ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би ганцаараа турах гэж мөн ч их хичээлээ

Миний амьдрал  | 2013 / 08 / 31

Миний захидлыг уншиж байгаа хүн бүрт энэ өдрийн мэндийг хүргье. Хэрэгтэй үед хэрэгтэй зүйлээр минь үргэлж тусалдаг Гоолингоодоо баярлалаа. Бас миний захиаг уншаад надад сэтгэлээсээ зөвлөх хүн болгонд баярлалаа.

Би ганцаараа турах гэж мөн ч их хичээлээ

Өнөөдөр захиа бичиж байгаа учир юу вэ гэхээр өөртөө байдаг үргэлж намайг айлгаж байдаг хэд хэдэн асуудлаа ярих гэсэн юм. Би багын их махлаг хүүхэд байсан л даа. Бас их өндөр. Манай ээж аав 2 их буруу хооллолттой. Хөдөлгөөн хийдэггүй хүмүүс байдаг юм. Уг нь тэр 2 залуудаа их л хөдөлгөөнтэй, туранхай улсууд байсан юм байна лээ. Даанч өнөөдрийн байдлаар бол нэг тиймхэн л байна даа. Би ганцаараа турах гэж мөн ч их хичээлээ. би зүгээр л шалтаг тоочиж байж магадгүй л дээ. Гэхдээ гэр бүлээрээ амьдралын буруу хэв маягтай учир би нэг хэсэг тэсэж байгаад л буцаад л гэрийнхэндээ уусаад байх юмаа.

Ээж аавдаа энэ тухайгаа хэллээ. Зун болж байна. Гэрээрээ сайхан аялая гээд л янз бүрээр хэлж үзсэн. Чи өөрөө хичээхгүй бусдаас бурууг хайлаа. Бид нар тэгэж хооллох боломжгүй, боломж бололцоогүй юм битгий яриад бай. Та нарыг тэжээх гэж чадлаараа л хичээж байна даг. Бид чиний насан дээр ийм байгаагүй гэх мэтээр загнаж ярилцах гэсэн биш бөөн хэрүүл болох юм. Ээж маань их ууртай байнга уурлаад л хамаг бие өвдлөө гээд л элэг их муутай. Аав тамхи их татдаг. архи уудаггүй л дээ. Гэхдээ л миний мэдэхийн элэг нойр булчирхай зүрх нь өвддөг. 2 дүү маань бас ойрдоо их л таргалаад байх юм. Их дархлаа муутай. Яаж ээж аавтайгаа ойлголцож гэр бүлээ энэ заваан амьдралаас салгах вэ? Манай аав ээж 2 дөнгөж 44-тэй байж үргэлж л бид 2 бол яах вээ удахгүй үхээд өгнө, энэ чинь хорвоогийн жам, та нар л сайхан амьдрахаа бод гэдэг. 2 дүүгээ бас над шиг нэг бүдүүн тэнтийсэн юмнууд болчих вий гэхээс үргэлж айдаг. Манай аав инженер ээж сувилагч. Би өөрөө анагаахад сурдаг. Надад туслаарай. Сайхан амьдармаар байна.

Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сайн нөхөр-аав болох алхмууд” номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Хүн өөрөөсөө үргэлж “би чадах болов уу?” гэж асуудаг. Үнэндээ амьдралд олон зүйл дээр чадвараас гадна сэтгэл, зориулалт хэрэгтэй байдаг. Танд гэр бүлийнхээ төлөө, өөрийнхөө эрүүл мэнд болоод биеийн жинд анхаарал хандуулсан сэтгэл байгаа нь талархууштай байна. Харин одоо танд зориулалт хэрэгтэй. Хүн болгон л аливаа хүссэн зүйлдээ хүрхийг маш их хүсдэг. Магадгүй зарим нэг нь өөрсдийнхөө чадварт бат итгэлтэй байсан ч төдийлэн амжилтанд хүрдэггүй. Яагаад бидний зарим нь хүрэхийг хүссэн зүйлдээ хүрч, зарим нь хүрч чадахгүй байгаагийн хариулт нь тун энгийн. Бид бүгдээрээ л хүсэж, мөрөөдөж бас эхлүүлж чаддаг боловч багахан асуудал тулгарах уед олон төрлийн шалтаг тоочин бууж өгөхийг хүсдэгт асуудлын гол нь бий. Тэгэхээр уншигч бүсгүйчүүд та бүхнийг ямарваа шалтгааны улмаас хүсэл мөрөөдлөө орхиж, ялагдагчийн байр сууринд амьдрахгүй байхыг хүсье.

