ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрөөрөө бахархах хүртлээ хий буюу 52 долоо хоног турших 52 зүйл

Чөлөөт цаг  | 2019 / 04 / 08

2019 онд гаргасан төлөвлөгөөнөөсөө та нартайгаа нэг нандин зүйлээ хуваалцъя. Энэ бол 2019 онд турших 52 өөр зүйлсийн тухай жагсаалт болон эхний 3 сарын үр дүнгийн тухай нийтлэл юм. “Өөрийгөө бахархах хүртлээ хий” гэсэн нэг сайхан үг байдаг даа. Тэгэхээр 52 долоо хоног турших эдгээр 52 зүйл бол миний өөрөөрөө бахархах хүртлээ хийх зүйлсийн нэгээхэн хэсэг билээ.

Өөрөөрөө бахархах хүртлээ хий буюу 52 долоо хоног турших 52 зүйл

Энэхүү жагсаалтыг гаргаж, сонирхолтой зүйлс хийх болсон сэдэл санаа, урам зориг минь “Gumuda” concept store-ын үүсгэн байгуулагч Н.Хулангийн “A Year to Remember” номоос эхлэлтэй. Тэртээ 12 сард уншсан ном маань надад 2019 оныг аз жаргалтай хийгээд бүтээлчээр эхлэх боломж олгосон юм. Зохиогч бүсгүй маань 52 долоо хоногийн турш хийсэн 52 шинэлэг зүйлсээ энэ номд бичжээ. Том зүйлсэд биш амьдралын суурь энгийн зүйлсийг таашаадаг, тэдгээрт илүү анхаарал хандуулахыг, сайжруулахыг илүүд үздэг над шиг хүнд яг л тохирсон ном байсан шүү. Н.Хулангийн 52 туршилтаас “Аюурвед амьдралын хэмнэл туршиж үзсэн нь”, “Ганцаараа аяласан нь”, “Капсул шүүгээ бүрдүүлсэн нь”, “Хоолноосоо чихэр хасаж үзсэн нь”, “Залбирч сурсан нь”, “Нүүрний иог хийж үзсэн нь”, “Хог хаягдалгүй 7 хоног” зэргийг хамгийн түрүүнд туршиж үзмээр санагдаж байлаа. Цүнхлээд явахад хамгийн амраас гадна шинийг турших урам зориг унаад ирэхэд гаргаж уншаад баймаар юм байна лээ.

View this post on Instagram

"Юунд ч харамсахгүй байж сурсан. Урсгалаар нь өнгөрүүлсэн цаг хугацаа, аз жаргалгүй хайр дурлал, ур чадвар шаарддаггүй ажлын байр бүхэндээ би харамсаж болох ч гэлээ одоо өөрчилж чадахгүй учраас үнэн сэтгэлээсээ харамсахгүй байж сурсан. Харин оронд нь миний амьдралын нэг хэсэг гэж бодон хайрлаж эхэлсэн" A year to remember | 26 нас хүртлээ олгосон 26 зүйл бүлгээс . . . . . #booksarelife #bookcommunity #booknerdigan #bookpassion #bookrecommendation #bookreview #greatreads #bookquotes #readmorebooks #bookaholic #booksofinstagram #bookish #bookishfeatures #bibliophile #goodreads #lovebooks #bookstagram #bookaddict

A post shared by @ orchlonsbookdiary on

Ингээд би урам зориг дүүрэн 2019 ондоо хийх 52 зүйлийн жагсаалтыг гаргалаа. Эдгээр нь миний хувь хүний сонирхолд хамгийн нийцэх, хэзээ нэг өдөр хийж үзнэ дээ гэж хойшлуулсаар ирсэн, туршихыг хамгийн их хүсэж байгаа зүйлсийн цогц юм. Харин доор жишээ болгон 26 туршилтын санааг орууллаа.

