ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо яриа: Найрах арга чинь зөвдөөд байна!

Хайр & секс  | 2014 / 05 / 15

Өнгөрсөн удаа бид анхны болзоон дээрээ бүтэлгүйтсэн залуусын тухай ярьж эрэгтэй хүний ямар чанар эмэгтэй хүний хувьд хамгийн “дэмий” санагддаг талаар өөрсдийнхөө бодол, туршлагыг хуваалцацгаасан. Харин энэ удаа найрах арга нь зөвдөж, саадгүй найрагдсан түүхүүдээ ярьцгаалаа. Энэ удаад хүүхнүүдийн ярианаас илүү бидний дунд ганцаараа сууж байсан илэн далангүй нэг эрэгтэй найзын маань яриа давамгай болсон байгаа. Ширээ тойрсон, ам халсан, инээдэм ихтэй ярианд маань чи ч бас нэгдэнэ биз дээ?

Гоолингоо яриа: Найрах арга  чинь зөвдөөд байна!

Яаавлаг: Бүгдээрээ өөртөө хамгийн гоё сэтгэгдэл үлдээсэн болзоогоо эргэн санацгаая.
Э залуу: За, би чинь одоо хэнтэй гоё болзлоо?
Зулсар: Надад 2 жилийн өмнө Никитоны тоглолт үзсэн болзоо хамгийн тод санагдаж байна. Түүнтэй танилцаад 10 хоносон байлаа. Тэр тоглолтын дараа л бид хоёр анх тэврэлдэж билээ.
Э залуу: Би бол ингэж бодож байна. Зүгээр гоё болзооныхоо тухай ярьч гэвэл хүн бүр хамгийн их таалагдсан хүнтэйгээ хийсэн болзоогоо л ярина шд. Тийм учраас тэр болзооны агуулга нь, бүтэц нь, орчин нь ч гэх юм уу их онцгой санагдсан гэж яривал гоё юм биш үү?
Зулсар: За байз, тэгвэл... Бас л тэр залуутай л даа. Бид хоёр хоёулаа олон хүнтэй газар байх дургүй байсан учраас байнга хүнгүй газар эрэлхийлж явдаг байлаа. Бидний өвлийн болзооны газар бол Туул гол байсан юм. Намайг анх тийшээ аваачна гэдгээ огт хэлээгүй. Зүгээр л хүнгүй газар баймаар байна аа гэж намайг хэлсэн чинь тэр өөрөө мэдээд шууд л жолоогоо эргүүлчихсэн. Их орой болчихсон байсан, тэгээд яваад яваад л байлаа...
Э залуу: Тэгсэн чинь айгаад уу хаха.
Зулсар: Тэр чинь айхааргүй нөхцөл байдал байсан юм аа. Бид хоёр гол дээр очиж цэвэр агаар амьсгалж бургасан дундуур алхсан. Өвөл учраас гол битүү мөс. Хараад л “Хөөөх, ямар гоё юм бэ?” гэж уулга алдаж байгаа юм чинь. Тэгээд мөсөн дээр хэвтээд л. Ер нь хүмүүсээс өөр зүйл сэтгэж олсон залуу бол өөртөө том оноо авч байгаа юм л даа.
Ариуннандин: За, би ярья. Нөхөртэйгөө танилцаад удаагүй байлаа. Тэнгист “Mr&Mrs Smith” гарч байсан юм. 10 хоног мессежээр харилцчихаад анх удаа уулзаж кинодох гэж байлаа л даа. Би утасгүй байдаг байв. Дээр үед юм чинь. Ээжийнхээ юм уу, аавынхаа утаснаас мессежилдэг байсан юм. Товлосон цагтаа очих гээд гарсан чинь гэнэт усан бороо асгачихдаг юм байна. Би хурдхан шиг гүйгээд л очсон. Анх танилцахад манай нөхөр чинь яг Есүс шиг лаг сахалтай байсан юм. Гэтэл тэр өдөр очсон чинь сахлаа хусчихсан, нээх “нүцгэн” юм шиг, харчихаад танихгүй өнгөрчихлөө. Арай гэж над дээр ирж байж уулзтал тэр надаас санаа зовсондоо ээжийн утас руу залгачихсан байсан. Манай нөхөр чинь анхныхаа болзоон дээр хадам ээжтэйгээ танилцчихсан юм даа. Киноны дараа усан дээгүүр харайж гүйгээд л, нэг газар орж суусан чинь нөгөөдөх чинь надад тамхи татаад утааг нь бөөрөнхий гаргадгаа гайхуулж яриад л. Би чинь “Хөөх” гээд л бишрээстэй. Тэгсэн чинь харих замдаа гарнаас хөтлөөд авдаг юм байна. Анхны болзоо тийм байлаа гэж.
