ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэр л хуанли, тэдгээр далдуу модод

Чөлөөт цаг  | 2014 / 07 / 09

“Одоогоос 8 - н жилийн өмнө эгч минь надад нойрсдоггүй Лас вегас, далдуу модоор хучигдсан Лос анжелес хотын зурагтай нэгэн хуанли бэлэглэсэн юм. Түүнийг нь миний хувьд ханандаа өлгөж харахаас цаашгүй байсан ч “Хэзээ нэг өдөр тэдгээр гэрэлтэж бүй байшин барилга , уур амьсгал , орчинг өөрөө мэдрэхээр очно доо” гэсэн бодолтой болчихсон. Мөрөөдөх бол биш, зүгээр л амьдралд маань заавал байх ёстой адал явдал, шинэ мэдрэмжийн нэг гэх үү дээ. 2006 оны тэр өдрөөс хойш 8 - н жилийн дараа яг тэр зураг руугаа яваад орчихсон юм шиг л гэнэтхэн оччихно гэж, тэгээд бүр түүнийгээ Гоолингоогийнхоо мянга мянган бүсгүйчүүдтэй хуваалцна гэж зүүдлээ ч үгүй юм шүү.

Тэр л хуанли, тэдгээр далдуу модод

Нөгөө л бодлын хүч, цаг хугацааны тохирол, одоог хүртэл хананд маань өлгөөтэй байдаг 2006 оны хуанлийн сайхан энерги юм болов уу ч гэх зүйл бодогдов. Ийм урт хугацааны түүхтэйгээр нэг л мэдэхэд дал моддоор хучигдсан Лос Анжелес хотыг зорих тасалбараа чанга атгаад , цагийн зөрүүг сум шиг туулахаар онгоцны буудал дээр зогсож байсан нь цасан шуургатай өвлийн нэг өдөр.”

Дээрх хэсгийг олон цагаар нисэж ядарсан биетэй, өдөр шөнөө мэдэхгүй шахам догдолсон сэтгэлтэй явсан болохоор түүндээ дарагдаад мартчихгүйн тулд Гоолингоо дэвтэр дээрээ татлан үлдээсэн байсан юм.

Бөмбөрцгийн эсрэг талд байх, гар барьж танилцаагүй ч оюун ухаандаа чамгүй таньдаг болсон улсынхаа хилээр давахтай хамт өнөөх догдлол, айдас , учир нь олдохгүй цагийн зөрүү минь юу ч үгүй алга болчихсон. Хаа сайгүй дал модод хотоо чимээд инээмсэглэн найгана. Цоо шинэ газрын үнэр, хүмүүс, агаар, тэнгэр, хэл соёл намайг угтлаа. Урт гэж бодсон нэг сарын хугацаа минь одоо бодоход харвасан сум мэт өнгөрсөн ч хүн бүрт хэлж , зөвлөж, инээлдэн ярьмаар дурсамж, туршлагыг би хуримтлуулсан байна.

Ингээд та бүхэндээ “Лос Анжелес” хотоор аялсан тэмдэглэлээсээ хуваалцъя:

