ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Сэргэн мандсан” Скарлетт Йоханнсон

Одууд  | 2012 / 05 / 14

Өнгөрсөн жил түүний хувьд хар шуурга шиг л байсан. Мөрөөдлийн гэрлэлтийнх нь төгсгөл, интернэтээр цацагдсан нүцгэн зураг, Шон Пеннтэй холбосон цуу яриа гээд л. Гэхдээ тэр өнөөдөр сэргэн мандаж чаджээ. Яг одоо Өргөө кино театрт гарч байгаа The Avemgers киноны од Скарлетт Йоханнсоны Vogue сэтгүүлийн энэ сарын дугаарт өгсөн ярицлагыг хүргэж байна.

“Сэргэн мандсан” Скарлетт Йоханнсон

Скарлетт Йоханнсон яг одоо хутга бариад уйлж зогсоно. Үгүй дээ, үнэндээ энд сонсогдож байгаа шигээ аймар юм болоогүй байна. Нью Йоркийн энэ өдөр Йоханнсон нэрт ахлах тогооч Greer Nuttall-ын гал тогоонд, хутга яаж зөв барихыг заалгангаа сонгино хэрчээд зогсож байга юм. Модон банзан дээр тас тас тас хийх чимээ гарна. Скарлетт зочдынхоо дунд нэртэй яггүй сайн тогооч хэдий ч, сонгинотой нэг л таарч тохирдоггүй юм гэнэ. Түүний нүднээс нулимс зогсолтгүй урсаж байлаа. Дөчин секунд сонгинотой нөхөрлөсний эцэст дур булаам жүжигчин маань яг л ханиад хүрсэн хүн шиг нүд нь улайгаад, хамар нь шуухитначихсан байв.

“Би ёстой муухай болчихлоо” гэж хэлээд Йоханнсон инээлээ. Тэр шоотой цэнхэр цамц, хар жийнс, бор гутал, “ямар ч нэмэргүй” хар хүрээтэй нүдний шилээр гоёсон байлаа. “Би сонгино хэрчихээрээ дандаа л ингэдэг юм...” Йоханнсон угаалгын өрөө орохоор явлаа. Минутын дараа Lost in Translation-д Билл Муррэйд татагддаг бүсгүй маань хамар дээрээ хоёр шилээ зэрэг тохчихсон хүрч ирэв ээ. Эхний нь нүдний шил, дараагийнх нь нарны шил.

“Гэгээн цагаан өдрөөр өөрийгөө уйлна гэж санасангүй шүү. Уг нь нар шингэсний дараа юм уу, шүршүүр дотроо л уйлдаг юмсан” гэж тэр юу ч болоогүй юм шиг хэллээ. Тийм ээ, энэ чинь л Скарлетт Йоханнсоны алдарт шооч зан шүү дээ. Өөрийгөө доош нь хийчихээд яагаа ч үгүй юм шиг инээж орхино.

“Хэрэв чи аяллаар явахаар болвол, машиндаа Скарлеттыг суулгаад дагуулж явахыг заавал хүсэх байсан. Яагаад гэвэл түүний сэтгэл санаа таагүй байсан ч тэр үргэлж л инээж явдаг юм” гэж түүний Avengers-ын хамтран тоглогч, найз Крис Эванс нэг удаа хэлж байсан.

Өнгөрсөн жил түүний хувьд ямар бартаа дүүрэн байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Олны нүдэн дээрх сэтгэл шархлуулам салалт, Йоханнсоны эсрэг толгой өвтгөм компьютерийн хакууд гээд л... Энэ бол ямар ч хүнийг өвдөг сөхрүүлмээр мөчлөг байлаа. Гэвч тэр өргөөд л босоод иржээ. Магадгүй түүнийг энэ л шооч зан нь, сэтгэл зүрхэн дэх няцашгүй Нью Йорк нь аварсан биз. Ямартай ч 27 настай тэрээр ямар ч нөхцөлд яаж ханцугаа шамлаад, шилээ зүүгээд, магадгүй бас хоёр дахь шилээ давхар зүүгээд, өөрийгөө дайчлахыг мэддэг болчихжээ.

