ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралыг чинь өөрчилж чадах санаанд оромгүй дадлууд

Ажил & Мөнгө  | 2018 / 10 / 03

2019 он гарахад ердөө 90 хүрэхгүй хоног үлдлээ. 2018 ондоо хийж бүтээсэн зүйлсээ яг одоо дүгнээд үзэцгээе л дээ. 10-аас хэдэн оноог өөртөө өгөх вэ? Хангалттай сайн хичээсэн мэт мэдрэмж төрж байна уу, эсвэл үгүй юу? Хэрэв хангалтгүй гэж үзэж байвал гуниглах хэрэггүй шүү, бидэнд дахиад 90 хоног байна. Оройхон гарсан ч ширүүхэн дайрч чадвал энэ оноонд тун ч сэтгэл хангалуун үлдэх боломжтой. Үлдэж байгаа гурван сарын хугацаанд чиний амьдралд өөрчлөлт авчирч чадахуйц өөрийнхөө амьдралд туршиж үзээд “амжилт олсон” эерэг дадлуудаа энэ нийтлэлээрээ би чамтай хуваалцаж байна.

Амьдралыг чинь өөрчилж чадах санаанд оромгүй дадлууд
Хорвоо зөвхөн чамайг тойрон эргэх албагүй
Хэн нэгэн чамайг үл тоомсорлож, чамтай найрсаг биш байдлаар харьцах дүр зураг чамд дэндүү танил санагдаж байна уу? Дэлгүүрт таарах худалдагч, ажил дээр харьцах үйлчлүүлэгч, зам дээр зөрөөд өнгөрөх танихгүй хүн гээд өдөр тутмын амьдралд биднийг чиглэн ирэх сөрөг хандлагууд хаа сайгүй бий. Энэ нөхцөл байдал бүрд хариу үйлдэл үзүүлээд байвал чи үргэлжид хэн нэгэн хүнээс болж бухимдах болно. Харин эсрэгээрээ нөхцөл байдалд дасан зохицож өөрийнхөө эерэг хандлагыг хадгалж үлдэхийг хичээх нь хамаагүй дээр шийдэл. Хөндлөнгийн хүнд сэтгэл санааныхаа унтраалгыг дээш, доош нь болгох боломжийг олгохгүй байхад суралцах нь тун чухал дадал юм.
Өдөр бүхэн нэг догол мөр

Чи бестселлер номын зохиолч болох мөрөөдөлтэй юу? Аль эсвэл тархиндаа бодож яваа бизнес төлөвлөгөө цаасан дээр хэрхэн буулгахаа мэдэхгүй будилж яваа нэгэн үү? Эсвэл зүгээр л өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжийг бусдад түгээхийн тулд блог бичиж эхлүүлэхийг хүсэж байгаа хүн үү? Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн чамд ганцхан л зөвлөгөө өгье. Өдөр болгон ердөө юуны ч талаар хамаагүй ганцхан догол мөрийг л бич. Өдөр бүхэн бичээд л байх тусам бодол санаагаа цэгцтэйгээр бичгийн хэлээр бусдад ойлгуулах нь чиний хувьд үнэхээр хялбархан зүйл болж хувирах болно. Гэхдээ эхний ээлжинд өөрийгөө зовоох хэрэггүй, ердөө ганц өгүүлбэр ч бичсэн хангалттай.
Банкны дансаа тогтмол шалга

Ухаалаг банкны үйлчилгээ өргөн дэлгэрсэн энэ үед өдөр бүхэн таван минутыг санхүүгийн зарцуулалтаа нягталж хянахад зарцуулаарай. Өдөр бүр дансаа шалгах нь хэтэрхий их тоо шиг сонсогдож байна уу? Хэрвээ чи энэ дадлыг өөрийн болгочихвол харин ч бага тоо шиг санагдах болно. Яг өнөөдрийн байдлаар чиний дансанд хэдэн төгрөг байгаа, өнөөдөр нийт хэдэн төгрөгийг юунд зарцуулсан бэ? гээд санхүүгийн байдлынхаа талаар тодорхой бөгөөд тогтмол мэдээлэлтэй байвал сарын эцэст кредит картынхаа хуулгыг хараад савж унах шаардлагагүй болно шүү. Санхүүгийн сахилга бат гэдэг хамгийн энгийн ийм л үйлдлээс эхэлдэг юм шүү дээ.
Тогтвортой бай

Орчин цагт төгс төгөлдөр амьдралын хэв маягийг өдөр бүхэн амжилтын шатаар зогсолтгүйгээр өгсөн гарах явдлаар л төсөөлөх нь элбэг болж. Гэвч яг үнэндээ бол гэрийн ажил, угаалга цэвэрлэгээг тогтмол хийх, эрүүл хооллохыг хичээх, ажлаа цаг тухайд нь хийж дуусгах, дасгал хөдөлгөөн хийх цагийг өөртөө гаргах гэх мэтчилэн хамгийн эгэл жирийн дадлууд л бидний амьдралын чанарыг тодорхойлж байдаг. Үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг энэ цаг үед ганц ч гэсэн зүйлийг тогтвортойгоор хийж, түүндээ үнэнч байх нь чиний бодсоноос ч илүү чухал дадал юм шүү.
Одоогийн тав тухаас ирээдүйн тав тухыг илүүд үз

