ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дубайд зорчсон тэмдэглэл

Чөлөөт цаг  | 2014 / 08 / 29

Миний бие Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотыг байлдан дагуулахаар Азийн цагаан дагина гэгдэж асан УБ хотоос энэ оны 1-р сард арваад морьт отрядын хамт хөдөлсөн билээ. Дэлхийн хамгийн өндөр барилгатай, газрын тостой, эдийн засгийн өндөр өсөлт, араб соёл гээд л Дубай хотод гайхалтай зүйлс олон.

Дубайд зорчсон тэмдэглэл

Хүмүүсийн өгсөн зөвлөгөө:
o Болгоомжтой байгаарай, хулгайч ихтэй.
o Аялах газраа урьдчилж заавал интернетээр захиалахгүй бол маш үнэтэй байдаг. Одоо яг жуулчдын сезон нь шүү.
o Цөлийн аялалд нь заавал яваарай.
o Алт маш хямдхан байдаг.
o Машин оруулж ирвэл баяжина. Арабын баячууд Япончуудыг бодвол машинаа олон жил хэрэглэдэггүй. Уйдаад л солиод байдаг. Тэгэхээр чанар сайн, эдэлгээ удаан.
o Арабын торгон ноолууран алчуур бэлгэнд авчраарай.
o Алтан түрхэцтэй цаг аваарай.

Иймэрхүү захиас, ойлголттойгоор үүргэвчээ үүрээд Ойрхи Дорнод руу би гэдэг хүн ниссэн билээ. Дубай руу уг нь шууд нислэг байдаг юм байна. Гэвч 1-р сард “Shopping festival” болдог учраас энэ үеэр маш их жуулчин ирж, хөл хөдөлгөөнтэй болдог аж. Иймд Бээжингээр дамжиж, цааш явах тийз л арайхийн олж явсан.

Бээжинд нэг хоносны дараа Дубай руу нислээ. Хажууд нэгэн Бангладеш нөхөр суусан ба түүний үнэр танар эгээ л муу усны суваг шиг үнэртэж байсныг нуух юун. Нийтдээ 10 цагийн нислэг байв. Халуун ширэм дээр гараа 2 секунд тавихад 2 цаг болсон мэт санагддаг бол сайхан хүүхний дэргэд 2 цаг суухад 2 секунд мэт хурдан санагддаг гэгчээр нислэгийн 10 цаг надад 10 өдөр шиг санагдсан бол аялалын 6 өдөр зургаахан цаг мэт хурдан өнгөрсөн юм.

Сайн байна уу, Дубай?

Ийнхүү арайхийн 10 цагийг өнгөрөөж, Дубай хотод шөнийн 02:30 цагт буулаа. Монголоос 4 цагаар хоцорч явдаг аж. Нисэх онгоцны буудал нь том гэж жигтэйхэн. Ер нь маш их ачаалалтай байдаг юм билээ. Худалч хүнд минут тутамд л онгоц бууж, нисдэг мэт. Шөнө буусан гэхэд л дүүрэн хүн холхиж байх нь тэр. Ийнхүү Дубайд буугаад амьдралдаа анх удаа цагаан нөмрөгтэй араб залуу, хар хувцастай араб хүүхнүүдийг “амьдаар” нь олж харлаа.

Эргэн тойрны бүхий л зүйл сонирхол татаж байлаа. Энд арабууд тун цөөн харагдах бөгөөд хаа сайгүй жуулчид. Үнэхээр Дубай аялал жуулчлалын цэг болжээ. Ингээд гаалиар гарахад бэлэн болж виз, пасспортоо барьсаар нэгэн араб залуу дээр очлоо. Миний нүдний зургийг дарав. Хүн бүрийн нүдний зургийг авдаг камераар авдаг аж. Ингээд WELCOME гэсээр миний пасспортыг өглөө. Онгоцны буудлын зорчигчдыг хүлээн авах тосох хэсэг хоёр хуваагдсан байлаа. Эрэгтэйчүүдийн хэсэг, эмэгтэйчүүдийн хэсэг гэж. Гайхмаар. Би үнэхээр Арабын ертөнцөд иржээ.

