“Үзэсгэлэнтэй”
Саран дээр хөл тавьсан хамгийн анхны сансрын нисгэгч Neil Armstrong-ийн амьдралын талаар өгүүлэх энэхүү бүтээлийг дээрхи ганцхан үг бүрэн тодорхойлж чадах мэт. 2 жилийн өмнө дэлхий дахиныг шуугиулж, Оскарын шагналын гол өрсөлдөгчдийн нэг байж чадсан романтик, мюзикал кино “La La Land”-ын найруулагч Damien Chazelle болон жүжигчин Ryan Gosling нарын хамтран ажилласан дараагийн уран бүтээл “First Man” кино Венецийн кино наадамд хамгийн анх олны хүртээл болсноосоо хойш л анхаарлыг минь татаж эхэлсэн билээ.

Амьдралдаа хамгийн олон удаа кинотеатрт үзсэн, үзэх болгондоо доголон нулимстайгаар дуусгасан кино маань “La La Land” байсан тул “First Man”-ийн хамгийн эхний трейлэр цацагдсан даруйд л хоног тоолон хүлээж суусаар киногоо өнгөрөгч амралтын өдрүүдээр үзсэн юм. “Хүлээлтээс маань доогуур, тааруухан, уйтгартай бүтээл болсон байх вий” гэсэн бяцхан айдастайгаар кино танхим руу орсон хэдий ч Damien Chazelle, хөгжмийн зохиолч Justin Hurwitz, Ryan Gosling гурвын хослол миний сэтгэлийг дахин нэг удаа дээд хэмжээнд нь хүртэл догдлуулж, огшуулж чадсан шүү. Шинжлэх ухааны, намтарчилсан төрлийн киног бүтээхдээ хүртэл үзэгчдийн сэтгэл зүрхийг хэрхэн булиглуулж, тэдний сэтгэлийн нарийн нандин утсыг нь хөндөхийг залуу найруулагч маань үнэхээр сайн мэддэг болсон мэт санагдсан билээ.
Энэ киног яагаад заавал үзэх ёстой, тэр тусмаа кинотеарт үзэх ёстой таван шалтгааныг энэ нийтлэлээрээ хүргэж байна.
Бяцхан тайлбар: Миний мэдэрсэн тэр мэдрэмжийг цоо шинээр нь энэ нийтлэлийг уншин суугаа чамайг мэдрээсэй гэсэндээ аль болох киноны үйл явдаас энэ тэмдэглэлдээ дурдаж оруулахыг хүсээгүй юм шүү.
Ryan Gosling-ийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг
Хамгийн анх “Notebook” кинон дээрээс түүнийг олж харснаас хойш тэр миний хамгийн хайртай эрэгтэй жүжигчдийн жагсаалтанд нилээн дээгүүр байр эзлэх болсон юм.
Ямар ч эмэгтэйг өөрийн болгож чадах донжуан залуугийн тухай “Crazy, stupid, love”, хайр дурлалын ээдрээт харилцаагаа хамтран шийдэхийг хичээх гэр бүлийн хосын тухай “Blue Valentine”, робот бүсгүйд дурласан мөрдөгчийн тухай өгүүлэх шинжлэх ухааны уран зөгнөлт “Blade Runner 2047” гээд тоглосон кино бүхэн нь өөрийн гэсэн өнгө аястай, чанартай уран бүтээлүүд байдаг. Энэ удаад түүний бүтээсэн Neil Armstrong-ийн түүхэн дүр жүжигчнийх нь ур чадварыг тултал нь шавхаж, хэр зэргийн чансаатай жүжигчин бэ? гэдгийг бидэнд бахархалтай нь аргагүй баталж чадсан мэт.
Заримдаа кино жүжигчид дүрийнхээ сэтгэл зүйг илэрхийлэхийн тулд хэтэрхий гэмээр хэтрүүлэлттэй жүжиглэдэг шүү дээ. Тэр үед үзэгчид жүжигчний хэлэх гэсэн санааг ерөнхийдөө ойлгодог ч бүрэн мэдэрч чадах нь цөөхөн байдаг. Харин энэ кинонд эсрэгээрээ Ryan Gosling-ийн хувиралгүй царай, харилцан яриа багатай жүжиглэлт нь сансрын нисгэгчийн сэтгэл дотор өрнөж байгаа тэр их зөрчил, тэмцэл, уй гашууг үзэгчдэд сэтгэл зүрхээрээ мэдрэх боломжийг олгож чадсан юм. Киноны зарим хэсэгт бүүр Ryan Gosling-ийг жүжигчин гэдгийг нь хүртэл мартах шахаж, Neil Armstrong-ийн дүр төрхийг түүгээр төсөөлчихсөн явж байсан шүү. Ирэх оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр бид түүнийг гартаа баримал барьснаар биш юмаа гэхэд Кодак театрын дэлгэцэн дээрээс нэрийг нь олж харах нь дамжиггүй биз ээ.
