ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#ГоолингоотойХамтДэлхийгээр - Аз жаргалыг өөрийн гараар бүтээж байж амттай болдог

Боловсрол  | 2019 / 02 / 18

Гоолингоо нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол бүсгүйчүүлийнхээ давтагдашгүй түүхийг онлайн ертөнцөд хуваалцахаар шинэ хуудсаа эргүүлж байна.

#ГоолингоотойХамтДэлхийгээр - Аз жаргалыг өөрийн гараар бүтээж байж амттай болдог
#ГоолингоотойХамтДэлхийгээр булан маань гадаад оронд амьдарч, сурч, ажиллаж байгаа бүсгүйчүүлийнхээ амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн туршлага, амьдралын хичээлүүд, мартагдашгүй дурсамж, түүхийг нь шимтэн сонсох, хуваалцах зорилготой юм. Долоо хоног бүр шинэ түүх сонсохдоо бэлэн биз дээ?

Булангийнхаа анхны зочноор Японы Токио хотод амьдардаг Микаг урин оролцууллаа. Бид өөр өөрийн түүхийг бүтээн амьдарч байна. Энэ л сайхан биш гэж үү?

Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
Намайг Мика гэж дууддаг, 25 настай. Япон улсын Токио хотод Систем хөгжүүлэлтийн инженерийн мэргэжлээр суралцаж байна. Сургалтын төлбөр болон хэрэглээний зардлаа олохын тулд хичээлийн бус үеэр цагийн ажил хийдэг.

Амьдралын хэмнэлд нь Япончуудын соёл, ёс заншил, амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлж байна вэ? Тэднээс суралцаж байгаа шинэ дадал зуршил юу вэ?
Япончуудаас суралцах зүйл үнэхээр их. Эндээс онцолбол тэвчээртэй байх, сэтгэлийн хатуужилтай байхыг сурч авсан. Хүн бүр адилгүй ч гэлээ тэвчээртэйгээр, тууштайгаар алхам алхмаар мэрийсээр тухайн мэдлэг, чадвараа өөрийн болтол нь суулгаж чаддаг нь суралцмаар чанар. Өдөрт гуравхан л ханз цээжлээд байвал нэг мэдэхэд олныг уншдаг, бичдэг болно гэж багш нар, эргэн тойрны Япон хүмүүсийн зөвлөснөөр хийгээд үзэхэд үнэхээр л үр дүн гарч эхэлсэн нь тэднээс суралцаж хэрэгжүүлсэн хамгийн чухал зүйлсийн маань нэг. Үр дүнг нь мэдрэхээр улам л хичээмээр санагддаг шүү.

Энд ирээд ойлгож, суралцсан амьдралын хичээлүүдээсээ дурдаач гэвэл юу, юуг онцлох вэ?
Амьдралын хичээл болохуйц зүйлс их олон тохионо. Маш өрсөлдөөнтэй нийгэмд өөрөө л хичээж чадваруудаа нэмэх, бусдаас ялгарах зүйлээ хөгжүүлэхэд анхаарч байхыг олон удаагийн ажлын болон сургуулийн элсэлтийн ярилцлагуудад оролцохдоо мэдэж авсан. Нэг удаа бусдаас ямар ч зөвлөгөө авалгүй, интернетээс мэдээлэл судалж үзэлгүйгээр өөрөө бодит байдалтай нүүр тулахаар ажлын ярилцлаганд орж байлаа. Өөрийгөө бодитоор харахад тусална гэж бодсон хэрэг л дээ. Санаснаар минь ч болж тэр ажлын ярилцлага надад маш үнэтэй туршлага болж дараагийн ажлын ярилцлагуудад өөрийгөө илүү тодорхой танилцуулах, зорилгоо бусдад зөвөөр ойлгуулах гишгүүр болж өгсөн. Загнуулах үед хүртэл “аан нээрээ тийм шүү” гээд бодож зогсох үе ч гардаг. Цаг алдахгүй өөрийгөө хөгжүүлэх л хамгийн чухал болохыг олон зүйлээс мэдэрдэг учраас өмнөхөөсөө илүү хичээж байгаа.

Сурах, ажиллах, томоохон шалгалтад бэлдэх гээд амьдралын завгүй хэмнэл дунд амьдардаг байх. Энэ үед амьдралын эрч хүч, урам зоригийг юунаас авч, дараагийн өдрүүдэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
Үнэхээр завгүй байдаг л даа. Тийм учраас метронд хичээлээ хийх, нүүрээ цэвэрлэж байхдаа сонсголын хичээлээ давтах зэргээр сул цагаа зөв ашиглахыг хичээдэг. Тоглож наадахдаа цаг гаргадаггүй гэж зэмлүүлж байсан үе ч зөндөө бий. Гэхдээ маш завгүй байсныхаа үр шимийг хүртэх үед хичээж байсан, өөрөөсөө харамлаж байсан үе бүхэндээ талархдаг юм байна лээ.

Яаж ч оролдоод, хичээгээд байхад болохгүй, бүтэхгүй үе зөндөө гарна. Түүнийг дагаад бухимдах, шантрах асуудал үүснэ. Тэр үедээ хамгийн дуртай зүйлээ хийж өөрийгөө амраагаад дахиад эхэлдэг. Тайван газраар кофе уунгаа алхаж, газар үзэнгээ гоё зургууд дараад асуудал болон ажлын ачаалаа мартахыг хичээдэг. Кино үзэх их дуртай учраас хэлээ сайжруулангаа хоббигоо хөгжүүлдэг. Бас Гоолингоогийн эрхлэн гаргасан “Амралтын өдрийн шуудан” ном 7 хоногийн “сэрүүлэг” болдог. Чадахгүй юм байна гээд суух үедээ шуудангаа уншаад л хүч ороод л, хамаг бяр амтагдаад явчихна шүү дээ. Харин одоо Н.Хулангийн бичсэн “A Remember to Year” номыг уншаад амьдралаа илүү адал явдалтай байлгахаар зорьж байгаа.

