ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайхан амьдралд хүрэх эсрэг зам буюу тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номын тэмдэглэл

Чөлөөт цаг  | 2019 / 03 / 12

“...Аливаа зүйлийн дэвшил нь олон мянган жижиг бүтэлгүйтлээс үүсдэг бөгөөд таны хэр их амжилттай байх нь хэдэн удаа бүтэлгүйтсэн байна вэ гэдгээс хамаарна. Хэрэв хэн нэгэн ямар нэгэн зүйлд танаас илүү байгаа бол тэр хүн тухайн зүйлд танаас олон удаа бүтэлгүйтсэн гэсэн үг юм. Хэрэв хэн нэгэн танаас муу байгаа бол тэр хүн таны туулж ирсэн бэрхшээлт замыг туулаагүй байна гэсэн үг.”...

“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын хэсгээс

Сайхан амьдралд хүрэх эсрэг зам буюу тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номын тэмдэглэл

Бидний ихэнхи нь хувь хүний хөгжлийн номыг худалдан авах шийдвэр гаргахдаа энэ номыг уншиж дууссаныхаа дараа илүү сайн хүн болж, илүү их амжилт гаргахаар чармайн, өглөө босдог цагаасаа 1 цагийн эрт босон амьдралынхаа төлөө урьд өмнөхөөсөө илүү хичээл зүтгэл гаргах болноо гэж бодон авдаг байх. Ядаж амьдралдаа бүх зөвлөгөөг нь хэрэгжүүлдэггүй юмаа гэхэд хэрэгжүүлэх талаар хий дэмий санаа зовохын төлөө ч юм уу. Харин энэ номыг уншиж дууссаныхаа дараа чи амьдралдаа илүү их алдаа гаргахыг, илүү их зовлон шаналал амсахыг, илүү их хариуцлага үүрэх ёстойг ойлгох болно.

Яахаараа “зовж сурах”-ыг сурталчилсан номыг мөнгөөр худалдаж авах гэж хэмээн чиний толгойд бодогдож байна уу? Тэгвэл би чамд яагаад гэдгийг нь хэлье.

1. Бидний олонхийн амьдрал тэр чигтээ Холливиуд-ын кинон дээр гардаг нүд гялбам тансаг амьдралын хэв маягийг өөрийнхөө мөрөөдлөө болгосон, түүнийхээ төлөө зогсолтгүй хичээх чөтгөрийн тойргоос бүрдэж байдаг. Бага байхаас минь л бидний толгойд сайн сургуульд сурж, өндөр цалинтай ажилд орон, ажлын байран дээрээ ирээдүйн нөхөр болох хорвоогийн хамгийн ухаалаг , чамайг хэзээ ч араар нь тавихгүй залуутай танилцан, бөөн бөөн хүүхэд гарган төөрдөг байшин шиг гэртээ амар сайхандаа жаргах мөрөөдөл бий болсон байдаг. Бүгдийнх нь мөрөөдөл ижил учир бүгд л мөрөөдөлдөө хүрсэн гэдгээ нэг нэгэндээ батлахыг хичээнэ.

Илүү хөөрхөн болсноо, илүү ухаантай болсноо, илүү аз жаргалтай болсноо зогсолтгүй нэг нэгэндээ сошиал медиа хэрэгслүүдийн тусламжтай батладаг эрин үед бид амьдарч байнаа. Гэхдээ жинхэнэ аз жаргалтай хүн хэзээ ч толины өмнө зогсоод би аз жаргалтай байна гэж хэлдэггүй. Тэд зүгээр л аз жаргалтай байдаг. Та өөрийгөө хэн гэдгээ бусдад батлах ямар ч шаардлага байхгүй. Одоо байгаагаасаа илүүг өмчилж тэдгээр зүйлээрээ дамжуулан хэн нэгэнд өөрийгөө батлан харуулах гэсэн оролдлого таныг амьдралын бүхий л асуудалд санаагаа чилээдэг нэгэн болгон хувиргаж байгааг та ер нь анзаарч байсан уу? Өөрийгөө ямар нэгэн байдлаар тодорхойлж, тэр тодорхойлолтоо аль болох олон хүнд батлах гэж оролдох яршигтай үйлдлээ зогсоосноор чи бодож байснаасаа ч илүү амар амгалан, тайван мэдрэмжийг мэдрэх болно.

