ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#ГоолингоотойХамтДэлхийгээр - Өөрчлөх ёстой зүйл гэвэл би өөрөө л юм билээ

Боловсрол  | 2019 / 03 / 05

Жил гаруйн өмнө танил ах маань надад “Бусдыг гэрэлтүүлэхийг хүсвэл өөрөө эхлээд гэрэлтэх учиртай” гэсэн тун ч ухаалаг үгийг хэлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Энэ үгийн илрэл байх гэдэг хэдий амаргүй ч гэлээ хүн болж төрснийхөө хувьд заавал хийх ёстой зүйлийн нэг гэдэгт эргэлздэггүй. Энэ удаагийн зочноор өөрөө эхэлж гэрэлтээд бусдад гэрлээ түгээдэг нэгэн нандин бүсгүйг урин оролцууллаа. Дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн гэдэг юутай ч харьцуулшгүй үнэ цэнтэй билээ.

#ГоолингоотойХамтДэлхийгээр -  Өөрчлөх ёстой зүйл гэвэл би өөрөө л юм билээ

#ГоолингоотойХамтДэлхийгээр “аялаж” гэрэл гэгээг хамтдаа мэдэрч, хамтдаа түгээцгээе!

Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
Намайг Дулмаагийн Нандинцэцэг гэдэг. Нандин, Нандиа ч гэж дууддаг. Сөүл хотод сэтгэлзүйн чиглэлээр докторын зэрэг горилон сурч яваа жирийн нэг оюутан. Сүүлийн үед хүүхдээ өсгөхийн хажуугаар цагаар эмнэлгийн орчуулга хийн тун ч завгүй амьдарч явна даа.

Амьдралын хэмнэлд нь Солонгосын ард түмний соёл, ёс заншил, амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлж байна вэ? Тэднээс суралцаж байгаа шинэ дадал зуршил юу вэ?

Солонгосчууд хэзээ ч залхуурч үзээгүй, зүгээр сууж сураагүй гайхалтай ард түмэн. Монголдоо суралцаж ажиллаж байхдаа би өөрийгөө их л завгүй, хичээнгүй нэгэн гэж боддог байлаа. Нээх сайхан амрах юмсан гээд л ... Гэтэл энд ирээд жинхэнэ ажил гэж юу байдаг, хичээнгүй амьдралын хэв маяг ямар байдгийг шууд утгаар нь суралцаж мэдэрч явна. Өөрөө ч мэдэлгүй миний амьдралд Солонгос хүмүүсийн цагийг үнэлэн хүндэтгэж үздэг чанар шингэсэн байдаг. Өөрт минь өгөгдсөн энэ үнэт цаг хугацааг үр бүтээлтэй л өнгөрөөхсөн гэсэн чин хүсэлтэй болжээ.

Энд ирээд ойлгож, суралцсан амьдралын хичээлүүдээсээ дурдаач гэвэл юу, юуг онцлох вэ?

Мэдээж эндээс суралцсан зүйл тоймгүй их л дээ. Олон жилийн өмнө өссөн гэрээсээ гарсан ч яг өөр орчин, өөр газар бие даан амьдрах болсон нь миний амьдралын хамгийн том сургууль болсон гэж ойлгодог. Сорилт шалгалт ч олон байсан. Хэцүү бэрх бүхэн минь юугаар ч сольшгүй хичээл, туршлага болж үлдсэнд талархаад баршгүй. Хамгийн онцлууштай нь өөрийгөө сонсож, ойлгож сурсан хийгээд амьдралдаа тулгарсан саад бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, түүнийг давах нь миний зайлшгүй үүрэг гэдэг ойлголттой болсон үе юм уу даа. Нэг үгээр бол бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, буй бүхэндээ талархах сэтгэл өдөр бүр ил гаргах болсон явдал. Өмнө нь бүхнийг өөрийнхөөрөө өөрчлөх гэж чармайж, болохгүй бол багтартлаа бухимддаг байж. "Яагаад заавал би гэж? Яагаад надад ийм зүйл тохиолдох ёстой гэж" гээд л. Одоо бол хэнтэй ч "дайтах" хүсэлгүй болсон. Өөрчлөх тэмцэх ёстой зүйл гэвэл би өөрөө л юм билээ. Энэ газар нутаг дээр явагдсан оюун санааны бүх өөрчлөлт хувьсалдаа хязгааргүй ихээр талархдаг.