“Одооноос 10 жилийн өмнөх явдал гэж бодохоор гайхмаар шүү” гэж Йоханнсон хэллээ. Бид Манхэттэн дахь Нейлийн энгийн нэгэн кофи шоп дотор суугаад Скарлеттийн ид мандаж явсан, толгой эргэж нүд эрээлжлэм 2003 оны талаар ярилцаж байна. Тэр үед Скарлетт “Lost in Translation”, “Сувдан ээмэгтэй бүсгүй”зэрэг кинонуудад дөнгөж тоглочихоод байлаа. Хэдийгээр тэр багаасаа л кино урлагт хөл тавьсан ч, яг энэхэн үед л түүний татгалзахын аргагүй нууцлаг, гүн хоолой алдарт хүрсэн. “Яг л хэдэн зуун жилийн өмнөх явдал шиг санаанд буудаг юм. Одоо 20 настай биш гэдэгтээ харамсдаг уу гэж үү? Тийм ээ. 19? Тэр үед харин эргэж очмооргүй байна шүү. Учир нь хэтэрхий адармаатай нас.”

Түүний хувьд Lost in Translation-ы дараах том тэсрэлт өөрт нь хэт хүндэдсэн жаргал байж. Томоохон циркэд ажиллаж, хэд хэдэн жижиг кинонд тоглосны дараа түүнд Вүди Аллентэй хамтарч ажиллах санамсаргүй завшаан тохиосон юм. Аллен тэр үед “Match Point” киног хийх гээд ухаан жолоогүй гүйж явжээ. Кейт Уинслэт тэр кинонд бүтээх дүрнээсээ татгалзаж, Вүдиг сандарч явах үед хэн нэгэн түүнд Скарлеттийг санал болгосон гэнэ. “Тэр цагаас хойш би Скарлеттед ховсдуулсан юм даа” гэж Аллен хэлж байсан.

Йоханнсоныг хэрхэн тодорхойлох вэ? Даруу төлөв зантай, эв дүйгүй хирнээ хайр булаам, секс билэг тэмдэг биш, хэзээ л бол хэзээ хөрш айлын чинь яриасаг эмэгтэй болчихож чадахаар тийм л хүн. Дизайнер Стелла МакКартни нэг өдөр эл жүжигчинтэй уулзсан тухайгаа Нью Йоркийн Carlyle зочид буудалд хэлэхдээ “Бид түүний найзуудтай цуг мартини ууж жаал суусан. Гэтэл тэр ‘Чи угаасаа л ийм юм уу, ийм болчихсон юм уу?’ гэж ирээд л маргаан үүсгэсэн. Тэр үед би түүнийг зүгээр ч нэг шар үстэй жүжигчин биш юм байна гэж бодсон”

Йоханнсонд нэг төрөлхийн зан бий, тэр нь анхааруулга сануулгыг хүлээж авдаггүй зан. Түүний хувьд юмс хичнээн эрсдэлтэй, өвөрмөц байна, төдий чинээ анхаарлыг нь татна. Тиймээс л түүний уран бүтээлийн санд The Ghost World шиг сэтгэлд хоногшим кино олон байдаг аж. 2008 онд Йоханссон жүжигчин Райн Рейнолдстой гэрлэсэн боловч, энэ учралынхаа түүхээр хэвлэлийнхнийг тэжээхийг хүсээгүй юм. “Бид яаж танилцсан, яаж хуримаа хийсэн, энэ бүхнээ бусдаас нууцалж ирсэн. Учир нь энэ бүхэн бидний хувьд нандин дурсамжууд”

