ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

П.Баттөр: Цорын ганц бүсгүйтэйгээ цорын ганц хуримыг хийхийг хүсдэг

Одууд  | 2013 / 03 / 18

Хэдийгээр дайнд явж, цэргийн алба хаагаагүй ч гэсэн 18 нас хүрсэн л бол Монгол улсад “цэрэг” хэмээн бүртгэгддэг юм гэнэ лээ. Нас биенд хүрсэн эрчүүдийнхээ баяраар олонд хамгийн эерэг сэтгэгдэл төрүүлдэг залуу уран бүтээлч эрээс Гоолингоо эмэгтэй хүний талаар, мөн мөрөөдлийнх нь талаар асуухаар шийдсэн юм.

П.Баттөр: Цорын ганц бүсгүйтэйгээ цорын ганц хуримыг хийхийг хүсдэг

Утасны минь цэнэг дуусах шахсанаас би очихынхоо өмнө түүн рүү хоёр өөр дугаараас залгах шаардлага гарлаа. Аль алин дээр нь утсаа аваагүй ч, хэсэг хугацааны дараа хоёулан руу нь өөрөө эргүүлж залгалаа. Соёлтой, боловсон, бас их энгийн хүн гэдэг нь утасны цаанаас л илт болов. Тохирсон цагтаа түүний үйлчлүүлдэг бялдаржуулах клуб дээр очоод, бэлтгэл хийж байсан танхимынх нь гаднаас түүнийг дуудан, эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд /азаар тэр үеэр өрөөнд өөр эрэгтэй хүн байсангүй ;)/ яриа өрнүүлсэн юм. “Дан ганц жүжигчин биш, гадныхан шиг давхар модель-жүжигчин болох санаа байгаа” гэж хэлээд инээмсэглэх жүжигчин П.Баттөр надтай яг л байгаагаараа, сэтгэлээсээ, бас шулуухан ярилцсан.

Та фитнессээр тогтмол хичээллэдэг бололтой. Эрэгтэй хүн ер нь гоо сайхандаа хир анхаарах ёстой гэж боддог вэ?
Юун түрүүнд Гоолингоогийн уншигчдад өнгөрсөн Мартын 8-ны мэндийг, бүх босоо хийморьтой тэнгэрлэг залуучуудад Монгол цэргийн баярын мэнд хүргэе. Эрэгтэй хүн гоо сайхандаа эмэгтэй хүнээс дутуугүй анхаарах хэрэгтэй. Гэхдээ би гоо сайхан гэдгийг зөвхөн биеэ хөгжүүлж, нүүрээ арчилахаас илүү зүйл гэж боддог. Эрэгтэй хүн болж төрнө гэдэг нэг хэрэг, эр хүн болж төлөвшинө гэдэг харин их тэвчээр. Манай залуус их омогтой, түргэн болчихжээ. Уг нь буулт хийлээ гээд доошоо орохгүй гэдгийг ухамсарлаж, хүлээцтэй, уужуу байх чинь л эр хүний баримтлах ёстой зарчим гэж би боддог. Гаднаасаа ч дотроосоо ч гоё, гоо сайхан цогцлох байх. Миний хувьд урлагийн хүний үүрэг хариуцлагаараа, цаг зав гарвал л биеэ хэмжээнд нь байлгаж фитнессээр хичээллэхийг боддог. Гоё харагдахаас гадна эрүүл мэнддээ анхаарч, муу зуршлаас өөрийгөө хол байлгаж чадвал тэр бас том “гоо сайхан” шүү. Тамхины хууль ч гарчихлаа. Далимдуулаад өөрсдийгөө ялаасай гэж уриалахыг хүсч байна. Харин хүмүүжил, төлөвшил, тэвчээр хатуужил бол дотоод гоо сайхан юм болов уу. Хичнээн өөрт хэцүү байсан ч, эргэн тойрныхондоо үргэлж сайхан энерги түгээх чинь дотоод гоо сайхнаа илэрхийлж байна л гэсэн үг. Ингэж сэтгэлзүйн хувьд өөрийгөө өндөрт бэлтгэсэн байх чухал.

