ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Очиход амархан ч, орхин одоход амаргүй Ко Фи Фи

Чөлөөт цаг  | 2013 / 12 / 10

Би яг одоо 820 километр цагийн хурдтай довтолгох төмөр хүлгэн дотор, газраас 40 мянган фт-н өндөрт, үүлэн чөлөөний завсраар гэрэлт наран хэрхэн ургахыг харан сууж байна. Бие минь ийн тэнгэрт нисч байгаа ч сэтгэл зүрх минь тэртээ дор Энэтхэгийн далайн ойролцоо зүүн өмнөд Азид орших жижигхэн арал дээр хадаас шиг шигдээд үлдчихсэн л аж.

Очиход амархан ч, орхин одоход амаргүй Ко Фи Фи

Тэр арлын нэрийг Ко Фи Фи гэдэг. Тайланд улсын Фукет хотоос цаг хагас усан онгоцоор явах зайд байдаг энэхүү жижиг арал очиход амархан ч, орхин одоход тийм ч амар бус, ид шидэт газар билээ. Тэнд өнгөрүүлсэн богинохон амралтынхаа тэмдэглэлээс сийрүүлэхэд Фи Фигээр хийсэн аялалдаа алжаагаад замдаа нам унтацгаасан энэ онгоцны зорчигчид огтхон ч саад болохгүй шинжтэй... Тийм болохоор бүр эхнээс нь бичье.

You’re so beautiful!
Өрнөдөө Мьянмар, дорнодоо Лаос, Камбож, өмнөдөө Малайз улсуудтай хиллэдэг Тайланд улс нь нь нийт 513 км квадрат талбайгаараа дэлхийд 49-т жагсдаг том газар нутагтай. Тэр өргөн уудам газар нутаг дундаасаа Бангкок нь 1782 оны 4 сарын 21-нд албан ёсоор Тайланд улсын нийслэл болон өргөмжлөгдсөн түүхтэй. Уг хот нь улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон аялал жуулчлалын салбарынх нь хэрэгцээн ихэнх хувийг дангаараа хангадаг. 2013 онд дэлхийн хамгийн олон жуулчдыг татсан хотоор Бангкок Лондонг хүртэл ардаа орхиж нэгт жагссан. Гэсэн хэдий ч жуулчдын “хүслийн жагсаалт”-д багтах үзүүлэлтээрээ Бангкоктой эн дүйцэхүйц хот бол Фукет юм. Учир нь тэнд олон жижиг арлууд, үзэсгэлэнт далайн эрэг, үзүүлбэр шоу бүгд бий. Миний хувьд аялалынхаа эхэнд зорьсон газраа хүрэхийн тулд Фукет хотоор дамжаад цааш усан онгоцоор явах нь хамгийн таатай бөгөөд тав тухтай сонголт байлаа.

Фукетэд хэсэг тухласны дараа цааш цаг хагас усан онгоцоор явсаны эцэст Ко Фи Фи арал дээр хөл тавилаа. Үнэндээ анхны сэтгэгдэл тийм ч таатай бус байв. Хаашаа ч харсан давчуу уур амьсгал, бие биенээ хайж чангаар орилолдсон Хятад, Солонгос жуулчдын “сүрэг”, түүн дээр нэмээд уугуул иргэдийн юуг ч юм хашгиралдах үймсэн дуу чимээ. Монголдоо том том алхаж, аяар аяар ярьсан ч ойлголцоод сурчихсан надад энэ газрын үзэсгэлэн гоог олж харахад хүйтэн шүршүүр, олон цагийн нойр хоёр их тус болсон юм. Нэг зүйлийг дурдалгүй өнгөрүүлчихэж. Фи Фи арал дээр ирж буй жуулчин бүр 20 бaхт (BHT) төлөх учиртай. Үндсэндээ татвар гэж хэлж болно.

Хаа газар жуулчдыг татах янз бүрийн арга байдаг. Энэ арлынхны хувьд гадаад хүнийг байж болох бүх сайхан үгээр магтаад хүссэн зүйлээ салгаж авах зарчмаар ажилладаг бололтой санагдсан. Усан онгоцноос буумагц хэдэн зуун буудлуудын нэр ярайж, түүнийг бичсэн самбарын цаанаас үүрэгт ажлаа ухамсарласан намхан бор залуучууд жуулчдыг татаж чангаах нь холгүй, өөрсдийн зочид буудлаа сурталчилж, байршлыг нь зааж, ачаа зөөх гэж зүтгэнэ. Тэгээд ч өнөөх жуулчин ятгалганд нь орохгүй байвал “You’re so beautiful” гэсэн эцсийн сайхан үгээ хэлнэ. Гэхдээ ийшээ ирэх гэж байгаа тохиолдолд буудлаа онлайнаар түрүүлээд захиалчихвал эрсдэл бага, өөрт ч илүү хялбар. Ялангуяа өвлийн цагийг дулаан газар өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүс ихээр ирдэг 11-ээс 4-р сар буюу “Peak Season”-ээр аялахаар шийдсэн бол буудлаа эртхэн захиалсан нь ашигтай. Эс тэгвэл хаана ч буудал нь дүүрчихдэг бөгөөд байгаа хэдэн сул өрөөнийхөө үнийг тэнгэрт тултал нь нэмчихдэг.

