадна гэдэгт түүний гэр бүл, өөр бусад хүмүүс байтугай Фил өөрөө ч огтхон ч итгэлтэй байгаагүй. Гэвч тэрхүү галзуу санаа өдгөө Найк-ийн эзэнт гүрнийг бий болгож чаджээ. Алдарт “Swoosh” лого, “Just do it” уриа үгээрээ дэлхийн хүн бүхний танил болсон, оригналь хулхи аль нь ч бай дэлхий дээрх 7 тэрбум хүний талаас илүү хувийнх нь хөлд углаастай байдаг энэ брендийг оргүй хоосноос бүтээн бий болгосон Фил Найтын сэтгэл хөдөлгөм намтраас өөрт маань хамгийн сургамжтай, нэг талаараа бизнесийн хичээл болж чадсан хэсгүүдээс түүвэрлэн оруулахыг хичээлээ.


Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй

Тэрээр галзуу санаагаа хэрэгжүүлэхийн тулд хоёр жилийн турш дэлхийгээр аялаж, эргэж ирсэнийхээ дараа түүний коллежийн дасгалжуулагч Билл Боувермен-ийг бизнесийнхээ хамтрагчаар сонгон компаниа албан ёсоор байгуулж, түүнээс 3 жилийн дараа л анхны оффис болох давчуухан зайтай ганц өрөөг хөлсөлсөн юм. 1972 онд Блью Риббон хэмээх түүний анхны компани өөрийн нэрээ Найк хэмээн солих хүртэл компанийнх нь борлуулалт геометр прогрессоор шахуу өсөж байсан хэдий ч Японы харилцагч компанийн урвалт, Америкийн банкнуудын хэт их эрсдэлийг тооцоолсон дарамт шахалтууд гээд олон хүчин зүйл компанийн дансанд бэлэн мөнгөний нөөц үүсэхэд садаа болж байсан түүхтэй. Блью Риббон-ыг үүсгэн байгуулсныхаа дараагийн он жилүүдэд ч Фил нягтлан бодогч, их сургуулийн проффесорын ажлуудыг бүтэн цагаар хийж, амралтын өдөр оройн цагуудаар л компанийнхаа ажилд санаа тавьдаг байжээ. Зээл авах хүсэлт гаргах бүрд банкны зүгээс бэлэн мөнгөний нөөц хөрөнгийн талаар залхтал асуух тул бүх л цалингаа хуримтуулж компанийнхаа хөрөнгийг босгож байжээ. Компанидаа бүтэн цагийн ажилтан болж, өөр ажил хийх шаардлагагүй болох хүртэл түүнд 10 жил шаардагдсан юм.

Түүний түүхээс миний сурсан зүйл:
Чиний санаа хэдий гайхалтай галзуу байж болох ч тэр санаа хүн бүхний хэрэглээ болох хүртэл чи уртаас урт, бартаа саадаар дүүрэн замаар зогсолтгүй урагшлах хэрэгтэй болно. Хэрвээ чи оргүй хоосноос утга учир, үнэ цэнэ бүхий брендийг бүтээхээр шийдсэн бол бүү адгаж яар. Тэрхүү хад асга бүхий шавар шавхайтай замаар урагшлах үедээ л чи жинхэнэ бизнесийнхээ үнэ цэн, үнэт зүйлийг бүтээж чадна. “Хэзээ ч битгий бууж өг” хэмээн чамайг шамдуулж байгаа хүмүүс бол ихэнхдээ л төөрөлдүүлэгчид, хуурамч нөхдүүд байх нь бий. Заримдаа чамд заавал бууж өгөх хэрэг гарна. Заримдаа хэзээ бууж өгөх вэ, хэзээ өөр зүйл оролдож үзэх хэрэгтэй зэргээ мэдэж байх хэрэгтэй. Бууж өгөх нь зогсох гэсэн үг огт биш.