Зөвхөн одоо цагт чамайг жаргалтай байлгах зүйлийг биш ирээдүйн мөрөөдөж, төсөөлж байгаа амьдралдаа зориулан сонголт хийхэд суралцаарай. Жингээ хаяж, гоолиг биетэй болмоор байна уу? Оройн хоолныхоо дараа зайрмаг идэхийн оронд яг одоо гараад гүй. Гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцмаар байна уу? Найзуудтайгаа баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэхийн оронд хэлний шалгалтандаа бэлд. Чиний ухаалаар гаргасан шийдвэр бүхэн чинь чамд ирээдүйд баярлалаа гэж хэлэх болно гэдгийг амлая.
Хариуцлагатай бай

Хариуцлага гэдэг үгийн үндэс хариу шүү дээ. Тэгэхээр хариуцлагатай байна гэдэг нь хариутай байхын нэр юм. Хэн нэгэн чам руу мессэж илгээвэл заавал хариуг нь илгээ. Завгүй байх үед чинь ирсэн дуудлагыг харсан дариудаа эргүүлээд залга. Маш бяцхан зүйлээс л хүний хандлага, итгэл дааж чадах нэгэн эсэх нь харагддаг юм шүү.
Үргэлж дүүрэн түлштэй байхыг хичээ

Чи 24 цагийн турш тасралтгүй ажиллах чадвартай робот биш. Бүтээмжтэй байхын тулд чиний биед зайлшгүй түлш хэрэг болно. Өглөө, өдөр, оройн хоолоо бүү алгасахгүй байхыг хичээн, ядарч байгаа үедээ ажлаа хойш нь тавиад хангалттай нойр авч сураарай. Амьдралын суурь зүйлсийг хойш нь тавиж ажлынхаа төлөө улайрч зүтгэх нь чамайг огтхон ч завгүй, чухал нэгэн болгож харагдуулахгүй. Харин ч эсрэгээрээ байж мэдэх юм.
Зөв нөлөөлөлд авт

Хэн нэгнийг таниж мэдэхийг хүсвэл түүний хамгийн дотны 5 хүнтэй нь л танилцахад хангалттай гэдэг үг байдаг даа. Харин орчин үед бол дотны хүмүүсээс гадна сошиал орчинд бидний дагаж байгаа хүмүүс, дийлэнхи цагаа өнгөрүүлдэг оффисын тохижилт гээд санаанд оромгүй зүйлс ч бидний дотоод ухамсарт их бага хэмжээгээр нөлөө үзүүлдэг болсон гэж байна шүү. Чамайг тойрон хүрээлж байгаа эд зүйлс, өдөр тутамдаа хүлээж авч байгаа мэдээллүүд нийлээд ирээдүйд чиний хэн болохыг тодорхойлж байдаг тул өөрийн орчин тойрныг эерэг зөв зүйлсээр хүрээлүүлэхийг хичээгээрэй.
Юуг ч хүлээх хэрэггүй, шуудхан хийж эхлүүл

Хувь хүний хөгжлийн тухай олон алдартай номын зохиолч Mel Robbins-ийн “5 секундын дүрэм” номонд өгүүлснээр бол ямар нэгэн гайхалтай санаа хүний тархинд орж ирсэнээс хойш хэдхэн секундын дараа чиний тархи тэрхүү санаатай зөрчилдөж, тэр санааг үгүйсгэж эхэлдэг гэнэ шүү. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол сайхан санаа төрөх төдийд л түүнийг санаа төдийхөн хэвээр нь хадгалах биш шуудхан л ажил хэрэг болгох ёстой байх нь.
Хамгийн түрүүнд “мэлхийгээ ид”

Мэлхийгээр чиний хийхийг хүсдэггүй, үргэлж хойш нь тавидаг, тойрч зугтааж явдаг ажлыг зүйрлүүлсэн хэрэг л дээ. Өглөө болгон хамгийн түрүүнд мэлхийгээ идээд сурчихвал өдрийн туршид хий дэмий санаа зовнилоор сэтгэлээ чилээх шаардлагагүй болно.
Илүү ихийг унш

Чи 7 хоногт нэг ном уншиж дуусгах дадалтай номын хорхойтон биш байж болно л доо. Гэхдээ уншихгүй байх нь хувь хүнийхээ хувьд тасралтгүй өсөж хөгжин, суралцахаа зогсоох шалтаг болох ёсгүй юм шүү. “Ярьвал та өөрийн мэдэх хүртлээ л ярьна, харин сонсвол мэдэхгүйгээ нэмж сонсоно.” гэж Далай лам хэлсэн байдаг. Medium.com дээр сонирхолтой нийтлэл бичдэг хүмүүсийн блогийг дага, өдөр бүхэн дэлхий даяар юу болж байгаа талаарх мэдээллийг баталгаатай эх сурвалжаас ав. Ном барьж суух зав маруухан бол сонсдог ном, подкастуудыг “эндээс” “эндээс” татаж аваад чөлөөт цагаа уншихад зарцуулаарай. Мэдлэгийнхээ хүрээг тэлэх хамгийн сонгодог бөгөөд шигшмэл арга бол яалтачгүй унших юм.
Сошиал орчинд хязгаар тогтоох

