ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон

Одууд  | 2014 / 05 / 07

Уран зураг нь ахуй байгалиас, утга зохиол нь аж байдлаас, хувцас загвар нь хуучны дугуй зах, өнгөний цөөн хэдэн кодчлолоос гажиж хэтрэлгүй, манай орны соёлын бүтээлүүд нэлээн хэдэн арван жилийг нэгэн баригдмал урсгалаар үдсэн. 60-аад оны өгүүллэг, 70-аад оны өгүүллэгийг уншихад бичилтийн хэв маягийн хувьд ялгаа бараг л мэдэгдэхгүй. 80, 90-ээд оны уран зургуудыг хооронд нь харьцуулж харахад ч тийм онцгой өөрчлөлтийг олж чадахгүй. Гэхдээ Б.Галсансүх нүцгэн зургаараа номоо хавтаслаж, зураач С.Саранцацралт гадаад харагдахуйг биш дотоод мэдрэхүйг илэрхийлсэн үзэсгэлэнгээ анхлан гаргасан 90-ээд оноос хойш байдал арай өөр болж эхэлсэн юм.

Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон
*"Даашинзтай" долоо хоногийн онцлох нийтлэл

Урлагийн салбаруудад задрал, хэвшмэл маягийг эвдэх оролдлогууд хаа сайгүй цэцэглэж, одоо олон урсгал болон хөгжиж байна.

Энэ дундаас хувцас загварын салбарт л шинэчлэлийн салхи харьцангуй сүүлдэж үлээсэн билээ. 2000, 2005 оны Гоёл наадмын загваруудын хооронд тодорхой дэвшил анзаарагдахгүй хэвээр л байлаа. Гэхдээ өнгөрсөн 5 жилийг эргээд харвал Цоло Мөнх, Ариунаа Сүри, Катя Зол зэрэг Монгол брэндийг дэлхийд таниулах алхам хийсэн чадварлаг дизайнерууд төрөн гарч, үндэсний ноолууран эдлэлийн үйлдвэрүүд трендийг маш сайн шингээдэг болсон байна. Манай орны фейшн салбарын дараагийн үеийг эхлүүлэгчдийн дунд The Hand Team, S.M.O.K зэрэг хаа сайгүй өөрсдийнхөөрөө “хашгирахаар” зэхэж яваа шинэхэн брэндүүд ч олон бий. Тэдний нэг Michel & Amazonka-ийн эгч дүү дизайнеруудтай, өөрсдийнх нь дэлгүүр Trend Shop-д зочлонгоо цаг гаруй ярилцсанаа доор сийрүүллээ. Загварт хорхойсогч хүн дизайнеруудтай буу халаад суухаар ямархуу яриа өрнөх билээ, яг тийм л яриа өрнөсөн.

1. Тус тусдаа хувцсаа “туурвидаг” байсан эгч дүү хоёр нэгдэн, хамтдаа анхны коллекцоо гаргаж шоугаа хийсэн нь дөнгөж өнгөрсөн жилийн 11-р сард юм байна. Гэхдээ тэрхүү коллекц бүтэхийн тулд 2 жилийн хугацаа шаардагджээ. Жижигхэн талбайтай боловч байн байн өмсөж үзээд л баймаар олон бараатай дэлгүүрт нь ороод, гадуур хувцсаа тайлав уу үгүй юу л, би яриагаа яаруухан эхлүүллээ.
2. Өнгөрсөн өвөл гаргасан “Unique” коллекцдоо ихэвчлэн завсрын, гүн, хар, цагаан өнгөнүүдийг ашигласан харагдсан. Харин 2014 оны хавар зуны коллекцод нь тод, хурц өнгө голдуу анзаарагдлаа. Энэ коллекцийн санаа юунаас төрсөн бэ?