Гэр бүл бол бүх зүйл Дөнгөж сургуулиа төгссөний дараа Фил-ийг дэлхийгээр аялах галзуу төлөвлөгөөг нь санхүүжүүлсэн хүн нь, Японоос гүйлтийн пүүз импортлож зарах компанийх нь хамгийн анхны хөрөнгө болох 50 долларыг зээлсэн хүн нь, Блью Риббон Японы Оницука компанитай, Найк АНУ-ын засгийн газартай хийсэн үхэх сэхэхээ үзэлцсэн дуусашгүй урт хуулийн зарга хийх үед түүнийг үргэлж зоригжуулж, энэ бүх дааж давшгүй мэт санагдах асуудлуудын ард нь гарч чадна гэж түүнд урам зориг өгч байсан хүн нь түүний аав билээ. Харин түүний ээж бол Японоос оруулж ирсэн пүүзнийх нь хамгийн анхны худалдан авагч, түүний бизнесийг амжилттай болно гэж түүнд итгэл төрүүлсэн хамгийн эхний хүн. Пенелоппе Найт буюу түүний эхнэр төрөх өдрөө хүртэл Блью Риббоны 1500 гаруй захиалгыг нэг бүрчлэн хийж гүйцэтгэн, (тухайн үед спорт барааны томоохон дэлгүүрүүд бий болоогүй байсан бөгөөд пүүз зардаг компаниуд захиалгаа захидал хэлбэрээр хүлээж аван, захиалга нэг бүрээ буцаагаад шуудангаар илгээдэг байжээ) бүхий л цаг үед түүний хамгийн сайн зөвлөх байсан юм.

Түүний түүхээс миний сурсан зүйл: Хэрвээ чи ямарваа нэгэн зүйл эхлүүлэхээр зүтгэж байгаа бол чамд хамгийн ихээр дэм болох, чамайг бүхий л цаг үед гараа өргөн дэмжих гэр бүлийнхнийгээ өөртэйгээ чадах чинээгээрээ ойр байлгаарай. Тэд чамайг хэн гэдгийг, хэр их зүйлийг бүтээж чадах нэгэн гэдгийг чинь хэнээс ч илүү сайн мэднэ.

Бүтэшгүй зүйл гэж үгүй (Impossible is nothing) Фил-ийн компаниа байгуулсан 1962 онд бүхий л зүйлс орчин үеээс тэс ондоо байсан. Одоо үед гүйлт гэдэг бол эрүүл амьдрахыг хүссэн, өөртөө хайртай хэн бүхний өдөр тутмын амьдралын хэмнэлд багтсан зүйл бол тэртээх 40 жилийн өмнө ихэн хүмүүс гүйгчдийг хийх ажилгүй хүмүүс хэмээн бодож гудманд гүйж яваа хүмүүс рүү ундааныхаа лаазыг шидэн,-ингэж гүйхээр дугуй олж унаач хэмээн шоглодог байсан юм. Мэргэжлийн спортын зах зээлд аль хэдийнээ Адидас, Пума хэмээх Германы 2 бренд ноёрхолоо тогтоосон байсан тул эрүүл саруулаар сэтгэж байгаа хэний ч толгойнд энэ зах зээлд нэвтэрч орон, амжилт олно гэдэг бүтэшгүй санаа мэт бодогдох нь тодорхой. Гэвч хүн бүхнийг өөрт төгс таарсан гүйлтийн пүүзийг өмсөн гүйлтийн талбайд аз жаргалтайгаар гүйж байхыг харах тэр л энгийн мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн учраас Фил энэ салбар руу орсон билээ. Спорт барааны зах зээлд сүүлийн 40 жилийн турш Найк-ийн мөнхийн өрсөлдөгч нь байгаа Адидасын уриа үг болох “ Impossible is nothing” (Бүтэшгүй зүйл гэж үгүй) Фил-ийн галзуу санааг бүрэн тодорхойлж чадна.

