ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Малайзад нэг сар амьдран суусан тэмдэглэл

Чөлөөт цаг  | 2013 / 08 / 10

Энэ удаагийн аян замын тэмдэглэл арай өөр байх болно. Гарчиг нь “Амьдран суусан тэмдэглэл” гэдэг нэртэй. Яагаад гэвэл Малайз улсад нэг сарын хугацаатай англи хэлний курсэд хичээллэнгээ амралтын өдрүүдээр аялангаа ирэх нь өөрөө аялал ч, амьдрал ч, аль аль нь болчихож байгаа юм даа!

Малайзад нэг сар амьдран суусан тэмдэглэл

Малайз руу шууд нислэг байхгүй тул ирэх очихдоо Хонг Конгийн онгоцны буудлаас нислэг сэлгэн дамжсан билээ. Хонг Конгийн онгоцны буудал миний харсан хамгийн том нь байсан бөгөөд арав хүрэхгүй минутын зайтай л онгоц дараалан ниснэ. Арга ч үгүй биз. Нийт 500 гаран нислэгийн гарцтай юм чинь. Гэхдээ Лондонгийн онгоцны буудлын дэргэд юу ч биш л дээ. Тэнд өдөртөө 60 сая хүн зорчдог гэсэн. Харин манайх гурав хүрэхгүй сая хүнтэй...

Малайзад буунгуутаа агааржуулагчтай машинд сууснаас болоод очсон газрынхаа ямар аймшигтай халуун, амьсгал авч чадахааргүй шахам, сандрам бүгчим болохыг мэдсэнгүй. Харин байрлах газартаа орохоор машинаас алхам буунгуутаа юу гэж уулга алдсан гээч! “Би энд нэг сар яасан ч амьдарч чадахгүй юм байна!”. Гэхдээ чадсан шүү. Чадах чадахдаа бүр тэндхийн бүх юманд нь дурлаад, халуунд нь “хайлчихаад” ирсэн. Надад итгээрэй, та нарт Малайз лав таалагдана аа.

Байрласан газар маань нийтийн байр бөгөөд дотроо усан сан, Итали хоолны ресторан, бялдаржуулах төв, цэцэрлэгт хүрээлэнтэйн дээр үнэхээр сайн харуул хамгаалалттай. Халдлага болж байсан ч тэд гадны хүмүүсийг дотогш нь оруулахгүй байж чадахаар санагдсан. Яагаад гэвэл Малайзчууд хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ, бахдмаар хариуцлагатай ханддаг юм билээ. Намайг гэртээ орох гэх бүрийд л эелдэгээр “Хатагтай, таны энд амьдардгийг мэдэж байна л даа. Гэхдээ заавал үнэмлэхээ шалгуулна уу. Ажлын шаардлага маань ийм юм” хэмээн инээмсэглэдэг сайхан зантай сайн хамгаалагч нарыг эх орондоо аваад ирэх юмсан гэж махш их хүссэн.

