ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Найзууд” цувралаас суралцсан амьдралын хичээлүүд

Чөлөөт цаг  | 2018 / 09 / 27

New York хотод ажиллаж амьдрах зургаан найзад тохиолдох адал явдал, хайр дурлалын тухай өгүүлэх “Найзууд” цувралын хамгийн эхний цуврал дэлгэцнээ цацагдсанаас хойш хэдийнээ 24 жил өнгөрчээ. Хэзээ ч уйдамгүй хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн энэ цувралтай хамт би өсөж томорсон гэхэд буруудахгүй. Дунд сургуулийн сурагч байх үедээ ч, их сургуулийн оюутан охин байхдаа ч, хоёр охины ээж гэрийн эзэгтэй болсон ч гэсэн хэзээ ч хамаагүй ахин дахин үзэх дуртай цорын ганц цуврал маань “Найзууд” байсаар ирсэн билээ.

“Найзууд” цувралаас суралцсан амьдралын хичээлүүд

Гял цал болсон дээдсийн хүрээлэнгийн амьдрал, драма-аар дүүрэн хайрын түүх гээд бодит амьдралаас хэтэрхий тасархай үйл явдлыг биш, бидний амьдралд өдөр тутамд тохиодог асуудал, яг л бидэнтэй ижил амьдралтай эгэл жирийн хүмүүсийн түүхийг өгүүлдэг учраас энэ цуврал одоог хүртэл сая сая залуусын хамгийн хайртай, ахин дахин үзэхээс хэзээ ч уйдамгүй цуврал болж чадсан байх гэж би боддог юм. Итгэнэ үү байна уу өөрөө л мэд, “Найзууд” бол эхнээс нь хэдэн ч удаа үзсэн хэзээ ч уйдамгүй маш цөөхөн цувралуудын нэг. Энэ цуврал зүгээр нэг инээдэм, хөгжилтэй явдлуудыг үзүүлэхээс гадна амьдралын тухай олон чухал хичээлүүдийг надад заасан гэхэд болно. Ингээд миний “Найзууд” цувралын гол дүрүүдээс суралцсан амьдралын хичээлүүдтэй хамтдаа танилцах уу?

Аз жаргалтай байх эсэх нь зөвхөн чиний сонголтоос л хамаарах зүйл

via GIPHY

Гудамжинд өнгөрүүлсэн хүүхэд нас, амиа хорлосон ээж, шоронд орсон хойд аав, үргэлж өөртэй нь таагүй харьцдаг төрсөн эгч гээд Phoebe-ийн өнгөрсөн амьдралд гунигтай мөчүүд дэндүү их. Дээрээс нь цувралын туршид түүнд мөнгөгүй болох, ажлаасаа халагдах, найз залуудаа хаягдах гээд өчнөөн олон хүнд хэцүү үеүүд тохиодог. Гэсэн ч түүний гунигтай байх царайг бид ер нь олж харж байсан билүү? Хамгийн хүнд мөчийг ч тоглоом шоглоом болгоод л өнгөрөх сэтгэлийн тэнхээ, өөр бусдад хэзээд эерэг энерги түгээж явдаг хосгүй чадвар зөвхөн түүнд л заяасан байх гэж бодмоор өөдрөг бүсгүй шүү дээ, тэр. Үргэлж өөрөөсөө гэрэл цацруулж явдаг энэ шаргалт үст бүсгүй надад “хэрвээ хүн хүсэх л юм бол ямар ч цаг үед жаргалтай байж чаддаг гэдгийг, аз жаргал гэдэг өөрөө бий болчихдог зүйл биш зүгээр л бидний сонголтын асуудал” гэдгийг заасан билээ. Өө нээрээ бас нэг зүйлийг мартах шахлаа шүү. Rachel хэсэгхэн хугацаанд Phoebe-тэй хамтдаа амьдрах үедээ нэгэн өглөө түүнийг дагуулж өглөөний гүйлтэнд гарахдаа инээдтэй, гаж гүйлтээс нь санаа зовж ичдэг хэсэгийг санаж байна уу? Phoebe тэр үед Rachel-д ингэж хэлдэг дээ “Чи өнөөдөр энд таарсан хүмүүстэйгээ дахиж хэзээ ч уулзалдахгүй шүү дээ. Чи л хөгжилтэй байж чадаж байвал, бусад хүмүүс юу гэж бодох ямар хамаатай гэж”. Нээрээ л бид аз жаргалтай байх олон хором мөчүүдээ бусад хүмүүс намайг юу гэж бодох бол? гэсэн тэнэг бодлоосоо болж өөрийн мэдэлгүй устгаж байдаг юм шиг. Аз жаргал өнгөрсөнд биш, ирээдүйд биш, яг одоод л оршиж байдаг учраас хийхийг хүссэн зүйлээ хийж л амьдрах хэрэгтэй. Чиний хийсэн үйлдлийн талаар хүмүүс сөрөг зүйлс бодож болох ч тэр бодол нь үсрээд л маргааш гэхэд мартагдах болно, харин чи эсрэгээрээ эргээд хэзээ ч олдохгүй аз жаргалтай дурсамжыг бүтээчихсэн байна. Хэн нэгэнд хор хохирол учруулахгүй л бол тэнэг байхаас, гаж байхаас, хөгжилтэй байхаас хэзээ ч татгалзах ёсгүйг ч мөн нэмээд Phoebe надад заасан юм.