Удахгүй эр цэргийн баяр болох гэж байна. Эр хүн гэж таныхаар хэн бэ?
Жинхэнэ эр хүний жишээ миний аав, ах, мөн миний ихэр байна. Миний ихэр чинь эхнэр хоёр хүүтэй. Ихэрээсээ эр хүнийхээ хувьд их ч үлгэр дууриал авч суралцдаг даа. Найз нөхдийн дунд хөгжилтэй, олны дунд нэрээ хичээж даруу яван, бусадтай хэрхэн харьцаж байгаагаас нь эр хүнийг дүгнэх байх. Харагдах байдлаа арчилж тордлоо гээд, өөрийнхөө ямар хүн болж төлөвшиж байгааг анзаарахгүй явбал навчгүй модтой л адилхан болох байх. Гэхдээ бид нар ер нь л өөрсдийнхөө гадаад байдлыг тольдож чаддагаас, доторхоо сайн тольдож хардаггүй байх шүү. Царай маань үрчлээтэж байна уу гэдгийг харахаас сэтгэл минь үрчлээтэж үү гэдгийг анзаардаггүй. Тиймээс би өөртэйгөө хааяа монолог хийх дуртай. Өөрийгөө л нээж байж, амьдралаас юу хүсч байгаагаа ойлгож, өөрийгөө ялан дийлнэ гэж боддог. Үг үйлдэл хоёр нь зөрдөг хүн эр хүн биш. Мөн шулуун шударга бодож санаснаа тойруулалгүй хэлчихдэг өөртөө итгэлтэй байх чухал. Эр хүн бол шударга л байх хэрэгтэй.

Тэгвэл та өөрийнхөө эр хүний тодорхойлолттой хэр дөхөх вэ? 1-10 хүртэл оноогоор дүгнэвэл...
Би шалихгүй байх өө. Гэхдээ энэ бүхэнд хүрэхийн тулд ахмадуудынхаа зааж сургасныг дагаж, одоо байгаагаасаа муудчихгүй өөрийгөө үргэлж сайжруулах юмсан гэж бодож байна. Өөрийгөө муу юмнаас татаад авчихдаг зан бол надад бий шүү. Хичнээн сонирхол татагдаж, шохоорхож байсан ч өөрийгөө хорьж, хараад л өнгөрдөг зан байх ёстой л доо. Тэрнээс гадна хэцүү байх тусам тэмцэхийг эрмэлздэг. Манайхан жаахан яараад байдаг юм болов уу. Гялс дарга болчих гээд л, замын хэцүүг хармагцаа больчихдог. Надад маш том, хязгааргүй мөрөөдөл байгаа, түүнийхээ төлөө өдөр бүр өөрийгөө гадна дотроосоо хөгжүүлэн бэлтгэж байгаа. Мөрөөдөлгүй бол мөхнө, зорилгогүй бол зогсоно гэдэг үгэнд би их дуртай. Оноог мэдэхгүй юм аа, гэхдээ 5-аас лав доош биш. Алтан дунджаас лав дээшээ эр хүн гэж өөрийгөө боддог.