Сурах, ажиллах, хүүхэд өгсөх гээд амьдралын завгүй хэмнэл дунд амьдардаг байх. Энэ үед амьдралын эрч хүч, урам зоригийг юунаас авч, дараагийн өдрүүдээд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

Завгүй байх тусам олон зүйл амжуулж байгаагаа мэдэрдэг. Залуу хүн завтай байх эмгэнэл гэдэг шүү дээ. Энэ их завгүйн дунд өөрийгөө амрааж цэнэглэх ч бас л зохицуулах ёстой чухал зүйлийн маань нэг болсон. Би хийх зүйлийн төлөвлөгөөгөө сараар гаргаж, түүнийгээ долоо хоногтоо задалж өврийн дэвтэрт хөтөлдөг. Миний мартамхай зан ийм зуршлыг бий болгосон гэх үү дээ. Миний өглөө ихэвчлэн гэрийхнээ сэрээгүй үед чимээгүй орчинд ном уншихаас эхэлдэг. Наддаа бясалгал шахуу юм даа. Аниргүйд ганцаараа бодлоо цэгцэлж суух ч гоё шүү. Ном үргэлж миний хажууд байдаг болохоор би хэзээ ч ганцаардаж байгаагүй. Номноос л хамгийн их эрч хүч авдаг даа.

Хамгийн дурсамж үлдээсэн мөч, үйл явдлаасаа хуваалцаач?

Хүний амьдралд дурсамж дүүрэн мөч тоолшгүй олон байдаг байхаа. Тиймээс өөрт минь өгөгдсөн цаг хугацаа бүхнийг сэтгэлээ шингээж, дурсамжтай өнгөрүүлэхийг хичээдэг. Олон сайхан мөчөөс онцолж хэлэх хэцүү юм даа. Сүүлийн жилд миний амьдрал огт өөр хэмнэлд очсон гэж ойлгож болно. Өөрчилсөн хүн нь мэдээж нэгэн бяцхан жаал. Түүнийхээ ачаар өмнө нь анзаарч амжаагүй бүхнээ анзаарч, амсаж чадаагүй аз жаргалаа амсаж явна. Ээж байх амаргүй. Заримдаа зөв эсвэл буруу зүйл хийгээд байна уу гэдгээ ч ялгаж чадахгүй үе тохиолдоно. Хүүхдээ томрох хэрээр хүлээц тэвчээрт суралцаж, хэн нэгнийг ЯМАР Ч НӨХЦӨЛГҮЙГЭЭР ХАЙРЛАХ УРЛАГТ суралцаж явна даа. Бурхан намайг "чи сайн ээж болж чадна" гэж итгээд энэ гайхамшигтай үүргийг хүлээлгэсэн нь сүүлд тохиолдсон том дурсамж, том үүрэг даалгавар гэж ойлгодог. Хүнийг байгаа чигээр нь ойлгох, ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж сурна гэдэг мэдээж амаргүй. Зөвхөн ээж нар л чаддаг байж магадгүй шүү.

Энэ удаагийн #ГоолингоотойХамтДэлхийгээр булангаа Д.Нандинцэцэгийн хамгийн сүүлд уншиж тэмдэглэл бичсэн “Шик хатагтайн зөвлөгөө” номын тэмдэглэлээр өндөрлөе.

АРВАН ХУВЦАСТАЙ БОЛОЁ БУЮУ МАДАМ ШИКИЙН ДУР БУЛААМ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ

"Аравхан хувцастай болоё" гэж бодож байсан бүсгүй байна уу? Үнэнээрээ хариулаарай. Би лав хэзээ ч ингэж бодож байгаагүй. Гэр дотроо минималист амьдрахыг эрхэмлэдэг ч хувцсан дээр бол хэзээч үгүй. Өөрийгөө огт чадахгүй л гэж боддог. Одоо бодоход багадаа эсвэл оюутан ахуй цагтаа (одоо ч оюутан л даа) ёстой л арав хүрэхтэй үгүйтэй хувцастай байсан байх. Эргээд бодоход тэр үед юу өмсөж гарахав гэж бодох шаардлагагүй шууд байгаагаа өмсөөд гардаг хамаагүй цомхон амьдарч байжээ.

Одоо бол арваас хамаагүй олон хувцастай. Дээр нь эмэгтэйлэг талдаа хувцасладаг болохоор илүү олон хувцастай болсон мэт санагддаг. Заримдаа янз бүрийн хямдрал гээд сэтгэлийн хөдлөлөөр уут уут хувцас нэмнэ. Энэ мэдээж бөөн таашаал байлгүй л яахав. Гэхдээ цэгцтэй байдалд дуртай болохоор яалтчгүй тэднийгээ арчлах гэж их цаг зарцуулдаг. Энийг ингэж өлгөнө, энэ цамцыг заавал хуурай химид өгнө, энэ даашинзыг ингэж эвхэж тавихгүй бол суначихна гээд л ... дээр нь иж бүрэн хувцаслах гэж бас хөөрхөн цаг орно. Харин амаржсанаас хойш буцаж жиндээ ортол гээд бараг шинэ хувцас нэмээгүй (бараг гэдэг бас яг ч огт үгүй гэсэн үг биш. Бас бааханг авсан гэсэн ч үг биш хэхэ). Ер нь бол тэвчсэн л дээ. Одоо энэ номыг уншаад өөрийгөө тун зөв тэвчээр гаргасан гэж үнэлж байна. Хувцсан дээр тоо бус чанарыг эрхэмлэхийг энэ номноос баттай суралцлаа. Та нар минь бас туршаад үзээрэй.

