ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хонгор Викториад Хатагтай Бекхэмээс илгээсэн захидал

Одууд  | 2018 / 09 / 18

"Spice Girls" хамтлагийн экс гишүүн, өнөө цагийн загварын бэлгэ тэмдэг, дэлхийн хамгийн халуухан хөлбөмбөгчний гэргий, 4 хүүхдийн ээж, үзэсгэлэнтэй эмэгтэй Victoria Beckham-ийн 18 настай өөртөө зориулан бичсэн сэтгэл хөдлөм захидлыг та нартаа зориулан хөрвүүлэн хүргэж байна.

Хонгор Викториад Хатагтай Бекхэмээс илгээсэн захидал

Хонгор, Викториа минь:
Яг одоо чамайг маш их сэтгэлээр унасан байдалтай байгааг би мэдэж байна. Коллежийнхоо хамгийн хөөрхөн, хамгийн туранхай, хамгийн сайн бүжиглэдэг гээд аль ч тодорхойлолтонд чи багтдаггүй. Дээр нь насны онцлогоос үүдэн нүүрэн дээр чинь тасралтгүй гарсаар байгаа батга сэтгэлийг чинь улам ихээр хямрааж байгаа. Сургуулийн захирал тайзны урд зогсоход чамайг хэтэрхий тарган харагдах учраас төгсөлтийн тайлан тоглолт дээр хамгийн хойно зогсоох байхдаа гэж таамаглаж суугаа биз дээ. Сургуулийнхаа гадаах улаан утасны бүхээг дотор ороод эцэг эх рүүгээ “Би үүнийг хийж чадахгүй нь ээ, Би гэрээ үнэхээр их санаж байна. Би хангалттай сайн болж хэзээ ч чадахгүй юм байна” гэж уйлж залгах талаар бодол толгойд чинь яг энэ мөчид эргэлдэж байна уу?
“Зүгээр дээ хонгор минь, наад асуудлаа март. Хоёулаа “Lakeside” дэлгүүр орж шинэ гутал авцгаая” гэж ээж чинь чамайг аргадах бол,“Наанаа үлдээд чамайг доогуур үнэлсэн бүх хүнд тэдний буруу байсан гэдгийг батал” хэмээн аав чинь чамд утасны цаанаас хэлэх болно. Хэрвээ чи ээжийнхээ зөвлөгөөг дагавал “Lakeside”-аас худалдан авсан шинэхэн гуталтай л хоцрох болно шүү (чамд яг одоо шинэ гутал маш чухал байгааг мэдэж байгаа хэдий ч аавынхаа зөвлөгөөг дагаарай).
Эдгээр өдрүүдийг аль хэдийнээ ардаа үдсэн 44 настай миний зүгээс 18хан настай чамд “одоогоосоо илүү хүчтэй бай” хэмээх ганцхан зөвлөгөөг л өгмөөр байна.
Дунд сургуульд ч мөн адил яг энэ нөхцөл байдалтай ижил сургууль дээрээ дээрэлхүүлдэг байснаа санаж байгаа биз дээ, хонгор минь? Дунд сургуулийн хамгийн эхний өдрөө хоёулаа эргэн дурсая. Ихэнхи хүүхдүүд хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр тул цоо шинэхэн цүнх үүрэн сүүлийн үеийн загварын хүрэм өмссөн байсан бол эсрэгээрээ чамд эдгээрийн аль нь ч байгаагүй. Яг тэр өдөр “Гэгээн Mary”-ийн ахлах сургуулийн дүрэмт хувцастайгаа хүүхдийн тоглоомын талбай дээр зогсож байхад чинь бусад хүүхдүүд чам руу шалбаагнаас гаргаж ирсэн нойтон салфетка, хуучин ундааны лааз шидэж байсан. Тухайн үед тэр явдлыг маш тайвнаар тэвчиж чадсан тэсвэр тэвчээр чинь л амжилтын шатаар дээш ахихад чухал нөлөөг үзүүлэх болно шүү. Тийм учраас илүү хүчтэй ,илүү тэвчээртэй бай. Бүх зүйл хэзээ ч мөнхийн байдаггүй.