Тэгвэл таныхаар жинхэнэ бүсгүй хүн гэвэл хэнийг тодорхойлох вэ?
Ээжийгээ л гэж хэлнэ дээ. Би ээжийгээ хамгийн их шүтэж явдаг. Намайг, миний түшиг тулгуур болсон ихэртэй минь хамт төрүүлж, өдийг хүртэл өсгөсөнд нь баярлаж үгнээс нь зөрөхгүй байхыг хичээдэг. Миний ээж чинь харин жинхэнэ Гоолингоо бүсгүй байх шүү. /инээв/ Ээж маань “Хүн чамд муу хандах тусам чи тэр хүндээ улам сайн ханд. Битгий тэр хүний нөлөөнд авт, байгаагаараа л бай. Хэзээ нэг өдөр хамгийн том дайсан чинь чамд бууж өгөөд хамгийн үнэнч найз чинь болдог юм шүү” гэж захидаг. Инээсэн хүний өөдөөс хэн ч яаж ч чаддаггүй гэдэг дээ. Тимйээс ээжийнхээ үгийг дагаж аль болох хүнтэй муудалцахгүй байхыг хичээдэг. Эмэгтэй хүн сэтгэлийн тэвчээр тэнхээгээрээ эрчүүдээс илүү гэж би боддог. Эмэгтэй хүний хатан, эр хүний ноён ухаан нийлж гэр бүлийн хаан ухаан босно. Гэр бүл бол улс дотор байгаа бас нэг улс л гэсэн үг. Дэргэдэх эмэгтэйнхээ хатан ухаанаар амжилтанд хүрсэн эрчүүд олон байна. Би эмэгтэй хүнийг хаана ч явсан гэрэлтэж, эргэн тойрноо гийгүүлж яваасай гэж хүсдэг. Хөнгөн хуумгай, аальгүй эмэгтэйчүүдэд дуртай хүн байхгүй байх. Гол нь ямар ч хүнийг хүн чигээр нь хүндэлдэг, ялгаж харьцдаггүй, биеэ зөв авч явдаг, зорилготой тэмүүлэлтэй эмэгтэйчүүд надад маш их таалагддаг. Бүгд биш л дээ. Гэхдээ сүүлийн үеийн зарим эмэгтэйчүүд бэлэн юм хараад байгаа нь анзаарагдсан. Байртай машинтай хүнтэй гэр бүл болохыг хүсээд л. Олиггүй дээ, гэр бүл хамтдаа л бүхнийг босгосон нь илүү.

Эрэгтэй хүн ээжтэйгээ адилхан эмэгтэйтэй гэрлэдэг гэдэг үг байдаг. Та ээжтэйгээ адилхан бүсгүйтэй гэрлэх болов уу?
Магадгүй шүү. Миний ээж бол миний мэдэх хамгийн сайхан эмэгтэй. Манай ээж чинь их хөөрхөн, тэгээд жижигхэн биетэй. Хааяа харахаар өхөөрдмөөр санагдаад ээжийгээ дээр өргөж тавина, гижигдэнэ. Тэгэхээр ээж минь болиочээ гээд инээгээд л. Хажуугаар нь үгийг нь сонсоно хүндлэнэ. Би ээждээ байнга хайртай гэж хэлдэг. Ер нь ээж аавын ачийг хэзээ ч хариулж дуусахгүй л дээ. Хийж яваа юмаараа, амьдарч яваа замналаараа л бахархуулчих юмсан гэж боддог ш дээ. Ээж шигээ халамжтай, эгэл даруу, ухаантай, үзэсгэлэнтэй эмэгтэйтэй гэрлэх байх. Гэхдээ би бүх эмэгтэйг л ээжтэйгээ адилтган бодож хүндэлж хайрладаг. Учир нь тэд бүгд л ээж хүн болно, бүхэл бүтэн хүн өсгөж хүмүүжүүлнэ шүү дээ. Тиймээс эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрэхгүй.

Эмэгтэй хүн ямар үедээ таны нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг вэ?
Энгийн. /Тэр асуултыг хэлж дуусаагүй байхад шахуу итгэлтэйгээр ингэж хэлэв. Гоо./ Өндөр өсгийтэй гутал өмссөн гэхээсээ илүү үсээ шууж, будгаа арилгаад биеийн тамирын хувцастай бэлтгэл хийж байгаа бүсгүйчүүд миний анхаарлыг шууд татдаг. Элдэв маяггүй энгийн юм чинь л хамгийн гоё ш дээ. Харин ч их анзаарагдахгүй байх тусмаа л анзаармаар санагддаг.