Хэнд жолооны үнэмлэх хэрэгтэй гэж?
Манай орны залуучууд ихэвчлэн 18 нас хүрээд л жолооны үнэмлэхээ авцгааж, түүнээс ч багаасаа машин гаргууд бариад сурчихсан байдаг. Гэтэл Фи Фи арал дээр 50 настай хижээл эрд ч жолооны үнэмлэх байхгүй, түүнд хэрэг ч байхгүй. Учир нь Фи Фид машин зам байтугай нэг ширхэг ч машин байхгүй. Ер нь л энд байх хугацаандаа 4 дугуйтын барааг олж үзэхгүй. Хааш хаашаагаа алхаад эсвэл дугуй унаад явчихаар жижиг учир уугуул иргэд нь ачаа бараагаа төмөр чиргүүл дээр тавиад түрнэ, зарим нэг нь дугуйгаа унана, голцуу л алхчихна. Нэг эргээс нөгөө эрэг рүү явах хэрэг гарвал “завь такси” түрээсэлж аваад л явчихна. Тээврийн амин ганц хэрэгсэл нь завь, усан онгоц.

Эндхийн цаг агаар эквадорын бүстэй ойр орчдог учир халуун орны дулаан уур амьсгалтай. 4,5,9,10 сард хамгийн ихээр халдаг бөгөөд дундаж температур нь 30-36 С градуст хэлбэлздэг. Фи Фичүүд халуун орны иргэд учраас тарган байх нь үгүй. Хөнгөн хоол идэж, машин дотор суух чөлөөгүй алхах учир эрүүл хэв маягаар амьдрангаа амрах хамгийн таатай орчин мэт санагдаж байлаа. Машины түгжрээнд орохоороо өөдрөг бодлоо гээчихдэг Улаанбаатарын иргэн надад хэд хоног ч гэсэн сигналын дуунаас холдох таатай байлаа. Мөн хаа сайгүй л “wi fi” гэсэн бичиг байх авч эндхийн утасгүй интернэтийн сүлжээ дэндүү удаан. Тийм болохоор л утсаа оролдож Facebook ухалгүйгээр тархиа амрааж, байгалийн сайханд тухлах боломжтой.

Massage, yess massage, hello massage!!!
Ko Phi Phi (KPP) арлын оршин суугчид аялалын нэвтрүүлэг болгон дээр л гардаг шиг тийм ч сайхан ааштай эелдэг, уриалгахан хүмүүс бас биш юм. Өдөрт хэдэн зуугаараа ирдэг жуулчидтай байнга ажилладаг болохоор зарим хүмүүс нь дохио зангаагаар хүмүүсийг нааш цааш гэж зандчина. Түүнд нь хэдийнэ дассан уу эсвэл үүнийг мэдээд урьдаас сэтгэл зүйн бэлтгэлтэй ирсэн үү, жуулчид өөдөөс нь инээмсэглээд “Баярлалаа” гээд л өнгөрнө. Амрахаар ирсэн жуулчдад тэднийг дагаж стресстэх хэрэг байгаа гэж үү?