Lulu: Би харин нөхөртэйгөө шинэ жилийн үеэр анх болзож байлаа. 33-р сургуулийн ард нэг том талбай байдаг даа? Тэнд хоёулаа цасаар байлдаад. Намайг шидэх болгондоо оноод, би ерөөсөө онож чаддаггүй ээ. Шарандаа уур хүрээд, сүүлдээ уйлж бариад. Дараа нь хоолонд орж, бас котоктсон гэж байгаа. Маш их зүйлийг амжуулсан болзоо байжээ. Өөр нэг надад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл санаанд орчихлоо. 6-р ангид байхад надад нэг банди таалагддаг байсан юм. Бид хоёр хоорондоо нууцаар утсаар ярьдаг байхад тэр намайг гэрт хүргэж өгнө өө гэж хэлэхээр нь би итгээгүй юм л даа. Тэгсэн чинь маргааш нь намайг хичээлээ тараад харьж явсан чинь ард хөлийн чимээ дагаад л байдаг юм байна. Би сонсонгоо алхаад л байсан. Явсаар орцондоо орж, лифт ажиллаж байсан ч албаар шатаар өгсөж чимээг нь сонсоод л. Яг тиймэрхүү маягаар тэр намайг гурав дөрвөн удаа дам хүргэж өгч байсан юм. Тэр үед өвөл байсан болохоор алхаж явах үед нүүрсний утаа их үнэртдэг байсан. Одоо нүүрсний утаа үнэртэхээр л тэр санаанд ордог.
Зулсар: 2-р курст танилцах үдэшлэгээсээ тарахад намайг нэг залуу ирж авч байсан юм л даа. Бид хоёр 6 сарын турш утсаар ярьж байгаад анх уулзаж байгаа нь тэр. Би хиймэл сормуус наачихсан, тэрийгээ гоё гэж бодоод тэр чигтээ уулзаж байна аа. Аягүй царайлаг байхдаа уулзлаа, ашгүй ухааны юм санаад л. Бодохоор л ичээд байдаг юм, одоо бол би хэзээ ч тийм байдалтайгаар анхны болзоонд явахгүй. Би тэр үед хүмүүс уулзаад нэг кино л үздэг гэсэн ойлголттой байсан чинь тэр надад анх удаа “Хоёулаа хоёр кино үзье” гэж хэлж байсан юм. Бас их өөр байгаа биз? Хаха. Тэгэхэд анх удаа Өргөөгийн VIP-д орж үзэж байсан байхгүй юу. Тухайн үедээ ямар гоё юм бэ гээд л их сүртэй хүлээж авч байлаа.
Ариуннандин: Манай нэг найзыг кинотой болзоондоо яваад очсон чинь уулзсан залуу нь “Чи хүүхдийн билетээр үзнэ биз дээ?” гэж асууж байсан гэсэн.
На Ри: Намайг Италид сурч байхад нэг өдөр хичээл дээрээс захирал дуудаад болдоггүй ээ. Гайхаад очсон чинь “Танай хамаатан энд ирчихсэн. Чамайг тосч авахгүй бол энд хэл нэвтрэлцэхгүй гэж байна. Хурдан яв” гэж хэллээ. Би гайхаад онгоцны буудал дээр очсон чинь миний нэг эрэгтэй найз байсан. Тэгээд л хамт усан үзмийн талбайд вино хийдэг “үдэшлэг”-т очиж байлаа. Их дурсгалтай болзоо гэвэл энэ байна.