Эхний коллекц илүү гоёлын талдаа байсан. Тиймээс энэ удаад “Michel & Amazonka”-д хоёр өөр хүн, өөр ертөнц байгаа шүү гэдгийг, хэрэглээний тал руугаа ч хувирч чаддаг гэдгээ харуулахыг хүссэн. Бид хоёр уг нь өнгөнд их дуртай, харин манайхан хар, бараан хувцас их өмсдөг юм байна лээ. Өмсөөд үзэхэд хүн болгонд л зохиж байсан ч, тод пальто, хувцсыг зориглож авах нь арай цөөн байдаг юм шиг харагдсан. Ерөнхийдөө сүүлийн үеийн фейшн чиг хандлагыг, хүмүүсийн хэрэгцээтэй уялдуулан шинэ коллекцоо гаргасан.
Дизайнерууд загвараа дан өөрсдийн мэдрэмжээр зохиож урламаар байсан ч, борлуулалтаа өндөр байлгахын тулд эхний ээлжинд моод дагахаас өөр аргагүй болдог байх?

Тийм шүү. Худалдан авагч нарт өндөр түвшний загварууд тийм ч хэрэгцээтэй биш. Өдөр тутамдаа өмсөж болохоор, гэхдээ гоё харагдах хувцас эрэлхийлдэг үйлчлүүлэгчиддээ зориулж энэ загваруудыг хийсэн юм. Харахад хэчнээн нүд баясмаар урлагийн бүтээл хийлээ гээд хүн өмсөхгүй бол залуу дизайнеруудад хөл дээрээ босоход хэцүү. Тиймээс Haute Сouture-аас Pret-A-Porter луу зайлшгүй хувирах хэрэгтэй болдог. Хэдийгээр хэрэглээнд зориулсан загварууд гаргасан ч бид хоёр зураг авалтын тал дээрээ ч болов зохиомжтой, мэдрэмжтэй хандаж “High fashion” тал руу нь оруулж өгөхөөр оролдох болно.
(Зургийг Mestudio: https://www.facebook.com/www.mestudio.mn)
3. Та хоёр брэндээ дөнгөж эхлүүлж байгаа ч Haute Couture, RTW-ийн аль алийг нь гаргаад үзчихжээ. Урлагийн бүтээл шиг ховорхон загварыг өөрийн гараар тусгайлан гаргах, үйлдвэрлэлд зориулагдсан өдөр тутмын загвар гаргах хоёроос дизайнер хүний авах сэтгэл ханамжийн ялгаа юу вэ?
Haute Couture загвар гаргах нь мэргэжил нэгтнүүддээ ямар хэмжээний дизайнер гэдгээ баталж харуулах хэлбэр юм. Энгийн хүмүүст тийм ч хүртээлтэй биш л дээ. Харин RTW-ээр гаргасан загварыг нь хүмүүс хэр ихээр худалдаж авч байгаагаас дизайнер хүний чадвар эсрэгээрээ олон нийтэд харагддаг гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүст үнэлэгдэх, олон үйлчлүүлэгчид таалагдах хоёр төрлийн сэтгэл ханамж авдгаараа ялгаатай гэх үү дээ. Гэхдээ одоогоор бидний эхний ажлууд л гараад байгаа учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Магадгүй музейд тавигдах бүтээл гаргасны дараа илүү гоё хариулах байх. Загвар зохион бүтээгч бол залуугаараа алдар нэрд хүрдэг мэргэжил биш гэж бид боддог. Жил өнгөрөх тусам улам туршлагажих учраас Michel, Amazonka хоёр цааш хаана ч хүрч магадгүй.
Жил бүр Haute couture загвар гаргалаа гэхэд түүнийг нь зохих хэмжээнд хүлээн зөвшөөрч, худалдаж авах хэрэглэгчийн сэтгэлзүй манайд бэлтгэгдсэн болов уу?
10 жилийн өмнөхийг бодвол манайхны загварын мэдлэг маш их дээшилсэн. Манай дэлгүүрт жирийн оффис хувцаслалттай эмэгтэй орж ирээд тэр бүсгүй өмсөнө гэж санаанд орохооргүй, авангард тал руугаа Haute couture даашинзыг маань шинэ жилийн үдэшлэгтээ зориулан худалдаж авч байсан. Хүмүүсийн загварын мэдрэмжийг таашгүй. Гэр хорооллоос ч гайхалтай загвар гарахыг үгүйсгэхгүй.