Ерээд он дуусах үед чи өөрт чинь хэзээ ч таалагдаж байгаагүй буржгар үснээсээ салж, илүүдэл жингийн талаар ч санаа зовнихоо зогсооно. Сургуульд байхдаа чи жингээ хянахын тулд бүх төрлийн өөх тос агуулаагүй хоол идэж хажуугаар нь олон төрлийн тэнэг хоолны дэглэмийг туршиж үзнэ. Гэхдээ үүнийхээ оронд өөрийнхөө төгс биш дүр төрхөнд дурлаасай, түүнийг хүлээн зөвшөөрөөрэй хэмээн чамаас хүсэж байна. Жингээ хэрхэн барих талаар санаа зовохын оронд арьсандаа илүү их анхаарал хандуул, нүүрээ бага буд. Нэмээд хамгийн чухал нь гэвэл өөрийнхөө хөхнөөс хэзээ ч битгий санаа зов. Олон жилийн турш би ийм утгагүй зүйлд санаа зовж явсандаа харамсдаг юм. Чамд байгаа бүх зүйлээрээ өдөр бүхэн бахархаж амьдарахад суралц.
Сургуулийн чинь ханан дээр хадаатай байх “шинэхэн байгуулагдаж байгаа охидын хамтлагт гишүүн шалгаруулж авна” гэх зарыг заавал олж уншаарай. Коллежийн дотуур байрнаас хэдхэн гудамны цаана зохиогдох энэ сонгон шалгаруулалт чиний амьдралыг өөрчлөнө гэдэгт эргэлзэх хэрэггүй. “Miss Saigon”, “Cats”, “Starlight Express”, “Les Miserables” гэх мэтийн хөгжимт жүжгүүдэд үргэлж дуртай байсан тул бусад охидууд Madonna-ийн дууг шалгаруулалтан дээр дуулж байхад ганцхан чи “Cabaret” жүжгийн “Mein herr”-ийг дуулах болно. Одоохондоо чи интернет, и-мейл, ухаалаг утасны сургийг нь ч сонсоогүй байх. Инстаграм дээр төгс харагдах селфи хэрхэн хийх талаар ч төсөөлөл байхгүй нь лавтай. ( аав одоог хүртэл чам руу телекс илгээх гэж Лондон руу машинаа унан явдаг шүү дээ ). Гэвч чи нэг өдөр л өөрийнхөө анхны сонгон шалгаруулалтын бичлэгээ Youtube-ээр үзэж, Google дээр өөрийнхөө нэрийг бичин хайлт хийхэд 47,800,000 илэрц гарч ирэхийг харах болно.
Сонгон шалгаруулалтанд тэнцсэн өдрөө чи дөрвөн өөр охидын хамтаар шинэхэн охидын хамтлагийн гишүүн болно. Бие биенээсээ тэс өөр дүр төрхтэй эдгээр охидтой хамт байхдаа үедээ бусдаас өөр байх нь тийм ч муу зүйл биш болохыг ухаарна шүү. “Spice Girls” хэмээх нэртэй энэхүү хамтлаг дэлхий даяар 75 сая хувь бичлэгээ зарж, бүх цагийн үеийн хамгийн алдартай охидын хамтдын нэг болно гэдгийг дуулгахдаа би ямар баяртай байна гээч. Одоохондоо чамд ирээдүйн талаарх ямар ч төсөөлөл байхгүй нь лавтай. Чи хамтлагийн охидынхоо хамтаар онгоцны хамгийн дээд зэрэглэлийн суудлаар зорчин, хамгийн гайхамшигтай орнуудаар аялан, хамгийн тансаг буудлуудад тухлах болно. Nelson Mandela, Mariah Carey, Elton John-той биечлэн уулзана. Би чамаас ганцхан зүйлийг л хүсэж байна, Чиний амьдралд дуу алдам сайхан мөчүүд олон тохиох ч ихэнх үйл явдлыг нь тун удалгүй мартчих тул өдрийн тэмдэглэл хөтлөхөө хэзээ ч битгий зогсоогооорой хэмээн чамаас гуйя.
Алдар хүнд, амжилтын хажуугаар сэтгэл дундуур , хэцүүхэн өдрүүд ч амьдралд олон тохионо. Чи үргэлж л завгүй байж, бараг өдөр бүхэн өөр, өөр улс оронд байх шаардлагатай болох тул буудлынхаа өрөөнд л шигдэж аваад ямар их ядарч байгаа тухайгаа хэн нэгэнд тасралтгүй гомдоллоно доо. Гэхдээ үүний оронд буудлаасаа гарч өөрийн байгаа улс, хоттой сайтар гэгч нь танилцаасай хэмээн хүсэж байна. Уран зургийн галлерей, музейд зочил. Тухайн улс орны урлаг соёл, ёс заншлыг өөртөө уусган шингээхийг хичээ. Олон улсаар аялах боломжтой болсон ямар азтай охин гээч. Хэрвээ чи “Spice Girls”-д нэгдээгүй байсан бол өөрийнхөө жижигхэн бүрхүүл дотроо нуугдсаар, өөрийгөө хэн бэ гэдгээ жинхэнэ утгаар нь хэзээ ч танин мэдэж чадахгүй байсан шүү дээ.

