ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би хүүхдүүдээ хүйтэн хөндий хүмүүс болох вий гэж санаа зовдог

Миний амьдрал  | 2014 / 10 / 25

Сайн байна уу, Гоолингоогийн уншигч бүсгүйчүүд ээ?
Та бүхэндээ би өөрийн амьдралын зах зухаас ярилцах гэсэн юмаа. Надад та бүхэн чин сэтгэлийн зөвлөгөөгөө харамгүй өгөх байхаа гэж найдаж байна.

Би одоо 35 настай төрийн байгууллагад боломжийн ажил хийдэг. Нөхөртөйгөө амьдраад 10 жил болж байна. Бид 2 хүүтэй. Би энэ 10 жилийн хугацаанд яаж амьдарсан юм болоо гэж одоо эргэцүүлэн бодоод сууж байна. Манай нөхөр надаас 13 насаар ах, хөрөнгө хогшил энэ тэр гээд байх юм байхгүй бид хоёр бие биедээ татагдаад л хамтран амьдарсан. Манай хүн урьд нь эхнэртэй 3-н хүүхэдтэй байсан одоо тэдэнтэйгээ нэг их харьцаа байхгүй л гэж надад хэлдэг . Анх надтай амьдрахдаа архи их уудаг байсан. Гэхдээ энэ 10-н жилийн хугацаанд би тэрийг нь засаж чадсан юм. Гэхдээ бас чадахгүй юм гэж хүнд байдаг бололтой юмаа.

Би хүүхдүүдээ хүйтэн хөндий хүмүүс болох вий гэж санаа зовдог

Манай нөхөр аймаар муухай ааштай хар яр хийсэн зантайгаас гадна аймаар хартай. Ямар ч асуудлыг хэрүүл болгож хувиргаж чаддаг, хэзээ ч хүнтэй сэтгэлээсээ ярьж хөөрч үзээгүй бас чаддагч үгүй хүн. Ямаа ярихаар урдаас тэмээ ярьдаг. Үнэхээр утгагүй тэнэг яриатай. Өөрөө архи дарс уугаад найз нөхөдтөйгөө нийлээд гадуур дотуур бол яваад л өгнө. Харин намайг найз нөхөд, ангийхан, ажлыхан ер нь хэнтэй ч уулзуулах дургүй. Би ч тэр бүр гадуур дотуур уг нь яваад байдаггүй л дээ. Гэхдээ хүн л юм чинь хааяа нэг найз нөхөдтөйгөө уулзах ярих хөөрөх үе байх юм. Тэгэхээр л гэрт бөөн хэрүүл болж “Чиний найз нөхөд гэж юу байдаг юм, хийх ажилгүй юмнууд. Худлаа найз нөхдийн нэр барьж хэнтэй юу ч хийж явдаг юм байгаан.” гээл намайг хэлэх хэлэхгүй муу муухай үгээр булж гарна. Үнэхээр бүр цөхөрмөөр, яаж ч хэлж тайлбарлаад ойлгохгүй. Өөрөө уг нь ажил хийдэг юм гэхдээ мөнгө төгрөгөө зөвхөн өөртөө л зориулна. Хоёр хүүхдээ хувцаслах , орон гэрээ юм юмтай байлгах энэ тэр бүгд л миний асуудал тэр бүх асуудлаа би өөрөө л шийддэг. Тэгээд хүнтэй зүгээр ярина гэж ерөөсөө байхгүй. Дандаа нэг хүний сэтгэлд юм хийсэн, хүн өдсөн хоргоосон, хүний янз үзсэн хүнийг сэтгэлийг мэрсэн эмтэлсэн муухай яриатай. Би өөрөө тийм хүн биш л дээ. Гоё халуун дулаан, үргэлж инээд хөөр бялхсан, аав ээжтэйгээ тоглосон наадсан, найз нөхөд шиг харьцаатай үнэхээр сайхан гэр бүлд би өсөж торнисон. Яг л тэрэн шигээ 2 хүүхэдтэйгээ тоглож наадаад л нөхөртөйгөө эвтэй сайхан амьдрахыг ямар их хүсэж байна вэ?