Дүрэм:

· Туршилтуудын дүгнэлтийг 4 долоо хоногоор нь буюу сард нэг удаа тэмдэглэл байдлаар оруулах
· Турших гэж буй зүйлийнхээ талаар дор хаяж 2-3 эх сурвалжаас мэдээлэл цуглуулж мэдсэн байх
· Сар бүрийн хувийн төлөвлөгөөндөө тухайн сардаа турших 4 зүйлийг заавал оруулах
· Цаг хугацааны хувьд уян хатан хандах

52 долоо хоногт турших 52 зүйлсийн жагсаалт

1 долоо хоног – Habit Tracker буюу зуршил тэмдэглэгчийг хөтөлж үзэх
4 долоо хоног – Нүүрний иог хийж сурах
5 долоо хоног – 7 хоногоор төлөвлөж үзэх (хоол, өмсөх хувцас, ажлын төлөвлөгөө)
6 долоо хоног – Махгүй нэг өдрийг турших
7 долоо хоног – Цагаан хоолнуудыг туршиж үзэх
8 долоо хоног – Чихрийн хэрэглээгээ танаж үзэх
9 долоо хоног – Lettering буюу уран бичлэгийн сургалтад суух
10 долоо хоног – Кино марафон хийж үзэх
11 долоо хоног – Эрүүл аргаар жин нэмж үзэх
16 долоо хоног – Каллиграфи бичиж сурах
20 долоо хоног – Рубик шоо эвлүүлж сурах
22 долоо хоног – Хүслийн самбар хийх
24 долоо хоног – Шатар тоглож сурах
26 долоо хоног – Цусаа хандивлаж үзэх
27 долоо хоног – Хиймэл хаданд авирч үзэх
29 долоо хоног – Пластикгүй 7 хоногийг хэрэгжүүлж үзэх
30 долоо хоног – Амьд хөгжмийн тоглолт үзэх
32 долоо хоног – Агаарын иогоор хичээллэж үзэх
35 долоо хоног – Шүхрээр бууж үзэх
37 долоо хоног – Бясалгал хийж үзэх буюу10 хоногийн бясалгалын курст сууж үзэх
39 долоо хоног – Талархлын баяр тэмдэглэж үзэх
41 долоо хоног – Мод тарьж үзэх
43 долоо хоног – Үнэртэн, саван хийж үзэх
44 долоо хоног – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл зааж үзэх
45 долоо хоног – Вагонтой аялал хийж үзэх
51 долоо хоног – Ширээний теннисээр хичээллэж үзэх

Харин энэ хэсэгтээ би 12 долоо хоногт туршсан зүйлсээ хуваалцаж байна.

Week 1 - Зуршил тэмдэглэгч хөтөлсөн

3 сарын өмнө дөө, habittracker хөтлөх хүсэлдээ автан бэлэн хүснэгт хэвлэж аваад ашигласан ч нэг амьгүй хол, хөндий санагдаад болдоггүй. Харин 12 сард өөртөө бэлэг болгон авсан ягаахан дэвтэр дээрээ гараараа хүснэгт татан зуршил болгох зүйлсээ жагсааж, бөглөж үзлээ. Харин энэ удаад илүү дотно санагдаж, өдөр бүр л сөхөж хараад баймаар эерэг сэтгэгдэл төрсөн шүү. Амьдралын суурь зүйлдээ анхаарч, эерэг дадлуудыг хэмнэл болгохыг зорьж байгаа учраас 2019 оны хамгийн эхний туршилтдаа сэтгэл хангалуун байя гэж бодлоо. Зуршил тэмдэглэгчийнхээ үр дүнг дүгнэн үзвэл энэ сард уйгагүй төлөвлөж, тэмдэглэж, шүдээ давстай усаар сайн зайлж, сүүлийн 2 долоо хоногт 6 30-д босож, тогтмол ус ууж, гэрээсээ хоол бэлтгэн авчирч, өдөрт 10 хуудсыг уншиж, 26 өдөр шинэ худалдан авалт хийж зарлага гаргахгүйгээр энэ сарыг дуусгажээ. Хэвшүүлнэ гэсэн дадлуудынхаа 3/1-ыг гүйцэлдүүлсэн ч “цаашид ахиж дэвших магадлалтай” гэсэн үнэлгээ тавив. Ингээд habittracker-ыг сар бүр хөтөлж байхаар болж, зуршил тэмдэглэгч хөтөлдөг шинэ зуршилтай боллоо.