Хүчирхэг, хүчирхэг бас дахин хүчирхэг Claire Foy
Хараалын үгийг үйл явдал дундуураа хэлэх нь Холливиудын киноны хувьд хэвийн л үзэгдэл. Жирийн нэгэн инээдмийн кинонд хүртэл тоолж барахааргүй олон хараалын үг явж л байдаг. Харин “First Man” кинонд та ганцхан удаа л хараалын үг сонсоно.
Сар луу нисэх нислэгийн багийг удирдан хэдхэн хоногийн дараа аялалд гарах гэж байгаа нөхөртэйгээ магадгүй хамгийн сүүлийн удаа ч уулзаж байж мэдэх тэр үедээ Neil Armstrong -ийн гэргий киноны турш ганцхан удаа “Fuck” гэсэн хараал хэлдэг.
Эргэж ирэх магадлал нь тун бага учраас N.Armstrong хоёр хүүтэйгээ салах ёс хийхээс зайлсхийн бултах үед эхнэрийнх нь тэвчээр алдарч нөхөртөө галзууртлаа уурлаж байхдаа дээрхи хараалыг хэлж, хоёр хүүтэй нь түүнийг уулзуулдаг юм л даа. Эхнэр нь хэрвээ түүнд ганцхан удаа дотроо байгаа бүхнээ уудлаж дэлгээгүй бол тэр сар луу аялахдаа сэтгэлдээ бас л нэг томоо гэгчийн бул чулуутай явах байсан биз.
Тухайн цаг үед хэзээ ч хамаагүй амь эрсдэх өндөр магадлалтай сансрын нисгэгч хүний гэргий байна гэдэг ямар их сэтгэлийн дарамт, айдас түгшүүртэй, тэр хэрээрээ хүнээс тэсвэр тэвчээр,хатуужилтай байхыг шаарддаг хэцүүхэн алба байсныг та Claire Foy-ийн бүтээсэн дүрээс хангалттай сайн ойлгох болно. N.Armstrong, түүний гэргий хоёрхон настай бяцхан охиноо хорт хавдарын улмаас алдаж буйгаар кино эхэлдэг. Охиноо алдсан ээж, хэзээ мөдгүй нөхрөө ч мөн алдаж мэдэх жирийн нэгэн гэрийн эзэгтэйн сэтгэл зүйг “Crown” цувралын од үнэхээр гайхамшигтай гаргаж өгсөн байсан. Хүн төрөлхтөний биелэшгүй мөрөөдлийг бодит болгож, дэлхийн түүхэнд нэрээ тодоос тод сийлж чадсан алдартай нэгэн хэдий ч сэтгэл дотроо бол уй гашуудлаас үүдэлтэй бул хар чулуу тээж яваа эр нөхрөө, бяцхан хоёр хүүгээ гээд тэр гэр бүлийг бүхлээр нь нуруундаа үүрч яваа хүчирхэг эмэгтэй, гэргийн дүрийг энэ кинонд онцлохгүй байхын аргагүй.
Киног үзсэний дараа хорвоог өөрчлөх боломжийг нөхөртөө олгож өөрөө насан туршдаа хөшигний ард чимээгүйхэн амьдарч байдаг жирийн нэгэн гэрийн эзэгтэй нараар бүр ч илүүтэйгээр бахархаж эхэлсээн би.
Надтай хамт энэ киног үзсэн найз маань C.Foy-д “Emmу”-ийн гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг авчирсан “Crown” цувралыг тэр оройноо л үзэж эхлэсэн гэнэ лээ. Түүний гайхалтай хурц жүжиглэлт, сэтгэл хөдлөлийн илэрхийлэлүүд чамд ч бас лавтайяа таалагдана.