Тэгвэл эмэгтэй хүний ямар үйлдэлд дургүй вэ?
Айхтар хараал хэлдэг. Бас муу зуршилтай эмэгтэйчүүдэд дургүй. Хүмүүсийн анхаарлыг хэт өөр дээрээ татах гээд урдуур хойгуур гүйгээд хичээгээд байдаг бүсгүйчүүдэд дургүй ээ. Зүгээр л больчих юман дээр.

Өөрөөр хэлвэл “party girl”-д дургүй гэсэн үг үү?
Үгүй дээ. Хэмжээгээ мэддэг эмэгтэй гоё ш дээ. Би эхнэр авбал эрх тэгш байхыг л хүснэ. Би өөрөө гадуур гардаг хирнээ, эхнэрээ хорино гэдэг шууд бусдын эрхэнд халдаж байна гэсэн үг. Харилцан бие биедээ тусалдаг, бие биенийхээ цаг заванд тааруулдаг байх хэрэгтэй. Нэг нь завгүй байхад нөгөө нь хооло хийж гэрээ цэвэрлээд. Би ажил хийдэг болохоор гэрийн эзэн, чи хүүхэд гаргасан болохоо гэртээ үлд гэдэг үзэлд би үнэхээр дургүй. Эмэгтэй хүн зорилготой байж, тэрнийхээ төлөө явах эрхтэй. Угаасаа ч би тийм эмэгтэйд л би дуртай.

Ирээдүйд улам л олон кинонд тоглож, таны нэр илүү олон дуудагдах байх. Тэр үед шар хэвлэлийнхэн таниар их оролддог болно. Гэр бүлийн уур амьсгалд чинь тэр бүхэн нөлөөлөхөөс хэрхэн сэргийлье гэж боддог вэ?
Урлагийн хүний гэр бүлийн хүн маш их тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог. Хэзээ нэг өдөр тэр тэвчээртэй хацар гоо бүсгүйтэй учрах байх. Амьдралыг төлөвлөөд дэмий байх даа, болдог юм болдгоороо л болно. Би заавал тийм эхнэр авна, эхнэртэй болохоороо тэгж амьдарна гэж ярих ч гэсэн. Сүүлийн үед Одгэрэл эгч бид хоёрыг холбосон яриа гарсан байсан. Уг нь бид хоёр Наран эгчийн уран бүтээлээс хойш нэг ч уулзаагүй. Гэр бүлтэй хүмүүсийг бол салгах нь байна ш дээ. Хэрвээ үнэн байсан бол би эр хүн шиг шударгаар энэ бол миний сонголт гээд л шууд хэлчихээр. Гэхдээ би Одгэрэл эгчийг их хүндэлдэг. Сэтгэлийн тэнхээтэй, хүмүүсийн хэл аманд өртөх тусмаа улам гялалздаг ёстой л Гоолингоо эмэгтэй.

Эмэгтэй хүний юуг огт ойлгодоггүй вэ?
Харддагийг нь. Хараад байхад ихэнх эмэгтэйчүүд жаахан хартай байдаг юм шиг. “Тусгай салаа”-н дээр гардаг даа. Хардалт хамаг муугийн эх үүсвэр. Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг гэдэг үг байдаг. Миний эхнэр “үгүй” л гэсэн бол итгэх ёстой гэж би боддог. Тэгвэл олон гэр бүлүүд салахгүй, хүүхдүүд өнчрөхгүй. Сайхан яваа нэгэндээ саар ихтэй найз нөхөд нь атаархаж салгах ч юм гардаг. Эмэгтэй найз нь нөхөрт нь дурласнаас ч юм уу. Гэхдээ хэрэв хос хоёр нэг нэгэндээ л итгэдэг бол бусдын үгийг ч сонсохгүй. Ахмадууд маань надад эхнэр үгүй л гэсэн бол итгэ, худлаа гэдгийг нь мэдэж байсан ч уучилж сурвал эхнэр чинь илүү их хайрлана гэж сургадаг.

