ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үерхлээс гэр бүлийн харилцаа руу шилжихдээ хосууд юу, юуг “тохиролцох” хэрэгтэй вэ?

Гэр бүл  | 2018 / 10 / 04

Аз жаргал гэдэг минийхээр хайртай хүмүүстэйгээ хамт байх юм. Өсөж төрсөн гэр бүлийнхээ хайраас өөрийн бүтээсэн гэр бүлийн хайр луу шилжих үеийг эхнэр нөхөр болох гээд тодорхойлчихмоор ч юм шиг. Бид бүгд л шинэхэн бий болгох гэр бүлдээ хайрыг бялхуулж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. “Хамт л байвал болно доо” гэдэг гэгээхэн бодлоор амьдрал руу хөтлөлцөн ордог. Гэхдээ яг энэ үедээ бид гэнэтийн, шантармаар, гунигламаар, цөхөрмөөр зүйлс хамтын амьдралд ямар олон байдгийг тэр бүр мэддэггүй. Мэдэхгүй байх нь ч аргагүй шүү дээ. Анх удаа л амьдрал зохиож үзэж байгаа юм чинь. Энэ бол айл гэрдэж тоглохоос огт өөр зүйл. Тиймээс залуу хосууддаа зориулан үерхлээс гэр бүлийн харилцаа руу шилжихдээ алдаа мадаг багахан гаргаасай гэсэндээ дараах нийтлэлийг бичлээ.

Үерхлээс гэр бүлийн харилцаа руу шилжихдээ хосууд юу, юуг “тохиролцох” хэрэгтэй вэ?
1. Та хоёрын санхүү нэг зүйлд төвлөрнө
“Би найз залуутайгаа үерхээд 3 жил болж байна. Бид хоёр мөнгө хэрэг болсон үедээ нэгнээсээ зээлээд дараа нь буцааж өгдөг. Хэмжээ нь 20.000 төгрөгөөс дээш бол. Өгөхгүй удах үед хэрэг болоод байна гээд нэхээд авах ч тохиолдол бий. Хааяа үүнээс болж маргаан гардаг нь надад их эвгүй санагддаг юм. Удахгүй гэр бүл болоод амьдрахдаа энэ асуудлаа яаж шийдэх вэ гэж их бодох юм аа”
Гэр бүл болсны дараа мөнгө санхүү нэг зүйлд төвлөрч эхэлдэг. Тэр нь мэдээж хамтын амьжиргааны зардал, гэртээ авахаар төлөвлөсөн эд хогшил, байр, машины зээл зэрэг багтана. Тиймээс та хоёр хамт амьдрахаасаа өмнө тусдаа санхүүтэй, өөр өөрсдийн асуудалд мөнгөө хэрэглэдэг байсан бол одоо санхүү нэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ихэнх шинэхэн гэр бүл болсон хосууд үүнд дасаагүй байдаг учраас өөрөөс нь их мөнгө гараад байгаа мэдрэмж төрж, эсвэл өөрийн мэдэлгүй автоматаар дотроо тооцоо хийчихдэг. Магадгүй энэ нь хуримтлагдсаар эхнэр нөхрийн дунд “мөнгөний хэрүүл” гарах шалтгаан болдог. Тиймээс тусдаа гарахаасаа өмнө санхүүгийн хэд хэдэн тохиролцоог хий.
