ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ө.Рэгзээ эмээ: “Ээждээ нэг сайхан дээл хийж өгч л баярлуулсан даа”

Хааяахан гудамжаар яарч биш эргэн тойрноо ажиглан удаан гэгч нь алхах үе байна. Тэр үед, ялангуяа цаг агаар намуухан байхад сүүдрэвчинд салхилаад сууж байгаа “хөөрхөн” эмээ өвөө нартай нилээд таардаг. Тэдний харцнаас нь л баялаг амьдралынх нь түүхийг харж чаддаг бол хичнээн сонирхолтой сайхан...

Ө.Рэгзээ эмээ:  “Ээждээ нэг сайхан дээл хийж өгч л баярлуулсан даа”

Яг л тийм “хөөрхөн эмээ”-тэй уулзаж ярилцах зорилготой гарсан бид хоёр Ховд аймгийн Манхан сумын харъяат, театрын дуучин, жүжигчин, 7 хүүхдийн эх Ө.Рэгзээ эмээтэй таарлаа. Түүнийг анх хараад л даавуун уутаа авч дэлгүүр ороод, хамгийн амттай гэсэн чихэр боовноос авчирч авдартаа хав дарчихаад, бага багаар хүүхдүүддээ гаргаж өгдөг байсан “жоортой эмээ” –гээ санасан шүү. Рэгзээ эмээ маань бас дэлгүүр орчихоод явж байна гэнэ. Бид хоёр очиж ярилцлага авах тухайгаа хэлтэл эргэлзэж тээнэгэлзсэн шинжгүй их л дуртай хүлээж авсан нь сүүлд бодоход урлагийн хүний нүүрэмгийн зан уу гэлтэй. Бид хоёрыг гэртээ урьж монгол хүний ёсоор идээ ундаагаар дайлж яриагаа эхлүүллээ. Залуугийнх нь олон сайхан зурагнууд хуучирч элэгдээд саяхан студид аваачиж засуулж шинэчлүүлсэн гээд л доор нь бүх тайлбартай нь бичиж хавсаргасан нь дээр үеийн хүмүүсийн нягт нямбай занг илтгэж байлаа. Өө бас, эмээгийн маань гэр бүлийн хүн найруулагч, жүжигчин хүн байж. Хоёул урлагийн хүмүүс болохоор ирсэн зочидод үзүүлж харуулах зүйл ч ихтэй ажээ. Бид хоёр ч сайхан эмээтэй таарсандаа талархаж байлаа. Эмээ ч бас олзуурхаж байгаа нь илт.

Та анх яагаад урлагийн хүн болохоор шийдэв?
Би тэр үед малчин байсан. Хонио хариулаад л явж байхдаа олон хонь руугаа, эсвэл мод руу хараад л үзэгчид байна гэж бодоод л дуулдаг байлаа. Багаасаа л дуучин болохыг хүсдэг байсан л даа. 1954 онд Ховдын “Урлагийн 10 хоног” болоод, түүгээр залуусыг шалгаж авсан юм. Би 19 орчим настай л байсан. Тэр үед намайг хөдөө хонио хариулаад явж байтал дуудаад, аймгийн төв дээр очиж шалгуулаад тэнцлээ. Тэнцсэн хүмүүсийг нь гурав, дөрвөн сар бэлдүүлээд бригадаар авч явж тоглолт хийдэг байлаа л даа. Герман, Унгар гээд гадаад орнууд руу бас явна аа. Хүүхэд залуучуудын урлагийн их наадам, фестивалд оролцоод л. Сайхан байж.

Өө тэгвэл та урлагийн сургуулиудаар их явсан биз?
Гүй ээ. Би чинь 8 жилийн л боловсролтой хүн. Аймгийн театрт ирээд Банган, Чимэддорж багш нар маань л ингэж дуул, ингэвэл сайхан сонсогдоно л гэж заадаг байлаа. Гадаад, дотоод руу урлагийн их наадам, фестивальд авч явдаг байсны хүчинд л энэ шүү дээ. Их сургуульд суръя гэж боддог байсан ч нөхөр маань “Кино урлагийн дээд сургууль”-д яваад би хүүхдүүддээ харж үлдээд завдал гараагүй дээ. Хажуугаар нь бас ажилаа хийнэ ээ. Тэр үед муу ээж маань байсан болохоор л болдог байж.