4. Уран бүтээлчдийг харахад, зурагчин, дуучин, зураачийн аль нь ч бай оюун санаагаараа эсвэл биеэрээ хаа сайгүй аялал хийж байж шинэ санаагаа олдог юм шиг санагддаг. Та хоёрын хувьд ямар байдлаар аялал хийж санаа олдог вэ?
Michel: Одоогоор интернэтээр бас хотынхоо гудамжаар аялаж байна даа. Орчноосоо тасартал сайхан зүйл үзэж харсны дараа унтаж ч чадахгүй, шөнөжин нүдэнд шинэ загварууд буух тохиолдол зөндөө.
Amazonka: Миний хувьд гадуур явж байгаад хажуугаар зөрсөн өвөө нарын хувцаслалтыг их эргэж хардаг. Пиджак, цамц, зангианых нь хуучирсан өнгө, загварын зохицлоос нь эрэгтэйлэг хувцсыг эмэгтэй рүү шилжүүлэхэд минь туслах олон гоё санаанууд төрдөг шүү.
Michel: Хувцас загвар яг л сайн хоол, сайн амралт шиг. Юуг ч хараад онгод орж ирж болно. Ихэвчлэн анх зурагдсан эскиз явцын дундаа өөрчлөгдөж, баяжсаар явсны эцэст хувцас төрдөг. Эхний санаа тэр чигтээ үлдэх нь их ховор. Гэхдээ хэдэн долоо хоног хичээж хийсэн хувцас хүмүүст тийм ч их үнэлэгдэхгүй хэрнээ, нэгхэн өдрийн дотор хийсэн хувцас үйлчлүүлэгчдийг гайхшруулах нь ч бий.
Яруу найрагч нар ч бас ингэж ярьж байхыг олон сонссон. Өөрийгөө зовоож, оюунаа шавхаж бичсэн шүлэг нь биш, хэдэн секундын дотор сэтгэгдлээрээ бичээд орхичихсон хэдэн мөр нь хүмүүст таалагддаг аа гэж...
Манай багш хэлдэг байсан юм. “Няам няам няам” гэж тамшаалж зурсан зураг утгаа алддаг. Тиймээс шууд татлах хэрэгтэй. Яг таталсны дараа буусан дүрсээс л мэргэжлийнхээ хувьд ямархуу яваа нь харагддаг гэж. Бүтээл бүр товч бөгөөд тодорхой байх ёстой гэж бид боддог.
5. Өөрийн загвараа санасандаа хүртэл хийхэд төсөөлөлд буусан шиг материал олох нь их эрэл хайгуул шаарддаг байх. Та хоёр ямар материалд “унаж тусан” дурладаг вэ?
Материалын чанар бид хоёрын хувьд хамгийн чухал нь. Бид жижигхэн хэсгийг ч торго, шиффон, кружева зэрэг байж болох хамгийн чанартай, тансаг материалаар урлахыг хүсдэг. “Michel & Amazonka” гэж хэн бэ гэвэл үүнийгээ л хэлнэ. Хямд фактур материалаар өөрсдийгөө илэрхийлдэг сайн дизайнерууд бий л дээ. Гэхдээ манай брэндийн онцлог бол дээд зэрэглэлийн материал.
6. Дэлхийн хувцас загварын баялаг түүх дундаас та хоёрт харах бүрт шинэ санаа төрүүлдэг онцгой загвар бий юу?
Jean Paul Gaultier-ийн 1990 онд Мадоннад зориулж зохиосон ягаан шаргал өнгийн эвэртэй корсет. Яг тэр корсетоо 2013 оны коллекцдоо ахин оруулсан байсныг нь Леди Гага эргүүлэн тайзнаа авчрах жишээтэй. Алдартай дизайнерууд өмнө нь гаргаж байсан гайхалтай загвараасаа санаа аван, сайжруулалт хийх нь элбэг байдаг. Загварын хамгийн дүрсгүй жаал Gaultier-ийг л гэхэд одоо эвэртэй корсет, хар цагаан судалтай цамц хоёр нь тодорхойлж байна.