● Бие биеийнхээ сарын орлогоос тодорхой хувийг ахуйн зүйлүүдэд зарцуулах
● Сар бүрийн орлогоос өөртөө зарцуулах
● Дундын хадгаламжид хоёр талаасаа нийлүүлж хийх эсэх
● Хүүхдэдээ гаргах зардлыг хэн хариуцах, хэдэн төгрөг нийлүүлэх талаар
● Өөрсдийн цалин, орлого хангалтгүй байгаа тохиолдолд яаж орлогоо нэмэгдүүлэх талаар ярилцах, түүнийхээ ашгийг юу юунд зарцуулах эсэх
● “Хамтын санхүүгээ нэмэгдүүлэхийн тулд би ийм зүйл хийж чадна” хэмээн өөртөө төдийгүй гэр бүлийнхээ өмнө “шинэхэн” хариуцлага үүрэх
2. Хүүхдийнхээ өмнө “хамтдаа” хариуцлага хүлээнэ
Хэрвээ та хоёр анхны хүүхдээ өлгийдөн авч байгаа бол хариуцлагын талаар илүү нухацтай бодох хэрэгтэй. Гэхдээ дан ганц ээж биш бас аав биш хамтдаа хариуцлага хүлээж, сайн аав ээж болохын тулд сайтар ярилцаж, зарим зүйл дээр тохиролцоо хийгээрэй. Жишээлбэл: Төрсөний дараах нэг юмуу хоёр сард аав хоол хийнэ, даавуу угаана. Хүүхдээ ээлжилж агаарт авч гарна, аав нь ажлаасаа өмнөхөөсөө эрт тарж ирдэг болно гэх мэт. Том жижиг юу ч байж болно шүү дээ.
Анхны хүүхдээ өлгийдөн авахын өмнө аавуудын дотор айдас, ээжүүдийн сэтгэлд эмзэгхэн бодлууд олон бий шүү дээ. Хүүхэд гэдэг гэр бүлд аз жаргал авчирдаг учраас, та хоёрын жаргал дундаас бий болсон учраас хариуцлагаа хэн нэгэндээ тохох биш өөрийн даах хэмжээгээр авч үүрээрэй.
3. “Хадамтайгаа сайхан харилцаатай байхын тулд…
Хадмуудын асуудал аль ч цаг үед байсаар ирсэн байх. Аливаа зүйлийн муу нь сайнаасаа илүү түгчихдэг болохоор муу хадмуудын яриа л нийгэмд их байдаг. Гэтэл амьдрал дээр бүх хүн муу биш шүү дээ. Ямар ч хүнд сайн тал, сайхан зан чанар бий. Түүнийг нь олж харахыг хичээвэл асуудлыг хөнгөхнөөр даван гарна. Хэрвээ чи хадам аав эсвэл ээжтэйгээ аль хэдийн таагүй харилцаа үүсгэчихсэн бол цаашдаа түүнийгээ давтахгүй байхыг хичээгээрэй. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг учраас хадмуудтайгаа харилцах харилцаа ч бас сэргэх болно. Мөн бүсгүйчүүд өөртэйгөө дараах хэдэн зүйлийг тохироорой.
● Хадмындаа зочилсон үед хэлж байгаа үг, үйлдлийг нь хэт өөр дээрээ тусгаж авахгүй байх
● Тэмдэглэлт өдөр, баяр ёслолын өдрөөр баяр хүргэж, бэлэг бэлдэх
● Хадмуудынхаа хажууд нөхөртэйгөө муудалцахгүй байх
● Цагаан сар, хурим найр, шинэ жил гэх мэт баярын үеэр тусалж чадаагүй бол шалтгаанаа хэлж, дараа туслахаа илэрхийлэх
● Хадамдаа гомдох, ам зөрөх явдал гарсан бол нөхөртөө бурууг тохож, маргаандаа татан оролцуулж түүнд уураа гаргахгүй байх
● Хүүхдээ харуулах болон зарим гэрийн ажилд туслуулсан бол баярласнаа хэлж, өөрийнх нь их чухал хүн болохыг баталсан магтаалын үг хэлэх
● Гэр бүлийн дотоод асуудлаа аль болох ярихгүй байх. Энэ нь түүнийг өөрсдийнхөө асуудалд оролцож, шийдвэр гаргаж болно хэмээн зөвшөөрч байгаа хэрэг юм шүү.
Үүн дээр нэмээд Гоолингоогийн бүсгүйчүүддээ зөвлөсөн хадмуудтай холбоотой нийтлэлүүдийг “энд” дарж уншаарай.