Кинонд бүрэн уусан орох боломжийг чамд олгоно
“Киноны нэгэн хэсэг болох мэдрэмжийг танд олгох болноо” хэмээх жижүүрийн гэмээр кино сурталчилгааны үг энэ кинон дээр бол харин бодит биеллээ олсон мэт. Сансрын нисгэгчид бэлтгэлийн бааз дээрээ дасгалын төхөөрөмжин дотор орж эргэлддэг тэр хэсэг дээр дотор маань үнэхээр муухайрч, золтой л тэдэнтэй хамт нойлын өрөө явчихаагүй бол сансрын хөлөг дотор нисгэгчид суух тэр агшинд яг л авсан дотор орж байгаа мэт давчидмаар эвгүй мэдрэмж надад төрсөн билээ. Киноны хамгийн оргил хэсэг болох саран дээр газарддаг үзэгдэл дээр яг л Neil-тэй хамтдаа саран дээр бууж байгаа мэт сэтгэгдэл төрж, үнэхээр их адреналин ялгарч байсан шүү. Яг тэр хэсэг дээр танхимд сууж байсан үзэгчид тэр хэдэн секундын зураглалыг бүрэн утгаар нь мэдрэхийн төлөө амьсгалаа ч бүрэн авч чадахгүй байсан гээд төсөөл дөө. N.Armstrong саран дээр газардахдаа алдарт “That’s one small step for a man,one giant leap for mankind ” үгээ хэлэх үед жаран жилийн өмнө тэр нүсэр төсөлд оролцсон мянга мянган хүмүүсээр өөрийн эрхгүй бахархмаар санагдсан.
Болдогсон бол киноны зарим хэсгийг нь нүдээрээ бичиж аваад дараа нь дахин дахин үзээд л сууж баймаар байсан шүү. Энэ киноны үг бүхэн, дүрс бүхэн утга учиртай, үнэ цэнтэй учраас кино үргэлжлэх 2 цагийн хугацаанд чи энэ түүхэн үйл явдалд бүрэн утгаараа уусаж орох болно.
Justin Hurwitz-ийн торгон мэдрэмж
Биелэшгүй мөрөөдөл мэт энэ том төслийг бодит болгохын төлөө хичнээн олон авьяаслаг сансрын нисгэгчид амь үрэгдэж, ямар их золиос гарсан тухай түүхийг энэ кино хангалтай хүүрнэнэ. Тэр хэцүү үйл явдлууд, шантарч буцмаар бүтэлгүйтэлүүд гээд киноны хүнд хэсгүүдийг магадгүй Justin Hurwitz-ийн хөгжим зөөллөж өгсөн мэт мэдрэмж төрсөн. Шинжлэх ухааны кино хэдий ч зарим хэсэг дээр “La La Land”-ийн хөгжмөөс төрсөн мэдрэмж эргэж сэргэж байсан шүү. Эх дэлхийн хүмүүсийн итгэл найдварыг тээгээд, асар том эрсдэлийг үүрэн задгай сансар луу аялаж явах үед N.Armstrong-ын дотор юу мэдрэгдэж байсныг түүний хөгжим бүрэн илэрхийлж чадаж байсан нь үнэхээр гайхалтай. Дуу, дүрс хоёр төгс хорших үед үзэгч нүд чих хоёроо давхар баясгаж, киног жаргаж үзэж болдгийн тод жишээ нь “First man”.
Гэр бүлийн гайхалтай драма
Бяцхан охиноо золгүй явдлаар алдсан эцэг хүн сэтгэл доторх тэр уй гашуугаа хэрхэн даван туулж байгаа түүх бол найруулагчийн зүгээс үзэгчдэд хүргэх гэсэн хамгийн чухал санаа байсан байх. Хоёрхон настай Caren охиноо өвчний улмаас алдсан тэр шаналлаа даван туулахын тулд саран дээр буух хөтөлбөрийн нэгэн гишүүн болсон ч саран дээрх буух хүртлээ Neil сэтгэл доторх тэр бугшсан хүнд дарамтаасаа салж чадахгүй л байдаг. Хамгийн сүүлд охиныхоо оршуулган дээр гартаа атгасан охиныхоо нэртэй бугуйвчийг сарны тогоо руу шидэх үед л киноны турш Neil-ийн тэр ч, үзэгчдийн ч тэр дотор байсан тэр хүнд ачаа суларч, хөнгөхөөн санаа алдмаар мэдрэмж төрнө. Киноны төгсгөл хэсэгт дэлхий дээр эсэн мэнд газардсан Neil эхнэртэйгээ уулзахдаа шилний цаанаас уулздаг ч олон жилийн турш тэр хоёрын дунд байсан хана нуран унадаг. Гэр бүлийн утга учир бол амьдралд тулгарах зовлон бэрхшээл бүрийг хамтдаа туучин гарахын нэр юмаа гэдгийг сансрын нисгэгчийн туулж өнгөрүүлсэн бодит амьдралын түүх чамд батлах болно шүү.

Гэр бүлийн хайр, хүсэл мөрөөдөл, цуцашгүй эр зоригийн тухай өгүүлэх энэ үзэсгэлэнтэй уран бүтээлийг хэрвээ Өргөө кинотеатр үзэхээр шийдсэн бол Гоолингоо бүсгүйчүүд маань “Гоолингоо карт”-аараа 13% хөнгөлүүлэхээ мартуузай.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443