ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд!

Чөлөөт цаг  | 2014 / 07 / 24

“ТОП” саванг харахын тулд бус “Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд” гэдэг үгийг нь сонсохын тулд л тэр рекламыг дуустал нь үздэг байснаа санаж байна уу? Байгаль, ан амьтан, хөдөө, аялал гэдэг байнга хотод суудаг бидэнд холын зүйл биш ч яахын аргагүй ховрынх болохоор заавал үзмээр санагддаг ч байж мэдэх юм. Энэ долоо хоногт Гоолингоочуудынхаа байгальтай холбоотой, хөдөө болсон хөгжилтэй дурсамжуудыг нь сөхөж байна. Чамд ч гэсэн нэг бий байх аа?

Асуулга: Нөгөө тэмээ чинь  нулимдаг байна шд!

“Болдог” өдөр
Ээж маань саяхан майхан авсан юм л даа. Түүнийгээ задалж, зугаалгандаа хэрэглэж үзэх гээд бүр хорхойсчихсон, дүү бид хоёрыг хөдөө явъя гээд л бараг сар гуйлаа. Тэгж тэгж саяны амралтын өдрүүдээр л гурвуулангийх нь зав таарч Тэрэлж явахаар боллоо. Өглөө нь эртлэн босож зугаалганы сэндвич, салад янз бүрээр нь бэлдэж ноцолдсоор байгаад 12 цагийн үед гараад л давхилаа даа. Түгжирч түгжирч арайхийж Тэрэлжид очоод майхнаа задлаад сууриас нь дэлгэтэл гэнэт бороо ороод эхэлдэг юм байна. Нэгэнт бариад эхэлчихсэн байсан тул гүрийгээд л бороонд хар хурдаараа яараад “Тэрийг тэрэнтэй нь холбо”, “Гадсаа шаа!” гээд л гурвуулаа бажгадаж өгсөн. Гүйцэтгэл 60%-даа орж байтал майхны хойд тал нь салхинд хөмрөөд цаашаа явчихсан, бороо ширүүсээд, бүр шуураад гурван эмэгтэй хүн яахаа мэдэхээ болиод. Сүүлдээ өөрсдийгөө харж баахан бороонд инээгээд хаха. Авчирсан хүнсээ идэж байхдаа заавал ийм өдрийг сонгож ирдэг гүй ээ мөн азтай улс аа гээд л өөрсдийгөө зөндөө гайхацгааж билээ. /21 настай, Х/

Шөнө дундын яриа
Би зун нэг солонгос жуулчин аваад хөтчөөр явж байлаа. Хөдөө амралтын газраа очоод энд унтана шүү, үүрээр галчин охин орж ирж гал түлнэ, даарвал хажуу орныхоо бүтээлгийг авч нөмөрч болно, хэрэг гарвал би 10 дугаартай гэрт байгаа гээд л нарийн ширийн юмнуудыг зааж өгчихөөд өөрөө унтахаар явлаа. Нэлээн орой очсон л доо, угаасаа. Тэгээд л шөнө ч болсон, яг сайхан дуг нойрондоо автаж байтал хаалга тогшоод. Манай гэрийн хаалга биш гэж итгэхийг хүссэндээ сонсоод л унтаад байлаа. Гэтэл миний нэрийг гаднаас нөгөө жуулчин маань дуудаж байна шүү. “Ямар ядаргаатай юм бэ?” гэж бодоод л хаалгаа тайлтал урт хар үстэй/Эмэгтэй хүн байсан юм/, цагаан халадтай, шүхэр барьчихсан өөдөөс угтахаар нь айсан гэж. Гэтэл гэрт нь нэг ялаа ч юм уу, шумуул нисээд ердөөсөө унтуулахгүй байна, ямар хэцүү юм бэ, яах вэ гээд надаас асууж байгаа юм даа. Би очоод лаг баатарлагаар гэрлийг нь унтрааж өгөөд “Одоо тайван унтаж болно оо” гэсэн кк. /25 настай, М/