Би уг нь нөхөртөө хайртай, түүндээ үнэнч байдаг. Одоо би нэг л сонин хөндий хоосон юм шиг байдаг болчихжээ. Хааяа нэг ажил төрөл дээр жаахан оройтоод, аль эсвэл найз нөхөдтөйгөө уулзаад гэртээ орно гэхээс надад ямар хэцүү байдаг гэж санана! Одоо орохоор намайг юу гэх бол гэхээс гэртээ орохоос ч дургүй хүрдэг. Нэг удаа миний дуртай хамтлагийн тоглолт болоод би цуг үзье гэж гуйсан чинь “Миний тархи толгой өвдчихнө, даралт ихэсчихнэ“ гээд дургүй байсан юм. Тэгэхээр нь би найз хүүхэнтэйгээ тоглолт үзээд байж байсан чинь над руу залгаад хаана байгаад байгаан гэхээр нь тоглолт үзэж байна гэсэн чинь худлаа энээ тэрээ гээд байхаар нь би утасаа салгаад дахиж яриагүй. Тэгсэн чинь архи уугаад согтуу манай дүү рүү залгаад “Танай эгч чинь аль буудалд байгаа юм” гээд байсан гэсэн. Бас нэг удаа ажлын газрынхан амралтанд явсан юм. Тэгсэн чинь надтай цуг ажилладаг банди руу утасдаад “Та 2 аль буудалд байна?” гээд байсан гэсэн. Ичиж үхмээр , нөгөө банди нь бүр гайхаад намайг дуудаад “Эгчээ танай нөхөр чинь тэгээд байх юм” гэж надад хэлэхэд нь би бүр нүүр хийх газар олдоогүй. Намайг ажлынхны минь өмнө шившиг болгож дууссан. Өөрөө архи уугаад орж ирвэл бүр ухаан мэдрэлээ алдаад намайг есөн шидээр доромжилно. Эрүүл саруул үед нь ч ярих боломж байхгүй урдаас муухай хар яр хийгээд байдаг юм. Энэ байдал нь 2 хүүхдийн маань хүмүүжилд ч муугаар нөлөөлж байна. Би хүүхдүүдээ хүнтэй юм ярьж чаддаггүй, хүнд санаа бодлоо илэрхийлж чаддаггүй, нэг л тийм хүйтэн хөндий хүмүүс болох вий гэж санаа зовдог юм. Энэ тухай нөхөртөө хэлээд ч нэмэргүй чи өөрийгөө хичээ чамаас болж байгаа юм л гэнэ. Салаад тусдаа амьдарья гэж үзсэн, чамаас салаад надад амьдрал байхгүй, би дахиад хэзээ ч чамайгаа гомдоохгүй, ээжийнхээ нэрээр андгайлья энээ тэрээ гээд байдаг юм. Одоо бол тэр нь худлаа гэдгийг нь би мэдсээн. Энэ хүн хэзээ ч засрахгүй юм байна л гэж боддог болсон. Яг салаад явья гэхээр 2 хүүхэд уйлаад маш хэцүү байдаг. Тэднийгээ харахаар өөрийн эрхгүй өрөвдөөд байдаг юм. Би одоо яах ёстой вэ хүүхнүүдээ надад туслаач!!!