Э залуу: Бүсгүйчүүдэд ер нь гэнэтийн болзоонууд их сэтгэгдэл үлдээдэг юм шиг байна тийм үү? Би хуучин найз охинтойгоо Улаанбаатарт танилцчихаад, анхны болзоогоо Эрдэнэтэд хийж байсан юм байна. Би ч дагуулж яваагүй юм аа. Зүгээр ажлаар тэнд оччихсон байсан чинь өөрөө надтай уулзах гээд хүрээд ирсэн юм. Аая. Би ядаж утсаар ярихдаа Эрдэнэтийг баахан рекламдаад, хүрээд ирээч гээд тоглоод хэлчихсэн юм л даа. Тэгье гэхээр нь би тоглож байгаа байлгүй гэсэн чинь “Улаанбаатараас гарчихлаа” гээд утасдсан. Сандраад сүйд. “Запас дугуй чинь байгаа юу?” гэсэн чинь “Тэр нь юу юм?” гэж өөдөөс асуухаар нь бүр сандраад. Ашгүй нэг хотод үлдсэн найздаа захиж байж машиныг нь бариулж ирүүлсэн. Төөрч будилж, дундуур нь сүлжээ тасарч бөөн юм болсны дараа “Эрдэнэтэд ороод ирлээ” гээд ярилаа даа. Зүрх ёстой түг түг түг түг. Төв дэлгүүрийнх нь хажууд зогсож байсан чинь цав цагаан машинаас цав цагаан бүсгүй бууж ирээд л. Хамт явж байсан найзтайгаа аягүй гоё “Юу байна? Зам сайн уу хөгшөөн?” гэж том дуугарснаа яг тэр охин дээр очсон чинь хоолой өөрөө намсаад “Сайн уу”...
Яаавлаг: Ааяаяа. Чи өөрт нь их сэтгэгдэл үлдээсэн болоод л тэр охин чиний араас ирсэн байх аа. Та хоёр яаж танилцсан юм?
Э залуу: Хөлбөмбөгийн үе байсан юм аа. Шөнө тэмцээнээ үзчихээд харих гэж байсан чинь (Би чинь тэр үед шоудаж барихыг мэддэггүй байлаа) найзууд “Охидууд ирнэ гэнэ ээ байж байя” гэж ятгасаар байгаад үлдээсэн юм. Охидууд ч ирлээ. Ихэнх нь яриа хөөрөө сайтай байсан учраас мөс амархан хагарлаа. Гэтэл тэр дунд ганцхан охин чив чимээгүй утсаа л оролдоод байна. Ядаж тэр охин хамгийн царайлаг нь байсан юм. Бүх эрчүүд өнөөхийг чинь тойроод л, утсыг чинь харъя, юу үзэж байгаа юм гэж асуугаад л. Халдах гээд хэн нь ч чаддаггүй ээ. Тэгснээ бүгд караоке орохоор болов. Нөгөө харих гэж байсан хүн чинь худлаа дургүй байгаа юм царайлж хамт яваад байна аа. Дууны ээлж ирэхэд залуучууд нөгөө охиноос “Хоёулаа дует дуу аваад хосоороо дуулъя” мэтийн саналууд тавиад л байлаа. Харин би огт юм ярихгүй сууж байгаад яг харихынхаа өмнө “Утасныхаа дугаарыг өгөөч” гэж нэг асууж авчихаад яваад өгсөн юм. Ерөөсөө тэр орой бүх хүн тэр охинтой яриа өдөх гэж оролдсон ч надаас өөр хэн нь ч дугаарыг нь авч чадаагүй юм даа. Хамт байсан найзын маань нүд бас тэр бүсгүй дээр уначихсан байлаа л даа. Бид хоёр тагтан дээр нь юм яриад л зогсож байсан чинь тэр утсыг нь аваагүйдээ халаглаж байна. “Би авчихсан ш дээ” гэсэн чинь манай найз шууд “Шударга өрсөлдье! Надад дугаарыг нь өгчих” гэсэн. Тэгээд бид хоёр тэр охин руу хоёулаа зэрэг бичиж эхэлсэн юм. Найз маань “Hi yu bna huurhnuu” энээ тэрээ гээд л баахан юм бичсэн гэсэн. Би харин зөвхөн орой унтахынхаа өмнө “Сайхан амраарай” л гэж бичдэг байлаа. Өөр юу ч явуулдаггүй байсан юм. Дундуур нь ганц нэг “Сайхан амраарай. Урьд шөнө сүлжээгүй газар, загасчилж байсан юм” энээ тэрээ гээд өөрийгөө рекламдчихна аа бас. Бас загасанд явсан тухайгаа, үзсэн гоё байгалийнхаа тухай мэйлээр бяцхан нийтлэл маягийн юм явуулдаг байсан.