Week 2 - Леттеринг бичиж үзсэн

Хэдэн сарын минь мөрөөдөл болсон уран бичлэгийн сургалтандаа сууж нэг санаа амрав. Леттеринг сурахаас гадна 2 жил орчим цахим орчинд “дагасан” багштайгаа уулзаж эрдэм сурах завшаан олдсон нь мөн сайхан үйл явдал байлаа надад. Уран бичлэг сурч өдөр тутамдаа ашиглах, цаашлаад мэргэжлийн болж уран бүтээл туурвих хүслийг минь бадраасан 2 өдрийн сургалт байсан. Үндсэн техникээ сурчихсан тохиолдолд бусад нь зөвхөн өөрийн хичээнгүй байдал, уйгагүй зүтгэл, давтамжаас хамааран сайжрах зүйл билээ. Одоо уйгагүй бичих л үлдлээ. Хичээл заасан залуухан багшийгаа хараад Монголд маань ийм залуус олон байгаа учраас удахгүй хөгжнөө гэсэн итгэл үнэмшил төрж, бахархах сэтгэл маань улам бадарсан билээ. Аливааг чин сэтгэлээсээ заан сургаж, бусдаас авах биш өгөхийг урьтдаг хүний зам дардан байгаасай гэж хүснэм.

Week 3 - Цагаан хоол туршсан

Амьдралын маань туршид цагаан хоол гэдэг хамгийн хол, харь зүйлсийн нэг байлаа. Loving Hut орж цагаан хоол идэж үзсэн нь үүний талаарх сэтгэгдлийг минь бүрэн өөрчилж орхисон. “Ямар гоё амттай юм бэ?” гэсэн үг л амнаас гарч байсан шүү. Амтанд нь ороод хэд хэдэн удаа ахиж очсон. Хийж үзээгүй зүйлээ хийж, идэж үзээгүй хоолоо идэж, очиж үзээгүй газраа очих үргэлж сайхан байдаг хойно. Зоогийн газарт нь идсэн ногоон өнгөтэй буузнаас санаа аван гэртээ туршиж үзлээ. Долоо хоногийн нэг өдрийг махгүй өнгөрөөх зорилгод маань нийцэх хоолны цэс нэгээр нэмэгдсэн. Цоо шинэ зүйл өөртөө нээсэн мэт гоё 7 хоног байсан.

Week 4 - Агаарын иогоор хичээллэж эхэлсэн

Ингээд энэ сард 4 дахь шинэ зүйлтэйгээ танилцлаа. Энэ бол агаарын иог. Анх надад “газрын иог хийх байтугай сунгалтын дасгал ч хийдэггүй хүн чинь яаж агаар дээр иог хийх билээ?” гэсэн айдас бий болов. Тэгээд анхны хичээлдээ суулаа, бодол минь шууд өөрчлөгдсөн. Үнэхээр, үнэхээр сонирхолтой юм билээ. Сарын дараа үр дүнгээ хуваалцана аа. Ямартай ч нурууны блок гараад, сунгалт хийгээд, дээшээ доошоо эргээд, сонирхолтой сонин хөдөлгөөнүүд хийгээд, сэтгэл хөнгөрөөд сайхан байгаа шүү.

Week 5 – Bullet journal тогтмол хөтлөх болсон

Өөрөө тэмдэглэлийн хэв загвараа зохиож, өнгө будаг оруулж, багахан ч боловч бүтээлчээр хандаж сурч байна. Эрх чөлөөг бас мэдэрч байгаа шүү. Mood tracker, meal planner, travel goals, period tracker, weekly planner гэх мэт өөрт хэрэгтэй төрөл бүрийн л зүйлийг тэмдэглэх, сонирхолтойгоор хөтлөх боломж олдож байгаад талархаад л байгаа.

