ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайхан харцанд төөрсөн яруу найрагчид

Хайр & секс  | 2013 / 08 / 22

Амьдралынхаа өглөө бүрийг тэр л нүдийг харж угтах учир өөрийгөө хүртэл тольдмоор сайхан харцны тухай үе үеийн яруу найрагчид бишрэн шүлэглэсэн нь олон. Сэтгэлд хоногшсон дотно харц, зүрх гижигдсэн хархан нүд, энгийн хэрнээ эгдүү хүргэм өхөөрдөм харцнууд найрагчдийн дэвтэрт ямар мөр болж мөнхлөгдсөн бол?

Сайхан харцанд төөрсөн яруу найрагчид

Б. Явуухулан - Харахаас ялдам хонгор бүсгүй

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!

Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!

Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!

А.Эрдэнэ-Очир-Хар нүдэн

1.
Хармаар бүсгүй
Хар нүдэн гэлцэх юм
Хайрлаад хөл алдсан нь
Олон гэлцэх юм

Харанхуй шөнө гэрэл гармаар
Хар нүдтэй нэг юм
Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр
Хар нүдтэй гэх юм

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн
Олон л биз ээ
Оньсого таавар шиг нэг бүсгүй л
Олны дунд хэлцэгдэх юм

Дэндүү хар нүднээс
Ямар нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ чамайг суулгаад би
Уйлуулж үзмээр санагдах юм
Хар нүдэн минь
Харж амжаагүй л яваа
Харын хар нүдэн минь!

2.
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол
Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ

Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос
Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг

Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол чамаас л гуймаар даа

Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр.

3.
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм

Аялсан дууны үзүүр
Судгийн ногоо ганхуулах
Амраг чамд л очсон
Янзага ялгарсан орой
Арван тавны сарыг
Ханын толгойноос өлгөөд

Алганыхаа л үнэрийг
Гар гартаа шингээснээс
Гэнэн аалийг би
Хацраас чинь үргээж
Гэргий танхил одыг
Чамд зүсэлсэн ч биш дээ

Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм.

Ц.Дэлгэрмаа

Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл...
2003 он /А тэмдэглэл шүлгийн түүвэр/

Э.Бүжинлхам : Цагаан хараас өөр ямар ч будаггүй

Цагаан хараас өөр ямар ч будаггүй
Цаст ойн ёроолгүй гүн худаг шиг
Сарны туяа толион дээр нь гийсэн
Сааралтаж тунгалагших түүний нүдийг ээ?

Тэнгисийн усанд живж буй хүрэн модон завь шиг
Тэр хацраа эсгэн хүйтэн нулимс унагадаг
Харсан хүний бодол нүдэнд нь живчихмээр гүн учир
Хар шил зүүгээд, нүдээ нуун алхалдаг...

Өвлийн шөнө гудмаар ганцаар жиндэн алхана
Өөрөөсөө тэр тайвшралыг амталж чимээгүй хөвнө
Гуниг нуугдсан харцаа хүнээс далдлан халааслаад
Гундуу салхитай хөтлөлцөн цаг хугацаанд бүдгэрнэ
Харцнаас нь харамсал шүүрнэ
Хар шилээр харанхуйг далдална
Тэгээд аниргүйхэн хашгирна
Тэр харцны гүнд би дотогш живнэ...
2011 оны 2 дугаар сар 10

Б. Эрдэнэсолонго : Нулимс харах бүрт

“Бурхны том цэнхэр нүд
Дандаа нулимстай”.
-Бурхан минь.
Нулимс яасан хүнд.
Дандаа нулимстай, дандаа хүнд
Яасан давчуу, цээж урна
Урсаад л, урсаад л …
Хаашаа тэр вэ?
Уйлах тусмаа улам л
Үзэсгэлэнтэй харагдах
Энэ том цэнхэр нүдийг
-Хэн анх үнссэн бэ?
Хэн анх хуурсан бэ?
Хэн анх уйлуулсан бэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Симона
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(735)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com