Зулсар: Бусдаас өөр байх чинь л ер нь түлхүүр юм шиг байна шд, бүсгүйчүүд бидний хувьд . Бас би их сонирхолтой залуу шүү гэдгээ харуулдаг байжээ.
Э залуу: Тэгсээр байгаад түрүүний ярьсан юм чинь болсон байхгүй юу. Эрдэнэтэд ирэхэд нь би бас тэнд үзэж болох бүх гоё газруудыг нь үзүүлсэн. Эрдэнэт чинь байгаль, сувилал, спортын цогцолборуудаараа алдартай. Зурагтаар газрын теннис үзэж байгаад л нөгөө охиныг “Ямар гоё юм бэ? Тоглох юмсан” гэж хэлэнгүүт нь өлгөж аваад шууд “Яг одоо тоглоё л доо” гээд л. Ах зүгээр бүхнийг чадагч шиг байлаа ш д. Маргааш нь манай нэг анчин найз гөрөөлж ирээд, гөрөөсний шинэ махаар шорлог хийчихсэн байсан юм. Ядаж манай найз чинь тогооч. Тэр охин, хамт байсан найзууд нь бүгд энэ аялалдаа маш сэтгэл хангалуун үлдсэн. Тэгэхэд би аймар кок авч байсан шүү. Хандлагаас нь илт мэдэгдэж байсан юм. За, би ер нь баахан өөрийгөө магтчихлаа... За, Эгшиглэн чинь бодвол олон түүхтэй байх тэ?
Эгшиглэн: Олон биш ээ. Ганц л байгаа юм байна. Нарангийн “New York New York”-ийн гадна тагттай хэсгийг тэр чигээр нь түрээсэлж аваад, сарнайн дэлбээгээр зүрхэн тойрог үүсгэсэн газар хоёулахнаа оройн зоог барьж байсан юм байна. Яг кинон дээр гардаг шиг. Кинон дээрээс тиймэрхүү сюрприз олныг харсан байсан учраас “Би лав ийм юманд баярлахгүй ээ” гэж боддог байсан чинь үгүй л юм билээ. Эмэгтэй хүн болгон л тийм романтик зүйлд дуртай юм билээ ш дээ. Дараа нь дэлгэцээр нь кино гаргаж, хөгжим тоглуулж ер нь л их бэлдсэн байсан. Тэр орой нь надад үерхэх санал тавиад би зөвшөөрөөгүй л дээ. Тэгэхээр зөвхөн болзоо нь л таалагдсан байгаа юм. Ер нь тэр залуутай их ч олон гоё болзоо юу яааж байсан юм байна аа...
Э залуу: За, юу яаж байсан энэ тэр гэдгээ болимоор байна аа. Тодорхой л баймаар байна. Хаха.
Эгшиглэн: Өө, нээрээ нэг залуу бүүр орой надад од харуулах гээд хотоос гадагш дагуулж гарч байсан юм байна. Тэгэхэд миний дуртай гэж ярьж байсан бүх дууг CD-н дээр хуулаад бэлдчихсэн байсан нь их гоё санагдсан. Тэгээд хамгийн дуртай дууг минь тавьж байгаад эзгүй хээр газар намайг бүжгэнд урьж байсан. Машиных нь урд зогсож байгаад, тусгасан гэрлийнх нь туяанд эргэлдэж байлаа ш дээ. Ер нь миний хувьд их сэтгэл гаргаж бэлдсэн болзоонууд л гоё юм байна дөө.
