ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Модернист найрагчтай нэгэн шүхэр дороос үзсэн “Playtime 2014”

Энтертаймэнт  | 2014 / 07 / 24

Бараг л 2 сар гаруйн өмнөөс юмдаа “Playtime” фестивалийн албан ёсны фэйсбүүк хуудсан дээр 2014 оны фестивалын анхны мэдээлэл тавигдсанаас хойш догдлол минь эхэлсэн юмдаг. Өнгөрсөн жил хувийн шалтгаанаар очиж чадаагүйдээ харамсан, харамсан энэ жил 2 өдрийн тасалбараа хэнтэй хамт үзэхээ ч мэдэхгүй, төлөвлөөгүй байж л худалдаад авчихсан юм.

Модернист найрагчтай нэгэн  шүхэр дороос үзсэн “Playtime 2014”

Ингээд хүсэн хүлээсэн өдөр минь ирж ёстой л нүүрээ будаад, нөгөө хувцсаа өмсөөд сэтгэл тогтож ядсаар хоёр яруу найрагч найзтайгаа Хүүхдийн ордны урдаас автобусанд сууж Монгол шилтгээнийг зорьсон юм. Автобусны арын суудалд ам нь хуурай байна гэж байдаггүй хоёр найзынхаа голд суусан болоод ч тэр үү зугаатай л байлаа. Харин автобусанд явах залуусаас амьд хөгжмийн наадамд явж байгаа гэх сэтгэл хөдлөл огт мэдрэгдсэнгүй. Яг л Офицерээс багшийн дээд орох автобусан доторх хүмүүс шиг нам гүмхэнээр амьдардаг хотынхоо эргэн тойрныг цонхоор ширтэн явцгаана. Иймэрхүү анир байдал нь манай залуусын бүрэг, ичимхий зантай ч мөн холбоотой биз ээ. Ингээд бид 40 минутын дараа Монгол шилтгээний үүдэнд буулаа. Бууж ирээд нэг сайхан амьсгаа авчихаад “Соёл – Эрдэнэ” тайзны зүг харвал архан талд нь дүнхийх Баянзүрх хайрханы оройг манан нөмөрсөн байлаа.

Халуун ч биш хүйтэн ч биш яг л амьд хөгжим сонсоод толгой дохин зогсоход таатай өдөр байв. Үүдэнд дугаарласан залуусын араас тасалбараа өгч, бугуйвчаа зүүгээд оронгуут фэйсбүүкээр зүс таних ч нэрийг нь огт мэдэхгүй зарим нэг залуус инээмсэглэн зөрж өнгөрч байсан нь угаас таньдаг хүмүүс дээрээ ирчихсэн юм шиг дотно ажээ. Цааш явж дотогшлох тусам танил залуустай гар барьж мэндлэх нь олширсоор тайзны урд очлоо. Хөтөлбөр дээр“Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн нэртэй 3 тайз зассан байх тухай бичээстэй байсан юм. Миний хувьд “Давалгаа”, “Соёл-Эрдэнэ” хоёр дээр ээлжлэн очиж дуртай хамтлагуудаа сорчилж сонссон бөгөөд ийм боломж олгосон байсныг нь олон жил зохион байгуулагдсан наадмын дэвшил гэж харсан шүү. Энэ жилийн наадмын зохион байгуулалт үнэхээр сайн болж байгаа нь хогийн савнаас хүртэл харагдсан. Уусан ус, ундааныхаа 10 ширхэг савыг зохион байгуулагчид аваачиж өгөөд оронд нь 1 ширхэг ундаа эсвэл ус авах эрх өгч байсан. Мөн цуглуулсан савнуудаараа хогийн сав хийгээд залуусын олноор цугларсан газруудад байрлуулсан нь нүдээ олсон, сайхан санаа байсан шүү. За тэгээд наадмын талаар сайшааж, магтмаар зүйл мундахгүй олон байсан гэж хэлж болно дөө. Майханд хоносон залуус шөнийн борооноор бага зэрэг зутарсныг мэдэрсэн бололтой үйлчилгээний цэгүүд нь шөлтэй хоол, хуушуур бүр бантангаар хүртэл дайлж байсан.