Ачаагаа аваад гадагш гартал пүннн хийтэл +21 градусын халуун агаар хамрын хөндийгөөр орох нь тэр. Бээжингээс -20 градусаас ирсэн хүн ямар байдлаар хувцасласан байсныг та бүхэн гадарлаж байгаа байлгүй. Хажуу хавирганд цуг монголоос яваа улсаас нүүрс үнэртэнэ. Нээрээ л утаа үнэртдэг юм байна шүү дээ гэсээр таксигаа барилаа. Зочид буудал маань нисэх онгоцны буудлаас 20 минутын зайд байрлах аж. Хотын төвд, хаашаа ч явсан ойрхон газар гэж таксины жолооч хэлэв. Замдаа жолоочтой хууч хөөрлөө. Тэрээр энэтхэг хүн бөгөөд Дубайд 10 дахь жилдээ гэр бүлээрээ амьдарч байгаа гэнэ. Охиноо АНУ-д сургахаар хөөцөлдөж байгаа аж. Тэгэнгээ таксины цонхоор Дубай хотыг тольдож л явлаа. Дэд бүтэц, зам тээвэр, барилга байгууламж, хот төлөвлөлт үнэхээр сайхан хөгжжээ. Гангар гунгар гэсээр таксины мөнгөө төлөх болоход 60 дирхам буюу монголоор 30 мянган төгрөг нэхэж намайг сандаргав. Өнөөх энэтхэгээс яагаад ийм өндөр гарсныг асуухад онгоцны буудлаас такси нь явахдаа мөнгөн дүн дээр 25 дирхам нэмдэг гэлээ. Өнгөрсөн амьдрал, өнгөрсөн амьдрал март, март гэж үглэсээр зочид буудалдаа ирлээ. Энэтхэг бололтой нэг хар залуу найрсагаар угтан авч миний ачаа бараа, гар цүнх юутай ийтэйг л аваад ачаад явчихав. Ингээд өрөөндөө ороод “үнэгний нүдээ залгилаа”.

Аялалын 2-дахь өдөр

Өглөөний 8:00 цаг. Өглөөний мэнд Дубай!
Сэрүүлэггүй сэрээгүй л дээ. Өрөөний утас дуугарч, цайгаа уугаарай гэсэн үйлчилгээний ажилтны дуугаар сэрсэн юм даг. Эндхийн зочид буудлууд ер нь үнэтэй. Гэхдээ мэдээж үнэндээ таарсан орчин, үйлчилгээ, хоолтой юм билээ. Өрөө маань уужим саруулхан, маш тохилог. Унтлагын өрөө-1, зочны өрөө-1, угаалгын өрөө-2, коридортой.