Хэрвээ одоо байгаа байдал чинь таалагдахгүй, нэг л өөр зүйл хүсэж байгаагаа мэдрээд байвал орчноо солиод үз. Тэгвэл давхар харах өнцөг ч бас өөрчлөгддөг юм билээ. Буцаж ирснээсээ хойш өөрийнхөө зарим зүйлд өмнөхөөсөө илүү арвич хямгач, заримд нь илүү үрэлгэн болсноо анзаарсансан. Ямартай ч 24 цагийн туршид унтуулахгүй “тарчлаадаг” амттаны хүслээ гээж, амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоо, дасгал хөдөлгөөн, эрүүл биетэй байхад дурлах болсон нь яах аргагүй энэ хугацаанд олж авсан үнэт зүйл минь байлаа. Тэнд очсоноос хойш нүүр болон хумсны будагнууд, үсний индүү, үнэртэй үс, өсгийтэй гутлуудыг минь зөвхөн шумуул ба нарны тос л орлох болсон учир “хүн аймаар” царайтай амьтан л явах болов. Гэхдээ яг түүнээс хойш л өөрийнхөө улам эрх чөлөөсөг болсноо мэдэрсэн юм. Биднийг сайхан харагдахад “тусалдаг” гоо сайхны бүтээгдэхүүн, хүнд нүүрний будагнууд үнэн хэрэгтээ байгалиараа сайхан харагдахаас маань татгалзуулдаг юм билээ. Огт танихгүй хүмүүстэй газар очсоны ачаар л өөрийнхөө будаггүй царайнд дахин дурлаж, дөнгөж сэрсэн чигтээ гадуур тухтай гэгч нь алхаж, цоо шинэ төрлийн амар амгаланг мэдэрсэн юм. Яг л тийм амар амгалантайгаа өглөө 08:00 цагаас үдийн 17:00 цаг хүртэл хичээлдээ явчихаад байрандаа ирж усан санд үдэш болтол сэлснийхээ дараа ойролцоох жимсний задгай мухлагаас монголоор бол 4000 төгрөгөнд тор дүүрэн жимс авч гэртээ ороод унтах хүртлээ идэж өгнө дөө. Тэндээс хамгийн их санах гурван зүйл маань тэр л цэв цэнгэг устай, үзүүр нь тээр цаана харагддаг жакузи усан сан, хазахад цул витамин амтагддаг шүүслэг жимснүүд нь бас өдөржин ордог хичээлийг хором өнгөрсөн мэт л хөгжилтэй болгож чаддаг хөөрхөн Малайз багш нар маань юм аа. Нэгхэн сарын, гэхдээ нэжгээд төрлийн хичээлтэй сургуулийн маань анхны өдөр. Судан, Иран, Казакстан, Узбекстан, Саудын Арабын хаант улс бүр Африкийн орноос хүртэл англи хэлийг сурах гэж ирсэн, кинон дээрээс л хардаг “тас хар” нөхдүүдтэй дорхноо найзууд болцгоолоо. “Тиб Тиб”, “Мохаммед”, “Али”, “Ахмед”, “Абдула” нарыг би амархан дуудах боловч тэд миний нэрийг даанч бүтнээр нь хэлж чадахгүй. Тиймээс бүгд намайг “Мисс Сүши” гэж “хөнгөвчлөн” дуудна. Яагаад ч юм би тэдэнд анх Япон хүн шиг харагдсан юм байж л дээ. Ер нь монголчуудыг Япон, Солонгос, Казакстан хүмүүстэй их андуурна. Заримдаа дэлгүүрийн худалдагчид нь өөдөөс мандарин хятад хэлээр учиргүй ихийг ярьчихаад хариу хэлэхгүйд гайхан харна.

Очсоноосоо арав хоногийн дараа Сингапур луу явах хоёр талын автобусны тасалбарыг 120 рингитээр /ойролцоогоор 40 доллар/ худалдаж аваад замдаа гарлаа. Хамгийн хямдханаар Малайзаас Сингапур луу аялах арга тэр л байв. Орой гараад шөнө очиж, өглөөнөөс авахуулан хоттой танилцсаар орой дахин автобусандаа суун буцаад Малайздаа шөнө очдог хуваарьтай эд л дээ. Малайзын дэргэд Сингапур хөгжлөөрөө илт давамгайлах боловч хүнсний бүх хэрэглээнээсээ авахуулаад ундны усаа хүртэл Малайзаас импортолдог юм билээ. Зарим зүйлийг гаднах байдлаар нь яавч үнэлж болохгүй гэдгийг энэ мэт олон зүйлээс ойлгож авсан даа. Сингапурт заавал үзэх хоёр газар бий. Нэг нь Сентоза арал, нөгөө нь Марина Бэй. Сентоза арлын далайн ус нь тийм цэнгэг цэвэрхэн биш ч гэлээ эргээ дагаж хөгжсөн аялал жуулчлалын цогцолбор болох усан амьтны хүрээлэн, “Юниверсал студио” гудамж, олон орны ресторан, дэлгүүрүүд гээд үзэх юм ихтэй. Ороход ердөө нэг сингапур доллар төлөөд өдөржин үзэж, хүссэнээрээ зургаа авахуулж эсвэл аль нэг сандал дээр нь очоод унтаж болно /Дэндүү их юм үзэж ядарснаасаа болоод гучин минут хамаг хяналтаа алдаад хагас цаг сандал дээр тэрийн унтсан л байгаа юм даа/. Гэхдээ дээр дурдсан газрууд руу ороход 40-90 сингапур доллар тусдаа төлөх хэрэгтэй. Сингапурын өөр нэгэн гайхамшиг болох Марина Бэй зочид буудлын цогцолбор нь 57 давхар бөгөөд, хамгийн дээд давхар нь хотын оройн үзэмжийг тольдох гайхалтай талбар болно. Гэхдээ гайхшруулах зүйл ганцхан үүгээр дуусна гэвэл эндүүрэл. Тус давхарт байрлах шилэн ханатай усан сангаас хотын нөгөө талын үзэсгэлэнг ажингаа цэвэр жимсний шүүс шимэн суух нь даанч сайхан. Сингапур хот өртөг өндөртэй ч аюулгүй, тайван, хүүхэд өсгөхөд тохиромжтой газруудын нэг шиг санагдсан.

