ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүйтний улиралд арьсаа чийгээр дутаахгүй байхад чинь туслах 6 зөвлөмж

Гоо сайхан  | 2018 / 11 / 19

11-р сар аль хэдийнээ тал дундаа орж Улаанбаатар хотод маань тэсгим хүйтэн өвлийн цаг агаар айлчлан иржээ. Өвлийн улиралд бидний арьсны хамгийн том заналт дайсан нь хуурайшилт байдаг. Хуурай, хүйтэн цаг агаар дээр агаарын бохирдол нэмэгдсэний үр дүнд арьс дээд зэргээр хуурайшиж, хуурай арьстай бүсгүйчүүлийн маань арьс бүүр ч их холцруутаж эхлэдэг гээч.

Хүйтний улиралд арьсаа чийгээр дутаахгүй байхад чинь туслах 6 зөвлөмж

Өглөө ажилдаа гарахаасаа өмнө ямар ч сайн чанартай чийгшүүлэгчийг хэд ч давхарлаж түрхсэн бай хамаагүй өдрийн хоолны цаг гэхэд л арьс маань тэр их чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг дор нь сорж аваад ахиад л хуурай, тухгүй мэдрэмж бидэнд төрүүлж эхэлдэг. Энэ асуудал чамд ч мөн адил тохиолдож байна уу? Хэрвээ тийм бол урт удаан үргэлжлэх хүйтэн өвлийн турш арьсныхаа чийгийг хадгалан, эрүүл, гэрэлтсэн арьстай байхад чинь энэ нийтлэл чамд туслах болно.

1. Мистийг хэзээ ч бүү март

via GIPHY

Зуны улиралд чийгшүүлэгч цацлага хэрэглэх нь арьсаа сэргээх, чийгшүүлэх, эрч хүч өгөх хамгийн үр дүнтэй аргуудын нэг байдаг. Харин эсрэгээрээ хүйтний улиралд бол чийгшүүлэгч тос, серумныхаа ид шидийг тултал нь хүртэхийн тулд чамд зайлшгүй чийгшүүлэгч цацлага хэрэг болно. Сэрчмаагийн дуун дээр “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” гэж гардаг шиг л өвлийн улиралд мисттэйгээ хэзээ хэзээнээс илүүтэйгээр дотно найзлах хэрэгтэй дээ. Зөвхөн өглөө оройн арьс арчилгааны үеэр л чийгшүүлэх цацлага хэрэглээд өнгөрөх биш өдрийн турш цүнхэндээ, ажлын ширээн дээрээ гээд хаа ч явсан мистээ өөртэйгээ аль болох ойр байлгаж хэвшээрэй.

Чийгшүүлэгч цацлагыг ойр ойрхон хэрэглэснээр арьс арчилгааны үндсэн бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг илүү дэмжиж өгдөг. Мөн өвлийн улиралд халуун хүйтэн харшсанаас үүдэн зарим бүсгүйчүүдийн нүүр эмзэгшиж, улайж хорсдог. Хэрвээ чамд ийм асуудал бий бол арьсыг тайвшруулах, улайлтыг багасгах үйлчилгээтэй сарнайн ус, зуун наст, балжингарам цэцгийн хандны найрлагатай цацлагыг хэрэглэснээр эдгээр асуудлууд чиний санааг зовоох нь харьцангуй багасна.

2. Тогтмол арьсаа гуужуул

via GIPHY

Хүйтний улиралд бидний арьс арчилгаандаа гаргадаг гол алдаануудын нэг нь гуужуулагч хэрэглэхээ багасгах. Чиний хэрэглэж байгаа шөнийн тос, серум хангалттай хэмжээнд үүргээ гүйцэтгэж чадахгүй байвал үхэжсэн арьсаа гуужуулахгүй байгаатай холбоотой байх магадлалтай. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсны гүнд нэвтрэн орж, жинхэнэ ид шидээ үзүүлэхэд арьсны үхэжсэн хэсгүүд л “шаврын хаалт” болдог тул гуужуулагчийг тогтмол хэрэглэж хэвшээрэй. Гэхдээ өвлийн улиралд нүүрний арьс маш эмзэг, мэдрэмтгий болдог учраас аль болох байгалийн гаралтай, тосон гуужуулагчаар долоо хоногтоо 1-2 удаа л гуужуулахад хангалттай.