Ингээд өглөөний цайндаа оров. Цайндаа орсны дараагаар “City centre” гээд их дэлгүүрт очиж мөнгөө солиулаад, дэлгүүр хэсч, өдрийн хоол идэв. Эндхийн валютыг дирхам гэх ба уншихдаа “дирам” гэнэ. Ойролцоогоор 1 дирхам 485 төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Өдөр 13:00 цагт захиалгын дагуу “Цөлийн аялал”-ын машин ирсэн байв. Энэхүү аялалыг "Desert Safari" гэж нэрлэнэ. Үнэ нь 200 дирхам. Ийнхүү ланд 200 машинд нийт 6 аялагч, 1 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр аялалдаа гарав. Хотоос нилээд зайтай аж. 40-өөд минут явсны дараа элсэн цөлд ирж машинтайгаа давхиж өгсөн дөө. Яг л галзуу хулгана дээр сууж байгаа мэт, цөл дундуур дээш доошоо уруудаж, өгсөөд л, үнэхээр гоё байсан. Хамт гурван киргиз залуу явж таарав. Тэд анх удаа монгол хүнтэй уулзаж байгаа нь энэ гэнэ. Чингис хааныг өөрсдийн өвөө гэх юм билээ. Оросоор ярина. Би чинь “Наша Таня” гээд дайны тухай ч билүү бөмбөгний тухай ч билүү тийм нэг шүлгээс цаашгүй хүн. Англиар л харилцан ярьж, ойлголцож байлаа. Монголын тухай ямар ч мэдээлэлгүй байдаг гэнэ. Учир нь тэдний телевиз, сонин, мэдээллийн сайтуудаар Монголын тухай мэдээ мэдээлэл бараг гардаггүй аж. Тэдний ингэж хэлэхийг сонсоод манай төр засаг дэлхий дахинд Монголын тухай мэдээ, нийтлэлийг мөнгө төлөөд ч болов гаргуулмаар юм гэж бодож суулаа. Монголын тухай гарвал “Mining mongolia” л гэж гарна. Сүүлдээ “Mongolia” биш “Miningolia” болох вий гэж санаа зовох юм. Дэлхийн бүх л улс орнууд өөрсдийн тухай мэдээллийг томоохон агентлаг, тв, сонинуудаар гаргаж л байдаг шүү дээ.

За, аялалдаа эргээд оръё. Ийнхүү давхисны эцэст нэгэн отогт ирлээ. Монголоор бол нэг амралтын газар маягийн. Энд оройн арга хэмжээ хүртэл хүмүүс өөрсдийгөө саатуулна. Тэмээ унана, шонхортой зураг авахуулна, хенна шивээс хийлгүүлнэ, усан тамхи татна, цөлөөр мотоциклтой давхина гээд хийх ажил их бий. Эдгээрээс ихэнх нь нэмэлт төлбөртэй байдаг. Тэгээд л би тэмээ уналаа. Тэмээ нь унах нь үнэгүй байсан юм. Манайхан л болсон хойно нэг газар очоод л үнэгүй юу, үнэтэй юу гэж асуух юм байна ш дээ.

Эндхийн тэмээ маш өндөр, сүрлэг. Би ч атаархуу хүн болохоороо хүмүүст “Манай монголд ийм цөл шиг газар олон бий. Маш гоё алтан шаргал элстэй. Монголд л ганцхан хоёр бөхтэй тэмээ бий” гээд ярьж өглөө. Зарим нэг сонирхох хүмүүс байхад ихэнх нь ямар улс гэнээ гэж ахин дахин асууна. Бодвол Mongolia гэдэг нэрийг урьд өмнө сонсож байгаагүй бололтой. Бид танигдаагүй л байна.

Хачирхалтай: Мяраалаг хүмүүсийг (үүнд ойролцоогоор 100 кг-аас их жинтэй хүмүүсийг хамруулсан болно) тэмээн дээр суулгахгүй байсан. Яагаад юм бүү мэд. Тэмээн дээр гарч чадахгүй гэсэн үү, тэмээ нь цуцна гэсэн үү бүү мэд. Ингээд ойролцоогоор 2 минут ч хүрэхгүй хугацаанд тэмээ унав.

Шивээс хийлгэдэг газар очиход Henna tattoo хийж байлаа. Энэ шивээс нь 14 хоноод арилчихдаг юм. Дараагийн зогсоол “Элсэн дээрх скейтбоард”. Өмнө нь Скайрезортод цасан дээр гулгаж байснаас биш элсэн дээр скейтбоардоор гулгаж байсан удаагүй учир сайхан туршлага болов. Дараа нь мотоциклийн талбай дээр очлоо. Мотоцикл унахад 100 дирхам нэмэлт төлөх аж. Энэ мотоцикл нь Тэнгис кинотеатрын урд эрх чөлөөний талбай дээр байдаг түрээсийн мотоциклтой адилхан санагдсан. Ялгаа гэвэл тэнд цементэн дээр унасан бол энд элсэн дээр унасан.