Хол газар явж байгаа бол юуны түрүүнд хөлөө маш сайн “ажиллуулна” гэдэгтээ чи бэлтгэлтэй байх ёстой. Дөнгөж шинэ газар оччихоод дөрвөн ханатай өрөөнд шигдээд л байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Харин ч сайхнаас нь авахуулаад муу, муухай нь хүртэл тухайн газар орныг таниулах бүхий л зүйлийг үзэж, өөрөөр хэлбэл “дундаа орох” ёстой. Бохир заваан хорхойтой байр ч байна. Идэх юмнаас нь дүүрэн өт гарах тохиолдол ч байна. Цав цагаан эргэлдсэн нүдтэй бор хүмүүсийн харцнаас нь айх үе ч байна. Намайг Монгол руугаа ирэхийн өмнөхөн байранд маань нүүж орсон хоёр Казакстан охинд Малайз огтхон ч таалагдаагүй бөгөөд билетээ ирэх долоо хоногт болгож урагшлуулсан талаараа хэлсэн юм. Хүн бүрийн сэтгэлгээ өөр ч гэлээ зорьж ирсэн газраа, аяллаа гоё болгож чадах хүн нь ганцхан чи өөрөө бөгөөд үүнийгээ ойлгоогүй цагт ертөнцийн хамгийн өндөр хөгжилтэй оронд очсон ч чамд таалагдахгүй.

Лалын шашинтай орон руу зочлохдоо нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм билээ. Бүх шашинг хүндэтгэж, хэнтэй ч, хэдий гүн дотноссон ч шашны талаар гүн гүнзгий мэтгэлцэхгүй байх юм. Энэ бол Арабын орнуудаас ирсэн хүүхдүүдтэй ангид нэг сар сурахдаа сайтар ойлгож авсан зүйлийн маань нэг. Хэдийгээр хорь гарсан том залуучууд ч гэлээ тэд дэлхийг Аллах бурхан бүтээсэн гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг ба мөргөл хийх өдрөө шашнаа хүндэлж цав цагаан өмсгөлтэй хичээлдээ ирцгээнэ. Коран судраа заавал өндөр газар хадгалах бөгөөд Рамадан буюу Их мацгийн үеэр оройны 19:00 цаг хүртэл хэлэн дээрээ юу ч тавихгүй. Бүр ус ч уухгүй гээч. Рамаданы гол утга учир нь биеэ эрүүлжүүлэхээс гадна дэлхий дээр өлсгөлөнгөөс болж зовж байгаа хүмүүсийн зовлонг нимгэлж, бага хэрэглээгээр энгийн амьдрахад дасгах аж. Тэд ийм байдлаар яг нэг сар болно.