Шарлотте: Надад тийм аймар “фенси менси” болзоо байхгүй ээ. Их бодогддог нь гэвэл миний Итали найз залуутайгаа анх үнсэлцсэн өдөр л юм байна. Бие биедээ хэтэрхий сайн хүмүүс чинь нүүр хагарч чаддаггүй юм билээ ш дээ. Залуучуудын хувьд ч яахав ичээд ээрч муурсан жишээ байдаг. Гэтэл тэр залуутай уулзахаар би өөрөө хүртэл тийм чимээгүй болчихдог байсан юм. Нэг өдөр зориг гаргаж хамт өдөржингөө хотоор зугаалж байгаад орой тэр намайг гэрт хүргэж өглөө. Оюутны хотхонд гудамжны гэрэл л тусчихсан, хүнгүй шахуу. Италичууд жирийн найзуудтайгаа салахдаа хацраа зөрүүлж үнсдэг ш дээ, тээ? Намайг тэгж үнсэх гэж байсан юм байна л даа, тэгсэн чинь би ойртохыг нь харангуутаа андуурч очиж уруулаа өгөөд. Үнэн онигоотой. Тэгээд л уруул уруулаараа уулзалдсан даа. Бас надад Сицилийн шөнийн бүлээн устай далайн эргээр болзох мөрөөдөл байдаг.
Алиса: Надад нэг сонирхолтой ч гэх үү, түүх байна. Би нэг залууд анхны болзоон дээрээ уурлаад, усан бороонд түүнийг хорооллоос их дэлгүүр хүртэл алхуулчихаж байсан юм. Би ч яахав өөрөө бороонд норох дуртай. Харин тэр залуугийн гельдэж янзалсан үс л будаа болсон доо. Өөрийнхөө гадаад төрхөнд их анхаарал хандуулдаг тэр залууг тэгж хашраачихаад байхад намайг хоёр дох болзоон дээрээ гэрийнхэнтэйгээ шууд танилцуулж байсан.
Зулсар: Нэг тийм, тэрсүүд юм ер нь хүнд таалагддаг ш дээ. Би нэг удаа найз залуутайгаа өвөл, ажиллахаа больчихсон парк руу нууцаар ороод, агаарын дугуйг нь хулгайгаар ажиллуулаад талбайг нь бүтэн тойрч байсан. Хүний болохгүй гэсэн зүйлийг хийсэн нь л тэр болзооны хамгийн гоё нь байсан шүү.
Эгшиглэн: Санал нийлж байна аа. Би нэг удаа мотоциклтой залуутай болзож үзсэн юм. Хурд нь бүр 270 хүртэл заадаг мотоцикл байсан. Түгжрээн дундуур сүлжээд л. Ланагийн клипэнд гардаг шиг алчуураа хийсгэе гэж бодож байсан чинь сундалж явахаар алчуур байтугай үсээ ч хийсгэх боломжгүй юм билээ. Гэхдээ л надад кайфтай байсан.
Э залуу: Тэгэхээр мартагдашгүй болзооны номер нэг нь болзож байгаа хүндээ байгаа юм байна. Дээр нь нэмээд гарыг нь нууцхан атгаад, дүрэм зөрчөөд, эсвэл чин сэтгэлээсээ их зүйл бэлдээд очвол нэмэх оноо юм байна. Гэнэтийн болзоо бол хэзээд гоё байдаг юм байна. Өөр сая юу юу ярилаа?
Зулсар: Бидэн дунд байгаа ганц эрэгтэй хүний чинь хувьд нэг юм асууя. Бодож төлөвлөж байгаад хийсэн болзооны дараа эрчүүд та нар ямар сэтгэл ханамж авдаг вэ?
Э залуу: Эмэгтэй нь л баярлаж байвал түүнээс сэтгэл ханамж авна даа. Гэхдээ ер нь бол хэзээ ч төлөвлөгөөний дагуу, зуун хувь болдоггүй л дээ. Эрэгтэй хүн бүтэлтэй боллоо гэж ямар ч үед боддоггүй юм аа. Дандаа л дотроо нууц айдастай байдаг. Болдог бол салют буудуулаад, бүх машиныг зүрхэн хэлбэртэй зогсоож бариад, зэрэг жан жан жан гэж сигналыг нь даруулдаг ч юм уу тэ, бүү мэд, тэгж баярлуулмаар л санагдах юм байна ш дээ...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(577)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: 1.   2015-07-03
0hngghjhjhj

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com