Урлагийн хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?
Хэрвээ би урлагийн хүн биш байсан бол одоогийнх шигээ хүмүүстэй ийм нийтэч нөхөрсөг байхгүй байсан. Аягүй бол хөдөө гэрээ сахьсан малчин эмээ болох байсан. Их л эрч хүч, энергитэй байдаг юм шүү дээ. Өвгөн маань бас урлагийн хүн байсан болохоор бие биенээ их ойлгоно оо. Миний өвгөн чинь найруулагч хүн байсан юм. Одоо бурхан болчихсон л доо.

Та гэр бүлийн хүнтэйгээ анх яаж танилцаж байв?
Намайг анх аймгийн төвд ирэхэд манай хүн дөнгөж сургуулиа төгсөөд аймгийн театрт туслах найруулагч хийж байсан. 1954 онд шүү дээ. “Урлагийн 10 хоног”-оор өвгөнийгөө Тожоо жолооч жүжгийн гол дүрд тоглож байхад нь анх танилцаж байлаа. Манай өвгөнийг Д.Дэлэгням гэдэг. Монголд анх жүжгийн монологийг дахиулж байсан хүн. Би их бахархаж, хайрлаж хүндэлдэг юм. Хөвсгөл, Завхан, Ховд аймгуудын театруудад найруулагч, жүжигчин хийж байсан, насаараа урлагт зүтгэсэн хүн дээ. Хүүхдүүд маань ч гэсэн урлагт элэгтэй.

Өө тийм үү, танайх чинь тэгвэл гэр бүлээрээ урлагийн авъяастай хүмүүс юм байна шүү дээ. Хүүхдүүдийнхээ авъяасын талаар яриач та?
Том хүү маань Морин хуурч одоо 55 настай, дараагийн охин 52 настай тэтгэвэрт гарсан, тэрний дараагийн хүү цэргийн хүн бас бүжигчин, тэрний дараагийн охин Америкт, нөгөөх нь Солонгост сурдаг. Бага хүү маань одоо энд байна, лимбэчин. 2 том хүү маань Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, би бас тийм. Нэг гэр бүлд гурван Соёлын тэргүүний ажилтан байна даа.

Урлагийн хүн олон хүүхэдтэй байх нь цөөн шүү дээ. Та яаж амжуулав аа?
Тийм шүү. Ер нь урлагийн хүн олон хүүхэдтэй байх хэцүү л дээ. Өвгөн бид хоёр чинь гурван хүүхдээ аваад л тоглолтоор 70 хоног бригад явдаг байлаа. Дээр үед чинь цаад тал нь 60 наад тал нь 30 хоног бригад явдаг байлаа шүү дээ. Гэхдээ л олон хүүхэдтэй байх сайхан. Одоо бол өвгөн минь байхгүй ч энэ хүүхдүүдийнхээ буянд л сайхан амьдарч байна шүү дээ.

Өвгөн чинь таны анхны хайр байсан уу?
Ер нь малчин хүн хөдөө хүнтэй танилцана гэж ховор. Хонь хариулаад л хөдөө явж байхад хэн ирж танилцах вэ дээ. Ганцхан энэ урлагийн буянаар хөдөө сумаас аймгийн төвд ирж бид хоёр чинь танилцаж байлаа. Азаар тэр “Урлагийн 10 хоног” болж би 54 оноос хойш би малчин хийгээгүй. Тэр үед хотоос ирсэн их сургууль төгссөн боловсролтой залуу их л сайхан байлаа шүү дээ. Эмэгтэй хүнийг их хүндлэнэ, хайрлана. Тэр үеийн хөдөөний залууст чинь юун тийм юм байх вэ дээ. /инээв/

Та тэгэхээр анх нөхрийнхөө эмэгтэй хүнийг хүндэлж, хайрладаг сайхан зан чанарт нь татагджээ дээ?
Тийм ээ. Их сайхан байсөөн. Тэрний маань эмэгтэй хүнтэй харьцах харьцаа их өөр шүү. Бас биенээ хардана гэж байхгүй. Их л итгэдэг байсан даа. Ямар сайндаа л надад манай нутгийн хүнээс надад “Том гүүрний доор уулзъя” гэсэн утгатай захиа ирэхэд “Очоод уулзаад ирээч, яахав дээ” гэж байхав дээ. Харин одоо бол их л өөр болж. Бие биенээ хардаж зовоодог гэх юм их л сонсогдох юм байна шүү дээ.

