ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Загварын чиг хандлага

Мэдээлэл  | 2014 / 10 / 08

Сайт руу оронгуут “New” гэсэн хадмал бичигтэй байх “Загварын чиг хандлага” булангийн тухай ярихын тулд би та бүхнийг Гоолингоогийн сэтгүүлч болохоосоо ч өмнөх цаг үед аваачих хэрэгтэй болох нь.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Загварын чиг хандлага

Юуны түрүүнд энэ нийтлэлийг уншиж байгаа та, бид хоёрт нэг ижилхэн зүйл байгааг сануулъя. Тэр юу вэ гэвэл би ч гэсэн Гоолингоогийн үнэнч уншигчийн ажлыг бараг нээгдсэн цагаас нь л хийж ирсэн. Тиймээс Гоолингоо хүнийг яаж “донтуулдаг”-ийг, унтах цагаасаа хугаслан архив ухаж шөнө дөл хүртэл суулгадгийг, хэн нэгэн миний уншаагүй нийтлэлийн тухай ярих мөчид ямар санагддагийг гээд бараг бүх мэдрэмжийг нь мэднэ гэсэн үг. Нэгэн өдөр ээлжит уламжлалаараа фейсбүүк, Гоолингоо.мн хоёрыг нээчихээд ороод хартал хөтөч булангийн голд нь “Загварын чиг хандлага-New” гэсэн бичигтэй шинэ дэд булан харагддаг юм байна. Эхний үгийг уншиж дуусав уу, үгүй юу шуудхан дараад ортол өөдөөс зуу зуун гоё хувцастай бүсгүйчүүдийн өнгөлөг зургууд намайг угтав.

Гэвч дотор нь дан ганц зураг байсангүй, тухайн хувцаслалтын юу нь сонин содон болох хийгээд авууштай санааг бичсэн тайлбар, өнгөөр нь сонгосон ангилалтай хамт байсан юм. Ингээд хэдхэн хормын дотор л би тэр буланд хайртай байхаа мэдрээд өдөр болгон ордог боллоо. Гэтэл яагаад ч юм, яг тэр үеэс гудамж нэг л өөр болчихсон мэт санагдаад болдоггүй. Зөрсөн эмэгтэй бүрт хувцас загварын тухай онцгой нэгэн мэдрэмж байх шиг санагдаж, загвар бүрийг зөвтгөмөөр, гадуур явах нь өөрөө хамгийн зугаатай ажил мэт л мэдрэгдэж байлаа. Уг нь бол хүн бүрээс “Хэрвээ өөр өнгийн өмд сонгосон бол...”, “Хүрэм нь илүү нэвсгэр, зузаан байх байжээ” гэх мэтээр ямар нэгэн өө харж явдаг мангар л даа, би.

Энэ бодлоо би Гоолингоогийн сэтгүүлч болохоор сонгогдож байхдаа ч хэлсэн билээ. Нийгэмд ийм эерэг өөрчлөлт авчирснаа харин гардан хийдэг өнөөх хүмүүс маань огт мэдээгүй байсан юм даг. “Гоолингоо загварын чиг хандлага” булантай болсноос хойш бүсгүй хүн бүр өмнөхөөсөө ч сайхан харагдахыг эрмэлзэх болсон юм шиг ээ” гэхэд Гоолингоогийн эрхлэгч нүдээ том болгоод “Хөөх, тийм үү?” гээд жигтэйхэн баярласан юм шүү.

“Загварын чиг хандлага” булан руу ормогц харагдах 4 ангиллыг өмнө нь анзаарч байсан уу? Үгүй гэж л битгий хэлээрэй. Өнгө л гэхэд 44 төрөл бий бөгөөд хар өнгө оролцсон хувцаслалт гэхэд л 957, цагаан 478 байна. Харин дулаанд буюу зуны хувцаслалт 880, сэрүүний буюу хавар, намрынх 646, өдөр тутмынх мөн адил 646, ажил хэргийнх 508, үдэшлэг, хүлээн авалтынх нийлээд 268 зураг байх жишээтэй. Мөн брендээр нь ангилсан, деталь буюу нэгж хувцас бүрээр ялгасан гээд танд тохирсон хувцаслалтаа олоход нь туслах нэмээд хоёр ч ангилал байна. Ийм олон ангилал яагаад хэрэгтэй гэж гэдэг асуултанд чинь яг одоо хариулъя.

Өнөөдөр 10 сарын 7-ны өдөр. Өглөө босоод чи шүүгээнийхээ хамгийн дор эвхээд хийчихсэн улаан цамцаа өмсмөөр санагдлаа гэж бодъё. Гэхдээ энэ удаа үргэлж хамт өмсдөг цагаан өмдтэйгөө хослуулмааргүй байгаа ч өөр юутай гэдгээ бодоод бодоод олохгүй байгаа. Тэгвэл “Загварын чиг хандлага” -руу ороод улаан өнгийн нийт 93 хувцаслалтаас санаа авч болно. Эсвэл “Цамц” гэдэг хэсгээс хайлт хийсэн ч болно шүү дээ. Яагаад гэвэл “Загварын чиг хандлага” үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлж явдаг гэдэгт бүрэн итгэж болно. Мэдээж өдөр тутамдаа шууд хэрэгжүүлэх боломжтой байхаас гадна дэндүү хурдан өөрчлөгдөх трендийг түрүүлж харснаа ч мөн “Загварын чиг хандлага” найзууддаа дуулгадаг билээ. Түүгээр ч зогсохгүй уншигч та нартаа ойлгомжтой байхын тулд энэ жилээс эхлэн долоо хоног бүрийг сэдэвтэй болгосон. “All Black” долоо хоног, “Цехин гоёлын долоо хоног”, “Аз жаргалын хүрэмний долоо хоног”, “Тоор жимсний өнгөт долоо хоног” гээд нэлээдгүй олон бий. Харин энэ долоо хоногт бид хоолойтой цамцыг онцлох болно.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад Гоолингоогийн Like-ийн баяруудын талаар өгүүлэх болно.

“Загварын чиг хандлага” булангаас та санаа авч байсан уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(117)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com