Мөрөөдөлдөө хэзээ ч бүү бууж өг

Сэтгэл татам гадаад төрх, хүүхэд шиг гэнэн цайлган зантай Joey Tribianni хэрвээ хүсвэл ямар ч эмэгтэйг “How you doin?” гэсэн ганцхан асуултаараа л өөрийн болгож чадах жинхэнэ Итали дон жуан залуу. Харамсалтай нь түүний жүжигчний кареер хувийн амьдралтай нь адил хэзээ ч дардан байгаагүй. Олон жилийн турш өрөөний хамтрагч Chandler-аар байрны мөнгөө төлүүлж, Monica-ийн хөргөгчнөөс хооллосон хэдий ч гэсэн хэзээ нэг өдөр том кинонд дүрээ мөнхөлж, алдар нэртэй жүжигчин болох мөрөөдлөө тэр хэзээ ч хаядаггүй. Тоолж барамгүй олон сонгон шалгаруулалтанд бүтэлгүйтэх үедээ ч , бүтээсэн дүрийг нь шүүмжлэгчид авах юмгүй хэмээн доромжлох үед ч, арай гэж гол дүрд нь шалгарч чадсан кино төсөл нь дампуурах үед ч гэсэн тэр өөрийнхөө мөрөөдөлд хэзээ ч эргэлзэж байсан удаагүй билээ. Хүсэл мөрөөдөлдөө хэзээ ч бууж өгөөгүй энэ зан чанарт нь би хамгаас их хайртай байдаг. Өөрийнхөө зорьсон зорилгодоо туушдаа байсан учраас л тэр цувралаас цувралын турш хичээсээр, суралцсаар, бага багаар мөрөөдөлдөө хүрдэг шүү дээ. Хэн ч юу ч гэж хэлсэн бай хамаагүй чин сэтгэлээсээ дурласан зүйлдээ тууштай байж гэмээнэ амьдрал чамайг амжилтаар шагнадаг гэдгийг “Days of our lives” цувралын Dr.Ramoray эмч надад заасан юм шүү.