Таны бодлоор эмэгтэй хүн, эх хүн ямар байх хэрэгтэй вэ?
Өө бид хоёр чинь хайраараа л суусан шүү дээ. Одоо бол мөнгө төгрөг гээд л олон асуудал байдаг болж. Тэр үед чинь бие биедээ сайн л бол болдог байлаа. Нэг их сүрхий хурим ч хийгээгүй. Зүгээр л гэр барьж ороод л амьдарч байсан. Ер нь их л тэвчээртэй байх хэрэгтэй дээ. Өвгөнийг маань хот руу “Кино урлагийн дээд сургууль”-д сурч байхад нь энд тэнд тэгж тоглолт хийсэн, тийм бүсгүйтэй хамт тоглож байна лээ гээд л сонсогдоно оо. Би ч бас театртаа дуулна. Сайхан дуулдаг охин гээд л захиа занаа бас ирнэ ээ. Ирэлгүй яахав тэр чинь. /инээв/ Тэр болгонд л би чинь нөхөртэй хүн шүү дээ гэж бодож, хайр сэтгэлээ хүндэлж амьдардаг байсан даа. Тэвчээртэй л байх хэрэгтэй.

Ээж тань таныг анх өвгөнтэйгөө сууж байхад юу гэж захиж байв?
Өө тэр үед чинь тэгээд янз бүрийн асуудал гардаггүй байсан дөө. Бие биедээ сайн байгаарай л гэдэг байсан юм даг.

Эхээс хэдүүлээ вэ?
Эхээс есүүлээ. Би отгон нь, одоо 80 хүрэх гэж байна. Миний дээдүүд бүгд өөд болсон.

Ах эгч нартайгаа байсан хөгжилтэй сайхан дурсамж их л байх даа.
Өө их их. Гоё дурсамж байна өө. Заримдаа эгч нарынхаа, хамт байсан зургаа үзээд л хамар шархираад л уйлна өө. Төрсөн юм болохоор./нүдэндэнд нь нулимс хурав/ Ганцаараа өтлөх их хэцүү шүү. Ямар сайн даа хүүхдүүдээ бүгдийг нь амьд мэнд байхыг нь харахад их сайхан байдаг юм. Миний одоо долоон хүүхдээс гарсан ач зээ 18, ач зээ нараас гарсан гуч жич 10 байна шүү дээ. Хэдэн хүүхдийн буянд сайхан байна өө. Олон хүүхэд гаргаж олуулаа байвал нас дээр гарсан үед л их сайхан байдаг юм шүү дээ.

Та нар ээжийгээ урьд нь Мартын 8-аар яаж баярлуулж байв? “Ингэж л нэг ээжийгээ баярлуулж дээ” гэсэн бодол танд байдаг биз?
Тийм. Мартын 8-г чинь их дээр үеэс тэмдэглэж ирсэн шүү дээ. Эгч дүүсээрээ нийлж ээждээ хоол хийж өгөөд, шинэ хонь гаргаж баярладаг байлаа. Ямар чихэр жимс гэж элбэг байсан биш дээ. Муу ээжийгээ алдарт эхийн одон авахад нь би нэг их гоё торго аваад дээл хийж өгч байлаа. Тэр үед л ээж минь их баярлаж байсан санагддаг.

Хэрвээ ээж тань одоо таны хажууд байсан бол ямар байлгана гэж боддог вэ?
Өө нийгэм их өөр болж. Олон л юмыг үзүүлэхийг хүсч байна даа. Нэг сайхан чихэр, шоколад идүүлэхээс өгсүүлээд л. Гэхдээ ээждээ муу муухай юм хэлж огт болохгүй. Ажил, хүүхдүүд гэсээр бухимдах зүйл гарах болгонд муу ээждээ л бухимдлаа гаргадаг байсан нь их буруу байж гэж бодож харамсдаг юм.