Наадамд хүрэлцэн ирсэн залуусын хувцаслалтыг анзаарвал ихэнх нь сонсдог хөгжмөө илэрхийлэх бараан, хүнд өнгийн хувцас, будалттай. Хотын гудамжнаас хаа нэг улаан хүрэн, час улаан өнгийн уруултай охидыг хардаг бол “Playtime” наадмаас өнгө өнгийн уруулыг, хамгийн урт үстэй залууг мөн хачин этгээд хувцаслалттай хосыг ч харж болно. Ойлгохын аргагүй юм шиг хэрнээ ойрхон бас тэс өөр ертөнц шүү.

Наадмын эхний өдөр The Lemons, Нисванис, The Colors гэх мэт хамтлагууд залуучуудыг “Соёл-Эрдэнэ” тайзны урд цуглуулж доргиосон бол үдшийн 23 цагийн үед урилгаар ирсэн Peter hook& The light хамтлаг Joy division хамтлагийн “She’s lost control”, “Love will tear us apart” дуунуудыг дуулсан нь хамаг биеийн шар үс босгох шиг л болсон. Ёстой л тэнд цугларсан залуусын мэдрэмжийг нэгэн ижил болгож чадсан гэж хэлж болно. Зарим нэг техникийн саатлыг эс тооцвол метал чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлагууд ч хүзүүг минь “гэмтээхээ” шахсан шүү. Харин наадмын 2 дахь өдрөөс 2 хамтлагийг л битүүхэндээ хүлээж байсан нь Моханик болон Мумий Тролль.
Намуухан өглөө
Наашлан айсуй байгаа
Нутгийн минь наран нуухаан арчин байгаа
Нүцгэн тэнгэрийг үүлс нь гоёон байгаа
Нүдийг минь илбээд тун чиг таатай байгаа...
хэмээн Моханик хамтлаг шинэ цомогтоо багтсан “Зөөлөн мишээл” дуугаа хэл хууртай хослуулан тоглож эхэлсэн нь эх нутаг, Монгол соёлоороо бахархах, бардамнах сэтгэгдэл төрүүлж зүгээр зогсохын аргагүй болгочихов.Тэр сэтгэл хөдлөлөөсөө болоод би тэнд ирсэн гадны залуус руу манай урлагийн гайхамшгийг биширцгээ гэсэн харцаар байн байн эргэж хараад ч амжчихсан.

Наадмын бас нэгэн үнэ цэнэтэй зүйл нь огт танихгүй эсвэл зүс таних залуус хоорондоо танилцаж нөхөрлөх боломж олддог нь юм л даа. Миний хувьд энэ жил ч мөн биелэлээ олсон ба сонирхол нэгтэй шинэ танилтай болоод зогсохгүй бараагаа харалцаагүй удсан эртний танил, хүндэлж явдаг яруу найрагч ахтайгаа нэгэн шүхэр дороос тоглолт үзэх ховорхон боломжийг надад өгсөн сайхан наадам боллоо. Харин ирэх жилийн “Playtime”наадмаар хэн гэдэг хүнтэй нэг шүхэр дор толгой дохин зогсохыг хэлж үл мэдэх юм даа...

Оюун ухаан минь одоохондоо л хэрэгтэй хэрэглэгдэхүүн
Ойлгох, мэдрэх, бодох, санах, хүсэх үйлдлийн хөшүүрэг
Зүүдлэхэд зүрхний минь хавхлаг нэг нээгдэж, нэг хаагдаад
Зүгээр байхгүй зүүдээ хүртэл тунгааж, томъёолох илэрхийлэл (Б.Галсансүх)

Зургийг: Н.Нямдаваа

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Тиффани
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(633)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com