Монголчууд хаа ч явсан аз үргэлж дагадаг гэдэг үнэн байх аа? Очсоныхоо дөнгөж маргааш нь сургуулийн аялалд хамрагдан өндөр уулан дунд байрлах хүүхдийн парк руу явцгаав. Галзуу хулгануудаараа алдартай тэрхүү паркт очоод сонгосон хамгийн эхний тоглоом маань “Гинж” байлаа. /Манай Үндэсний соёл амралтын хүрээлэнд байдаг даа/. Яг урд минь эгнэн суусан бурбатай /лалын шашинтай эмэгтэйчүүдийн өмсдөг өмсгөл/ хоёр охин өмсөж явсан гутлаа тайлж газар үлдээлээ.

Хөдөлгүүр эхлэх дохио асч гинж аажмаар хурдаа аван дээшлэхэд тэд эрх чөлөөг сая л мэдэрч буй бололтой хоёр гараа алдлан, нар салхинаас нуугдаж явдаг хөлөө гозолзуулан тоглох нь харагдана. Бодол санаандаа бол тэд нэвсгэр бурбагаа ч гэсэн газарт хамт үлдээсэн дээ гэх гунигтай бодол намайг бүчээд агаарт хэдэн метрийн өндөрт яваагаа ч тоосонгүй. Эрх чөлөө үнэртүүлсэн таван минутын дараа унтрах дохио дуугарч өнөөх охид гутлаа, гадуурх ёс жаягийн “бурба”-гаа газраас авч хамт углаад түргэн түргэн алхалсаар явж одлоо...Нэг өдөр айхтар тэр халхавчны цаанаас яаж эхнэрээ сонгодог болохыг нь араб найзуудаасаа сонирхон асуув. Ихэнхидээ ээж, эгч нь “Тэднийх аятайхан охинтой юм байна лээ” гэх мэтээр зөвлөдөг гэнэ. Ингээд гэрлэх нас нь нэгэнт болсон залуу ээжийн зараалын дагуу гэрт нь очиж үзэхэд охин нүүрний халхавчаа тайлж өөрийгөө харуулна. “Хэрвээ таалагдахгүй бол?” гэсэн асуултанд манайхан бие биен рүүгээ жоготой хараад “Дараа залгая гээд л явна даа” гэсэн юм. Хоёр талд адилхан таалагдаж хурим болсон ч хүргэний талын эрчүүд шинэхэн бэргэнийхээ царайг харахгүй. Энэ нь, хэрвээ чи эрэгтэй тэгээд ахтай бол бэр эгчийнхээ ямархуу хүн гэдгийг мэдэхгүйгээр насан туршдаа амьдрана гэсэн үг юм.

Малайз улсын 28 сая иргэний тал хувийг уугуул малай үндэстэн, үлдсэнийг нь хятад, тайланд, филиппин гэх мэт суурьшмал иргэд бүрдүүлдэг байна. Зарим малай үндэстнүүд одоог хүртэл хөдөө, уулын тосгондоо амьдардаг бөгөөд засгийн газраас хот руугаа нүүж ирэхийг гуйдаг ч тэд “Энд сайхан байна” гээд зөвшөөрдөггүй аж. Аргаа барсан Малайзын засгийн газрынхан тосгонд нь сургууль, эмнэлэг барьж өгөх зэргээр иргэддээ анхаардаг юм билээ. Хотын хүмүүсээс илүү зочломтгой, найрсаг, сайхан сэтгэлтэй хөдөөх нутгийн тэдний авч үлдэхийг хүссэн гол зүйл нь амар амгалан амьдрал юм болов уу даа гэж таамагласан. Манайхан харин хот руугаа бүгд дүрвэцгээж, газар нь даахгүй болтлоо хүндэрч, туйлдаж байгаа. Гэлээ гээд боломжоор дүүрэн, илүү сайхан газарт амьдрах гэсэн хүмүүсийг юунд буруутгах билээ...

