ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрийн шуудан: Сэтгэлийн “гэртээ” гэрэл нэм

Чөлөөт цаг  | 2018 / 10 / 19

“Сайн байна уу? Гоолингоо. Гайхалтай номоо ахин хэвлүүлж бидэнд хүргэж байгаад баярлалаа. Амьдрал минь ид шидийн гэмээр сайхан байна. Мөн 7 хоног бүрт бичиж тэмдэглэсэн зүйлс минь бүгд биелэж бүтээд урамтай байгаа шүү. Нээж үзүүлмээр л байна, даанч маш хувийнх болохоор нууцлаад үлдээе… Аз жаргалтай, уйтгар гунигтай амьдралд минь өнгө нэмж, зоригжуулж, эрхлүүлж, дандаа хамт байдагт баярлалаа. Яг бууж өгөх үед гоё нийтлэл ороод л урам зориг аваад л, даваад л гарчихдаг... Яг эргэлзээд эхэлтэл зүглүүлж, чиглүүлж өгдөг. Миний амьдралд яг л тааруулаад байгаа мэт, их хачирхалтай…”

Амралтын өдрийн шуудан: Сэтгэлийн “гэртээ” гэрэл нэм

Сар орчмын өмнө “Амралтын өдрийн шуудан” номын зурагтай хамт Гоолингоод нь ийм нэгэн зурвас ирсэн юм. Бусдад өгч байгаа урам зориг хэд дахин үржигдэж эргээд бидэнд ирдэг нь дэндүү сайхан. Өгнө гэдэг авахаасаа илүү жаргал байдгийг уншигчдынхаа үргэлж илгээдэг захиа, зурвасаас ихээр мэдэрдэг юм. 7 жилийн турш бичсэн нарны зурагтай, ням гараг бүр ордог шуудангаасаа хамгийн гэгээлэг, урам зориг бэлэглэх хэсгүүдээс хуваалцаж байна. Сэтгэлийн “гэртээ” гэрэл гэгээ нэмье.