Week 6 – Low waste хэв маягийг туршиж эхэлсэн

“За би ч энийг арай л чадахгүй байх даа” гэж боддог байсан зүйлсийн маань нэг Zero waste амьдралын хэмнэл юм. Цуглуулж хуримтлуулсан зүйл ихтэй, болж өгвөл дараа нь хог болон хаягдах, хэрэггүй юм авчих гээд байдаг над хүнд энэ хэмнэл үнэхээр холын зүйл санагдаж байсан нь мэдээжээ. Гэхдээ би андуурч байж. Үнэхээр судлаад, хайгаад, санаа тавиад үзсэн чинь сэтгэл зүйгээ л бэлдээд, хийх гэж байгаа зүйлээ ойлгочихвол болохгүй зүйл алга. Байгальдаа, эх дэлхийдээ ээлтэй амьдрахыг хүсэж байна. Материаллаг зүйлсийн шүтэж, тэдгээрт толгойгоо мэдүүлж амьдармааргүй байна, анхнаасаа л хог болон хаягдах зүйлсэд мөнгө зармааргүй байна, хэрэггүй зүйлээр ходоодоо дүүргэмээргүй байна, энгийн эрүүл амьдармаар байна. Энэ хүслээ биелүүлж тогтмол хэрэглээний зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт хийлээ. Усны хуванцар саваа төмөр болгож өөрчилсөн, хоолны пластик саваа шилэн сав болгосон, савтай хоолоо гялгар уутанд давхарлаж авчирдаг байсан бол зориулалтын даавуун уут оёсон халбага сэрээндээ ч бас, пластик савангийн тавиураа модон минимал тавиураар өөрчилсөн. Эдгээр зүйл бол үргэлж л гарт өртдөг байнгын хэрэглээний зүйлс. Өөрчилж чадсанаараа надаас өдөр бүр гарч болох хог хаягдлуудыг энгийн л хэрэглээгээрээ дамжуулан хасаж чадаж байна.

Week 7 – Хатуу шампунь хэрэглэх болсон

Үр дүнд нь үнэхээрийн сэтгэл хангалуун байгаагаа бичихэд сайхан байна. Нэгдүгээрт La perla хэмээх Монгол хатуу шампунь үсэнд минь гайхалтай тохирч байна. Хэрэглэхэд зөөлөн, таатай мэдрэмж төрүүлж байна. Үсний гэмтсэн хэсгүүд багассан нь мэдрэгдэж байна. Бас хамгийн чухал нь том пластик савтай шампунь ахиж хэзээ ч хэрэглэхгүй гэсэн шийдвэр маань. Ямар ч хог хаягдалгүй эд байна лээ. Цаанаасаа нэг хөнгөн мэдрэмж төрүүлж байгаа.

Week 8 – Үнэртэн хийсэн

Үнэртэн хийх сургалтаар цэцгийн ч, гааны ч биш жимсний үнэрт илүү дуртайгаа мэдэж авсан. Урам зориг ороод угаалгын нунтаг, савангаа өөрөө хийдэг болно оо гэсэн зорилт тавьчихлаа.

Week 9 - Юм нэхэж эхэлсэн

Ээж маань залуугаасаа төрөл бүрийн оёдол хийдэг, өөрөө бүгдийг нь бие дааж сурдаг, уран гартай эмэгтэй байсан. Аав минь одоо ч биширдэг. Тэр хобби, авъяасаас нь би жаахан авч төрсөн бололтой. Хүүхэд байхаасаа л оёж хатгах дуртай байсан, барбиндаа олон ч хувцас оёсон доо. Харин өнгөрсөн өвлөөс юм нэхэх жижигхээн “төсөл” хэрэгжүүлнэ гэж бодож явсаар 2 дугаар сарын сүүлийн 7 хоногт хэрэгжүүлсэн юм. Анхны нэхмэл маань “нарийн нандин” хувцсаа угаадаг савандааv хийх уут юм. Амыг нь битүүлж оёод аяга таваг угаагч болгосон ч болно, савангаа гялгар уутанд биш, пластик саванд биш зүгээр л ингэж хадгалсан ч болдог савангийн уут. Өмнө нь энэ савангаа гялгар уутанд хийгээд л хадгалдаг байсан бол одоо дэвшилт гаргасан шүү.