Үүний дараа сувинер хийдэг мухлагт ирэв. Элсийг өнгөнд оруулчихаад тэрхүү өнгө өнгийн элсээ шилэн дотроо бага багаар асган оруулахдаа янз бүрийн дүрс үүсгэж байв. Хар элснээс жаахан хийгээд шараас нь бас хийгээд тэмээ, цөл хоёрын дүрсийг хийчих жишээтэй. Хүсвэл нэрийг тань ч оруулаад хийчихэж болно.

Шонхортой хамт зургаа авахууллаа. Арабууд манайхаас шонхор авдаг болохоор манай шонхор байж юуны магад гээд хамт патериа татуулсан билээ. Монголтой адил бас л шонхорын нүдийг нь боочихсон байсан.

Ингээд Араб үндэсний хувцас өмсөв өө би гэдэг хүн. Араб хүүхнүүд өмсчихсөн байхад торомгор алаг том нүд, урт хар сормуус, хөмсөг харагддаг юм. Гэтэл би гэдэг хүн ямар харагдсаныг та бүхэн зургаас харамз. Зураасан нүд л харагдана лээ. Хав харанхуйд хав хар хувцастай зураг авахуулна гэдэг бас л…

18:30 цаг - Оройн тоглолт эхлэх цаг болж бид бүгд суудлаа эзэлцгээлээ. Эмират улс Энэтхэгтэй ойр оршдог тул энэтхэгүүд их аялах юм билээ. Заримдаа ч “Эмиратад байна уу, Энэтхэгт байна уу” гэж андуурмаар. Ингээд тоглолт эхэлж, Араб үндэсний бүжиг үзэв. Араб бүжиг үндсэн нэг л хөдөлгөөнтэй, сурахад их амархан бүжиг. Зөвхөн нэг тал руугаа л эргээд байна. Өөр ямар ч илүү дутуу хөдөлгөөн байхгүй. Нэг тал руугаа эргэж байхдаа хувцсаа тайлна, гараа хөдөлгөнө. Хувцас нь сүлд мод шиг гэрэлтэй, чимэглэлтэй. Тэгээд бүжигчин маань ойролцоогоор 20 гаруй минут нэг тал руугаа эргэлдэнэ дээ. Толгой эргэмээр. Уначих вий, дотор нь муухай оргиж байгаа болов уу гээд дотроо юу эсийг л бодов.

Бүжгийн дараа хоол бэлэн болжээ. Карритай хоолнууд байлаа. Хоол идсэний дараа ахин нэг үзүүлбэр байсан нь бас бүжиг байв. Манайхаар бол нэг усны хувцастай бүсгүй belly dance маягийн бэлхүүс таазаа хөдөлгөсөн бүжиг бүжлээ.

Хачирхалтай: Дубайн зочид буудалд 5 хоног буудаллахад ганц ч эмэгтэй үйлчлэгч, ресепшн байгаагүй бөгөөд дандаа эрэгтэй хүмүүс байсан билээ.

Аяллын 3 дахь өдөр

Энэ өдөр Дубайн гурван гайхамшгийг үзсэн билээ.
1. Дэлхийд ганцхан байдаг 7 одтой усан дээрх зочид буудал болох Бурж Ал Араб
2. Дэлхийн хамгийн өдөр барилга болох Бурж Халифа
3. Дэлхийн хамгийн том дэлгүүр болох Дубай Молл

1. Бурж Ал Араб
Эхлээд усан дээр барьсан, “7 одтой” зочид буудал Бурж Ал Араб-ын дэргэд очлоо. Анх Английн сэтгүүлч ийнхүү 7 одтой хэмэн цоллосон байдаг. Загвар хийц нь манай Blue sky-тай адил санагдсаныг нуух юун.

Мэдээлэл:
Бурж гэдэг нь барилга цамхаг гэсэн үг
Ал гэдэг нь англиар “the” гэсэн угтвар
Араб гэдэг нь … энийг бол мэднэ биз дээ?