Тийм ч болохоор бусадтай эелдэг харилцаж, сайхан сэтгэгдэл үлдээхийг хичээн, тэдний үзэл бодлыг ч хүндэтгэхэд суралцаарай. Одоо үед хүн бүр л ямар нэгэн зүйл буруугаар эргэх үед өөрсдийгөө цэвэрхэн авч үлдэхийг хичээж, хүмүүс хоорондын харьцаанд бие биедээ талархах, бусдыг үнэлэх явдал тийм ч элбэг байхаа больсон.”Friendship never ends” ( Spice Girls хамтлагийн хамгийн алдартай синглүүдийн нэг “Wannabe” дууны нэгэн мөр) хэмээн дуулах бүрдээ чи хүн бүрийн дотор цорын ганц үнэт чанар оршиж байдаг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй шүү.

Хувцас загварын тухайд:
Хувцас загвартай холбоотой маш олон зугаатай дурсамжуудыг чи бүтээх болно гэдгийг амлаж байна. Хуванцар материалтай муурын өмсгөл, ямар утгагүй юм бэ? гэж чиний бодож мэдэх чокер зүүлт, шовх үзүүртэй хачин шар үс гээд л хамтлагт байх хугацаандаа чи үнэхээр галзуу хувцаслах ч хэзээ ч өөрийгөө бусдаас содон, хачин харагдаж байгаа талаараа огтхон ч бодохгүй. Гэхдээ чамайг өнгөрсөн үедээ огтхон ч битгий харамсаасай хэмээн хүсэж байна. Тэр галзуу дурсамжууд амьдралыг чинь илүү хөгжилтэй, зугаатай болгох учраас тэр. Өөрийгөө тухайн үед өмссөн хувцсаараа бүрэн илэрхийлж чаддаг байсанд чинь одоог хүртэл хайртай байдаг юм шүү. Том болох тусмаа чи бариу цагаан банзалны доогуур Adidas-ийн бэлтгэлийн пүүз биш өндөр өсгийт өмсдөг нэгэн болох болно. Тухайн үед хувцас загварын олон хэв маягийг туршиж үзсэн тул үлдсэн амьдралынхаа турш орноосоо босоод л гарт таарсанаа аваад өмсчихдөг хүмүүсийн эгнээнд хэзээ ч элсэн орохгүй гэдгийг амлая. Чамд хамгийн чухал зүйлийг хэлэхээ мартахаа шахлаа. Нарны шилийг байнга зүү, байшин дотор байхдаа ч тэр. Ялангуяа онгоцны буудал дээр байхдаа нарны шил зүүхээ хэзээ ч битгий мартаарай.
Чамд бяцхан нууц хуваалцахад уйтгартай, нэгэн хэвийн хувцаслалтан дээр ганцхан нарны шил нэмчихэд л хувцаслалт янзтай болоод хувирчихдаг юм шүү.

Хайр дурлалын тухайд:

Хөлбөмбөгийн тухай чадах чинээгээрээ судал, ялангуяа отон тоглолтын талаар. Анхны харцаар дурлах тохиолдол амьдрал дээр үнэхээр байдаг гэдгийг чи “Manchester United” хөлбөмбөгийн багийн тоглогчдын лоунжид бага зэргийн халаалттай байх үедээ өөртөө батлах болно. Багийн тоглогчид барны текэн дээр найз нөхөдтэйгээ хамтдаа наргиж байхад, харин David тэднээс тусдаа гэр бүлийнхэнтэйгээ цуг сууж байхыг чи олж харна. (Тэр үед чи хэдийнээ супер од болчихсон байх бол David багийнхаа гарааны тоглогч ч болж амжаагүй байна). Түүнийг анх хараад чамд инээмсэглэл нь маш ихээр таалагдана. Барнаас гарах үед тэр тун зориг муутайхан дугаарыг чинь асууна. (London- Manchester-ын нислэгийн тийзэн дээр миний бичиж өгсөн утасны дугаарыг тэр одоо хүртэл нандигнан хадгалдаг юм). “Хэрвээ хэн нэгэнтэй гадуур явж харагдах л юм бол чи маш их асуудалд орох болно шүү” гэж хамтлагийн менежер чинь чамд сануулсан тул та хоёрын ихэнхи болзоонууд машины зогсоол дээр өрнөх болно гэдгийг дуулгахад харамсалтай л байна. Гэхдээ сонсогдож байгаа шигээ тийм ч муухай байхгүй гэдгийг нь амлая.
Чиний нэгэн хэсэг нь байсан хамтлаг, чиний гэрлэсэн залуу, чиний нэрээр нэрлэгдсэн хувцас загварын бизнес гээд бүх зүйлс чамайг алдартай нэгэн болгох болно. Алдар нэр хүнд чамаас хувийн орон зайг чинь булаасан мэт санагдаж магадгүй ч чи тун удалгүй алдартай нэгэн байхын давуу талыг ашиглахад суралцаж эхлэх тул битгий шантраарай. Сайн үйлсийн аян, хандивын сан гээд нийгэмд эерэгээр нөлөөлж чадах олон төслүүдэд чиний нэр алдар хэрэг болно. Африк тивд эхээс хүүхдэд дамжин халддаг Дох өвчнийг тархалтыг бууруулах ажилд Нэгдсэн Үндэсний Байгууллагыг төлөөлөн хандив цуглуулах үйл ажиллагааг удирдах болно гээд төсөөл дөө. Гайхалтай байгаа биз. Гэвч заримдаа алдартай нэгэн байхаас залхах үе тохиолдох болно гэдгийг нуулгүй хэлье. Хэдийгээр чи өөрийгөө хэвийн биеийн жинтэй хэмээн бодох ч насан туршид чинь хөндлөнгийн хүмүүс чиний биеийн жинд санаа зовнин, шүүмжлэнэ. Ялангуяа эмэгтэйчүүд бие биедээ хэтэрхий хатуурхаж , хэтэрхий шүүмжлэлтэй ханддагийг чи энэ үед л өөрийн биеэр мэдрэнэ.
Папарацци чиний амьдралын нэгэн хэсэг болж, тэдний урт гэгчийн камерны линзнээс чи хаашаа ч зайлж чадахгүй. Заримдаа чамд аятайхан санагдаж болох ч заримдаа бол үгүй. Ууган хүү Brooklyn-ээ гэдсэндээ тээж байх үед Los-Angeles-ийн “4 улирал” буудлын усан санд хар цагаан усны хувцастай сэлж байх зургийг чинь тэд авч Британийн нэгэн томоохон сонины хамгийн эхний нүүрэн дээр хэвлэж орхих болно. Тэр зураг тийм ч таатай сайхан зураг байгаагүй учир чи маш ихээр бухимдана. Тэрхүү явдлаас үүдэн би одоог хүртэл наран шарлагын газар тухтай гэгч нь усны хувцастайгаа зугаалж чадахаа больсон юм. 60 нас хүрэх үедээ ч энэ хэвээрээ л байх биз. Тийм учраас чамд дахин хэлье, өөрт байгаа зүйлдээ илүү сэтгэл хангалуун байхад суралц. Гаднах төрхөндөө шүүмжлэлтэй хандахаа зогсоох хэрэгтэй. Хэнээс ч юунаас ч санаа зоволгүй өөрийнхөөрөө байж сур. Энэ олон жилийн турш чи амьдралдаа маш олон алдааг гаргах нь мэдээжийн хэрэг. Нэг л өдөр чи супер од болох ч нөгөө өдөр нь удаан хугацааны туршид өөрийн “цуглуулсан” нэр хүнд, эд хөрөнгөө хормын төдийд алдаж ч мэднэ. Магадгүй энэ үйл явдал амьдралд чинь томоохон сургамж авчирна байх. Амьдрал чамд дахиад нэг боломж өгөх үед харин түүнийг бүү алдаарай.

Ээж байх тухайд:

Эх хүн болсон эхний өдрөөсөө л чиний амьдрал санаа зовнилоор дүүрнэ. Хүүхдүүд нэг нэгээрээ нэмэгдэн дөрөв болох үед сэтгэл түгшээх зүйлс хэд дахин нэмэгдэнэ. “Чи 44 нас хүрсэн байж магадгүй л юм, гэхдээ одоог хүртэл би чамд санаа зовдог хэвээрээ л байгаа” гэж ээж минь хэлдэг юм. Хүүхэдтэй болно гэдэг шууд утгаараа хоногийн хорин дөрвийн цагийн туршид тасралтгүй ядарч, сайн дураараа нүднийхээ доор маш том хэмжээтэй уутанцартай болохыг хэлэх байх. Амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй, гэр бүлдээ халамжтай сайн ээж байх нэгэн дор зэрэгцэх боломжгүй гэж олон хүн хэлдэг. Гэсэн ч ажил хийх үедээ бүхий л анхаарлаа ажилдаа төвлөрүүлж, үлдсэн бүх цагтаа гэр бүлээ нэн тэргүүнд тавьбал энэ хоёрын тэнцвэрийг хадгалж болох юм шиг надад санагддаг юм. Бүх зүйл төгс байх албагүй. Гэр бүл, бизнес гээд өөрт байгаа бүх зүйлдээ би талархалтай ханддаг тул хэзээд аз жаргалтай байсаар ирсэн юм шүү.

