ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьс арчилгаандаа “алдаа гаргасан” бүсгүйчүүдийн аминчхан зөвлөгөө

Гоо сайхан  | 2018 / 08 / 30

Алдаж үзсэн аниа нараас чамд зөвлөж байна. Тэднээс туршлага судалж, зөв арьс арчилгааны талаар илүү их мэдлэг хуримтлуулаарай.

Арьс арчилгаандаа “алдаа гаргасан” бүсгүйчүүдийн аминчхан зөвлөгөө

Нарнаас өөрийгөө үргэлж хамгаал - 30 насны босго давав уу үгүй юу дээд доод зовхи, завьжны үрчлээтэй дотно найзалж эхэлсэн хүний зүгээс залуухан дүү нартаа зөвлөхөд толигор, гэрэлтсэн, залуухан арьсаа аль болох удаан хугацаанд хадгалахыг хүсэж байвал ердөөсөө л нарны тостой сайн гэгч нь найзлах хэрэгтэй шүү хэмээн захья. Шаргал наранд арьсаа ээн, үзэсгэлэнтэй биеийнхээ хэсгүүдийг ил гаргаж явах ямар сайхан болохыг эгч нь мэдэлгүй яахав. Гэхдээ нарны хэт ягаан туяанаас биеийнхээ арьсыг өдөр тутамдаа хамгаалж хэвшихгүй бол нэг л өглөө босоход чинь арьс чинь наснаасаа хөгшин харагдаж, гүн гүн үрчлээнүүд энд тэндгүй үүссэн байх вий. Ялангуяа яг над шиг нимгэн цайвар арьстай охид маань нарны хэт ягаан туяа болох UVA, UVB-д өртөх магадлал илүүтэй байдаг тул бүүр ч илүү нарны тосонд ач холбогдол өгөх хэрэгтэй. Ямар ч зузаан үүл нарны туяаг халхалж чаддаггүй тул бороотой, цастай, шуургатай өдөр ч нарны тос түрхэх нь тун чухал. Хорин настай залуухан чамд үрчлээтэн гундсан арьс тэртээ холын зүйл мэт сонсогдож байж магадгүй ч яг өнөөдрөөс эхлээд л нарны тосыг 365 өдөр алдалгүй түрхээд дадчихвал миний насан дээр очих үед арьс чинь чамд баярласан сэтгэлээ харамгүй илэрхийлэх болно шүү дээ. (45 настай, Э)

Ариун цэврийг сайн сахь - Хамгийн сүүлийн үеийн тренд болж байгаа өндөр үнэтэй серум, ганцхан удаа түрхээд л арьсны асуудлуудыг ор мөргүй алга болгох ид шидтэй нүүрний маскийг хэрэглэж байж л эрүүл, өнгөлөг арьстай болноо гэж бодож байвал чи минь эндүүрч байна. Эмч мэргэжилтэй эмэгтэй хүний зүгээс өдөр тутмын хамгийн энгийн дадлууд ч эмэгтэй хүний арьс, гоо сайханд томоохон нөлөөг үзүүлж байдаг гэдгийг залуу охин чамд ахин дахин захиж хэлье. Бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй байх, дэрний даавуугаа өдөр бүхэн сольдог байх, зөвхөн өөрөө хэрэглэдэг нүүр гарын алчууртай байх, нүүр будалтын багсаа тогтмол угааж цэвэрлэх, ухаалаг утсаа байнга ариутгах гээд өдөр тутмын энгийн ариун цэврийн дадлууд бидний гоо сайханд төдийгүй эрүүл мэндэд хүртэл нөлөөлж байдаг гэдгийг чи минь мэдэх үү? Бохир гараараа нүүрэндээ хүрэх үедээ л гэхэд чи зөвхөн гаран дээрх бохир бактериа нүүрнийхээ арьсанд дамжуулаад зогсохгүй үрчлээ үүсэх магадлалаа хүртэл нэмж байдаг бол дэрний даавуун дээр чинь цугларсан гуужсан арьснууд чинь хар толгойтой батга үүсэх, арьсны нүхжилт чинь улам томрох гол шалтгаан болж байдаг. Арьсан дээрх асуудлаа шийдэхийн тулд гоо сайхны салоон руу гүйхээсээ өмнө эдгээр энгийн ариун цэврийн дадлуудыг өөрийн болгохыг хичээгээрэй, охин минь. (52 настай, Г)

Зөв амьдралын хэв маягтай бол - Эрүүл зөв хоолны дэглэмийг баримталж, өөртөө таарсан дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийсний шагналд гэрэлтсэн, эрүүл арьс ирдэг гэдгийг амьдралын туршлагаараа эгч нь батлах болно. Хориод насандаа тааралдсан бүхнээ ходоод руугаа хийн, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэвэл түүнийхээ төлөөсийг гуч, дөчин насандаа өөрийнхөө арьс, эрүүл мэндээрээ төлдөгийг олон олон хүний жишээн дээрээс би мэдэх тул бие махбодь чинь эрүүл саруул, арьс чинь үзэсгэлэнтэй хэвээр байгаа дээр эрүүл, зөв амьдралын хэмнэлийг өөрийн болгоорой охин минь. Залуу нас нүд ирмэхийн зуургүй хажуугаар чинь урсаад л өнгөрөх болно шүү. Хэрвээ тамхитай найзалж эхэлсэн бол яг өнөөдрөөс эхлэн хаяхыг хичээгээрэй. Тамхи бол сайхан арьстай байхаас нэг мөсөн татгалзсан хүний л хэрэглэх зүйл. Өнгөлөг, эрүүл арьстай эмэгтэй хүн, тамхи татдаг эмэгтэй хүн хоёр нэг дор орших боломжгүй юм шүү.(49 настай, Б)

