ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүн хэвээрээ үлдэхийн учир

Чөлөөт цаг  | 2012 / 06 / 27

“Хүний хамгийн эрхэм зүйл нь хүн байх” гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байхыг сонсож билээ. Энэ үг чухам юуг хэлнэ вэ. Бид ээж, ааваас төрж махан биеийг олсон байтал хараахан хүн болоогүй байдаг гэж үү? Амьд явах, амьдрах хоёр ялгаатай. Амьсгалах, идэх, уух зэрэг биологийн хэрэгцээ биднийг амьд байлгадаг бол, оюун санаагаа “амьд” байлгах нь биднийг жинхэнэ утгаараа амьдрахад тусалдаг.

Хүн хэвээрээ үлдэхийн учир

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг дээ. “Амьд” сэтгэлтэй, “амьд” бодолтой болоход төлөвшил хамгийн чухал үүрэгтэй. Ахуй анхдагч, ухамсар хоёрдогч гэж хэлэлцдэг байсан нь өсөж төрсөн орчин хүний хэн болоход чухал нөлөөтэйг илтгэдэг байж. Харин одоо цагт ямар сургуульд сурч ямар боловсрол эзэмшсэн нь бас чухал болжээ. Гэхдээ баян нэр хүндтэй гэр бүлд өсөж, сайн сургуульд сурлаа гээд бидний зарим нь “хүн” болж чадаагүй л байдаг. Энэ юутай холбоотой вэ? Өөрийгөө зөвхөн гадна буюу харагдах нимгэн талаас нь өнгөлж, дотоод ертөнцөө арчилж тордоогүйтэй холбоотой. Нөгөө талаар өнчин ядуу, асуудал ихтэй гэр бүлд төрж, үнэтэй боловсрол олж авч чадаагүй гэдэг нь чамайг муу хүн бас ирээдүйд ч бас тэгж амьдарна гэсэн үг биш юм. Үзэсгэлэнт лянхуа цэцэг ч шаварнаас ургадаг гэдгийг сана.

Хүн хэн байхаа өөрөө л тодорхойлно. Хэний хэнбэгуай гэдгээрээ дуудуулах нь чухал ч өөрөө хэн байх нь юу юунаас илүү чухал юм шүү. БИД өөрсдөө л хувь заяаныхаа эзэн учраас өөрийгөө зөвхөн бусдын нүдэнд биш, бусдын сэтгэлд тогтоож үлдээхийн тулд жаргалыг харамгүй түгээдэг байх ёстой. Хүн харсан юмаа хэд хоноод л мартдаг бол, бодож дурссан юмаа хэдэн арван жилээр хадгалдаг. Тиймээс л гадна талаа биш, дотор талаа үзэсгэлэнтэй байлгах нь илүү чухал гээд байгаа хэрэг.

Хэдий боловсрол, хүмүүжлээр олж авсан бүхэн бидний төлөвшилд нөлөөлдөг ч хүнд найз нөхөд, хамт олон, ном (ном гэдэгт зөвхөн хэл сурах хэдэн ном, түмэн бодисыг ойлгож үл болно), тоглоом, кино, алдаа оноо, баяр хөөр, гуниг зовлон, хайр дурлал, атаа хорсол гээд ертөнцийн олон өнгийн ааш араншин, өнгө төрх биднийг хүссэн хүсээгүй хүмүүжүүлдэг билээ.

Дуулгавартайгаар “хүмүүжих” ёстой шавь нар нь бид юм. Чухамдаа, чиний уншиж байгаа ном, хийж байгаа үйл, хэлж байгаа үг, уулзаж байгаа хүмүүс чамайг “хэн” байхад нөлөөлнө гэдгийг бодож, эднийгээ ухаалаг сонгох нь гол. Гэхдээ сайныг танихын тулд эхлээд мууд хууртаж үзэх хэрэгтэй ч гэдэг. Тийм ч байх, үгүй ч байх.