2. Өглөө босоод утсаараа фейсбүүк хаягаа шалгах төдийд л чиний өмнө 100,100-н өчүүхэн төдий ч саад бэрхшээл байхгүй амьдралаар амьдарч байгаа, аз жаргалдаа хахаж цацсан хүмүүсийн зураг гарч ирдэг биз дээ. Харин чи сарын өмнө хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн хоолны дэглэмээ ч эхэлж чадаагүй байгаа шүү дээ. Тэгээд л бид эцэс төгсгөлгүй гутралын харанхуй ангал руу эргэлт буцалтгүй унадаг юмдаа. Өөрийнхөө гутарч байгаадаа гутардаг цор ганц амьтан бол хүн учраас чи гуниг гутралаасаа өөдтэй юу ч хүсэн хүлээх хэрэггүй. Гутралын том ангалд бид өч төчнөөнөөрөө уначихсан учраас л амьдралын олон асуудалд тоомжиргүй хандаж эхлэх нь бидний хамгийн нэн тэргүүний, чухал асуудлуудын нэг болон хувирч байгаа юм. Гутарсаны зоргоор амьдралын чинь ганцхан ч асуудал шийдэгдэхгүй учраас одооноос эхлээд тоомжиргүй амьдарч сур.

3. Тоомжиргүй байх гэдэг нь хэнэггүй, хариуцлагагүй нэгэн байх тухай огтоосоо биш. Амьдралд нь гарч ирэх асуудлуудыг бүгдийг нь үл тоомсорлон, өөрийгөө цорын ганц өвөрмөц нэгэн мэтээр эргэн тойрондоо зарлаж, хэргээр хэнэггүй нэгний дүрд тоглодог хүн бол харин ч хамаг асуудалд санаагаа чилээдэг хүн юм. Асуудалгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Харин аль асуудал нь чиний хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилгонд чинь нөлөөлж чадах асуудал вэ гэдгийг л танин мэдэх нь хамгийн чухал юм.

4. Эрх мэдлийг дагаж хариуцлага ирдэг биш харин хариуцлагыг даган эрх мэдэл ирдэг гэдгийг үргэлж санаж яв. Амьдралд чинь тохиолдож байгаа түм буман асуудлуудын бурууг хамгийн эхлээд өөрөөсөө эрж хайж сур. Одоог хүртэл зөвхөн өөрийгөө өрөвдөн, чиний асуудал бүх хүмүүсийн асуудал мэт хүн бүрт нялзааж хорвоогийн хамгийн өрөвдөлтэй хүнээр өөрийгөө тодруулах дуртай байсан бол одооноос эхлээд хариуцлагатай, тэвчээртэй нэгэн болж төлөвших хэрэгтэй. Сэтгэл зүйн өвчтэй, сэтгэлийн гүн дарамтанд орсон, амиа хорлох бодолд автдаг, илүүд үзэгдэн, хүчинд автаж байсан, хайртай нэгнийхээ үхэл эсвэл аймшигт явдал амссан, ноцтой өвчнөөр өвдөж байсан хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад нэг өрөөнд хийх болбол та дэлхийн бүх хүмүүсийг цуглуулах хэрэгтэй болно. Учир нь хэн ч амьдралыг ганц ч шарх сорвигүйгээр туулдаггүй.

5. Өөрийнхөө амьдралын үнэт зүйлийг заавал тодорхойл, түүндээ үнэнч бай. Чиний бүхий л амьдралынхаа туршид өөрийн болгож чадсан үнэт зүйл чинь 8 хувийн лизингээр худалдан авсан орон сууц төдийхөн байвал дэндүү гунигтай хэрэг биш гэж үү? Амьдралынхаа гол үнэт зүйлүүдийг тодорхойлж чадсан хүн өөрийг нь тойрон хүрээлж байгаа олон асуудлуудын аль нь чухал, аль нь чухал биш вэ гэдгийг хангалттай сайн ялгаж салгаж сурдаг байна.