Дотоод гоо сайхнаа хайрла - Өөрийнхөө гаднах төрхөндөө өдөр бүхэн анхаарал хандуулдаг шигээ дотор орших нэгнээ ч ялгаагүй хайрлаж байгаарай, хөөрхөн охин минь. Нас ахих тусам эмэгтэй хүн өөрийнхөө гоо үзэсгэлэнг өрөөл бусадтай харьцуулахаа болин өөрийгөө цор ганц дахин давтагдашгүй нэгэн гэдгээ ойлгож эхэлдэг юм байна. Сайхан зүйлсийн талаар бод, өөдрөг үзэлтэй хүмүүстэй уулзаж эерэг энергиэр өөрийгөө цэнэглэ. Залуу нас гэдэг чинь тэр чигтээ бэлэг шүү дээ. Чамайг бүрэн нүүр будалттай үзэсгэлэнтэй хөөрхөн царай чинь биш зүрхэнд чинь орших тэр нэгэн хүн л тодорхойлж байдаг. Зүрх сэтгэлд чинь байгаа сайхан бүхэн нүүр царайн дээр чинь хүртэл илрэн гардаг юм шүү. (46 настай, Ш)

Арьсныхаа онцлогийг танин мэд - Хүн бүхэн цор ганц байдагтай ижил, бидний арьс ч гэсэн өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Би л гэхэд 30 нас хүртлээ өөрийгөө хуурай арьстай хэмээн эндүүрч явсан түүхтэй. Тэр хүртлээ хэрэглэсэн бүх хуурай арьсны зориулалттай бүтээгдэхүүнүүд маань арьсыг маань чийгээр хангахаас илүүтэйгээр арьсны маань балансийг алдагдуулан улам эмзэг болгож байсныг бүүр сүүлд л би ойлгож ухаарсан юм. Дээрээс нь манай орон эрс тэс уур амьсгалтайг ч хэлэх үү, өвлийн улиралд хуурай байсан арьс маань зуны улиралд тослог холимог болж өөрчлөгдөнө. Хүний арьсны төрөл хувирч өөрчлөгддөг талаарх огтхон ч мэдлэггүй би гэдэг хүн өвөл хэрэглэж байсан тосон суурьтай бүтээгдэхүүнээ зуны улиралд солилгүй үргэлжлүүлэн хэрэглэсээр нүхжилтийн асуудалтай нүүр тулж байсан. Миний гаргасан алдааг дахин чамайг ч бас давтаасай хэмээн хүсэхгүй байна. Тийм ч учраас чи минь үнэтэй, сайн гэсэн бүтээгдэхүүн рүү хошуурахаасаа өмнө өөрийн арьсны онцлог, төрлөө мэргэжлийн гоо сайханч, гоо сайхны эмнэлэгт хандан оношлуулчихвал арьсандаа тохироогүй олон олон бүтээгдэхүүн хэрэглэж гоо сайхан, санхүүгээрээ хохирохоосоо өөрийгөө урьдчилан сэргийлж чадах болно шүү. (41 настай, А)

Бүү хэтрүүл - Намайг залуу байх үед одоогийнх шиг өргөн сонголттой арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнүүд тун ховор байсан цаг. Арьсаа арчлах тухайд гэвэл ихдээ л цэл хүйтэн усаар савангаар нүүрээ угааж, монголдоо үйлдвэрлэсэн нүүрний тосыг түрхээд л унтчихад болоод л байдаг байсан юм даа. Гиларуроны хүчил, С витамин, коллагентай бүтээгдэхүүнүүдийн талаар төсөөлөл ч байхгүй байлаа шүү дээ. Орчин цагт бүтээгдэхүүний сонголт олон болохын хэрээр охид маань хэтэрхий олон бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх нь заримдаа сайн гэхээсээ саар үр дүнг авчирч байгаа юм шиг надад харагдаад байдаг юм. Орц найрлага, үр дүн нь өөр хоорондоо харшлах бүтээгдэхүүнүүдийг нэг дор хэрэглэх, өндөр ph-тэй нүүр угаагч саванг өглөө оройд тогтмол хэрэглэх нь арьсны төрөлхийн чийгшилийг үгүй хийх, балансийг алдагдуулах ч аюултай байдаг шүү дээ. Угаалгын өрөөгөө химийн лабораторитай ижилхэн болгохоосоо урьтаж охид маань юуг хэзээ, ямар давтамжтайгаар хэрэглэх нь хамгийн үр дүнтэй талаар сайтар судлаж байгаарай гэж захья даа. (58 настай, Ж)

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
1 минутын "ид шид"
Дараах мэдээлэл
9 дүгээр сарын зурхай

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(563)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: guest.   2018-08-30
Yagaad ch yum bichlegiin hew zagwar ni neg hun neg niitlel bicheed hesegchilj huwaagaad fake name fake age tawichihsan yum shig sanagdlaa. gehdee Goolingoodoo bayrladag shuu dandaa heregtei medeelel oruuldagt ni! Tsaashdiin ajild ni amjiiiiiilt💕💕💕

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com