3. Цэвэрлэгч бүтээгдэхүүнээ солиод үз

via GIPHY

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс арьсыг хамгийн хуурайшуулах магадлалтай нь цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд. Чиний яг одоо хэрэглэж байгаа цэвэрлэгч бүтээгдэхүүний найрлагад гликолын хүчил, салицилын хүчил, спирт гэх мэтийн хүчтэй найрлагууд агуулагдсан бол илүү зөөлөн, органик найрлагатай бүтээгдэхүүнээр солиорой. Хэрэв өвлийн улиралд өдөр болгон нүүрний будгаа мицилляр усаар цэвэрлэдэг бол тосон цэвэрлэгч, цэвэрлэгч бальзамийг ээлжлэн хэрэглэвэл нүүрний хуурайшилт илүү багасана. Мөн нүүр цэвэрлэгч хөөс, цэвэрлэгч гелиэр нүүрээ угаасныхаа дараа шуудхан арчилгүйгээр оронд нь хөнгөн товшиж усаа шингээгээд тонер, эссенс зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэвэл зохимжтой. Алчуураар нүүрээ хуурай болтол нь арччихвал ямар ч чийг үлдэхгүй учир чийгшүүлэгч бүтээгдэхүүн ч хангалттай сайн шингэж чаддаггүй.

4. Чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг зөв дарааллаар нь хэрэглэ

via GIPHY

Арьсанд чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэгч алдартай найрлагууд нь өөр өөрийн онцлогтой. Гиалуроны хүчил, глицерин, алое вера гэх мэтийн чийгшүүлэгч найрлагууд нь арьсны хоёр дахь давхарга буюу “демис”-ийн гүнд нэвтрэн орсноор арьсыг чийгшүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэж эхэлдэг бол байгалийн гаралтай чийгшүүлэгч найрлагууд болох оливын тос, ланолин, эрдэст тоснууд нь зөвхөн арьсны өнгөн давхарга “эпидермис”-ийг чийгшүүлэн арьсан дээр давхар гадаргуу үүсгэдэг. Хэрвээ чи байгалийн гаралтай чийгшүүлэгч бүтээгдэхүүн түрхсэнийхээ дараа гиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл гиалуроны хүчил арьсны гүнд чинь нэвчин орж чадахгүй ээ гэсэн үг юм л даа. Тийм ч учраас чийгшүүлэх төрлийн бүтээгдэхүүнийхээ найрлагыг сайтар анзаарч чийгшүүлэх серум, тосоо хэрэглэснийхээ дараа байгалийн гаралтай чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн хэрэглэж хэвшээрэй. Бүтээгдэхүүнүүдээ зөв дараалалтайгаар хэрэглээд сурчихвал хахир хатуу цаг агаартай өвлийн туршид ч арьсныхаа чийгийг алдахгүй байх боломжтой юм шүү.

5. Халуун шүршүүрт орох хугацаагаа богиносго

via GIPHY

Өвлийн улиралд гэрийн маань халаалт тийм ч сайн биш байдаг тул, заримдаа сайхан дулаацаад авахын тулд 20,30 минутын турш халуун шүршүүрт орох нь миний хувьд байдаг л зүйл. Халуун шүршүүрт тухтай гэгч нь орсны дараа дулаахан хөнжилдөө шургаад орох шиг жаргал гэж юу байхав. Гэхдээ энэ зуршил маань арьсанд тун их хор хөнөөлтэй гэдгийг саяханаас л олж мэдсэн. Халуун ус нь зөвхөн арьсыг хуурайшуулаад зогсохгүй, экзем зэрэг арьсны түгээмэл өвчиний шалтгаан болдог аж. Мөн бидний биед дэх тослогийг юу ч үгүй алга болгон, арьсыг дээд зэргээр хуурайшуулж орхидог байна. Тиймээс чийглэг арьсны төлөө одооноос бүлээн шүршүүрт орж заншихыг хичээх хэрэгтэй болох нь дээ, найз минь.

6. Каффейний хэрэглээгээ багасга

via GIPHY

Анзаараад байхад бидний олонхи нь өвлийн улиралд өдөрт уух шингэнийхээ хэмжээг багасгачихдаг. Гадаа хүйтэн байх үед ихэнхидээ усны оронд халуун кофе, цай, чацаргана мэтийн биеийн дулааныг нэмэгдүүлэх, эрч хүч өгөх төрлийн уух зүйлсийг сонгодог шүү дээ. Арьсыг зөвхөн гаднаас нь чийгшүүлэх хангалтгүй, дотроосоо ч мөн адил чийгээр хангагдах ёстой.Харин эдгээр каффейн агуулсан ундаанууд бидний арьсыг хуурайшуулахад багагүй үүрэг гүйцэтгэдэг учраас аль болох багасгаж, харин өдөрт уух усныхаа нормыг өвлийн улиралд ч чандлан сахих хэрэгтэй шүү.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(770)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com