Йоханнсон гэрлэснийхээ дараа карьерын хувьд зоригтой алхам хийж, Артур Миллерийн “A View from the Bridge” жүжгийн Кэтриний дүрийг бүтээн, тайзны урлагт дебютээ хийсэн. Тэр энэ дүрээрээ уран бүтээл шүүмжлэгчдийг гайхшруулж, тэр хавраа Тонигийн шагналыг хүртсэн юм. Зун нь тэр “Iron Man 2”-т Black Widow-ын дүрийг бүтээж, The Avengers ойртож байгааг мэдсэн ч, дараагийн тоглох киногоо их удаан хайжээ. Энэ үеэр тэр Нью Орлеонд “Ногоон дэнлүү”-ний зураг авалтанд орж байсан Рейнолдстой цуг бүгчим, идэвхгүй өдрүүдийг өнгөрүүлж. Тэд хамтдаа Европын орнуудаар аялсан ч, Йоханнсоны сэтгэл санаа нэг л тогтворгүй байжээ. “Сайхан л байсан л даа. Гэхдээ л миний толгойд цаг үргэлж, би одоо яах вэ гэсэн бодол эргэлдэж байсан. Надад хүлээх ёстой гэхээс өөр мэдэх юм байгаагүй”

Йоханнсон энэ хэцүүхэн өдрүүдийн тухай ярихдаа “Миний дотор яг л надаас өөр хүн орчихсон юм шиг байсан” гэлээ. Тэгээд л 2010 оны 12 дугаар сард сонин хэвлэлийг Йоханнсон Рейнолдс хоёр салжээ гэсэн гарчиг дүүргэж эхэлсэн. Алдартай хос албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж байгаагаа “Бид хайр сэтгэлээрээ нийлсэн. Салахдаа ч тэр хайраа тээсээр хоёр тийш болох болно” гэсэн товчхон үгээр мэдэгдсэн юм.

Тэдний гэрлэлт 2011 оны зун дуусгавар болсон билээ. Йоханнсон тэр үед салалтаа “инээд хүрмээр нөхөрсөг” болсон гэж тодорхойлж байсан боловч, үнэн хэрэг дээрээ өвдөлтөөр дүүрэн байжээ. “Надад маш аймшигтай байсан. Мэдээж аймшигтай байлгүй яахав. Зүрх сэтгэл эзгүйрэх шиг л болсон юм. Бүр бусниулж орхидог юм билээ. Амьдралыг нэг л замаар туулна гэдэгтээ бат итгэлтэй байсан ч, олон шалтгаанаас болоод тэр нь буруу байсныг мэдсэн. Би хэзээ ч өөрийгөө сална гэж төсөөлж байгаагүй. Ийм асуудлын учрыг олох хэцүү. Хэн ч чамд зөв хариулт нь тэр гээд хэлээд өгч чадахгүй. Хүн бүр л чиний сонсохыг хүсээгүй юмыг хэлэх болно. Их ганцаардмал...” Харин гэрлэлтийнхээ тухай ярихдаа, тэр цаг мөчүүдийн хичнээн чухал байсныг санасан Йоханнсон бага зэрэг уйтгарлаж харагдав. “Би экстэйгээ байнга тааралддаг. Жинхэнээсээ хайрлаж, дурлаж, хамт амьдарч байсан хүнтэйгээ ямар ч дарамтлагдах мэдрэмжнгүйгээр тайван нүүр тулж уулзаж чаддаг болох цагийг би хүлээж байна” Тэр гэрлэсэндээ огт харамсдаггүй. “Гэрлэлт гэдэг маш сайхан зүйл. Дурлаж, хуримаа хийж, бие биедээ тэдгээр амлалтуудыг өгөөд л...Хэн нэгнийг тийм хэмжээнд хүртэл хайрлаж чадна гэдгээ мэдрэх гайхалтай. Энэ бол ховорхон боломж”

Түүний сэтгэл одоо хүртэл эдгэрч амжаагүй л байгаа аж. “Би энэ явдлыг нөгөө талаас нь харах гээд чадахгүй л байна. Гэхдээ өдөр ирэх тусам дээрдэж байгаа л даа. Үргэлж л дэргэд байдаг байсан хүн гэнэт алга болчихоор их сонин юм билээ. Энэ мэдрэмжээс л салж чадахгүй явна. Ингэнэ тэгнэ гэсэн дүрэм байхгүй байх. Надад зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй”

Яг энэ стресстэй үеэр тэр жүжигчин Шон Пеннтэй хамт яваагаар хэвлэлийнхний дуранд өртсөн. “Тийм ээ, бид хамтдаа цагийг өнгөрүүлсэн. Энийг яг ийм тийм харилцаа гэж дүгнэх хүсэл алга.” Тэр хоёрын талаар паппарациуд хичнээн их сонирхохыг хараад Скарлетт шоконд орсон гэнэ. “Нөхрөөсөө салаагүй байх үед миний хувийн амьдрал одоогийнхоос хангалттай нууцлаг байсан шүү. Пенн бид хоёр зүгээр л найзууд үлдэхээр шийдсэн. Тэр маш гайхалтай эр. Нээрээ шүү.”