Бидний зорилгодоо хүрхэд саад болдог зүйлүүдийн нэг бол амьдралын олон талын шалтаг шалтгаан, нөхцөл байдал юм. Өдөр тутмын завгүй, яарсан амьдрал заримдаа бидний хаашаа явж байгаа, ямар зорилготой билээ гэдгийг ч мартуулах үе цөөнгүй байдаг. Үүнээс болоод заримдаа амьдрал утгагүй мэт санагдаж, юуны төлөө амьдраад байгаа нь тодорхой бус үеүд тохиодог. Тэгэхээр дараах зөвлөгөөг амьдралдаа мөрдлөгө болгон хэрэгжүүлж үзхийг санал болгоё.

• Өмнөө тависан зорилго, хүсэл мөрөөдлөө бодит утгаар нь хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол өөрийгөө тэр бүхнийхээ төлөө бүрэн дүүрэн зориулахад бэлэн байх хэрэгтэй. Үүний тулд ямар ч асуудал тулгарсан бууж өгөхгүй байх сэтгэлийн хатыг өөртөө бий болго.

• Оюун санааныхаа талбарт ялалт байгуулсан хүн амьдралынхаа талбарт ялалт байгуулхад ойрхон байдаг. Өөрийгөө хүсэж буй зорилгодоо хүрсэн мэтээр үргэлж төсөөлөн бодож, түүндээ итгэх итгэлийг өөртөө өг. Үгсийн сангаасаа “би чадахгүй”, “маргааш, маргааш”, “тэрнээс л болоод”, “надаас шалтгаалахгүй”, “би угаасаа” ... гэх мэт үгсийг авч хая.

• Та яг юунд хүрэхийг, эсвэл яг юутай болохыг хүсэж байна, түүнийг тань сануулах ямар нэгэн зүйлсийг үргэлж биедээ авч явж бай. Та түүнийг харах болгондоо юуны төлөө явж буйгаа санах нь чухал. Жишээлбэл: Таны хувьд гар утасныхаа дэлгэц дээр “би яг л ийм биетэй болохыг хүсэж байна” гэсэн бие галбиртай бүсгүйн зургийг тавьж болох юм. Ингэх нь таргалуулах буруу хоол хүнсийг хэрэглэх үед хоол идэх дуршилыг тань үгүй болгох өндөр магадлалтай.

• Ямар ч үед зорилгодоо хүрэхэд тань саад болж буй асуудалд анхаарал бүү тавь. Танд тэрхүү асуудал чухал биш, харин өмнөө тависан зорилго л чухал байх ёстой. Гэрийнхэн тань хэдэн цагт юу идэж, хэрхэн яаж хооллож байгаад бус өөрийнхөө хэзээ, юу идэж байгаад анхаарлаа хандуулж өөрийн гэсэн хооллох хэв маягийг бий болго.

• Ярихдаа биш үйлдэхдээ анхаарлаа хандуулаарай. Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага гэдэг. Хүсэл, мөрөөдөлдөө хүрэх хэзээ ч амар байдаггүй. Гэхдээ түүнд хүрэх зам хамгийн үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Та өөрийн амьдралаараа гэр бүлийнхэндээ өөрчлөлтийг харуулах нь тэднийг ч мөн адил эрүүл хооллоход уриалах болно.

Гоолингоогийн нийт уншигч бүсгүйчүүддээ хандан “Амжилт биднээс сахилга бат, тэвчээрийг шаарддаг” гэдгийг сануулъя. Бидний хувьд амжилт гэдэг нь харьцангүй ойлголт. Карьер-ийн өндөрлөгт хүрэх, гадаад байдалдаа сэтгэл хангалуун болох, эд хөрөнгийг бий болгох, элэг бүтэн сайхан амьдрах зэргийн аль нь ч байж болох юм. Таныг амжилт гаргахад тэвчээр, зориулалт, чадвар тань хөтлөх боловч зан чанар тань дээр нь зогсоодог. Тэгэхээр өөрийнхөө амьдралд хандаж буй хандлага, өөрийн зан чанараа үргэлж шалгаж байгаарай. Хандлага, зан чанар хоёр нь ямар ч чадвартай зүйрлэшгүй чухал!

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99030655
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Жич: Бидэнд тулгарч байгаа ихэнх асуудал сэтгэл зүйгээ сайн хөгжүүлж, өөртөө итгэх итгэл, эерэг сэтгэлгээгээ зүлгээгүйгээс, аливаад зөв хандлагаа олоогүйгээс болсон байдаг. Яг одоо таны толгойг гашилгаж, сэтгэлийг зовоож байгаа асуудал ч бас хэн нэгэнтэй сайтар ярилцаж, өөрийгөө ойлговол шийдэгдэж болох ч юм билүү? Өнгөрсөн хавар зохиогдож байсан "Гоолингоо уулзалт"-ын дараагийн бүртгэл явагдаж байгаа. Амьдралд чинь ямар нэг зүйл болохгүй байгааг мэдрээд л байвал бидэнтэй цайлангаа ярилцахыг урьж байна. Гоолингоо уулзалтын анкетыг: http://www.goolingoo.mn/pdf/app-goolingoo-meeting.doc энэ холбоосоор татаж авч илгээгээрэй.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(265)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com