Буйдангийнхаа өмнө суугаад телевизийн суваг дээш доош нь гүйлгэх зуршил маань одоо үед ухаалаг утсаа маажих зуршлаар солигджээ. Сошиал орчинд хэтэрхий их цаг хугацааг зарцуулж байгаагаа бидний хэн хэн маань мэдэж байгаа. Нийгмийн харилцаанд орохын тулд сошиал хаягууд дээрээ идэвхитэй байхаас өөр зам бидэнд үгүй тул ухамсартайгаар хэрэглээгээ хязгаарлаж сурах нь чухал юм. Өдрийн хамгийн бүтээмжтэй байх цагтаа сошиал хаягуудаа огт шалгахгүй байх, сошиал хаяг руугаа орохын өмнө утсан дээрээ stopwatch асаах (15 минут л утсаа оролдоно гэж өөртөө хязгаар тогтоож байгаа хэрэг) зэргээр зах хязгааргүй хэрэглээгээ бага ч атугай танахыг хичээгээрэй.
Өөрийгөө холоос ажигла

Ажил хэрэг ч бүтэхгүй, дотны хүмүүстэйгээ ч таагүй харилцаатай байх нэг тийм завсрын үе бидний амьдралд хааяа хааяахан гарж ирдэг шүү дээ. Тэр үедээ нөхцөл байдалтай чаргууцалдаж, улам ухаж төнхөх нь байдлыг илүү хүндрүүлдэг сул талтай. Үүний оронд өөрт тохиолдож байгаа явдлыг сайн найзынхаа амьдралд тохиолдож байна гээд төсөөлөөд үзээрэй. Сайн найздаа зөвлөгөө өгч байгаагаар өөрийнхөө асуудлыг хөндлөнгийн хүний нүдээр ажиглах үед чи илүү эрүүл, зөв шийдлийг олох болно.
“Үгүй” гэж хэлэхэд суралц

Чиний эрч хүчинд хязгаар гэж бий. Тийм болохоор хүн бүхэнд сахиусан тэнгэр шиг харагдахыг хичээн “за” гэж хэлээд байвал нэг л өдөр чи эрч хүчээ хэзээ ч сэргээж чадахгүй нөхцөл байдалтай тулгарна. Зөв цагтаа зоригтойгоор “үгүй” гэж хэлэхэд суралц. “Үгүй” гэж хэлэхэд тухгүй, таагүй мэдрэмж төрдөг бол тэр мэдрэмжээ алга болтол хүмүүст “үгүй ээ” гэж хэл. Энэ нь хувиа хичээж байгаа явдал биш, өөрийн доторхи хүнээ хайрлаж халамжилж байгаагийн илрэл юм. Учир нь чамд хүсэхгүй байгаа зүйлээсээ татгалзах эрх бий шүү дээ.
Байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай бай

Үдэшлэгт уригдах үедээ дэлгүүрээс шинэ даашинз худалдан авахын оронд хуучин даашинзан дээрээ чамин акксесуар нэмж зүүгээд л гараад яв. Найзуудаа гэртээ оройн хоолонд урьсан бол дэлгүүрээс тансаг хоолны материал цуглуулахын оронд хөргөгчинд байгаа хүнсээ бүтээлчээр ашиглан хоол хийх гээд нэг үзээрэй. Байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байх нь, тэднийгээ зөв зүйтэй ашиглахад суралцах нь аз жаргалтай байхын үндэс болдог.
Өдөрт ердөө ганц

Хоолны дэглэмээ тэр чигт нь өөрчилж, амаараа орж байгаа хүнс бүхнийг эрүүл, органик биед тустай байлгах гээд өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ. Харин түүний оронд өдөрт ердөө ганц л эрүүл бус хоол хүнсний зүйлээс (цөцгийтэй зайрмаг резинин чихэр шоколадтэй жигнэмэг гэх мэтийн) татгалзаад сурчих. Өдөрт ердөө ганцхан удаа өөртөө “үгүй” гэж хэлэхэд л хангалттай.
Өнөөдөр би юу хийж бүтээв? хэмээх асуултыг өдөр бүр өөрөөсөө асуух

Ажлын газрын үүдний хананд маань яг дээрх өгүүлбэр байдаг юм. Холын зорилго байхгүй хүнд ойрын зовлон мундахгүй гэдэг шүү дээ. Ойр зуурхны ахуйн асуудлуудад бууж өгөхгүй, мөрөөдлөө өдөр бүхэн санаж явахад минь энэ ганцхан энгийн асуулт үнэхээр их хувь нэмэр оруулдаг учраас чамайг ч мөн адил энэ асуултыг өөрөөсөө өдөр бүхэн асууж байгаасай хэмээн хүсэж байна.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(472)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Soko.   2018-10-03
Bayrlalaa mash heregtei niitlel baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com