1. Америк оронд очихоос өмнө би Солонгосын онгоцны буудал дээр жаахан амраад авсан. Амарсан ч гэж дамжин өнгөрсөн юм. Гэхдээ онгоцны буудал дотор Солонгос орны соёл, ёс заншлыг жаахан ч гэсэн мэдэрч, харж чадсан болохоор үзэх харах юмтай сайхан л байлаа. Үндэсний хувцасаа өмсөөд, энд тэнд очин ёс заншил, өвөрмөц онцлог, уламжлалаа танилцуулахаас гадна Солонгосын цагаан толгойн үсэг, дүрс бичлэг үзэнгээ амарч болох өрөөнүүдийг шийдэж өгсөн байв. Бужигнаж байсан гадаад хүмүүс ч шууд л тойрон цугларч, бичлэг хийж, зураг аван сонирхоцгооно. Монголд ч гэсэн санаа авч хийвэл болохгүй зүйл гэж юу байхав, тийм ээ?
Ингээд Америк тив рүү жолоо залан онгоцондоо суулаа.
2. Сайн уу...?
Нэг л өөр тэнгэр, үүлс
“Америк” гэж бодохоор мэдээж Холливүүдийн кино, клип дээр л гардаг орчин, хүмүүс нүдэнд харагдана. Гол нь намайг энэхүү тив алгассан аялалын минь хугацаанд юу хүлээж байгаа бол гэж бодохоор нойр хүрэхгүй болохоор цонхоо ширтэж, алсын барааг ажиглан суув.
Онгоцонд суух бүртээ мэдээж эхлээд гарын цагаа тааруулна. Тэгээд л аз жаргал, инээмсэглэл эсвэл нулимс дүүрэн гунигтай зүрхээ тэврээд л нисдэг юм. Нэг бол хүссэн газраа очино гэхээс догдлоод, инээдээ барьж чаддаггүй ч бас эсэргээрээ хайртай дассан газраасаа , хэн нэгнээс холдож орхих болдог болхоор нулимсаа ч бас барихад хэцүү. Харин энэ удаад намайг ямар аялал , хүмүүс , орчин хүлээж байгааг огт мэдэхгүй байгаа нь бүр сонин догдолмоор. Түг түг түг...
3. Нэг л мэдэхэд “Америкийн нэгдсэн улсад тавтай морилно уу!” гэсэн самбар нүдний өмнө харагдав. Эргэн тойрон нөгөө л нэг кинон дээр гардаг цагдаа нар нүд цавчилгүй хүмүүсийн үйл хөдлөл, алхам бүрийг ажиглан зогсож байгаа нь сүртэй харагдаж байлаа. Шат дараалсан биеийн байцаалт, үнэрлэгч ноход, хүмүүсийн чухал царай, томоохон онгоцны буудал гээд л нилдээ нэг л сүрдмээр ч юм шиг, аймар ч юм шиг санагдаж байв. Онгоцонд хажууд минь сууж ярилцсан нэгэн Япон найзтайгаа удалгүй салах ёс хийж, хоёр тийш аялалаа үргэлжлүүлхээр боллоо. Бид дэлхийн хаа нэгтээ ахин уулзахаар тохиролцсон юм. Магадгүй өөр нэг онгоцонд эсвэл Парист ч юм уу ? Хэн мэдхэв.
4. Аялал минь онгоцны буудлаас ачаагаа чирж гараад, шинэхэн агаарыг амьсгалсан мөчөөс л жинхэнэ утгаараа эхэллээ. Юуны түрүүнд метроны буудал дээрээс очих газар хүртэлх билетээ авч метронд суув. Би бодохдоо цайвар царайтай хүмүүсийг л олж харах байх гэж бодсон ч үнэндээ Мексик болон Солонгос гээд арьс өнгө, амьдралын хэв маяг, хэл соёл нь тэс өөр хүмүүс нэг дор цугларсан байснаас олон улсын метронд суучихсан мэт л байлаа. Хүмүүсийн байгаа байдлыг ажихад нүднээс нь яагаад ч юм гуниг, айдас ч юм шиг нэг тийм сонин зүйл мэдрэгдэнэ. Тэгсэн би гэдэг хүн шал эсэргээрээ ядарсанаа ч мартчихсан, цоглог царайлчихаад эргэн тойрноо сонжин харж, буух буудлынхаа нэрийг алдалгүй сонсох гээд анхаарлаа төвлөрүүлэсээр явлаа. Хэнээс ч ичиж, санаа зоволгүйгээр шинэ газрынхаа бүх зүйлийг мэдлэг болгон өлгийдөн авахаар шийдсэн юм. Сонирхолтой биш гэж үү?