Хослон дуулъя
Нөхөр бид хоёр хамт ажилладаг байхдаа хөдөө явах болсон юм. Тэгэхэд арай ч яг сууж албан ёсны болоогүй байсан үе л дээ. Олон хоног явж ажлаа сайхан бүтээчихээд ойрхон байдаг хамаатныдаа очтол айрагны баяр гээд хот айлаараа их том баяр болж байна аа. Бид хоёрыг хотоос ирсэн хүүхдүүд гээд дээшээ суулгачихсан, дайлуулж цайлуулаад хэрэндээ додигор сууж байтал найрын дугараа ч эхэллээ шүү. Би дуундаа муу, манай хүн ч гэсэн. Тэгээд хоёулаа яахаа мэдэхээ болиод, чимээгүй суугаад байвал бусад хүмүүс нь ч дуулж чадахгүй шинжтэй. Тэгэхээр нь би нөхрийнхөө чихэнд шивнэлээ. “Хоёулаа зэрэг босоод “Аялан дуулах чиний минь хоолойтой” гээд эхлүүлье. Тэгвэл хүмүүс аяндаа цаашаа аваад дуулчихна” гэвэл нөхөр ч зөвшөөрч байна. Тэгээд л айрагтай хул наашаа ирэхээр нь баатарлагаар хоёр гардаж аваад бостол би ганцаараа зогсчихсон байдаг юм даа. Эргээд хартал нөхөр маань үүдээр “Машинаа харчихаад ирье” гээд гараад явчихсан. Бантсан шарын эзэн гэгчээр час улаан амьтан “Аялан дуулах чиний минь хоолойтой” гээд л эхлүүлж билээ. /32 настай, Ш/

Гэрээ мартсан Гэсэрүүд
Найзуудтайгаа зугаалгаар явж байлаа. Бас болоогүй ээ, ан хийнэ гээд хөөрөөд эрчүүд нь буу хүртэл авчихсан. Тэгээд явж байтал чононд бариулчихсан үнээ харав аа. Эмэгтэйчүүд нь айгаад харахгүй барихгүй гэтэл эрчүүд нь “Чоно заавал ирж үлдсэн идшээ авна. Бүгдээрээ отоод сууж байх хэрэгтэй” гээд тэндээ манахаар болсон юм. Бүтэн 24 цаг харлаа, эхлээд аягүй эрч хүчтэй хүмүүс байснаа сүүлдээ нойр хүрч, ядарсан улс болцгоолоо. Сүүлдээ бид нар уурлаад “Зугаалах гэж наашаа ирсэн шүү” гэж тэднийгээ айлгаад буцаад гэр лүүгээ явтал амралтын газраа олдоггүй ээ. Талд ганц ч гэрэл харагдахгүй байгаа юм чинь. Тав, зургаан цаг хайж байгаад арайхийж нэг гэрэл олоод очтол мөн байсан. Юун зугаалга, юун наргиж цэнгэх. Очингуутаа бүгд ор орондоо бүр гүйлдэцгээж орсон. /24 настай, Н/