1. “...Гэнэтийн бэлэг зүгээр ч нэг хүнд очдоггүй. Бурхан хэрвээ чамд гэнэтийн бэлгийг бэлдсэн байвал чи түүнийг хүлээж авахад аль хэдийнэ бэлтгэгдсэн гэсэн үг. Үгүй байсан бол тэр чамд үүнийг заяахгүй. Чамайг үүрээд гарч чадна, хийж чадна, хамгийн сайнаар бүтээж чадна гэж итгэж байгаа үед л гэнэтийн бэлэгнүүдээ өгдөг юм. Тиймээс өөрийгөө бэлэн биш байна, хараахан болоогүй, би үүнд зориулагдаагүй, би арай залуудна, эсвэл хөгшдөнө, чадваргүйтнэ, тохирохгүй гэж бүү бод. Өөрийгөө юунд ч бүү гол. Боломжоос зугтааж болохгүй. Харин ирж байгаа үүрэг хариуцлагыг тосч аваад өөрийнхөө юу чадахыг олж нээгээрэй...”
6 дахь долоо хоног “Сюрприз 1537” шуудангийн хэсгээс
2. “…Өдөр бүрийн хоолны үнэр, өглөө бүр дэргэд нь сэрдэг ханийн чинь үнэр, чинийхтэй их л адилхан хүүхдийн чинь үнэр, агаарын үнэр...аливаа шинэ бүхний үнэр. Угаагаад тавьсан даавууны үнэр, хуучирсан номны үнэр, яг чамд тохирсон сүрчигний үнэр, жимсний хальс, багын хувцасны үнэр. Сайхан зүйлийг үнэрлэж мэдрэхүйгээ ариусга.
Нахиалаад удаагүй навчинд, бэлгэнд ирсэн цэцгийн дэлбээнд хүр. Сэрснийхээ дараах нүүрний арьсанд, хүзүү цээжээ илбэж хүр. Урсгал усны толио, уулын моддыг илж хүр. Цэв хүйтэн цасыг гартаа атгаж, час халуун лааны дөлийг хуруугаараа шүргэ. Амьгүй бүхэнд ч амьтай мэт болгоомжилж хүр. Танихгүй хүнд ч таньдаг мэт хайрлаж хүр. Сайхан зүйлд сайхнаар хүрч өөрийгөө ариусга…”
16 дахь долоо хоног “Ариусга” шуудангийн хэсгээс
3. “....Дэлхий даяар яг энэ цаг мөч сайхан зүйлсээр дүүрч байна. Анзаарвал түүнийг олж харах болно. Хүсвэл өөрөө ч яг энэ цаг мөчийг сайхнаар дүүргэж болно. Зүгээр л хорвоо ертөнцийн хаа нэгтээ, биднийг танихгүй ч гэсэн бидэнтэй ижилхэн хүмүүст тохиолдож байгаа гайхамшигтай зүйлсийн талаар хэдэн хором бодоцгооё. Яг одоо хаа нэг газар:
1. Дөнгөж төрсөн нялх хүүхэд анхны амьсгалаа авч байгаа.
2. Өсвөр насны хоёр хүүхэд анхны үнсэлтээ бие биедээ бэлэглэж байгаа.
3. Хэн нэгэн зам дээр машиныхаа цонхыг доошлуулаад дуртай дуугаа чанга гэгч нь дуулж байгаа.
4. Сайхан сэтгэлт сайн дурын ажилтнууд гэр оронгүй, ядуу зүдүү хүмүүст туслаж, тэдний төлөө дуу хоолойгоо өргөж байгаа.
5. Урам зориг хэрэгтэй байсан танихгүй хүнд хэн нэгэн чин сэтгэлийн магтаалын үг хэлж байгаа.
6. Хоёр хүн ажил дээрээ бие биенийгээ шоолон, чимээ ч гаргаж чадахгүй болтлоо хөхрөлдөн инээлдэж суугаа.
7. Дунд сургуулийн нэг багш өөртөө итгэлгүй нэгэн сурагчийг авъяас чадвараа олж харахад нь туслахын тулд бүхий л цаг, хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа.
8. Чамтай ойр ч, хол ч бие биедээ хайртай хүмүүс гараа хөтлөлцөж яваа.
9. 10 жилийн турш өртэй явсан нөхөр, эхнэр хоёр бүх зээлээ төлж дуусаад бахархалтай нь аргагүй тэврэлдэж байгаа.
10. Хэн нэгэн өөр хүний амьдралыг арай дээр болгохын тулд ядрахыг мэдэхгүйгээр, өөрийнхөө ажиллах ёстойгоос илүүг хийж байгаа.
11. Өөрийнхөө биеийн жингээс болоод хэдэн жил шаналж явсан бүсгүй жингийн хэмжүүрийнхээ заалт руу хараад инээмсэглэж байгаа.
12. Арваад жил архичин явсан эр нэг жилийн турш архи амсаагүйнхээ баярыг тэмдэглэж эхнэртэйгээ ундаа тулгаж байгаа…”
29 дахь долоо хоног “Яг одоо дэлхийд өрнөж буй 21 гайхамшигт зүйл” шуудангийн хэсгээс
4. “...Хэрэв бид жижигхэн ч хамаагүй сайхан зүйлийн талаар бодож, тэр бодлоо удаан хадгалах л юм бол тэр өдөржингөө аз жаргалтай байж болно. Жишээ нь өглөө гарахдаа гэрийнхээ үүдэнд харсан муурны зулзагыг өхөөрдсөн бодлоор тэр өдрийг эхлүүлж болно. Тэр тухайгаа бодоод л явбал бусад амьтны хайр хүрэм үр төл, цаашлаад ирэх сард төрөх гэж байгаа эгчийнхээ хүүхдийг, дараа нь ер нь гэр бүлийн аз жаргалын тухай оюун санаа чинь бодож болох юм. Бодол хязгааргүй. Сайн сайхан бодлыг үргэлжлүүлэх тусам, илүү сайн сайхан зүйл санаанд орно. Харин муу зүйлийн тухай бодлоо удаан хадгалвал улам л таагүй зүйлс чамайг бухимдуулна. Аль сонголтыг хийх нь чиний л дур. Ирэх долоо хоногт үргэлж сайхан зүйлийн тухай бодлоо л удаан хадгалахыг хүсье!”
39 дахь долоо хоног “Бид юуны талаар удаан бодох ёстой вэ?” шуудангийн хэсгээс
5. 2018 оны өнгөрсөн 10 сарыг ухраан бодоход сэтгэлд торох онцгой ач холбогдолтой зүйл орж ирэхгүй байвал, үлдсэн 2 сарыг энэ жилийг утга учиртай болгох “нэг том зүйл”-дээ зориулаарай. Шинэ бүжгийн чадварыг, шинэ албан тушаалыг, шинэ гадаад хэлийг, шинэ хамт олныг, шинэ хоббиг, шинэ зуршлыг, шинэ хайрыг, шинэ дурсамжийг нэм. Бас амжуулаад, амьдралаасаа нэг том зүйлийг хасаад авч ч болно. Жишээ нь муу зуршлыг, тодорхой айдсыг, өөрийнхөө талаарх сөрөг бодлыг.
Бидний тэмдэглэх шинэ оны баяр болгон, хундагаа өргөөд “Энэ жил миний амьдралд тохиосон чухал жил байлаа” гэж өнгөрсөндөө итгэл дүүрэн, сэтгэл хангалуун хэлэх шалтгаантай байг!
42 дахь долоо хоног “Нэг том зүйл” шуудангийн хэсгээс

Өөртөө, хайртай хүндээ, дотны найздаа зориулан “Амралтын өдрийн шуудан” номыг захиалахыг хүсвэл 90100132 дугаарт залган захиалаад үнэгүй хүргүүлээрэй. Шинэ долоо хоног бүрийг гэгээлэг бодлоор, гэгээн сэтгэлээр эхлүүлэхээ мартуузай

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(184)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nara.   2018-11-02
ene nomiig zahialmaar bnaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com