5. Аялал минь үргэлжилсээр...
Оскарын шагнал гардуулах ёслол болдог Холливүүд дүүрэг, кинон дээр тодоор үзэгддэг Холливүүдийн нэрийн тэмдэг, түүхэнд үлдсэн ба үлдэх оддыг би нэг дор нь харж баясна. Үнэхээр хол мэт санагддаг байсан газар минь ийм ойрхон байх гэж. Гиннесийн гайхамшиг, Лааны тосон музей, гайхширлыг мэдрүүлэx сонирхолтой содон үзэсгэлэнгүүдээр ч бас аялав. 30 доллараар л үзчих боломжтой гэхээр бас л боломжийн санагдсан шүү.
6. Алсын алсад ч зах нь үл үзэгдэх Лос анжелес хотыг би харж байна. Олон орны хүмүүс шуугисан, нүдний өмнө гялалзах Лос Анжелес хот надад шинэ туршлага , шинэхэн агаарыг мэдрүүлсэн юм. Хүмүүс үзээд байх юмгүй, онцгүй гэж хэлж байсан ч надад бол огт тэгэж санагдаагүй. Хүрээлж буй юмс бүхнийг сайхнаар харж , эерэгээр бодох нь хэчнээн САЙХАН зүйл гэдгийг энэ газар шороон дээр хөл тавиад ахин мэдэрсэн юм шүү.
7. Миний дараагийн зогсоол бол “Санта моника” далайн эрэг
Кино зураг авалт болж буй дүр зураг , унадаг дугуй, ролликтой эсвэл хөөцөлдөн гүйлдэх хүмүүсийн чимээ намайг угтав.
Тэнгэрийн хаяа тэнийн
Чимээгүйхэн салхи үлээж байлаа.
Баясан цэнгэлдэх хүмүүсийн шуугиан нь
Санта моникаг чимнэ.
Миний хувьд далайн эрэг бол өөрийнхөөрөө байж, дотоод ертөнцтэйгөө ярилцаж чаддаг сайхан орчнуудын минь нэг болохоор чимээгүйхэн Гоолингоочуудынхаа тухай , өөрийнхөө замнал , алдаа оноо, амжилтуудынхаа тухай эрхгүй бодон суулаа.
8. Лос Анжелес хотын Зургийн музейн дэргэдэх гэрлэн чимэглэлүүд
Зураг дээр харагдаж бүй гэрэлт чимэглэлүүдтэй би уулзахыг их хүссэн юм. Учир нь нэг найзынхаа энд ирж авхуулсан зургийг хараад заавал очно доо гэж зүтгэсээр ирсэн маань энэ л дээ. Санасаныг бодвол олон хүмүүс бужигнаж, зураг аван бичлэг хийж хөгжилдөж байгаа нь ч намайг улам баясгаж байлаа. Оройны 23 цаг болж байхад чимээ шуугиантай, гэрэл гэгээтэй, эргэн тойрон инээд хөөр аз жаргалаар дүүрэн хүмүүсийн хөдөлгөөн... Би огтхон ч гайхаагүй. Яагаад гэвэл энэхүү газрын хүч нь биширмээр байсан юм. Харахад энгийн л гэрлэн шонгууд үзэгдэх ч түүнд нүд баясгах хүч, шөнийг гэрэлтүүлэх хүч, хүмүүсийг инээмсэглүүлэх далдын хүч байдаг юм билээ.
9. Америкийн Нэгдсэн Улсын анхны үндэсний парк болох “Гранд Канён” (Аризона муж )
Ертөнцийн түүхийн нууц болон үнэт зүйлсийг өөртөө шингээсэн байгалийн бүтээл. Миний байрласан газраас нэг шөнө хурдны замаар явж “Гранд Канён” –д хүрэх ба тунгалаг ягаан өнгөөр гялтганаж байсан гээд боддоо. Тэр хосгүй уудам байгалийн үзэсгэлэн гоо, түүхийн дурсгалт газар түүнчлэн түүнийг хэрхэн хамгаалж, ашиглаж, олны хүртээл болгож байгаа нь сэтгэлд минь хүрсэн. Үзэсгэлэнт газруудаа хэсэг хэсгээр нь хувааж, дугуйгаар аялах, машинаар аялах, алхах, автобусаар аялахаас аль нэгийг нь сонгож болох нь их гоё санагдсан. Бид машинаар явж байсан учир тухайн газраа очоод автобусаар аялахыг сонголоо. Очмоор байгаа мөн содон хэсгүүдийг тайлбараас нь харж байгаад л