ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажлын цагаа хувиарлахад гаргадаг түгээмэл 7 алдаа

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 14

7 хоног бүр хэт их ачаалалтай ажиллан, хариуцаж авсан ажил болгоноо эцсийн хугацаанд нь амжуулж өгөхийн төлөө эрүүл мэнд, гэр бүлийн харилцаагаа золиосолж, шөнө дөл болтол ажиллах энэ дүр төрх чамд танил сонсогдож байвал чи гарцаагүй цагийн менежментээ эргэн нэг харахаас өөр аргагүй нөхцөл байдалд оржээ.

Ажлын цагаа хувиарлахад гаргадаг түгээмэл 7 алдаа

Өчигдрийн ажлын үргэлжлэлээ өнөөдөр хийж, өнөөдрийн ажлаа дуусгаж амжилгүй маргааш луу шилжүүлж, урсан өнгөрөх өдөр хоног бүрийг ямар ч зохион байгуулалт байхгүй, стрессээр дүүрэн үдэхгүйн тулд тун яаралтай ажлын цагаа зөв хуваарилж сурах дадалд суралцах хэрэгтэй шүү, найз минь. Тийм ч учраас хамгаас үнэтэй цаг хугацаагаа илүү үр дүнтэй, бүтээмжтэй ашиглахад чинь саад болдог хамгийн түгээмэл алдаануудыг Гоолингоо нь нэрлэж байна. Дайснаа таньж байж гэмээнэ, хэрхэн дарж авах төлөвлөгөө боловсруулна шүү дээ, тийм ээ.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
1. To-do-list хөтөлж хэвшээгүй
Ажлын цаг дуусахын алдад өглөөний хурал дээр захирлынхаа даалгасан чухал ажлыг хийж дуусгахаа таг мартчихаад маргааш нь захиралдаа донгодуулж байсан, хүүхдийнхээ ангийн урлагийн тоглолтын эхлэх цагийг нь мартчихаад замын түгжрэлээс болж очиж чадалгүй бяцхан үрээ гомдоож байсан тохиолдол чамд бий юу? Хэрвээ тийм бол яг одооноос эхлэн өдөр, долоо хоног, сар бүрийнхээ ажлыг маш нарийн төлөвлөх ухаанд суралцах хэрэгтэй болох нь ээ. Ихэнх амжилттай яваа хүмүүсийн амжилтын нууц нь ердөө л төлөвлөх, төлөвлөх, бас дахин төлөвлөх байдаг. Өдөр бүрийнхээ ажлуудаа to-do-list- дээ бичихдээ зүгээр ч нэг эгнүүлэн бичих биш, A-B-C гэсэн системээр ангилан бич. А гэсэн ангилалд хамгийн чухал ажлуудаа эрэмбэлээд биччихвэл чухал ажлуудаа аар саар ажлуудын дунд орхигдуулахгүй байх, ямар ажилд хэр их хугацааг зарцуулбал хамгийн чухал ажлаа өндөр гүйцэтгэлтэйгээр дуусгах чадахаа урьдчилан мэдэх боломжтой. Заримдаа бид өнөө маргаашийн дотор заавал шийдэж дуусгах учиртай ажилдаа биш харин сар, хагас жилийн дараа үр дүн нь гарах ажилд өдрийн хамаг цагаа зарцуулчихсан байх нь бий. Ингэж ажиллах нь буруу биш хэдий ч яг тухайн өдөртөө шийдэж дуусгах хэрэгтэй жижиг ч гэсэн ажлыг маргааш нөгөөдөр гэж хойшлуулах тусам тэр ажлыг хийж дуусгах хугацаа нэмэгдэж байдаг тул өдөр тутмынхаа ажлыг цаг хугацааных нь хувьд, эрэмбэ дарааллынх нь хувьд ангилж сураарай. Хэрвээ чи to-do-list- дээ олон олон шат дараалалтай хийх ажлуудаас бүрдсэн төсөл, ажлыг хийж эхлүүлэх тухай бичсэн бол тухайн төслийг амжилттай хэрэгжиж дуусах хүртэл чиний хийх ёстой бүхий л ажлуудыг хамгийн нарийвчлалтайгаар to- do- list дээ бичих хэрэгтэй шүү. Яг юу хийх нь ойлгомжгүй ерөнхий ажлуудаар to- do -list ээ дүүргэчихвэл хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй дэмий л цаг алдах болно шүү дээ. Жишээлбэл, хамтран ажиллаж байгаа байгууллагадаа шинэ сурталчилгааны ажлын санал тавих гэж байгаа бол сурталчилгааны ажлын саналыг амжилттайгаар бэлтгэж дуусахад чамаас шаардагдах бүхий л алхмуудыг эцсийн хугацаанаас дор хаяж хоёр хоногийн өмнө дуусахаар тооцоолон өдөр тутмын to-do-list-дээ багтааж өгнөө гэсэн үг. Жишээлбэл:
8-р сарын 9: Сурталчилгааны ажлын ерөнхий стратегийг гаргах
8-р сарын 10:Хүний нөөц, маркетингийн ажлын төсвийг тооцоолох
8-р сарын 11:Сурталчилгааг түгээх боломжит сувгуудыг олох
8-р сарын 12:Сурталчилгаанаас гарах үр дүнг таамаглан тооцоолох