Скарлеттын хувьд өнгөрсөн оныг “хачин” болгосон бас нэг үйл явдал бол, 2011 оны 9 дүгээр сард түүний Райн Рейнолдст зориулан авахуулсан хувийн нүцгэн зурагнууд нь интернэтээр цацагдсан явдал юм. Тэр үед Скарлетт айж эмээхийн оронд зохих газар нь хандаж, зургийг дэлгэсэн гэмт хэрэгтнийг баривчлуулсан юм. “Энэ бол ганц миний ч биш, бас бусдын хэрэг. Би зүгээр л тэдний хохирогч болоод, за яахав гээд өнгөрөөж чадахгүй. Хэн нэгэн миний хувийн эд зүйлийг хулгайлснаас өөрцгүй. Тэр зурагнууд гараад ирэхэд би гадагшаа гарч хоол идэнгээ хараал ид, одоо хүн болгон миний ...” гээд түүний хоолой цааш орчихлоо. “Энэ бол маш муухай хэрэг. Бодохоос ч аймаар. Гэхдээ би үүнд харамсахыг хүсээгүй. Зүгээр л анхаарал хандуулахаа больсон. ” хэмээн тэр хэлж байлаа.

Тун удахгүй улаан үст Йоханнсоныг бид The Avengers-ээс харна. Тэр “Хорон санаат бэлэвсэн эхнэр” нэртэй супер бааатар Наташа Романоффын дүрийг бүтээх гэж байгаа юм. Түүний хар муурын өмсгөлтэй байхыг бас тулалдахыг бид дахин харах болно. Скарлетт өөрийнхөө дүрийн зэвүүн, “харанхуй” байдалд татагдсан аж. “Ихэнх эмэгтэй супер баатрууд ‘миа’ байдаг. Харин Наташа их хурц. Энэ нь намайг татсан”

“Black Widow бол их ширүүн дүр. Скарлетт түүнийг ‘хурууныхаа үзүүрээр л’ бүтээсэн” гэж жүжигчин Марк Руфалло хэлж байсан юм. the Avengers-ын зураг авалтын багахан хэсгийг Клийвлэндэд хийж л дээ. Гэтэл нэг шөнө Йохансон, Крис Эванс, Жереми Реннер зэрэг киноны багийнхан тэндхийн уушийн газарт сууж байтал, гэнэт Йоханнсон тайзан дээр гараад Beatles-ийн “Rocky Raccoon”-ыг дуулж эхэлсэн гэдэг. “Хэдүүлээ босч дуу дуулъя” гэж хэлэхэд нь би түнийг тоглож байна л гэж бодсон хэмээн Эванс дараа нь ярьж байсан юм

“Энэ тийм гайхмаарзүйл гэж үү? Би чинь дуулдаг бүжиглэдэг, жаззад дуртай бүсгүй шүү дээ.” Түүний хайр дурлалын амьдралд саяхнаас гэгээлэг оч үсэрчээ. Сүүлд тэр Нью Йоркын сурталчилгааны компанийн захирал Нэйт Нэйлортой болзож байгаа. Тэдний Манхэттэнд алхаж явсан, Хавайд аялсан зургийг папарациуд интернэтэд тавьсан. Олны нүдэнд өртөх нь Йоханнсоны хувьд энгийн үзэгдэл боловч, “шинэ хүн”-ий хувьд одтой болзоно гэдэг хэцүүхэн даваа мэт байгаа гэнэ. “Гэхдээ би түүнийг ямар тайван хүлээж авч байгааг нь хараад гайхсан шүү.”

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(545)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com