ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо Австралид-Сиднейд өнгөрүүлж буй долоо дахь сар

Мэдээлэл  | 2014 / 02 / 21

Яг одоогоос долоон сарын өмнө Австралийн Сидней хотод анх хөл тавьж буй тухайгаа бичиж байжээ. 7 сар гэж бодоод үзэхэд урт хугацаа юм шиг хэрнээ миний хувьд яг л хэдхэн долоо хоног өнгөрсөн юм шиг санагдаж байна. Тэр үеэ эргээд санахад юу ч мэдэхгүй харанхуй. Надад байсан ганц зүйл нь болно, бүтнэ гэсэн итгэл байлаа, бүр дүүрэн байлаа.

Гоолингоо Австралид-Сиднейд өнгөрүүлж буй долоо дахь сар

Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө бүх түшиг тулгуур болсон хүмүүсээ өөр оронд орхиод ирсэн надад хэцүү, бэрх, шантармаар олон зүйл тохиолдсон ч эргээд харахад алдсанаасаа оносон нь их, харанхуйгаас гэгээтэй тал нь өдөр өдрөөр тэлж байна. Сидней цоо шинэ биш ч ижил дасал санагдах болсон энэ үедээ би удаах нийтлэлдээ эндээс ажигласан, надад бодогдсон зүйлсийнхээ тухай бичихээр шийдсэн юм.

Австрали бол яахын аргагүй сайхан орон. Цаг агаар нь ч, хүмүүс нь ч найрсаг, олон орны найз нөхөдтэй болох боломжтой дээр нь ажиллаж л чадвал сайхан амьдарч болох сайхан орчин. Яагаад ажиллаж чадвал хэмээн онцолж байгаа тухайгаа би цааш өгүүлэх болно.

Австрали улс Номхон далай ба Энэтхэгийн их далайгаар хүрээлэгдсэн бүхэл тив улс бөгөөд 7 муж улсад хуваагддаг. Миний ажигласнаар Сидней, Мельбурн, Канберра, Брисбен зэрэг хотуудад сурч, хөдөлмөрлөж амьдарч байгаа монголчууд илүү олон. Сидней дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг. Анх наашаа ирэхээсээ өмнө энэ тухай сонсож байсан хэдий ч ирээд л долоо хонов уу үгүй юу данс маань хоосрохыг хараад айх, сандрах зэрэгцэж билээ.

Хичээл эхэлснээс сарын дараа ажилтай боллоо. Үргэлж хасах тэмдэг зааж байсан данс маань арай нэг амь орох тийшээ хандав. Гэхдээ ажил, хичээлийг зэрэг амжуулна гэдэг амаргүй. Өглөө гараад орой нар жаргасан хойно гэртээ ирнэ. Монголчууд гэлтгүй ер нь энд ажиллаж сурч байгаа ихэнх оюутан ийм хэмнэлээр амьдардаг. Тэдэн дундаас тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа оюутнуудын хэмнэл арай өөр. Тэд сурах, боловсрохдоо л илүү их анхаарал хандуулдаг бол тэтгэлэггүй оюутнууд ажил, хичээлээ хэрхэн зохицуулахдаа илүү их анхаарна.

Гадаад улсад суралцъя гэж бодож байвал бүр эхнээс нь зорилго чиглэлээ тодорхойлоод түүндээ тэмүүлэх хэрэгтэй юм билээ. Би өөрөө ч ингэж боддог байсан хэрнээ өөрийгөө дайчилж чадаагүйн улмаас зорилгоо ажиллах, сурах гэсэн хоёр шугамд хуваачихаад ийн цаг хугацаатай “уралдаж”явна. Ирэхээсээ өмнө төсөөлж байснаараа зав чөлөөгөөр зугаалж, бусад улс мужуудаар аялаж, Австралийн бүх анхаарал татам газруудаар явна даа гэж бодож байснаа одоог хүртэл бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа ч гадаадад, өөрийнхөө зардлаар, давхар ажиллан суралцаж байгаа оюутны хувьд өөрийгөө өмнөхөөсөө арай өөрөөр хардаг болсон билээ.