2. Хувийн зорилгоо тодорхой болгоогүй 3 сарын дараа IELTS-ийн шалгалт өгнө, 6 сарын дараа хайрттайгаа цуг халуун орны далайн эрэг дээр амрана, жилийн дараа машиныхаа лизингийг төлж дуусгана гэх мэтийн маш тодорхой амьдралын зорилгууд өдөр бүрийн цаг, мөч, хором бүрийг үр дүнтэйгээр өнгөрүүлэхэд ташуур болж байдаг. Гэхдээ чамд энэ мэт зорилго байхгүй бол төлөвлөгөөтэй амьдарна гэдэг юу л бол? Жилийн дараа, 10 жилийн дараа өөрийнхөө хэн болох, хаана амьдрах, юу хийж явах талаараа эргэцүүлэн бодож, өөрийнхөө урд зорилго тавьдаггүй хүмүүс ихэвчлэн л урсгалаараа өөрт олдсон чөлөөт цагийг хий дэмий зүйлсэд зарцуулан нэг л байрандаа хэдэн жилээр хадагдаад үлдчих нь бий. Биелүүлж чадсандаа өөрөөрөө бахархах тийм л нандин хүсэл мөрөөдөл хүн бүхэнд байгаа. Сэтгэлийнхээ гүнд тэрхүү мөрөөдлөө хав дарчихаад хааяахандаа нэг шороо тоосыг нь гөвөх төдийхөн яваад байж огтхон ч болохгүй шүү. Өдөр бүхэн өнгөлөн гялалзуулж байж гэмээнэ хүсэл мөрөөдөл чинь бодит амьдрал дээр биелнэ. Ажлын өдрийн цаг тутамд өөрөөсөө “яг одоо хийж байгаа зүйл маань миний мөрөөдөл биелэхэд хэр их хувь нэмрийг оруулах билээ?” гэж асууж хэвшвэл чиний цагийн менежментийг сүйрүүлж байдаг олон олон зүйлсийг хийхээ чи бага багаар болих болно. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг оюун санаа, зүрх сэтгэлээ дайчлаад эхэлчихвэл чи аяндаа л хамгийн мундаг цагийн менежменттэй нэгэн болно гэдэгт итгээрэй.


3. Анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй Монголын нөлөө бүхий технологийн компанийн захирал нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “өглөө бүрийн эхний 3 цагийг хамгийн бүтээлчээр, өөрийнхөө байж болох хамгийн өндөр бүтээмжтэйгээр өнгөрүүлж чаддаг хүнийг цагаа хамгийн ухаалгаар зарцуулж чаддаг хүн гэж би нэрлэнэ” гэж хэлж байсан удаатай. Ажлын цаг аль хэдийнээ эхэлсний дараа ч social media хаягуудаа шалгах, хувийн чатаар хүмүүстэй харилцах, онцын шаардлагагүй e-mail д хариу өгөх, гэр бүлийнхээ асуудлыг шийдэхийн тулд утсаар удаан хугацаанд ярих гэх мэтийн чамайг гол ажлаас чинь сатааруулах ид шидтэй зүйлсүүдийг өөртөө хориглож хэвших нь цагаа зөв хуваарилж сурахыг хичээж байгаа хүн бүхэнд тун чухал. Яг л жингийн илүүдэлгүй, эрүүл саруул биетэй байхын тулд хоолны дэглэм барьдаг шиг ажил дээрээ ч мөн адил нэгэн төрлийн дэглэм барьж сурах нь чиний цагийн менежментийг гарцаагүй сайжруулах болно. Хүний биологийн цагийн хэмнэл яг л U үсэг шиг хагас тойрог хэлбэртэй байдаг бөгөөд бидний хамгийн бүтээмжтэй байдаг үе 9-12 цагийн хооронд хэлбэлзэж харин бүтээмж хамгийн доогуур үе өдрийн 2-4 цагийн хооронд байдаг. Тэгэхээр бид өглөөний 3 цагийг ашиглахгүй өнгөрүүлчихвэл бидэнд ажлаа гүйцэтгэж дуусахын тулд үр дүнтэйгээр ашиглаж чадах ердөө хоёрхон л цаг л үлдэж байна гэсэн үг.


4. Бусдад “үгүй” гэдэг үгийг хэлж чаддаггүй Үндсэн ажлын чиглэл, үүрэгтэй чинь огтхон ч холбогдолгүй жижиг сажиг олон ажлуудыг хэн нэгэн чамаас хийгээд өгөөч гэж гуйх үед чи “үгүй” гэж хэлж чадалгүйгээр тэр ажлыг нь хийсээр өдрийн бүтээмжит цагийн чинь нилээн их нь хорогдож дуусдаг бол “үгүй” гэдэг үгийг зоригтойгоор хэлж сурах цаг чинь иржээ. Чамаас өдөр бүхэн нэг л төрлийн ажлыг хийхэд нь туслаад өгөөч гэж залхтал чинь шалдаг хүнд тухайн ажлыг хэрхэн яаж хийдэг, ажлыг гүйцэтгэх үед тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар тусгайлан цаг гаргаж байгаад заагаад өгчихвөл чи тэр хүнд дараагийн удаа “үгүй ээ” гэж бардам хэлэх нүүртэй болчихно. Мөн өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ хамтран ажиллагсадтайгаа хуваалцаад сурчихвал чиний хийх ажлын жагсаалт илүү цөөрч, чиний чадварыг бүрэн шавхаж чадах тийм л ажилд төвлөрч суух цагийг өөртөө гаргаж чадна.