Төгс нэгэн болохыг хичээх нь тийм ч муу зүйл биш

via GIPHY

Monica Geller бол бидний амьдралдаа учирч болох хамгийн зохион байгуулалт сайтай, цэвэрч, шаардлага өндөртэй, өөнтөгч нэгэн. Хайч, чулуу, даавуу гэсэн хамгийн жижигхэн тоглоомонд ч гэсэн ялахын төлөө бүхнээ зориулдаг тийм шургуу хүнийг чи өөр хаанаас ч хайгаад олохгүй болов уу? Бүх хүнийг өөр шигээ байлгахыг хүсдэг, байгаа газар бүхэндээ удирдагч нь байх дуртай түүний дүрийг зарим нь шүүмжилдэг хэдий ч надад харин Monica-ийн энэ зан эсрэгээрээ таалагддаг. Хэрвээ тэр ийм зан чанартай биш байсан бол хэзээ ч хэвийн жинтэй болж Chandler-тай гэрлэн, хямдхан зоогийн газрын хуурамч хөх зүүдэг зөөгчөөс алдартай рестораны ахлах тогооч болж чадахгүй байсан шүү дээ. Төгс байхыг хичээх нь, ядахнээ тийм байхыг оролдоод үзэх нь тийм ч муу зүйл биш гэдгийг энэ бүсгүй надад заасан билээ. Тэртээ тэргүй амьдралд бидний хэрээс хэтэрсэн, чадлаас давсан дэндүү олон зүйлс байдаг. Яаж ч хичээгээд жирэмсэн болж хүүхэдтэй болж чадахгүй байх, хайртай залуутайгаа гэрлэхийг хүсэх ч нөгөөх чинь чамайг хаяад явах, хоол хийх төгс чадвартай байлаа ч аль нэг сонин чиний хоолны тухай өөдгүй нийтлэх бичих үе бидний амьдралд бишгүй л олон тохиох болно. Тийм ч учраас ядаж өөрийнхөө удирдаж чадах зүйлсдээ эзэн болж, орчин тойрноо эмх цэгцтэй байлгах нь бусдын боддог шиг хэнээтэй хүний хийх үйлдэл биш юм шүү.

Зөв хүнтэйгээ учрах үед амьдрал тэр чигтээ өөрчлөгддөг

via GIPHY

Маш, маш удаан хугацааны турш Chandler Bing эмэгтэйчүүдийн тал дээр асуудалтай бөгөөд азгүй нэгэн байсан. Нийгмийн харилцаанд орох дургүй, өөрт нь таагүй явдал тохиовол байж болох хамгийн гаж байдлаар хошигнодог, өөрийг нь араар тавьдаг найз бүсгүйгээсээ салж чадахгүй олон жил зууралдаж, хэзээ ч дуртай байгаагүй уйтгартай ажлаа зөвхөн мөнгөний төлөө хийдэг нэгэн байсан билээ. Гэхдээ хамгийн сайн найз, хөрш бүсгүйдээ дурласнаас хойш, түүний амьдрал үндсээрээ өөрчлөгддөг (хошигнолоос бусад нь гэх гэсэн юм шүү). Тэр эр хүнийхээ хувьд илүү том болж, өөрийг нь хайрладаг нэгэнтэй гэр бүл болон, дургүй ажлаа хаян шинэ кареер эхлүүлж, хүүхэд үрчилж авах зоригтой шийдвэрийг хүртэл гаргадаг. Өнгөрснийг чинь тэр чигт нь мэддэг, одоо байгаа чамайг байгаагаар нь хайрладаг, ирээдүйн амьдралыг чинь хамтдаа бүтээх хүсэлтэй нэгэнтэй учрах нь амьдралд тохиож болох хамгийн гайхалтай зүйлсийн нэг гэдгийг Chandler Bing надад нотолсон. Кинон дээр ч тэр, бодит амьдрал дээр ч тэр бид яг энэ хоёр шиг л элдэв драма байхгүй, эрүүл хосын харилцааг хүсдэг нь үнэн.