Week 10- Ширээний теннис сурсан

2 жил шахуу бодож явсан спортоо энэ сард сурсан. Төгс-сайн болох болоогүй ч “чадахгүй ш д” гэдэг үгийг ахин хэлэхээргүй болсон.

Week 11- Хог хаягдалгүй байхад суралцаж эхэлсэн

Амьдралын цоо шинэ хэв маягийг хэрэгжүүлж эхэлснийг мэдсэн юм шиг яг надад тохирсон чээлэнж зохиогдож байна лээ. 40 өдрийн турш хаягдал багатайгаар, эх дэлхийдээ ээлтэй амьдрах сорилт юм. Ингээд би хог хаягдалгүй, пластикгүй долоо хоногийн сорилоо өнгөрсөн 7 хоногт хэрэгжүүлж эхэлсэн.

Week 12 - Гэрээсээ хоол бэлтгэн авчирдаг болсон

Энгийн боловч миний хувьд хамгийн чухал дадлуудын нэг гэж хэлж болох юм. Хэдий 12 дахь 7 хоног дээр оруулсан ч миний сүүлийн 3 сард өөрийн болгож чадсан шинэхэн дадал минь юм л даа. Ажлын 5 өдөр гэрээсээ хоол бэлтгэн авчирч дадсанаар би цаг мөнгөө зэрэг хэмнэж, дуртай хоолоо өдөр бүр сэтгэл хангалуун идэж, гадуур хооллолтоос мэдэрдэг сэтгэл хангалуун бус байдлыг үгүй хийж, ходоод өвдөж дотор муухайрдаг маань больсон. Мөн амтлагч ихтэй, хайрч хуурсан хоолноос эрчимтэй татгалзаж байна. Хоолоо бэлдэж авч явах нь эхэн үедээ цаг, сэтгэл шаардсан “ажил” байсан бол одоо миний өдөр бүр хийдэг энгийн дадал болж чаджээ.

Багахан л хичээл зүтгэл бидний амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах чадалтай. Тиймээс бүгдээрээ бодоод л байх биш үйлдэл болгон хэрэгжүүлэхэд хамтдаа суралцъя. Дараагийн 12 долоо хоногийн үр дүнгээрээ Гоолингоо нь эргэн уулзах болно. Аз жаргалтайгаар эргээд уулзъя!

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(881)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Bibi.   2019-04-22
Taalagdlaa bi amidralinha ihenhi hugatsaag ursgalaar ywj unguruusr 40nas hvrchihle gtl ndd unuudur uurt naaldsan hiisen bvteesen zvil ger bvltei vr hvvhedtei bolsnoos busdaar bl bhgvj gj helehed bno.muruudugch l bolson doo.enenese bolood ih gutardag stressddeg.yaj ene bdlasa varay da bz.

Зочин: Zulaa.   2019-04-19
Bayrlalaa zondoo olon sanaanuud bna

Зочин: tami.   2019-04-11
Aan bas haana ymar tennis clubd yawsanbe, bi bas tennis togloh durtai hamt togloh humuus bwal negdeerei tsug toglomoor bnoo hehe:), mun ushuu ih surah yumnuud ih bnadaa

Зочин: tami.   2019-04-11
Sain bnau, unertnii surgalt haana yawagddagwe? bayarlalaa

Зочин: 나랑거.   2019-04-11
ene bvxniig unshaad setgel ix xudulluu. mun bodoj ywsan zvilvvdee tuluwluguu bolgon xeregjvvlex uramtai bolloo bayrlalaa goolingoo.

Зочин: 나랑거.   2019-04-11
ene bvxniig unshaad setgel ix xudulluu. mun bodoj ywsan zvilvvdee tuluwluguu bolgon xeregjvvlex uramtai bolloo bayrlalaa goolingoo.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com