Таны хүүхдүүд таныг олон л баярлуулдаг байх. Тэр дундаас хамгийн сайхан нь аль нь вэ?
Өө зөндөө зөндөө. Хүүхдүүд минь 2003 онд Төмөр замын соёлын ордонд миний тайлан тоглолт, дуун цэнгүүнийг хийж өгч баярлуулж байсан юм. Тэр үед чинь тайлан тоглолт ховор болдог байлаа. Урилга, тасалбар энээ тэрээ зараагүй ээ. Намайг мэддэг нутгийнхан, найз нөхөд маань ирж үзсэн. Ивээн тэтгэгч энээ тэрээ гэж байгаагүй л дээ. Хүүхдүүд маань өөрсдийнхөө цалин мөнгөөр л хийж өгсөн юм.

Ямар сайхан юм бэ? Таны хүүхдүүд их л сайн хүүхдүүд байна даа. Та тэгвэл анх ээж болсон мэдрэмжийнхээ талаар яриач.
Би 21 настайдаа анхны хүүгээ гаргасан. Гэхдээ тэрнээс өмнө хүүхэдтэй болох их хүсэл төрж байсан. Магадгүй найз нөхөд маань 18, 19-тэйдээ ээж болоод байхаар тэгсэн байх. Хүүхэд өргөж авдаг юм билүү ч гэж өвгөн бид хоёр ярьдаг байлаа. /инээв/ Тэгж байтал би жирэмсэн болоод хүүтэй боллоо. Тэр үед чинь ээж, ах дүү нар маань амьд байсан болохоор их л халамжлуулж, бөмбөрүүлдэг байсан. Тэр их буруу юм байна лээ. Бодоод байхад их алхаж, явж байх хэрэгтэй юм байна лээ. 4 кг гарсан болохоор бас их хүнд байсан шүү. Яг хүүхдээ гаргах тэр үед ээжийнхээ зовлонг мэдсэн дээ. Эх болно гэдэг чинь өөрөө их сайхан. Хүн эх болж байж л эхийгээ хайрлах сэтгэл чин үнэнээсээ төрдөг. Урьд нь ээжийгээ үнсэж, ээждээ үнсүүлээд, эрхлэхийг л мэддэг байлаа шүү дээ. Та нар ч гэсэн тийм л байх. Дараа нь эх болохоороо л ээжийгээ, үрээ хайрлах бүх хайр ундардаг юм даа. Хүүхэд гаргах, олон хүүхэд төрүүлэх их сайхан.

Жоохон хүүхдийн юу нь эгдүүтэй санагддаг вэ? Надад бол хүзүүнийх нь ар тал, нурууны дээд хэсэг цамцных нь захны дээгүүр гараад л харагдхаараа их хөөрхөн санагддаг.
Тийм тийм, жаахан хүүхэд их хөөрхөн шүү дээ. Бүх юм нь л хөөрхөн. Хүүхдүүд ээжийгээ дуудаад нүд ам нь их хөөрхөн болдог юм. Тэр л их хөөрхөн. Намайг хараач л гээд.

Таны хүүхдүүд гадаад орнуудад сурдаг гэлээ. Маш олон залуус харийн орнуудад сурч амьдарч байна. Тэндээ цаашдаа ч амьдрана гэж ярьдаг нь цөөнгүй. Энэ талаарх таны бодол?
Өө, их буруу. Монголд бол боломж байна. Заавал төрийн толгойд суух албагүй шүү дээ. Сайхан ногоо цагаа тариад л амьдарвал их л сайхан санагдах юм. Сайхан сэтгэлтэй, ажилсаг байх л хамгийн чухал шүү дээ. Гадаадад очоод их л зүйл сурч байгаа байх. Тэрнийгээ гол нь монголдоо ирж хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг өдрийн өмнө ч болтугай монголдоо эргэж ирэхийг л сануулмаар байна даа. Миний охин ч гэсэн Солонгост бүтэн 8 жил сурлаа. Одоо докторант хийж байгаа. Бушуу дуусгаад хурдан ир л гээд байна би.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Bojunaa
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(262)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com