4. Хоорондын харилцаагаа сэвтүүлэхгүйгээр авч үлдэх
Тусдаа гарч амьдрал зохиоход бүрэн бэлтгэлтэй хос гэж байдаггүй. Бас аав ээж болохдоо анхнаасаа л бэлэн байдаггүй шүү дээ. Хосууд шинэхэн хүүхэд, шинээр зохиосон амьдралд гарах асуудлууд гээд ахуйн аахар шаахар зүйлсэд анхаараад бие биенийгээ халамжилж, хайрлахаа мартчих тохиолдол бий. Энэ нь яваандаа нэгэндээ гомдох, уурлах шалтгаан болдог. Тиймээс хосууд тусдаа гарсан ч хоорондын харилцаагаа сайхнаар нь авч үлдэх хэдэн зүйлсийг тохиролцох хэрэгтэй юм.
● Сард нэг удаа болзоонд явах шинээр нээлтээ хийсэн кино, орж үзээгүй ресторан, эсвэл зүгээр л хамтдаа салхинд хөтлөлцөн алхах гэх мэт
● Эхнэрээ эсвэл нөхрөө сэтгэл догдлон болзоо эсвэл хамтдаа хийх өөр гоё зүйл төлөвлөн хэлэхэд нь “завгүй” гэж няцаахгүй байх. Хэрвээ үнэхээр завгүй бол өөр өдөр, цаг тохирч эелдгээр хэлэх
● Гэр бүлийн аливаа асуудлыг хамтдаа ярилцаж шийдэх, аль болох хамт хийж бүтээхийг эрмэлзэх
● Ирээдүйгээ хамтдаа төсөөлж, зорьдог нэг зүйлтэй болох
5. Бие биедээ өөрийнхөө “чадна”, “чадахгүй” гэсэн жагсаалтыг танилцуул Хүн бүхэн төгс биш учраас түүнд ч бас чадвар дутах, ойлгохгүй байх, ямар нэг зүйлийг мэдэхгүй байх тохиолдол олон гарна. Энэ үед нь бага зэмлэж, ойлгохыг хичээж, чаддаг мэддэг болоход нь чадах хэмжээгээрээ тусалж, урам хайрла. Бас түүнийг алдаад үзэхийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн хүн бүхэнд чаддаг онцгой зүйлс гэж бий. Тэдгээрийг нь олж харж дэмжиж урамшуулахаа мартав аа! Чи ч бас өөрийнхөө чаддаг болоод огтоос чаддаггүй зүйлсийн талаар ярилцаж түүнийгээ хүлээн зөвшөөрүүлж хамтдаа хичээгээд үзээрэй.
Жишээлбэл:
● Би гоё амттай хоол хийж чадна
● Мөнгөө зөв хуваарилалттай зарцуулж, аж ахуйн зардалдаа тооцоотойгоор хүргэж чадна
● Чамдаа өглөө бүр цай бэлдэж өгөөд, ажилд чинь үнсээд гаргаж чадна
● Зарим үед найзуудтайгаа гарахыг чинь тэвчиж чадна
Харин:
● Худлаа хэлэхийг чинь тэвчиж чадахгүй
● Өдөр болгон ганцаараа хоол хийгээд байж чадахгүй. Тиймээс чи хааяа надад туслах ёстой
● Найзуудтайгаа уулзахгүйгээр нэг сараас илүү тэвчиж чадахгүй
● Байнга ганцаараа гэрээ цэвэрлээд байж чадахгүй гэх мэт.

Дээрх дурьдагдсан бүх тохиролцоонуудын зарим нь та хоёрын харилцаанд нийцэхгүй ч байж болох юм. Тиймээс сэдэв тус бүр дээр хайртайгаа ярилцаад өөрсдийн санааг нэмээрэй. Сардаа нэг удаа найзуудтайгаа гармаар байна гэдгээ ч хэлж болно шүү дээ. Бүсгүйчүүд дан ганц өөрийнхөө эрх ашгийг бодоод нөхөртөө хүнд ачаа үүрүүлэлгүй, нөхрүүд “амьдралаа авч явахад би бэлэн биш байна” хэмээн хариуцлагаас зугтаалгүй аз жаргалынхаа төлөө хамтдаа тэмүүлэх нь чухал юм шүү. Амжилт хүсье, халуухан үерхлээс хариуцлага өндөр амьдрал руу хөтлөлцөн орж байгаа хосууд минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(790)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com