Хамгийн дурсамж үлдээсэн мөч, үйл явдлаасаа хуваалцаач?
Энд ирээд удаагүй байсан юм. Гэтэл дараагийн улирлын сургалтын төлбөр төлөх хугацаа болчихсон, хураасан бүх мөнгөө төлбөртөө өгчхөөд хэдхээн зоосон мөнгөтэй хоцорч байлаа. Тэр үед мөнгөгүй үлдсэн маань тийм ч хэцүү санагдаагүй, харин илүү хичээх ёстойгоо ойлгосон үе байсан. “Зөвхөн урдах замаа харж, одоогийн л зүйлсдээ анхаарал хандуулах бус ирээдүйн чухал зүйлсийг төлөвлөж, сайн муутай нүүр тулгарахад бүдрэхээргүй болох ёстой юм байна, энэ хүртэл чадсан юм чинь цаашдаа ч бас гэрээсээ нэг ч туслалцаа хүсэхгүйгээр өөрөө бүгдийг болгож сурна шүү, хайртай хүмүүсийнхээ санааг зовоодог биш баярлуулдаг нэгэн байна” гэж өөртөө хэлээд хичээх ёстой “гэдэг” том сургамж авч байсан болохоор тэр үеэ одоо бодоход үнэхээр их баярлаж урам ордог.

Нийтлэлийн төгсгөлд тэр өөрийгөө эрхлүүлдэг төлөвлөгөөнөөс хуваалцлаа:

1. Эхлээд бичиж тэмдэглэдэг. Юу хиймээр байна, юу авмаар байна, авчхаад дараа нь үнэхээр хэрэглэх үү үгүй юу гэдгээ ч бодож давуу болон сул талыг нь хааяа бичдэг. Учир нь хэрэггүй зүйлс авдаг зангаа засах нэг “тэмцэл” минь байгаа юм. Үнэхээр ч засарч байгаа, гоё хувцас харсан ч заза өмсөхгүй болохоор хэрэггүй гээд өнгөрдөг болсон.
2. Тэгээд төлөвлөсөн зүйлдээ зориулан мөнгө хураадаг. Их цалин авбал ихийг, багыг авбал багыг дугтуйнд хийгээд хадгална. Зоосон бутархай мөнгийг бол өдөр болгон 1-50 хүртэлх хооронд зоосны хайрцагтаа заавал хийдэг.
3. За тэгээд завгүй саруудад бол нэг өдрийг ойр хавиараа алхан зураг дарах, өөрийнхөө дуртай, туршмаар санагддаг зүйлсээ хийж үздэг. Сугалаа авч үзэх, өндөр байшингаас хот харах, зураг бичлэг авч турших гэх мэт.
4. Зарим сард үнэхээр завгүй, ядарсан байдаг болохоор гэртээ хоол хийж идэх, маск тавих зэргээр өөрийгөө эрхлүүлдэг. Өөрийгөө эрхлүүлж гэртээ амрахад гэр цэвэрлэх орохгүй шүү! Зайрмаг идээд, дуртай киногоо үзээд, тарвалзаад хэвтэх сайхан шүү.
5. 14 хоногтоо нэг удаа ганцаараа дуртай кофе шопдоо сууж ном уншин дараагийнхаа төлөвлөгөө гарган, хүслийн жагсаалтаа бичдэг. Үнийнх нь судалгааг хийж үзээд хэдийг хураахаа төлөвлөдөг. Ер нь мөнгөнийхөө хэрэглээг их бичдэг юм байна. Биччихвэл мартахгүй, цаг нь тулсан үед мөнгөний асуудалд орох нь бага байдаг шүү. Заримдаа мэдээж бичсэн ч, тооцоолсон ч гэсэн мөнгөний багахан асуудал үүснэ. Тэр үед яадаг гээч "төлөвлөгөөндөө зориулсан" хэтэвчнээсээ зээлчихдэг. Харин буцаагаад заавал хийдэг, дуртай зүйл, өөртөө амласандаа хүрэхийн тулд.

6. Жил бүр дэмждэг баг, хайртай хүүхэлдэйн баатартайгаа холбоотой нэг шинэ зүйл худалдан авдаг. Энэ нь хамгийн гоё сэтгэл ханамж болдог оо!
7. Улиралдаа нэг удаа үсээ ямар нэг байдлаар янзлуулдаг. Өнгө сэргээх, тайралт хийлгэх зэрэг жижигхэн ч хамаагүй зүйл үсэндээ хийлгэнэ. Үсчин орчихоор цаанаасаа л жаргалтай болоод байдаг юм.
8. Найзуудтайгаа кино үзэх, тоглох, хөгжилдөх зэрэгт заавал цаг гаргадаг. Учир нь найзуудаасаа маш их хүч авдаг. Найзууд маань ч их гоё санал тавьдаг болохоор догдлоод л гүйгээд очдог.
9. Мөн сардаа 1-2 өдөр хаашаа ч гарахгүйгээр, өдөр шөнөгүй унтдаг. Арьсаа хайрлахын зэрэгцээ унтаагүй, нойр муу явсан өдрүүдийнхээ ядаргааг арилгахыг хичээдэг. Нэг удаа бүр үнэхээр 18 цаг унтаж үзсэн гээч.

Түүний түүх давтагдашгүй бас урам зориг авмаар байсан гэдэгт итгэлтэй байна. Ирэх 7 хоногт дараагийнхаа зочноор эргэн уулзнаа. Түр баяртай, Гоолингоо нь.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(881)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com