Бурж Ал Арабын загвар дизайныг нь архитектор Tom Wright хийсэн бол Канадын инженер Rick Gregory барилгын ажлыг удирдан гүйцэтгэжээ. Тус бүтээн байгуулалт 1995 онд эхэлж, 1999 оны 12-р сард ашиглалтад орж байж. Нийтдээ 650 сая долларын өртөгөөр сүндэрлэсэн гэж байгаа. Тус зочид буудал нийт 202 өрөөтэй. Хамгийн үнэтэй өрөө нь өдрийн 18716$ байдаг ба үүгээрээ дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал гэсэн жагсаалтын 12-т бичигджээ (CNN-ий 2012 оны мэдээгээр). Тус зочид буудал Rolls Royce машин, хувийн нисдэг тэргээр үйлчилдэг юм байна.

2. Бурж Халифа
Дараагийн зогсоол -Энэ бол дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа байлаа.

Бурж Халифа нь 828 метр өндөр. Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шаттай байгууламж юм. 2004 оны 9-р сард тус бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд 2010 онд ашиглалтанд орж нээлтээ хийсэн гэнэ. Тус барилгад нийт 24348 цонх байдаг ба энэ нь нийт 120 000 м2 шилтэй тэнцэх юм. Энэхүү барилга нь спираль буюу ороомог хэлбэртэй юм. 2011 оны 5-р сарын 10-нд тус барилгад байдаг нэгэн компанид ажилладаг 30 гаран насны ази эр үсэрч амиа хорлосон байна. Тэрээр 147 давхраас үсэрч 108 давхрын тавцан дээр унажээ. Нийт 39 давхраас унаж амиа алдсан байна.

Энэхүү бүтээн байгуулалт олон рекордтогтоосон байдаг. Дурдвал:
Дэлхийн хамгийн өдөр бүтээн байгуулалт 829,8 метр
Дэлхийн хамгийн өндөрт байрласан цахилгаан шат
Дэлхийн хамгийн урт цахилгаан шатаар явах зай 504 метр
Дэлхийн хамгийн өндөрт байрлах шөнийн клуб 144-р давхар
Дэлхийн хамгийн өндөрт орших ресторан 122-р давхар
Дэлхийн хамгийн өндөрт байрлах усан сан гэх рекордын 2-рт бичигджээ.

Энэ бүгдийг үзээд манайд томоохон бүтээн байгуулалт дутагдаж байгааг мэдэрсэн. Үнэхээр ч улс орон бүрт өөрийн орны онцлог, соёл, уламжлалыг илтгэсэн бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон зүйл их байдаг. Франц гэхэд Парисын цамхаг, АНУ-д Эрх чөлөөний хөшөө, Эмиратад Бурж Халифагаар төсөөлөгддөг шүү дээ. Манайд томоохон бүтээн байгуулалт Морин Хуур Цогцолбор, Майдар бурханы хөшөө сүндэрлэж байна. Халифаг үзээд улс оронд дээд зэрэглэлийн агаад үндэсний онцлог, уламжлалыг харуулж чадсан томоохон бүтээн байгуулалт хэрэгтэйг мэдэрсэн.

3. Дубай молл
Бурхан хорвоо ертөнцөд диваажингийн жижигхэн илтэсийг бий болгосон нь дэлгүүр гэж би боддог, итгэдэг. Тэр дундаа Дэлхийн хамгийн том дэлгүүр лүү орно гэдэг бол эр хүнээс сэтгэлийн хат, эм хүнээс юу ч шаарддаггүй ажил билээ. Дэлхийн хамгийн том дэлгүүр лүү алхаад марш!

Эмэгтэй хүний жаргал дэлгүүр дотор л байдаг юм шиг ээ. Энд ирсэн ямар ч эмэгтэй ямар том юм бэ, ядарч байна гэж гомдоллож байсан удаагүй байх, гомдоллоогүй байх, гомдоллох ч үгүй байх.