Түүний түүхээс миний сурсан зүйл Үнэхээр их хүсэж байгаа зүйлийнхээ төлөө хангалттай ихээр хөдөлмөрлөвөл чи үр дүнг нь хэзээ нэгэн цагт харж л таараа. Бусдын юу гэж хэлэх, зах зээл, санхүү мөнгө гээд олон зүйлээс урьтаж өөрийгөө энэ зүйлд чин зүрхнээсээ дуртай эсэхээ л өөрөөөсөө асуугаарай. Хэрвээ тийм гэсэн хариулт чамд ирвэл “Just do it”.

Хамтрагч хамгийн чухал Найкийг үүсгэн байгуулсан Фил-ийн багийг одоогийн менежментийн ухааны хичээлийн үүднээс дүгнээд харвал яасан ч амжилт орохооргүй хачин сонин хүмүүсийн нэгдэл. 1968, 1972 оны олимпийн наадамд АНУ-ын гүйлтийн шигшээ багийг дасгалжуулсан, гүйлтийн пүүзний солиотой эрдэмтэн Боуверман, гүйлтийн пүүз л борлуулахааар төрсөн хувь заяатай Найк-ийн анхны бүтэн цагийн ажилтан Жонсон, гялалзсан амжилттай гүйгчээс насан туршдаа тэргэнцэр дээр суух хувь тавилантай нэгэн болсон Вүүдел, спортын компанийн удирдлага гэхэд хэн ч хараад үнэмшимгүй 100 хол давсан жинтэй өдөрт 2 хайрцаг тамхийг угсруулан татдаг Хэйс, Страссер гээд үнэхээр л яаж ч харсан тэд хэзээ ч амжилт бүтээхээргүй хүмүүсийн нэгдэл байсан юм. Гэхдээ энэ хүмүүсийг Найк-д хайртай, энэ брендийг ямар нэгэн гайхалтай зүйл болон өсөж томрохыг харах хүсэл, эрмэлзэл нь нэгтгэж байсан билээ. Тэр гайхамшгийг нүдээрээ харахын төлөө оффисдоо амьдарч, үйлдвэр босгож, засгийн газартай ана мана үзэлцэх нь тэдэнд юу ч биш. Фил-ийн доор ажилладаг менежерүүд бол юу хийхээ нэг бүрчлэн заалгадаг хүмүүс огтоосоо биш, харин удирдлагынхаа өөрт нь өгсөн эрх чөлөөний хязгаар дунд хүссэнээ хийж удирдлагаа гайхшруулж чаддаг хүмүүс байсан юм. Магадгүй Фил бизнесийн сайн менежер биш байсан байж болох хэдий ч бизнесийг нь хамтдаа босгож чадах тэр хүмүүсийг олж харах билгийн нүдтэй нэгэн байсан.

Түүний түүхээс миний сурсан зүйл Чамтай ижилхэн зовлонтой, чамтай ижилхэн мөрөөдөлтэй нэгнээр өөрийгөө хүрээлүүл. Бизнес хэзээ ч нэг хүний тоглолт байдаггүй тул чамайг хэлэхээс ч өмнө чиний санааг ойлгоод, хэрэгжүүлж эхлэдэг нэгнийг хэзээ ч бүү алд, хэзээ ч битгийн урмыг нь хугал. Хүн бүхэн бүтээгч, хүн бүхэнд энтерпенер сэтгэлгээ бий. Чин зүрхнийхээ угаас хийхийг хүсэж буй нэгэн галзуу санаагаа эхлүүлэх гэж байгаа хэн бүхэн Фил Найт-ын намтар түүхийг уншаасай хэмээн уншигч миний зүгээс хүсэж байна. Эцэст нь энэхүү тэмдэглэлээ “Зүгээр л амьд явахаас илүүтэй та бусдын амьдралыг сэтгэл ханамжтай, хангалуун байхад нь тусалж байгаа бол хэрэв үүнийг бизнес гэж үзвэл намайг бизнесмэн хэмээн дуудаж болно”. хэмээх Фил Найтын хэлсэн үгээр дуусгая.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, Уншигч номын хуудас
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(652)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zolbayar.   2018-08-10
Сайн байна уу? Энэ номыг хаанаас худалдан авах боломжтой вэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com