Гэрлэлтийн тухайд:

Тэвчээртэй, тэвчээртэй бас дахин тэвчээртэй бай. Зөв үедээ хэлээ хазаж сур. Үргэлж хайртынхаа нэг тал болж, бүх зүйлээр дэмжиж туслахыг хичээ. Нэг гэрт ороод хэр удсан бай хамаагүй бага ч гэсэн нууцлаг зүйлсийг хадгалан үлд. Юу ч тохиолдсон бай хамаагүй өөрийгөө умартаж болохгүй шүү ( Ядахнаа үсээ самна, шүдээ угаа, хөмсгөө зас. Тэр чамайг хэзээ ч харсан шуудхан л хүсэл тачаал нь оргилохоор тийм л нэгэн байхыг хичээ).
Хоёр биендээ цаг гаргахыг үргэлж хичээх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй бол хүүхдүүдийхээ дунд эргэлдсээр амьдралын чинь он жилүүд урсан өнгөрч, нэг нэгэндээ цаг зарцуулж эрхлэх нь ямар тачаангуй зүйл болохыг мартчихаж магадгүй шүү. Дурласан эрийнхээ ажил мэргэжлийн онцлогийг хүндэтгэн үзээрэй. Чи түүнийг даган Манчестер хотоос Испани руу, Испаниас Америк руу нүүх хэрэгтэй болно. Испанид өнгөрүүлэх өдөр хоногууд түүний хөл бөмбөгийн кареерийн хамгийн оргил он жилүүд байхын хажуугаар чи ч цагийг маш хөгжилтэйгээр өнгөрүүлэн өөрийн нэрийн гадуур хувцас, нарны шилний хувцасны брендээ байгуулна.
Гэхдээ би чамд нэг зүйлийг анхааруулах чухал шаардлагатай.
Ирэх он жилүүдэд чиний өмнө зайлшгүй даван туулах ёстой хүнд хэцүү цаг мөчүүд тулгарах болно. Бусад хүмүүс чиний тухай, нөхрийн чинь тухай санаанд ч багтамгүй аймшигтай, муухай зүйлсийг өөр хоорондоо ярилцаж, телевиз, сонин, сэтгүүл нээх болгондоо чи хэн нэгэн танихгүй хүн цаг үргэлж танай гэр бүлтэй хамт яваа мэт эвгүй мэдрэмжийг авна. Бусад эмэгтэйчүүд нэг нэгэндээ ямар шударга бус, хүндэтгэлгүй ханддаг талаар чи энэ үед л мэдэж авна. Ихэнхи алдартай хүмүүс энэ их дарамтыг тэсэж чаддаггүй бол чи тэдэнтэй адил байх албагүй шүү. Бусдын юу гэж хэлж ярьж байгаад санаа зовж суухын оронд ажилдаа илүү их анхаарлаа хандуул, хүүхдүүддээ илүү цагийг зарцуул. Гэхдээ таагүй мөчүүдээс илүү сайхан мөчүүд нь олон байдаг юм шүү.

Ихэнхи өдрүүдэд чи өөрийгөө хэрхэн амьдарч байгаагаа хараад “Хөөх, би хэзээ ч энэ бүхийг өөрийн болгож чадна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй шүү дээ” хэмээн дотроо бодох болно. Яг одоо “Vogue” сэтгүүлийн зураг авалтанд оролцохоор New York-ийн “Carlyle” зочид буудалд байрлах үедээ би энэхүү захиаг чамд хаяглан бичиж сууна. Буудлын цонхоор өглөөний нар мандаж, New York хотын шар таксинууд зам дээр энд тэндгүй давхилдана. Үүн шиг гайхалтай мөчүүд чиний амьдралд маш олон удаа тохиох болно. Харин бусад хүмүүс энэ мөчийг чинь чамаас хулгайлахыг хэзээ ч бүү хүлээн зөвшөөрөөрэй.

Чамд зориулан энэхүү захиаг бичсэн хатагтай Victoria Caroline Beckham

“Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг”
“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, vogue.uk
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(687)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Soyoloo.   2018-10-08
Goolingoo ih bayarlalaa.

Зочин: bb.   2018-09-20
yamar goy niitlel vee oird iim goy niitlel unshaagvi bna mnii hundelj hairlaj ulger jishee awdag ger buliiin emegtein zahidliiig orchuulj oruulsand mash ih bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com