Jean Paul Gaultier-ийг корсет, усан цэргийн хувцсаар нь танина гэдэг шиг Michel & Amazonka-г материалаар нь танина гэвэл зөв үү? Үүнийгээ л алдахгүй гэдэг брэндийн үндсэн агуулга...
Бид өөрсдийгөө олсоор яваа.
7. Хааяа “Хувцас бурхан бие чөтгөр” гэдэг үг үнэн юм шиг санагддаг. Дизайнер хүний үүднээс хариулвал хувцас тухайн хүний имижийг илэрхийлэх, бие галбирын өө сэвийг далдлах үүргийнхээ алийг нь илүү биелүүлэх ёстой вэ?
Аль алийг нь л. Гэхдээ дизайнерийн хувьд туранхай бүсгүйчүүдэд бид хоёр илүү дуртай, учир нь тэд хувцасны загварыг илүү товойлгож чаддаг юм. Дотоод сэтгэл нь сайхан, юу ч өмссөн маш гоё амилуулдаг мяраалаг бүсгүйчүүд байдаг ч тун цөөн. Тийм учраас хувцас бүрийнхээ загварыг тодосгож харагдуулдаг гэдэг үүднээс нь бид хоёр илүүдэл жингүй байхыг л дэмждэг. Vera Wang-ийн даашинз зөвхөн S размертай бүсгүйд л таардаг болохоор үйлчлүүлэгчид нь үүнд нийцэхийн тулд фитнесст явж, биедээ анхаардаг даа? Бид хоёрын гаргасан хувцас ч бас тийм байгаасай гэж хүсдэг.
8. Гаргаж буй загвар нь дизайнерынхаа зан араншингийн тусгал гэдэгтэй санал нийлэх үү?
Michel: Санал нийлж байна. Зан араншин бүтээлд шууд тусдаг. Би дүүгээсээ илүү эмэгтэйлэг, романтик тал руугаа зүйлд дуртай. Тиймээс ч миний загварууд ихэвчлэн гоёлын, үлгэрийн хэв шинжтэй байдаг. Гэхдээ өнгө, материалын тал дээр бид хоёр хоорондоо маш сайн ойлголцдог л доо.
Amazonka: Миний эгчээсээ ялгарах зүйл бол хэлбэр. Эгчийнх их зөөлөн, уянгалаг байдаг бол минийх өнцөг, дүрсийг илүү их ашигласан байдаг. Гэсэн ч бид хоёр бие биедээ уусч, биенээ сайн мэдэрдэг.
9. Michel & Amazonka брэндийн мөрөөдөл?
Үүнийг анх эхлүүлж байхдаа бид хоёр Монголынхоо Chanel, Versace-ийн хэмжээнд очихыг хүсдэг байсан. Гэхдээ хувцас загварын салбар глобал учраас дизайнер хүн ер нь гадагшаагаа сэтгэх хэрэгтэй юм билээ. Одоо бол дэлхийн брэнд болохыг л хүсдэг. Яагаад болохгүй гэж? Том мөрөөдөж байж л том авдаг шүү дээ. Үүнээс гадна бид хоёр хажуугаар нь Монголдоо хувцасны үйлдвэрлэлийг дэмжих том хүсэлтэй. Залуучууд ихэвчлэн Хятадын бараа өмсөж байна. Topshop, Mango зэргээс дутахааргүй загварыг гаргах сэтгэхүй манай дизайнеруудад уг нь байгаа. Тиймээс бэлэн хувцасны чиглэлд ч, мэдрэмжээ илэрхийлэх чиглэлд ч, аль алинд нь юм хийж бүтээхийг хүсдэг. Ульяна Сергеенко Оросынхоо дээр үеийн хэв маягийг шингээсэн загваруудаар дэлхийд гарсан шиг, бид ч бас Монгол соёлоо тусгасан тансаг загваруудаар танигдахыг хүсч байна.