Энэ хөөрхөн авсаархан номыг би саяхан нисэх буудлын номын дэлгүүрээс авсан. Ийм төрлийн ном бага уншдаг ч хөрвүүлэгч бүсгүйгээс болж сонгосон гэхүү дээ. Дээр нэг ярилцлагыг нь уншсан их таалагдсан. Тун ч сайхан мэдрэмжтэй хувцасладаг бүсгүй байна лээ. Тэгээд бүх бүсгүйчүүд маань энэ номыг нэг уншаад аваасай. Заримд нь шинэ сэрэлт болно. Заримынх нь мартагдсаныг сэрээнэ.

Миний хувьд ном дээрх ихэнхи зүйл амьдралын минь өдөр тутамтай ихэд ойр хэмнэл байлаа. Тун ойрхон гэж хэлж болно. Би урлагтай ойр уу ойр бүр амь нэгтэй. Хувцаслалт, хооллолт, дэг журам, цэвэр цэмцгэр байдал цөм танил миний ертөнц. Магадгүй номын зохиолчтой уулзвал тунчиг яриа нийлж, ямар ихийг шинээр сурах болоо гэж төсөөллөө. Улам өөрийгөө өнгөлж, шинэчлэхэд өдөөсөн зүйлс олон байсанд талархаад баршгүй. Бичих дуртай ч би ямар нэг юмыг эхлэхдээ өөрийгөө голж, халширдаг том дутагдалтай. "Эхлэхийн айдас" билүү тийм зүйлд хүлэгдчихдэг. Магадгүй би энэ өдрөөс хойш улам эрчтэй бичих ажилдаа шамдаж мэдэхээр л боллоо. Ийм л эрдэнэ мэт зүйл хайж энэ номыг уншлаа шүү дээ. Дээр нь энэ гайхалтай амралтын өдрөө зориуллаа. Огтоос харамсамгүй.

Нээрэн өчигдөрхөн би хүүхдийнхээ цэцэрлэгийн нэг ажиллагаанд оролцох болоод цаг багатай байсан болохоор яаруу сандруу биеийн тамирын хослол углаж, уруулаа өнгөлсөн болоод гарч гүйх гэж байв. Тэгснээ зогтусан бушуухан шкафаа нээгээд хичнээн цаг бага байсан ч улбар шар өнгөлөг цамц, хар өвдөг давсан банзал, үсээ цэгцэлж шуугаад, уруулаа илүү тод будаж, чихэндээ жижиг сувдан ээмгээ зүүлээ. Chanel 5 сүрчигээ ч чихнийхээ ард түрхэхээ мартсангүй. Энэ бүхнийг дэг журмаар нь хийгээд гарахад 10минут л болсон гэвэл та нар итгэх үү? Саяхан нүүр номын дотно эгч маань "Франц хүүхэн төрмөл биш олдмол буюу эмэгтэй хүн хичээл зүтгэлээрээ "french woman" болдог гэж бичсэн байсныг нэхэн санав.

Хамгийн сайхан нь биеийн тамирын хослолтой байснаасаа хамаагүй илүү өөртөө таалагдаж байгаагаа мэдрэх л гоё байсан. Энэ л хамгийн чухал нь шүү дээ. Тэгээд гартал хүүгийн маань цэцэрлэгийн захирал (тэр тун дэгжин бүсгүй. Анх зөвлөгөө авахад тэр шууд таалагдаад хүүхдээ тэдний цэцэрлэгт өгсөн), дүүргийн засаг дарга, бусад цэцэрлэгүүдийн захирал, зүс таних хүүхдүүдийн эцэг эх, бас телевиз, сониныхон цугласан тийм ч бага биш арга хэмжээнд явж орчихов. Би ч дотроо "овоо шүү чи минь. Ингээд гараад ирдэг. Өөрийгөө сэрээсний хэрэг гарлаа даа" гэж энэ жижиг номд талархавчиг. Хүн өөрөө л өөрийгөө аз жаргалтай эсвэл аз жаргалгүй байлгах сонголтоо хийдэг гэдэгт би итгэдэг. Харин та нар юу гэж боддог вэ?

Намайг энэ өгөөжтэй буландаа урьж оролцуулсан Гоолингоод баярлалаа. Бүх уншигч бүсгүйчүүддээ байгаагаа хайрлаж, өөрийгөө ном эрдмээр чимэн улам дээшээ тэмүүлээрэй гэж хүсье!

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(337)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Miss Lusi.   2019-09-04
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл өөрт хэрэгтэй мэдээллийг__254750078353 Би Луси юм Хятад улсаас

Зочин: Хууль зүйн зөвлөгөө.   2019-03-05
Хууль зүйн ухааны доктор, олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, эрүү, иргэн, захиргаа, гэр бүл, хөдөлмөрийн маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Утас:88063818, 88810999

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com