5. Завгүй байх дуртай Завгүй байхаасаа кайф авдаг хүмүүсийн ажлын хуваарь ихэвчлэн эцсийн хугацаа нь хэзээ мөдгүй дуусах гэж байгаа төсөл, хариулж дуусашгүй их и-мейл, анхаарал хандуулах шаардлагатай уул овоо шиг их бичиг баримт, хоорондоо завсарлага ч байхгүй шахам уулзалтуудаас бүрддэг. Магадгүй завгүй байх нь чамайг өөр бусад хүмүүст амжилттайгаар кареераа бүтээж байгаа нэгэн хэмээн харагдуулж болох ч үнэн хэрэгтээ чамайг цагийн менежмент тун тааруу нэгэн болохыг л илтгэдэг гэдгийг чи мэдэх үү? Завгүй гэдэг үг хамгийн ихээр стресс гэдэг үгтэй холбогддог. Бүх л ажлуудаа стресстэйгээр хийж дуусгаад байвал чи хэзээ нь ажлаасаа аз жаргалыг мэдрэх билээ. Бидний амьдарч, ажиллаж байгаагийн хамгийн гол шалтгаан нь аз жаргалтайгаар амьдралынхаа хором мөчүүдийг өнгөрүүлэх шүү дээ. Өөрт оногдсон цагаа аз жаргалтайгаар зарцуулж чаддаг хүнийг л цагийн менежмент сайтай хүн гэж нэрийдэх учраас өөртөө хангалттай цагийг олгож, чанартай гүйцэтгэлтэйгээр дааж авсан ажлынхаа ард сэтгэл ханамжтайгаар гарч сурах дадлыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй.


6. Олон ажлыг давхар амжуулдаг Ажлын ачааллынхаа ид үедээ и-мейл бичихийнхээ хажуугаар үйлчлүүлэгчтэйгээ давхар харилцах нь огтхон ч ажлын бүтээмж өндөртэй байгаагийн илрэл биш шүү гэдгийг чамд сануулъя. Ингэж олон ажлыг зэрэг амжуулсныхаа үр дүнд чи бөөн алдаагаар дүүрэн и-мейлийг хамтрагч байгууллага руугаа илгээж, яриаг нь хангалттай анхааралтай сонссонгүй гэсэн гомдол тээж үлдсэн харилцагчтай л үлдэх болно. 2-3 ажлыг зэрэг амжуулахыг оролдох үедээ чи яг үнэндээ тэдгээр ажлыг нэг нэгээр нь хийж гүйцэтгэх хугацаанаас даруй 20-40% их цаг хугацааг зарцуулдаг. Олон ажлыг нэг дор нь гүйцэтгэх гэж хичээхээсээ илүү ажил бүрээ нэг нэгээр нь бүрэн анхаарлаа төвлөрүүлж байгаад хийж дуусгах нь цагийн менежментээ үр дүнтэйгээр сайжруулахад чинь хамаагүй илүүтэй туслах болно.


7. Амралт авдаггүй Хариуцаж авсан ажлаа хугацаанд нь амжиж дуусгахын төлөө 9-10 цагийн цагийн турш ямар ч амралтгүйгээр ажиллах нь бахархууштай зүйл байж болох ч өдөр тутамдаа ийм хэмнэлтэй байх нь чамайг цагийн менежмент муутай нэгэн болохыг чинь л илтгэх болно. Компьютерээ унтраалгүйгээр хэдэн өдрийн турш ажлуулахад л хурд нь хэд дахин мууддагтай ижилхэн хүний тархи ч өндөр ачаалалтайгаар олон цагийн турш ажиллах тусмаа бүтээмжийн хэмжээ нь буурч байдаг жамтай. Тийм ч учраас өөртэй хүчээр ч болтугай ажил дундуураа амралтыг өгч, тархиа амрааж байгаарай. Гэхдээ амрах цагаа хийдүүлээд өнгөрүүлэхгүйн тулд аль болох ухаалаг утас, компьютерээсээ холхон шиг байхыг хичээх хэрэгтэй шүү. Оронд нь амралтын хэсэгхэн хугацаандаа биеийн тамирын хөнгөн дасгал хийх, халуун кофе цай тухтай ууж суунгаа найзтайгаа ярилцах аль эсвэл бясалгал хийсэн ч болно шүү дээ. Ажлынхаа 1 цаг тутамд 5 минутын амралтыг өөртөө олгохыг хичээх нь ажлаа хурдан дуусгаж, цагаа зөв хуваарилахад чинь туслана. Мартчихаад байвал утсан дээрээ цаг тутамд сэрүүлэг тавьсан ч болно.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(540)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com