Аялал жуулчлалын хот гэсэн утгаараа үнийн хувьд өндөр санагдсан. Гэхдээ миний очсон үеэр “Shopping festival” таарч бүгд 20-70 хувь хямдрал зарласан байлаа. Ингээд хөлөө өвдөхийг ч үл ажран, өлсөх цангахыг умартан, 6 цаг тасралтгүй дэлгүүр хэсчээ.

Дубайн усан оргилуур
Оройн 20:30 цаг. -Дубайн усан оргилуур. Энд жинхэнэ гайхамшгийг үзэж харсан. Дубайн энэхүү усан оргилуур нь секундэд агаарт 83000 литр ус цацах хүчин чадалтай. 6600 гаруй гэрэл, 25 өнгийн проектортой. Маш олон хэлбэр дүрсээр ус цацруулдаг. 20 миллийн цаанаас ч усан оргилуурын гэрэл харагддаг гээд бод доо.

Аялалын 4 дэх өдөр

Эл өдөр урьдчилан захиалга өгсөн байсан Atlantis усан паркдаа бүхэл өдрийг өнгөрүүлэв. Энэ өдрийг би “Гайхамшиг” гэж нэрлэнэ. Далай тэнгистэй ойр өсөөгүй миний хувьд усан парк бол хамгийн гоё, адал явдал дүүрэн аялал байсан.

Маш аймшигтай тоглоомуудтай. Хамгийн зүрх алдмаар нь лифтэнд ганцаараа суугаад нэг, хоёр, гурав гэж тоолоод шал нь цөмрөөд шууд доошоо унадаг тоглоом. Үнэхээр миний амьдралдаа үзсэн хамгийн галзуу тоглоом байсан. Зүрх хаагдах дөхсөн.

Хамгийн өндрөөс нь эгц буугаад турбагаар ороод аварга загаснуудыг харна. Ер нь бол харж ч амжихгүй л дээ.

Аялалын 5 дахь өдөр

Арабын Нэгдсэн Эмират улс нь Ойрхи Дорнодод оршдог Арабын хойг дахь 7 орны холбооны улс юм. Үүнд: Абу Даби, Ажман, Дубай, Шаржа, Эм Ал Кувейн, Рас Ал Хайма, Фужайра нар ордог.
Нийслэл: Абу Даби
Засаглал: Холбооны хаант улс
Ерөнхийлөгч: Халифа
Ерөнхий сайд: Мухаммед Мактум
1971 оны 12-р сарын 2-нд тус холбоо албан ёсоор байгуулагдсан
Газар нутгийн хэмжээ нь 83 600 км
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн
Инфляфи нь 2013 оны байдлаар 1,4 хувьтай байна.

Арабын нэгдсэн эмират улс нь ДНБ-ээрээ Арабын ертөнцөд Саудын Арабын дараагаар буюу хоёрдугаарт бичигддэг. 2012 оны байдлаар ДНБ нь 377 тэрбум. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3 нь нефт буюу газрын тосны орлогоос бүрддэг байна. Шашны нөлөөгөөр огт архи уудаггүй боловч Дубайд архи, пиво худалдаалагддаг. Гэхдээ Муслим шашинтай биш гэдгээ баталж байж архи авдаг аж.

Дэлгүүрүүдийн угаалгын өрөөний дэргэд мөргөлийн өрөө заавал байдаг. Өдөр бүр 13:00 цагаас мөргөл эхэлдэг ба энд тэндгүй арабууд мөргөлөө хийнэ.

Алтны дэлгүүрээр орлоо. Энд жижиг ээмэг бөгж гэж цөөн. Дандаа том том. Дубайд алт хямдхан байдаг гэж манайхан ярьдаг. Үгүй юм билээ. Яг л дэлхийн алтны ханшийн дагуу л байсан. Захаар орсны эцэст аялал маань дууссан юм.

Хүн ам цөөн, мөн ажил хийдэг хүн цөөхөн тул гаднаас ажиллах хүчин их авдаг. Ингэхдээ гадны иргэдэд өндөр шаардлага тавьдаг юм байна. Хэрвээ та араб хүнтэй муудвал сайнаа үзэхгүй. Учир нь та манай газар нутаг дээр байна гэсэн бичигдээгүй хууль энд үйлчилдэг гэнэ.

Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө хязгаарлагдмал хэдий ч энд Арабын бусад орнуудтай харьцуулахад хамаагүй дээр аж. Урьд нь 16-18 нас хүрсэн охин шууд нөхөрт гардаг байсан бол одоо эмэгтэйчүүд их сургуулиа төгсөөд гэрлэх хандлагатай болсон гэнэ. Гэсэн хэдий ч нөхөр нь охины эцэгт мөнгө өгч охиныг нь авдаг ёс хэвээрээ. Би Монголд төрсөндөө баярланам.

Хав хар хувцас өмсөж, гивлүүр зүүдэг араб бүсгүйчүүдийн ганц гангараа нь цүнх. Hermes, LV, Prada, Chanel гээд тэдний хэрэглээ өндөр. Нөхөртөө таалагдахын тулд хийдэг ажил нь дэлгүүр хэсч гоё сайхан хувцас авах. Гэртээ үндэснийхээ хувцсыг өмсдөггүй учраас тэр юм. Энд олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг ба нэмж эхнэр авах бүртээ өөрийн хөрөнгийн баталгааг шалгуулдаг. Хөрөнгийн хэмжээ бага байвал нэмж эхнэр авахыг зөвшөөрдөггүй гэнэ. Эхнэрүүд нь их эвтэй найртай. Dubai Mall-д 6 эхнэр 3 хүүхдээ дагуулаад явж буй араб эртэй таарсан. Ерөнхий сайд нь 40 гаруй хүүхэдтэй гэнэ лээ.

АНЭУ бол амьдрахад тааламжтай, дэд бүтэц маш сайн хөгжсөн орон юм. Дөчхөн жилийн өмнө цөл дунд ямаагаа хариулаад явж байсан улс үндэстэн өнөөдөр дэлхийд олон зүйлээрээ гайхагдаж байна. Үүний нууц нь сайн удирдагч (Халифа), зөв бодлого гэж бодном. Иймдээ ч ард иргэд нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаа маш их хүндэтгэдэг юм билээ. Анх Япон руу сувд экспортлодог байсан ба гэнэт л цөлийн дороос газрын тос олгойдоод гараад ирсэн гэдэг. Газар нутгийн 4/5 нь цөл. Гэхдээ л тэд цөлөн дээр гайхалтай бүтээн байгуулалт хийж. Тэр байтугай усан дээр барилга барьсан. Нэгэн араб эр: "Бид байгалийн баялаггүй болсон ч байнгын мөнгөний эх үүсвэртэй болсон. Энэ бол аялал жуулчлал" гэж байна лээ. Бидэнд сурах зүйл их байна. Хийх зүйл ч их байна...

Эх сурвалж: www.Sora.mn
1. Сайн байна уу, Дубай?
2. Миний буусан зочид буудал
3. Цөлийн тэмээ бид хоёр
4. Амралтын газар буюу отог
5. Арабын шонхор (манай шонхор ч байж магадгүй)
6. Хенна шивээс хийлгэсэн нь
7. Араб хувцастай би :p
8. Цөлд мотоциклоор зугааллаа
9. Бурж Ал Араб зочид буудал
10. Бурж Ал Араб зочид буудал-2
11. Бурж Ал Араб зочид буудал-3
12. Бурж Ал Араб зочид буудал-4
13. Бурж Ал Араб зочид буудал-5
14.
15. Бурж Халифа-Дэлхийн хамгийн өндөр барилга
16. Дубай Молл
17. Дубайн усан оргилуур
18. Атлантис усан парк
19.
20.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(828)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Bold-Erdene.   2017-05-08
Уншмаар сайхан нийтлэл байна. Баярлалаа.

Зочин: Bold-Erdene.   2017-05-08
Уншмаар сайхан нийтлэл байна. Баярлалаа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com