Австраличууд хувь хүний харилцаанд маш их анхаардаг. Яг үнэндээ өөр олон орноос цагаачлан ирсэн эндхийн иргэн хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Юу ч бодолгүйгээр хэлсэн хэдхэн өгүүлбэр нөгөө хүндээ хоромхон зуур таагүй сэтгэгдэл төрүүлж болно. Нэг удаа манай ангийнхан шашин шүтлэгийн талаар яриа өрнүүлж байв. Хүн бүр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр миний ч ээлж ирлээ. Би хэлэхдээ нэг л дундыг баримталсан хүн болоод “Шашин болгон өөрийн гэсэн сайн болон муу талтай. Хэрэв түүний сөрөг тал нь хэтэрвэл дарангуйлал болно. Исламын шашинтай бүсгүйчүүд толгойдоо яагаад алчуур зүүдэг байна аа” гээд хэлээд тавьчихав. Гэтэл багшийн царай тэр үед нэг л хувьсхийгээд “ Чамд ойлгох шаардлага байхгүй” гээд инээмсэглэсэн. Сүүлд учрыг ойлговол багш өөрөө Иранд төрсөн бөгөөд 12 настай байхдаа ээж аавтайгаа Австралид суурьшихаар ирсэн байжээ. Хэдий тэрээр одоо эндхийн иргэн, толгойдоо алчуур зүүдэггүй ч гэлээ өөрийнх нь үнэт зүйлийн нэг хэсгийг юу ч биш мэтээр ярьсан хэнэггүй миний яриа мэдээж түүнийг тавгүйцүүлсэн байж л дээ. Тэр үед багш инээмсэглэн хэлсэн ч түүний том алаг нүд нь урьдныхаасаа илүү хурц харагдаж билээ.

Зан араншингийн хувьд Австраличууд “ Би чадна” , “Би мундаг” гэсэн хүмүүст дургүй бөгөөд аль болох төлөв даруу байхыг эрхэмлэдэг. Болж бүтэхгүй байгаа зүйлийг шууд хэлчихдэггүй. Инээмсэглэж байгаад л тойруу замаар хэлэхийг оролдоно. Аль эсвэл царайгаараа эелдэг хэвээр мөртлөө хандлагаараа хамгийн муухай байж ч чадна. Үүнийгээ “Barking dog never bites” гэсэн далд утгатай хэлцээр тайлбарладаг.

Монголд оюутан хүмүүсийн хувьд сурах, ажиллах гэсэн ойлголт тусдаа бол энд хамтад нь авч үзнэ. 0,5 литрийн усыг 2,50 доллараар худалдаж авч байхад ажиллахгүй байна гэсэн ойлголт залуу хүмүүст байхгүй. Ажил хийх гэсэн ойлголт зөвхөн гадны оюутнуудад л хамаатай биш юм. Австраличууд өөрсдөө ч бас энэ жишгээр л амьдардаг аж. Жишээ нь, манай өрөөний, дунд сургуулиа төгсөөд гэрээсээ гаран хот руу нүүж ирсэн охин бий. Одоо коллежид суралцдаг бөгөөд өнгөрсөн 3 сарын хугацаанд тасралтгүй ажиллаад одоо л амралтаа аван дараагийн төлбөртөө санаа зовох зүйлгүйгээр хичээлдээ үргэлжлүүлэн орох гэж байна.

Ажиглаад л байхад энд хүнийг тултал нь ажиллуулдаг. Түүнийхээ хэрээр ажлын бүтээмж, зэрэглэлээс хамаарч өндөр цалин олгодог. Гэхдээ олж байгаа цалин нь их ч амьжиргааны өртөгтэйгээ харьцуулаад үзвэл түүний зарцуулалт нь Монголынхтой ерөнхийдөө ижил юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл бид энд байгаа жишгээр эх орондоо ажиллаж, өөрийнхөө чадах хэмжээг тулган үр бүтээлтэй хөдөлмөрлөж чадвал Австрали шиг хөгжих, эндэх шиг амьдрах боломжтой аж.