Зүүн өмнөд Азид массаж хийх урлаг өндөр хөгжсөн байдаг. Ялангуяа Тай массаж дэлхийн өнцөг булан бүрт тархсан, ядаргаа зовиур тайлахдаа гаргуун. Тиймдээ ч Фи Фи арлын гудамж бүрт массажистууд эгнээстэй. Ажилчид нь үүдэн дээрээ суугаад “Массаж, массаж хийлгүүлээрэй, массаж” (Massage, yess massage, hello massage) хэмээн орилж, хажуугаараа өнгөрсөн ганц ч хүнийг зүгээр өнгөрөөлгүй иллэгийн үйлчилгээ авахыг санал болгоно. Тэд л энэ арлын хамгийн наалинхай сайхан ааштай хүмүүс шиг санагдаж байлаа. Эндхийн массаж нь Тай, тосон, халуун чулуун, арома, нүүрний, хөлний, нүүр мөрний, биений скраб гээд маш олон төрөл бий. Аль дуртайгаа л сонгон үйлчлүүлэх боломжтой. Хатуу, зөөлөн, дунд зэрэг гэсэн гурван янзаас сонголтоо хийгээд намуухан хөгжмийн эгшигт жижигхэн бор тай бүсгүй биеийн хамаг шар усыг тарааж, овоороод байсан хуянг юу ч үгүй болтол нь бариад өгнө. Массажны газарт тухтай орчин, таатай үнэр үйлчлүүлэгчийг татах нэгэн чухал хэрэгсэл байдаг. Тэр тусмаа далайн эргийн хажууд тусгайлан бэлдсэн орон дээр давстай усны давалгаалах чимээг сонсонгоо нарны элчинд биеэ шарж, халуун тосон массаж хийлгүүлэх нь нэн таатай. Ингэж стресснээсээ салсныхаа төлөө ойролцоогоор 300 бахт (10$) төлнө. Хаана ч үнэ нь адилхан байдаг юм билээ.

Леонардо Ди Каприо ба Maya Bay
Эндхийн хамгийн сайхан зүйл бол олон өнгө алагласан байгаль нь. Цав цагаан элс, тунгалаг ногоон цэнхэр далай, уул бүрхсэн ногоон модод, эрэг дээр нааш цааш зугуухан хөвөх зангуугаа буулгасан бор модон завиуд... Далайн бүлээн усанд дээш харж хөвөөд, усны долгиогоор үсний ширхэг бүр намиран, салхи намуухан илбэх тэр агшинд нүүрэнд өөрийн эрхгүй мишээл тодроно. Юутай ч зүйрлэшгүй амар амгалан, аз жаргалын хэлтэрхий энэ.

Арлын хамгийн үзэсгэлэн төгөлдөр газруудад очиж үзэхийг хүсвэл өдрийн аялал, эсвэл хагас өдрийн аялалд хамрагдах нь илүү тохиромжтой санагдсан. Модон завиар хамгийн ихдээ 20 хүнийг аваад хөлгүй далайн үзэсгэлэнт газруудыг тойрдог аяллыг ингэж ангилдаг юм. Хэд хэдэн жижиг арал дээр зогсох ба тэнд сэлж, шумбаж, далайн амьдралыг тольдох боломжтой.

Энэ дундаас үзэмж сайхнаараа Maya Bay алдартай. Алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон “The Beach” киноны зураг авалтыг энэ арал дээр хийсэн байдаг. Сонирхолтой нь энэ талаар тэр бүр хүмүүс мэддэггүй юм билээ. 13 жилийн өмнө буюу 2000 онд гарч байсан кино учир арга ч үгүй биз.

“Maya Bay”-д зочид буудал, рестораны аль нь ч байхгүй. Эзгүй шахам энэ арал дээр жуулчид өдөртөө ирээд нар жаргахыг хараад л буцдаг. Завь жолоодож яваа хүү нарны тусгалаар луужин барьж зүг чигээ тодорхойлдог учраас жаргасных нь дараа хол газар явдаггүйгээ тайлбарлаж байв. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа 70-аад сая хүн амтай оронд ирсэн мөртлөө, хүн бараг л амьдардаггүй байх гэмээр байгалиараа, онгон зэрлэг, нийгэмшээгүй, нийгэмших шаардлага ч үгүй газрууд олныг үзсэн нь аялалаас минь бодох зүйл олныг үлдээсэн юм.

Khob-kun-Ka!
Аялал дуусч, явах болоход, дээрхээс гадна энэ арлаас би юуг хамгийн сайн сурсан билээ гэж бодлоо. Хариулт нь: Khob-kun-Ka (Тайланд хэлээр баярлалаа гэсэн үг). Энд түр саатсан 4 хоногтоо “Баярлалаа” гэдэг үгийг хамгийн их хэлж, хэзээ ч мартахааргүй болтлоо тогтоон авсан байна. Аялалыг минь гайхалтай сайхан байлгаж, амьдралд минь бас нэгэн сайхан дурсамж үлдээсэн Тайландад баярлалаа. Бүхий л учрал тохиолоос олж авсан зүйлдээ талархалтай хандах хэрэгтэй гэдгийг туулсан аялал болгон минь надад батлан сургасаар байгаа билээ. Тиймдээ ч энэ сайхан үгээр нийтлэлээ өндөрлөе. Баярлалаа!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Э.Батчимэг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(526)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com