аялав. Автобуснаас буугаад эхний зогсоол энэ зураг дээрх орчин байв. Нүдний минь хүрээнд багтахааргүй байгалийн үзэсгэлэн гоо яг л зураг мэт буусан юм. Жаахан л эвгүй гишгэвэл хальтирч унахаар газар байсан учир айдасыг ч бас мэдэрсэн. Тэр ягаан туяа, наранд тодрох уулс, жуулчидын алмайрах дуу хоолойг сонсонгоо хэсэг зогссондоо. Сүүлд бодсон чинь нэгэн хосын “Гранд канёнд” авахуулсан зургийг би утсан дээрээ хадгалж , хэзээ нэг өдөр очих газар гээд инстаграмдаа хийснээ санав. Бүхий л зүйлс гэнэт юм шиг хэрнээ цаанаасаа л тохиох байсан мэт.
10. Намайг сүүдэр мэт дагасан Далдуу модод
Мартах шахаж , намайг хаана ч явсан сүүдэр мэт дагасан дэвтэр үзэгнээс гадна
Далдуу моднуудаа дурсахаа, дурьдахаа мартаж.
Үргэлжлэх урт замын
Үүлнээс илүү чимэг Далдуу мод...
Анх би Хавайд нисээд ирчихэв үү? гэж өөрийн эрхгүй дуу алдсан. Гэхдээ л удалгүй дассандаа. Дөрвөн зүг найман зовхис руу харсан ч, алхсан ч, гүйсэн ч тэдгээр модод надаас холдож, урваагүй юм. Яг л хүсэл мөрөөдөл, бодол минь надаас холдох биш улам ойртож , биелж , цочирдуулж, хүссэн газрууд руу минь дагуулан явж байгаатай адилхан. Хэзээ ч унаж бутрахгүй, ямар ч үед хажууд минь, зүрхэнд минь байх хайртай Мөрөөдөл - Далдүү модод минь. Тунчиг их өөртөө дурлуулж, тунчиг их нүдийг минь бялхуулж, тунчиг их зураг авахад хүргэсэн дээ. Тун чиг баярлалаа.
11. Баяртай
Эргээд очих газрынхаа цагийг тааруулах цаг иржээ. Эх газраас тасрах мөчид л тэрхүү төгсгөл эсвэл эхлэлийг мэдрэх юм. Зорьж ирсэн газраасаа хөндийрч өнөөх л хуучин агаараа амьсгалахаар суудалдаа суужээ. Тэр газраас явахад жаахан гунигтай байсан ч дараагийн удаа аялах газрын маань шинэхэн эхлэл гэж бодов.
Нэг сарыг нүд ирэмхийн зуур өнгөрөөгөөд, өөртөө дурсамж мөн хөрөг зургуудыг л тэврээд ирсэн байж. Гоолингоочуудтайгаа хуваалцах энэ мөч хүртэл энгийн амьдралынхаа урсгалд орж, нөгөө их эрч хүч, шинэхэн урам зоригийг хаа нэгтээ гээснээ сайтар мэдлээ.
Надад эгчийн минь бэлэглэж байсан тэр л хуанли бас яриа, зургууд л энэ газарт ирэх шалтгаан , хүслийг минь бий болгосон шүү дээ. Алхам бүрт, цаг мөч бүхэнд намайг уйдаагаагүй, нэг ширхэг ч муухай, онцгүй зүйл байгаагүй. Яагаад гэвэл бүгдийг л сургамж , дурсамж ,туршалга гэж харсан учраас. Одоо нойрсдоггүй Лас Вегас хотоор явахыг хүсч байна.
Бүхий л агаар, үнэрт онцгой зүйлс бий юм шүү. Эерэгээр харж, бүгдийг хайрлаж, сайхан үнэрлэн угтан аваарай .
Дараагийн Гоолингоо зогсоол хаана байх талаар та бүхэн минь таагаарай . Мөн санал болгоорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Мишээх
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(147)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2016-10-31
Mash ih taalagdlaa iimerhuuu ayalaliin niitlel oruulj bgaarai goolingoo

Зочин: zochin.   2016-10-31
Ymar goy niitlel we iimerhuu ayalaliin sana onoogoo huwaaltsah niitlel oruulj bwal sn bn aa goolingoo bayarlalaaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com