Хөдөлмөрлөнө гэдэг нь энд ажлын цаг дуусахыг хүлээж суух биш, өдөр бүр бүтээмжээрээ үнэлэгдэх ажлын үр дүнг тодорхойлно. Энд ирсэн хойноо хүн өдөрт ямар олон зүйл амжуулж болдгийг бага багаар мэдэрсээр байна.

Ажилчид ажил дээрээ фейсбүүкээ шалгах, тэр ч бүү хэл утсаар ярих ч цаг зав байхгүй. Хааяа хуучин ажил дээрээ 8 цагийн 2-ыг нь лав маузныхаа товчийг доош гүйлгэн сошиал сүлжээгээр хэрэн тэнэж өнгөрүүлдэг байсан өөрийгөө санаад алдсан хугацаандаа халаглана. Австраличууд цагийн юмыг цагт нь хийж, өдрийн үлдсэн хугацааг өөртөө үр бүтээлтэй зарцуулж чаддаг. Залуучууд нь биеийн тамир, спортоор их хичээллэнэ. Өдрийн аль ч цагт цэцэрлэгт хүрээлэнгээр биеийн тамир хийж байгаа хүнийг олж харах боломжтой. Далайн эргээр хүрээлэгдсэн хот тул чөлөөт цагаа тэндээ мах шарж, наранд биеэ шарж өнгөрөөнө. Залуус нь ажлын цагаараа тултлаа ажиллаж, амралтын өдрүүдээрээ ханатлаа шоуддаг бас амардаг. Хэдэн өдөр нам гүм байсан хотын гудамж баасан гарагийн оройноос амь оров уу гэлтэй, өндөр өсгийт, богино даашинзтай охид залуучууд гудамжаар зайгүй болтол холхилдоно. Гэхдээ тэд бусад өдрүүдэд ихэвчлэн биеэ л халхалж байвал юу ч хамаагүй нөмрөх нь холгүй гараад, залуу нас, эрүүл чийрэг биеэрээ гангардаг.

Саяхан зул сарын баярын үеэр их хямдрал болов. Миний хувьд сонирхох журмаар найзтайгаа өглөө эртлэн босож худалдааны гудамж орлоо. Үүрийн 5 цагт үнэтэй брэндийн дэлгүүрүүдийн гадаа аль хэдийнэ урт дараалал үүссэн байх бөгөөд дийлэнх нь ази хүмүүс байхыг хараад гайхсан шүү.

Жуулчид их ирдэг хотуудын нэг тул гудамж талбайд урлагийн үзүүлбэр, дуу хөгжим, уран зураг, илбэ гээд тогтож харвал энгийн зүйлсийг их л янзтай болгон хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах чөлөөт уран бүтээлчид олон. Мөн үзэж харах байгалийн үзэсгэлэнт газар ихтэй. Эндхийн монголчууд өөр хоорондоо ажил, заваа тохируулан бөөнөөрөө хамтдаа эсвэл анги хамт олонтойгоо үе үе групп аялалаар явдаг. Ажиглаад байхад энд амьдарч байгаа бүх л хүн их бие даасан шинжтэй, хэн хэндээ саад тээр болно гэж үгүй. Харин хэн нэгэнд нь хэцүү зүйл тохиолдвол бөөндөө тусалж дэмжиж, жаргал зовлонгоо хуваалцаж ижил зорилготой бие биедээ аль болохыг туслахыг хичээдэг нь сайхан. Хамгийн гол нь хүн өөрөө л хичээвэл дэлхий эргэдгээрээ л эргэж, амьдрал өрнөдгөөрөө л өрнөсөөр байна.

Дараагийн нийтлэлээрээ Сиднейн түүхийн дурсгалын талаар нийтлэл бичих болно...
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(356)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: selenge.   2017-11-05
_good

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com