Дархны дархан чадвар
Өнгөрсөн жил хоёр гэрээрээ зугаалах үед хөгтэй явдал их болсон юм байна. Бид нар Архангайд оччихоод Дэлгэрмөрөн голын эрэг дээр хоёр том майхан зоогоод л хэд хоног нээг их сайхан амарсан. Буцаж явах болоод манай машин түрүүлээд гартал үлдсэн нэг маань ер гарч ирдэггүй. “Гүй ээ, эд нар яачихав аа?” гээд буцаад очтол машиныхаа түлхүүрийг олдоггүй гэнэ. Тэр хавиар нэг түлхүүрээ хайгаад ер олддоггүй, бага насны хүүхдүүдтэй явж байсан болохоор нэг нь тоглож байгаад голд унагачихаж гээд л томчууд нь эгнээ болж өнөө Дэлгэрмөрөн голоосоо хайж гарсан. Угаасаа яаж ч олдох вэ, мань мэт нь эхнээсээ урсгал сөрж яваад байнгуут толгой нь эргээд тэр халуунд унах гэж байгаа юм чинь. Тэгээд олдохоосоо өнгөрч гээд сумын төвөөс дархан хайж олоод түлхүүрийн голоо өгтөл дуурайлгаад их хөөрхөн түлхүүр хийчихсэн шүү. Аягүй мундаг. Дараа нь харин Хөвсгөлд очоод майхнаа дэлгэтэл машины түлхүүрээ дотор нь хураагаад хийчихсэн байж билээ. /36 настай, Б/

Элсэнд ээлжилж суусан нь
Манайх Hummer, нөхрийн маань ахынх Lexus-тэйгээ хөдөө явж байлаа. Гэтэл Өмнөговьд байхдаа хоёулаа элсэнд суусан юм. Гэхдээ яаж гэдэг нь их хөгжилтэй. Яг хөдлөх гэж байтал ахынх нь машин элсэнд суучихгүй юу. Манай хүн ч инээгээд “Одоо гаргаж өгдөг л байгаа даа” гэсээр очоод хаазалж хаазалж салгатал машин маань нөгөө элсэнд нь орчихлоо. Гэтэл нөхрийн маань ах бүр ч инээгээд “Гаргаж өгөхөөс дөө. Даанч их гуйлгах гээд байсан юм аа” энэ тэр гэж даапаалж байгаад элснээс гаргатал эргээд нөгөө машин нь суучихсан. Тэгж тэгж ээлжилж сууж, ээлжилж гаргасаар байгаад арайхийж бүр мөсөн гарсан. Элс аймар юм байна лээ, улам шигдээд л байдаг. /28 настай, Ц/

Чонын амнаас гараад яаж арслангийн аманд ордог вэ?
Найз залуугийнхаа найзуудтай анх удаа хөдөө явахаар боллоо. Ер нь найз залуутайгаа ч анх удаа л олон хоногоор хамт байж үзсэн нь тэр байсан байх. Аялал маань ч хөгжилтэй сайхан өнгөрсөн, нэг асуудал нь ариун цэвэр байлаа.Одоо ярих гэж байгаа нь хамгийн анхны тохиолдол. Найз залуудаа “Явж хүндэрлээ шүү” гэж хэлтэл би дээл бариад ард чинь зогсож байя гэнэ. Би чинь “Өө, юу гэж тийм юм байдаг юм?” гээд. Бараг л чи өөрийгөө хэн гэж бодоо вэ гэж ойлгуулаад л кк. Тэгээд л ганцаараа сүрхий амьтан харж харж байгаад хамгийн хүнгүй, бут сөөг ихтэй газар сонгоод л дураараа хүндэрч байтал гэнэт морь, хүн дуугараад. Ид сайхан гарч байсан болохоор шууд босчихож болохгүй сууж байтал яг ардаас, өмдөө тайлаад суучихсан хэсгээс маань морьтой залуус гараад ирж билээ. Ичсэн гэж. Найз залуудаа ч тухайн үед хэлээгүй. /23 настай, Ө/

Бүсгүйчүүдэд маань антай холбоотой олон хөгжилтэй дурсамж байдаг юм билээ. Дэргэд нь хүчирхэг, зоригтой “харчууд” бий болохоор тэр байх л даа. Гэвч “Улаан ном”-нд орсон ховрын зэрэгтэй амьтадтай бидэнд хэчнээн хөгжилтэй ч гэсэн олонд хүргэх боломжгүй юм шүү, уучлаарай.
Харин одоо чиний хөгжилтэй паянг сонсъё.

*Бидэнд юу бий гээч! долоо хоногийн онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(210)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com