Юу ч тохиолдсон бай хамаагүй төрөлх хүн байх зөнгөө орхиж үл болно. Жинхэнэ хүн байхад тийм ч олон зүйл шаардлагатай байдаггүй. Өнөөгийн яаруу давчуу, технологи давамгайлсан нийгэм хүнд өөрөөрөө байх боломж өгөхгүй ч байгаа юм шиг. Тиймээс ганцаараа байх боломжийг өөртөө олгож, өөрөө өөртэйгээ хааяа ч гэсэн үзэл бодлоо хуваалцаж бай. Үргэлж дотор хүнээ сонсох нь чамайг юу хүсэж мөрөөдөж байгаа, юуны төлөө амьдарч байгаа ер нь чи ямархуу хүн юм бэ гэдэгт хариу өгөх болно. Хэрэв чи үүнийг мэддэг бол маш сайн байна, чи өөрийгөө таниж яваа нэгэн бололтой. Өөрийгөө таньсан цагт бусад бүх зүйлийг ойлгож мэдэхэд илүү хялбар болдог. Тиймээс амьдралын ямар ч мөчлөгт шийдвэр гаргахаасаа өмнө, би үүнийг хийхэд бэлэн байх хэмжээнд өөрийгөө таньж чадлуу гэдгээ тунгааж байгаарай.

Түрүүн хэлсэнчлэн байнга уншиж байх нь хүнд өөрийгөө танихад том тус болдог. Учир нь номны хуудсан дундаас хүн өөрийгөө тольдож, яг онож хэлэх гээд чадахгүй байсан зан чанаруудаа хардаг юм. Ямар номыг унших ёстой вэ? Хааяа ч гэсэн шашны холбогдолтой ном уншихад гэмгүй. Ямар ч шашных байж болно. Учир нь шашин бүр угтаа нэг л зүйлийн тухай өөр өөр янзаар ухуулсан байдаг. Тэрийг уншлаа гээд, чи заавал лам хуврага юм уу санваартан болж, тахин шүтэх албагүй. Зүгээр л цаад чанартаа юуг өгүүлэх гээд, юу нь тийм мундаг болоод хүмүүс түүнийг дагаж мөрддөг болохыг ойлгоход болно. Мөн чиний ойлгохыг хүсдэггүй бас өмнө нь сонсож байгаагүй өөр ертөнцийг нээж оюун ухаанаа тэлэхэд чамд тусална.

Мэдээж чи над шиг хуучинсаг үзэлтэй биш байсан ч элдэв зүйл бодолгүйгээр эртний үлгэр тууль, мэргэдийн сургааль, ардын уламжлалт зүйр үгсийг тогтож сонсоод үзээрэй. Биднээс хол илүү насны дөрвөн хүүхэдтэй эгч ардын сургааль үл мэдэхийг хараад би гайхаж байсан. Гэтэл ээж аав надад захиж хэлээгүй ээ гэж билээ. Бид чинь үр хүүхдээ Наруто мэтийн хүүхэлдэйгээр хүмүүжүүлдэг ард түмэн сэн билүү. Энд бас өөрийн туршлагаас хэлэхэд намтар зохиол уншиж үзэхийг зөвлөмөөр байна. Тэр хүний хэн байгаад хэн болсон бэ гэдэг нь биш туулсан замнал нь чамайг өөрийгөө нээхэд тус болж мэднэ.

Харин хэнтэй уулзах ёстой вэ? Огт танихгүй, эсрэг хүйсийн, өөр насны, өөр ажил мэргэжилтэй, ондоо сонирхолтой, харь орны хүнтэй яриа өрнүүлээд үз сайн сонсогч байсан ч болно, бас үзэл бодлоо хэлээд авсан ч болно. Тэр ярианаас чамд ямар нэг зүйл үлдэж л таарна. Мэдээж хайртай хүмүүстэйгээ тогтмол уулзаж бах ёстой. Тэд ажлаас чинь хувь илүү чухал гэдгийг үргэлж сана. Эцэг эхийн ачллаыг мартаагүй хүн ХҮН-ээ хэзээ ч байхгүй гэдгийг бардам хэлж чадах байна. Хацар гоо бүсгүйчүүд минь өөрийгөө хөгжүүлэхийг, өөрийнхөө дотроос хүн байхаас эхэлцгээе.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн- Уужимхан
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(304)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com