Өөрийнхөө амьдралыг өөрөө босгохоос илүү амттай зүйл гэж үгүй

via GIPHY

Бодит амьдралын тухай ямар ч ойлголт байхгүй чинээлэг айлын эрх танхи охин Rachel Greene алдартай шүдний эмчийн гэргий болох амьдралаас татгалзан, хуримын ёслолоосоо зугтаж байгаагаар энэ цувралын хамгийн эхний анги эхэлдэг. Биеэ дааж амьдрахаар шийдэж New York хотод ирснээсээ хойш 10 жилийн туршид тэр найзынхаа хажуу өрөөнд амьдран өөрийн кареерийнхаа төлөө цуцалтгүй хөдөлмөрлөдөг. Үр дүнд нь амьдралынхаа хамгийн сайн найзууд, Lous Vuitton-ийн Парис дахь салбарт ажиллах ажлын байр, өхөөрдөм хөөрхөн охинтой болдог шүү дээ. Хэрвээ Barry-тай гэрлэсэн бол энэ гайхалтай мөчүүдийн аль нь ч түүнд тохиохгүй байсан байх. Хэн нэгнээс нэг насаараа хараат байж амьдарснаас тухтай бүсээс зоригтой гэгч нь мултран гарч өөрийнхөө хүсэл тэмүүлэлийг бодит болгохын төлөө хөдөлмөрлөх тэр урам зоригийг Rachel Green-ийн загварын ертөнц дэх гайхалтай кареер надад өгсөн хэмээн би боддог шүү.

Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай

via GIPHY

Хичнээн хүн гурван удаа гэрлэж, гурван удаа салж үзсэн бол? Бодит амьдрал дээр битгий хэл телевизийн цувралын хувьд ч энэ тоо хэтэрхий их. Тийм ч болохоор Ross-ын бүтэлүй гурван гэрлэлтийн түүхийг цувралын туршид л найзууд нь түүнийг шоолохдоо ашигладаг шүү дээ. Гэвч түүний элэг хөшөөм бүтэлгүй дурлал, болзооны түүхийн цаана бид нар бүгдээрээ түүнийг Rachel Greene-д чин сэтгэлээсээ хайртайг мэддэг. Ахлах сургуульдаа ч, коллеждоо ч, хуримнаасаа зугтан бороонд норчихсон Central Perk кофе шопын хаалгаар орж ирэхэд нь ч Ross түүнд хайртай байдаг. Хамтдаа байхдаа ч, хоёр тийшээ болоод салсан үедээ ч Ross түүнийг хайрласаар л байдаг. Гэрлэлт, хүүхэд, салалт гээд тэр хоёрын арван жилийн турш үргэлжилсэн галзуу хулгана шиг хайрын романс дэндүү адармаатай байсан ч энэ хайрандаа хэзээ ч бууж өгөөгүй учраас л Rachel түүн дээр эргэж ирдэг. Хайр гэдэг зүгээр нэг хайрлахын нэр биш, тэвчих, уучлах, хэрэгтэй цагт нь түүнийгээ тавьж явуулахын нэр гэдгийг Ross, Rachel хоёрын түүхээс би ойлгосон юм шүү.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(432)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Хулан.   2018-10-20
Үнэхээр сайхан нийтлэл байна ккк ахиж уншихыг хүсэж байна. Уншиж байхдаа нулимстай заримдаа инээж уншсан ухаарал хайрласан хэдэн минут байлаа

Зочин: ross and rachel.   2018-10-16
хамгийн гоё цуврал шүү! дахиж үзмээр байна цаг зав байдаг бол.

Зочин: Заяа.   2018-10-14
Үнэхээр гоё бичсэн нийтлэл байна, би ч бас амьдралтай ойрхон болхоор нь үзэх дуртай байдаг ч, яг ингээд хураангуйлан тодорхой дүгнэлт хийсэн нь маш их таалагдлаа. Баярлалаа

Зочин: hongoroo.   2018-10-02
Bi bs uneheer durtai. Nadad Joey shig halamjtai, tsarailag ghdee Chandler shig hicheemtgii namaig emzegluulehees emeedeg, Ross shig l hairandaa unench bs hariutslagatai tiim zaluu heregtei blaaa... odoo songoltoo hiitsen l dee ,,, ghdee ene 3 huurhun shuu kkkk

Зочин: azaa.   2018-09-30
үзэх дуртай кино хаха бараг бүх хэсгийн үгийн цээжилсэн байхаа ккк. гэхдээ ийм өнцгөөр харж байсангүй ээ таалагдлаа.

Зочин: Suzuki.   2018-09-28
Bayrlalaaa . Iiim goyo niitlel oruulsand . Setgel sergechihlee , bas dahiad uzmeer sanagdlaa 😍

Зочин: Nomiann.   2018-09-27
Ёстой хөөрхөн нийтлэл байна 💕

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com