Хонг Конгийн онгоцны буудал дээр Монгол руу явах зорчигчид хэдийн цугларчээ. Элэг нэгтнээ харж, хэдхэн алхмын зайд эх хэлээр минь ханатал ярихыг сонсох дэндүү гоё. Онгоцонд өнгөрөөсөн дөрвөн цаг ч тэгс ингэсхийгээд хурдан дуусав. Харин яг гарахын алдад, миний өнөөх цээж дүүрэн догдлол мэдрэмж хиншүү үнэртүүлэн унтрах нь тэр. Зорчигчид бүгд суудлаасаа босож онгоцны хаалга нээгдэхийг хүлээн зогстол ард нэгэн эрэгтэй хүн чангаар хашгирч, монголоор хараах сонсдов. Урд нь зогсоо Европ жуулчинг зам тавьж, хурдхан явсангүй гэж уурласан нь тэр юм байж. Өөдөөс нь агсран буй, өөрийнх нь аав баймаар насны монгол эрэгтэйг гайхан харсан залуу руу ах хүү ахин хэд хэдэн айхтар үг урсгаад яг гарахдаа хоолойгоо зуран “Ална шүү” гэж тов тодорхой үзүүлэв. “Tour-2013” гэсэн бичигтэй зүүлт зүүсэн сүрдүүлгийн эзэн залуугийн гайхаж харсан тэр нүдний томыг ээ!

Улс орон бүрийн хөгжсөн нууц өөр. Нефтиэ зараад дуусчихсан Дубай дэлхийн хамгийн өндөр цамхгийг барин аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлого явуулж, газар, ундны ус үгүй Сингапур далайн боомтоо татвараас чөлөөлж, үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, хүн ам, халуун агаараас их зүйлгүй Энэтхэг боловсролоороо хүч түрэн хөгжжээ. Ийн бодох бүрт Монгол улсын хөгжлийн гарц аялал жуулчлал л байж таарна гэж санагдах ч бидэнд үндэсний соёл уламжлалаа бүрэн шингээсэн зүйл даанч цөөн. Ядаж л гадны жуулчид МИАТ-ийн онгоцонд суугаад ирэхэд хоолны цэсэнд хоёр бууз, амттанд ааруул байдаг бол сайхан. Онгоцны үйлчлэгч нарын хүзүүний алчуур алхан эсвэл өлзий хээгээр хээлсэн байдаг бол сайхан. Монгол оронд ирлээ гэх сэтгэл догдлом, гайхам бахдам мэдрэмжийг онгоцонд суусан даруйд л жуулчдад өгдөг бол сайхан. Яагаад болохгүй гэж? Малайз, Хонг-Конгийн онгоцонд яг л тэдний сонголт, мэдрэмжээр гаа, халуун ногооны амтыг хослуулсан үйрсэн загас, тахианы махтай хоол ирж л байдаг шүү дээ. Гагцхүү бидэнд барагдашгүй их байдаг эх оронч сэтгэлгээгээ арай өөр зүйлд хандуулах, арай илүү соёлтой болох, арай их инээмсэглэдэг болох, арай илүү байгальдаа хайртай болох, арай бага хогоо хаядаг болох л хэрэгтэй байна. Онгоцноос бууж байгаа жуулчдын нүдийг арай өөр зүйлээр “том болгож”, гайхшруулах хэрэгтэй байна. Малайзад нэг сар амьдарсан, ойлгосон зүйлийнхээ хугасаас та нартаа бичлээ. Уншиж дуусгасанд баярлалаа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(182)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tselmeg.   2019-02-19
sain baina uu malaiz ulsiin setguul zuin uusel hugjliin talaar delgerengui medeelel baival ogch tus bolooch

Зочин: ganaa.   2019-02-12
Sain bain uu herhen Malaysia ybah uu helj ogooch aylaliin companiar yabah uu esbel ooroo yabsan zvgeer vv niit hedii her zardal ordog be angli helendee jaahan muu bolhoor asuudal boloh boluu

Зочин: Agm.   2018-04-18
Iim ymr helnii beltgel baidin bloo medelel ogoch

Зочин: gurval.   2016-10-31
Manaihan nree yagaad durgui hurvel l baritsaldaj avah gd bdgiim bol

Зочин: zochin.   2016-10-31
Mash ih taalagdlaa

Зочин: zochin.   2016-10-31
iim ymar angli helni kurs bdag ym boloo mdeelel ogooch thuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com