10. Нэг гэрээс хоёр дизайнер төрсөн нь надад их сонирхолтой санагдаж байна. Та хоёрыг хувцас загварт дуртай болоход гэрийнхний нөлөө байсан уу?
Michel: Ээж маань бурхны хатгамал их хийдэг, эмээ маань дээл урладаг хүн байсан. Энэ мэдээж нөлөөлсөн л байх. Гэхдээ манай гэрийнхэн ер нь их даруухан хүмүүс учраас урлагийн замыг сонгохдоо аль аль маань эсэргүүцэлтэй тулгарч байсан. Манай Зонка чинь бас Starfish амьд хөгжмийн хамтлагт дуулдаг. Хоёр бага нь хоёулаа урлагийн чиглэлийг сонгосон болохоор их сургуульд орох гэж бөөн юм болж байсан.
Amazonka: Тухайн үед бид хоёрыг зүгээр л энэ мэргэжлийн үзэмжинд нь дурлаж байна гэж бодсон юм шиг байна лээ. Гэхдээ бид хоёрт чин мөрөөдөл байсан. Би л гэхэд анх Хүмүүнлэгт орчуулагчаар сурч байсан ч, аав ээждээ хэлэлгүйгээр сургуулиа дундаас нь хаян барин байж Урлах-Эрдэмд элссэн хүн.
Michel: Өөрөө тогоон дотор нь байсан болохоор дүүгээ надтай адилхан болно гэхэд нь хамгийн их эсэргүүцсэн хүн бараг би байх. Загварын салбар маш их өрсөлдөөнтэй, бас дизайнер хүн гэдэг секунд ч зүгээр суулгүй, тогтвортой ажиллаж байж л амжилтанд хүрдэг. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор энэ салбарт тохирохгүй гэж боддог байлаа. Гэтэл хар л даа? Тэр одоо миний загварыг, бас намайг хамгийн сайн ойлгодог хамтран ажиллагч.
11. Миний мэдэх хувцасны дизайнерууд дунд интерьерийнх болгож мэргэжлээ өөрчлөх юм уу, зүгээр л оёдлын цех ажиллуулж байгаа хүмүүс мэр сэр бий. Энэ мэргэжлээр амьдралаа залгуулах итгэл найдвар олж харахгүй байгаа болохоор л үүндээ эзэн болохгүй байна уу даа гэж бодсон?
Ерөнхийдөө дизайнер хүнд гараагаа тавихад санхүүгийн бололцоо их шаардлагатай нь үнэн. Гэхдээ үүнийг тийм ч том бэрхшээл гэж харахгүй байна. Олон хүн өөрийнхөө нөөц бололцоо, хүсэл мөрөөдлийг бодолцолгүйгээр зөвхөн хувцас загварт “дурласан” сэтгэлээрээ энэ мэргэжлийг сонгоод дундаас нь орхидог юм шиг санагдсан. Дизайнер байх гоё гэж бодохоосоо илүү би өөрөө хэн бэ гэдгээ олох хэрэгтэй. Үүнийг хийх хүн мөн гэдэгтээ бат итгэлтэй байж гэмээнэ загвар зохион бүтээгч болох юм билээ. Ерөнхийдөө эмэгтэй хүн болгонд энэ мэргэжлийн тансаг чаминд нь татагдах шунал байдаг шиг байгаа юм.
Гоёлын даашинз урлах үе шатуудаас хамгийн кайфтай нь аль вэ?
Хүсч хийдэг болохоор бүх мөч л гоё доо. Гэхдээ даашинз маань гаргасан эскизийн дагуу яг таг бий болж, төсөөлөл бодит байдал хоёр нэгэн цул болох үе хамгийн гоё нь. Бас өрөөстэй олон материал дундаас яг санаандаа нийцсэнийг олох маш, бүр маш гоё.
12. Брэндийн зорилго хэдий гадагшаа чиглэж байгаа ч Монголын дизайнерууд дундаас хүндэлж биширдэг хүн бий байх?