6. Ромьео Жульетта 2-ын хайрын түүх бол гэгээн хайрын түүх огтоосоо биш харин ч эсрэгээрээ тэр хоёр бол үнэхээр ухаанаа алдсан гэнэн залуус юм. Тэгээд ч тэд үүнийгээ батлахын тулд амиа егүүтгэчихдэг. Орчин үеийн олон хайрын тухай кино, зохиол бүтээлүүд яг л Ромьео Жулетта хоёрын хайрын түүхийн зарчмаар бичигдэн залуусыг романтик хайранд донтуулж, жинхэнэ хайр сэтгэлээс улам л холдуулж байна. Гэр бүлийн амьдрал зохиосны дараа бидэнд өнөөх хоёр гайхлаас үүдэлтэй гал халуун хайрын мэдрэмж хөрсөн юм шиг санагдан, бид нөгөөх донтуулдаг мэдрэмжиндээ дахин автахаар өөр нэг хайрын эрэлд гарч байна. Жинхэнэ хайр гэдэг хайртай охиныхоо төлөө хор уун амиа хорлож байгаа өсвөр насны хүүхдээс илүүтэй нялх биетэй эхнэрээ хэдэн цаг илүү амраасай гэсэндээ шөнөжингөө хүүхдээ бүүвэйлэн хонох ааваас л илүү мэдрэгддэг. Тэгэхээр бүгдээрээ биднийг донтуулах ид шидтэй хэсэг зуурын мэдрэмжийг жинхэнэ хайраас ялгаж сурах хэрэгтэй болж байна.

Энэ номоос хамгийн таалагдсан хэсэг бол номын зохиолчийн Орос улсаар хийсэн аяллын түүх байсан юм. Оросуудын хэтэрхий шулуухан зан, дургүй зүйлдээ ч гэсэн хүчилж жүжиглэн олны аясыг дагадаггүй, европчуудын тодорхойлолтоор бүдүүлэг байдал нь зохиолчийг анх Орост очих үед нь маш ихээр балмагдуулсан хэдий ч тэр энэ улсаас маш их зүйлсийг сурж, ойлгож авснаа номондоо онцгойлон дурдсан байсан юм.

Зохиолч маань оросуудын жинхэнэ мөн чанарыг шударга байдлын байж болох хамгийн үнэн хэлбэр, ямар ч нөхцөл, ямар ч мэхлэлт, ямар ч тал зассан шинж байхгүй, ямар ч далд санаа, ямар ч реклам, бусдад таалагдах гэсэн цөхөрсөн оролдлогогүй ард түмэн гэж номондоо тодорхойлжээ. Яг энэ хэсгийг уншиж байх үед миний толгойд хорвоо дээр яг ийм амьдралын хэмнэлээр амьдардаг өөр үндэстэн байгаа шүү дээ гэсэн бодол харван орж ирсэн. Тиймээ бид шүү дээ, нүүдэлчин Монголчууд.

Суурин соёл иргэншилт ард түмний хичнээн хичээгээд бий болгож чадахааргүй олон зан чанар бидэнд бий. Өндөр хөгжилтэй орны ард иргэд өөрсдийнхөө явж буй зам мөрийг эргэж нэг харан, буруу замаар будаа тээж буйгаа ухааран өөр гарц шийдлийг хайж эхлэж байгаа цаг үед бид өөрсдийнхөө ирээдүйг зурахдаа тэдний явсан мөрийг дагах биш өөрсдийнхөө өнгөрсөнг илүү гүнзгий тонгойн харах хэрэгтэй юм болов уу? Мэдээж тэдний соёлоос өөриймшүүлэх олон зүйлсүүд байгаа нь мэдээжийн хэрэг боловч өөрсдийнхөө соёлыг ор тас мартан бусдыг нүдэн балай, чихэн дүлий даган дуурайх нь хөгжлийн зөв гарц шийдэл огтоосоо биш юм байна гэдэг бодлыг бас энэхүү номоос тээн үлдсэн билээ би.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(625)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ok.   2019-03-13
Танай сайтаас уншсан хамгийн сайн нийлэл байлаа энэ олон жилд. Нас биeд хүрч хорвоог нилээн гүнзгий таньсан хүн л иймэрхүү ном бичнэ дээ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com