Мөрөөдлийн болзоо?
Би сонин содон extreme юманд их дуртай. Хайртай хүнтэйгээ хамт шүхрээр буух ч юм уу. Болзохынхоо хажуугаар мартагдашгүй дурсамж бүтээж, давхар адреналинаа ялгаруулаад л. Хааяа төсөөлдөг л юм. Усан дотор хуримаа хийх юмсан гэж. Бид хоёрыг усан доор баллоноороо амьсгалаад байж байхад, цаанаас нь дельфин хуримын бөгж авчирч өгөөд ч юм уу. Цорын ганц ш дээ. Би өөрөө ч бас цорын ганц. Миний бүх юм цорын ганц учраас өөр нэг цорын ганц хүнээ олохоороо цорын ганц хурим хийнэ дээ.

Одоогоор ийм болзоог хэн нэгэнтэй хийж байв уу?
Одоогоор үзээгүй. Энэ бүхнийг зориулах цорын ганц тэр эмэгтэйгээ олоогүй л байна.

Эрэгтэй хүн яаж ч мухардалд орж, гундуу дорой болсон юуг хийж болохгүй гэж боддог вэ?
Хичнээн зовж байсан ч эр хүнийнхээ ноён нурууг алдаж болохгүй л гэж бодог. Урвах, шарвах, мөнгөний араас хэт хөөцөлдөж буруу зөрүү юм хийх. Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамжихаас хойш баян ядуу байх нь биш нэр төртэй сайхан амьдрах нь л чухал гэж боддог. Учир нь нэр л үлддэг. Тиймээс л миний биеэр оролдохоос нэрээр оролдоход би их дургүй.

Зөвхөн цалин авахын тулд ажил хийдэг хүмүүс олон байдаг. Танд ямар ч цалин өгөхгүй байсан ч чин сэтгэлээсээ мэрийж чадах ажил жүжигчний ажил мөн үү?
Яг мөн. Урлагийн ажлыг хийлээ гээд угтаа нэр хүнднээс өөр юу ч үлддэггүй. Үр хүүхдүүдэд нь ч тэр. Авахаасаа үрэх нь их. Маш их дуртай байж байж л хүн урлагийг сонгодог л доо. Гэхдээ хамгийн сайхан нь ажлын маань үр дүн нүдэн дээр ил байдаг. Үр дүнтэй зүйлийн төлөө хүн хоосон нойтон байсан ч яваад л байдаг. Би хэзээ ч жүжигчийхээ зодгийг тайлахгүй гэж боддог. Хүн болгоны үзэн ядмаар, эсвэл үнэхээр омогшмоор дүр бүтээхийг хүсдэг. Өөрөөсөө тэс өөр дүрийг гаргахыг хүсдэг.

Ярилцлага болгоны төгсгөлд энэ асуултыг асуудаг юм. Таны мөрөөдөл юу вэ?
Би дуртай ажлаа хийж байгаа учраас мөрөөдлөөрөө амьдарч байгаа хүн. Гэхдээ миний цаашдын мөрөөдөл бол хэзээ ч зогсохгүй, дуусахгүй байх. Мөрөөдөлгүй бол мөхнө, зорилгогүй бол зогсоно гэж түрүүн хэлсэн дээ. Гэхдээ ерөнхий мөрөөдлөө 3 цэгтэй үлдээмээр байна. Ямар ч байсан монгол гэдэг оронд урлаг хөгжөөд байгаа юм шүү гэдгийг харуулахсан гэж боддог. Зөвхөн Монголын л жүжигчнээ сонгохын тулд Холливудаас найруулагчид ирэх цаг ойрхон гэж итгэдэг.

Таны том мөрөөдөл чухам юу байсныг таны цаашдын амьдралаас л олж харах нь дээ тийм үү?
Тийм ээ, тэгэх байх. Хий амласнаас харуулсан нь дээр байх. Ерөөл бат оршиг. Бас би та бүхнийг зорилготой, нэр төртэй сайхан амьдраарай гэж ерөөмөөр байна. Залуусыгаа мөнгөний төлөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээ битгий алдаасай, өөрийгөө хүндлээсэй гэж хүсмээр байна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(161)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com