“Цоло Мөнх”! Тэр хүн савхиар жинхэнэ тоглож чаддаг. Материалаас материал гаргаж ёстой л урлагийн бүтээл хийдэг дизайнер шүү дээ. Хаана ч очсон Монголоос ирсэн гэхэд “Монголын мундаг дизайнеруудаас Цоло Мөнхийг таних юм байна” гэж хэлдэг.
(Зураг: “Tsolo Munkh” брэндийн загвараас)
13. Тэгвэл дизайнераас өөр, шинэ санаа хөглөдөг хайртай уран бүтээлч чинь?
Michel: Японы энимейтор, найруулагч Хайо Мияазаки. Би ерөнхийдөө үлгэрийн, мөрөөдлийн, зүүд шиг, “Яг ийм юм байдаг бол гоё оо” гэж бодогдохоор зүйлсэд их татагддаг. Гэтэл Мияазаки бүр “Яг ийм юм байдаг бол гоё оо”-оос ч хэт давсан гайхамшгийг бүтээдэг.
Amazonka: Би харин амьдрал дээр байдгаас тэс хөндлөн, эвэртэй туулай шиг, анти талдаа урлагийн төрлүүдэд дуртай. Граффити их сонирхдог. Гудамжны урлагийн төрлөөс Banksy их таалагддаг.
14. Загвар өмсөгч Нора та хоёрын байнгын үйлчлүүлэгч үү? Michel & Amazonka-ийн даашинзыг өмсөөд зургаа авахуулсан байхыг нь харсан юм.
Michel: Нора бидний сайн найзуудын нэг, бас бид хоёрыг хамгийн ихээр дэмжигч. Норагийн мэдрэмж бид хоёрыг их гайхшруулдаг. Зураг авалтууд нь ямар гоё билээ дээ? Анх Нора нэг арга хэмжээний үеэр нүүрээ будуулах гэж орж ирэхдээ миний хийсэн нэг даашинзыг хараад “Өөөх, би энийг чинь өмсье” гэж уулга алдаад танилцаж байсан юм. Тухайн үед би түүнийг биширдэг байсан болохоор маш их баярласан. Тэр цагаас хойш байнга хамтран ажиллаж байгаа. Нора бид хоёрыг маш сайн ойлгодог. Хамгийн анхны коллекц гарахад хэдхэн хоног үлдчихээд байхад бид хоёр айхтар муудалцаад холбоогоо тасалчихсан байсан юм. Яг тэр үед Нора бид хоёр луу хоёулан луу нь залгаад “Би ч бас эгч дүү нарын харилцаа ямар байдгийг мэднэ. Яг одоо бууж өгвөл та хоёр бусад хүмүүст байраа тавьж өгч байгаагаас ялгаагүй” гэж хэлээд эвлэрүүлж байсан хүн дээ.
15. Материал нь олдохгүй гээд байхад л хөшигний цацагны утсыг нэг нэгээр нь хөвж байгаад өөрийнхөө хүссэн даашинзыг урлан дипломоо хамгаалж байсан эгч Michel, эрэгтэй эмэгтэй хослолыг огт өөрөөр хэлбэржүүлсэн коллекцоороо гараагаа эхэлж байсан дүү Amazonka-Тэд одоог хүртэл загвар зохион бүтээгчийг оёдолчинтой адилаар ойлгож байгаагийн эсрэг хатуу байр суурьтай зогсдог гэсэн. “Өөр хэн нэгний бүтээсэн даашинзыг барьж ирээд илүү гоё болгоод өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа хүмүүсийг бид хоёр хүлээж авдаггүй. Энэ бол барилгын менежрийг тоосго өр гэж байгаатай л адилхан. Бидэнд хандаж байгаа хүмүүс Michel & Amazonka-ийн хувцсыг л өмсөх ёстой” гэж хэлээд эгч нь ярилцлага эхлэхээс дуусах хүртэл хайчлах, янзлах, оролдох зэргээр гараа салгаагүй цацган чимэглэлээ ширээн дээр тавихад нь би ч бас Voice recorder-оо унтраасан юм.
*Зураг: 6,12,13 дугаараас бусад, нийтлэлд ашиглагдсан бүх зураг Michel & Amazonka-ийн бүтээл юм.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(871)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com