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд" номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Яг үүнтэй ижилхэн асуудалтай гэр бүл надад хандаж байсан юм. Хардалт гэдэг зүйл дээр эрчүүд өөрсдөө хэрхэн ханддаг вэ? Ямар үед хардах сэдэл ихэвчлэн төрдөг вэ? гэвэл:
1. Эр нөхрөө хүндэлдэггүй: Эхнэрээ ийм байдал гаргах үед “Би энэ хүний хувьд хэн юм бэ” гэдгээ бодож эхэлдэг. Тэд эхнэрийнхээ хэлж ярьж байсан муу муухай үг, үйлдэл бүхнийг /хүн ууртай үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог/ мартчихсан байдаг бол эхнэрүүд түүнийг цаг үргэлж буруу талаас нь матан дурсаж байдаг нь тэдний хувьд уур уцаарын суурийг тавьж байдаг. Гол нь болоод өнгөрсөн зүйлийг ахин дахин дурьдсанаар өнөөдрийн байгаа бүхнийг нь үгйүсгэдэгт тэд бухимддаг. Өртэй хүн шиг гэж бид ярьдаг даа.

2. Бүх зүйлд буруутанг эхлээд нөхрөөсөө хайдаг: Аливаа маргаан мэтгэлцээнд гуравдагч болон хөдлөнгийн хүмүүстэй сөргөлдөхөд хамгийн түрүүнд нөхрөө үгүйсгэдэг байдал нь тэдний хардалтыг хөгжөөж байдаг. Бас л “би энэ хүний хувьд хэн юм бэ?” гэх бодлыг төрүүлдэг.

3. Жижиг зүйлийг томруулдаг: Үнэн хэрэгтээ эрэгтэй эмэгтэй ч гэлтгүй хүмүүс хоорондын харилцаандаа төвөгтэй байдлаас /бүх зүйлийг дурьдаж онцын шаардлагагүй нөхцөл байдлыг тайлбарлах/ зайлсхийхийн тулд гэмгүй худлаа хэлэх тохиол амьдралд элбэг байдаг. Энэ нь хэзээ нэгэн цагт худал гэдэг нь ил болохоор “Яагаад худал хэлэх болов?” гээд анхны нөхцөл байдлаас илүү хүнд байдал руу шилждэг. Ялангуяа энэ нь олшроод ирэх цагт итгэл байхгүй болох ба тэр үеэс хардалт төрж эхэлдэг юм. Тиймээс та аль болох бүх зүйлээ илэн далангүй шууд хэлж сураарай.

4. Насны зөрүү: Яах аргагүй энэ тал дээр хүний насныы онцлогууд нөлөөлнө. Нас ахихын хэрээр хүн илүү тухтай илүү тайван орчинг үгүйлдэг. Тэр хүсэл сонирхлыг нь шууд эвдэх үед тэд бухимдаж эхэлдэг ба хариуд нь би шазруун хүн эргээд хариу нь энэ гээд дайраад байвал хардалт үүсэх нөхцөл бий болдог.

5. Харилцан тэнцвэртэй харьцаа эвдэгдэх: Юм болгон дээр өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж шийдвэр гаргадаг байх нь эргээд нөхрөө хүндэлдэггүй гэдэг сэдэв рүү хазайдаг. Эр нөхөр нь өөрийгөө буруутайг зөрчил гарах бүрт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох болон өөрийн зөнгөөр мэдрэх тохиолдолд эргээд түүнийгээ цайруулах гэж эхнэрийнхээ гэм бурууг хайж эхэлдэг. Өөрийнхөө байр суурийг эргэж олж авах гэж тэр шүү дээ.

“Хоолны мөнгөгүй байсан ч хамтдаа өлсөөд сууж байсан тэр мөч миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан” гэж нэгэн үйлчлүүлэгч маань надад өгүүлж байсаныг сүүлд нь дурьдах гэсэн юм. Харин миний зөвлөгөө бол амьдралынхаа төлөө тэмцээд өөрийнхөөрөө амьдар гэмээр байна. Өөрийнхөөрөө гэдэг нь хиймэл орчин үүсгэхийг хэлээгүй юм шүү. Өнөөдрийн болох зүйлийг өөрийнхөөрөө болгож бүтээж чадсан ч маргааш нь дахин шинээр эхлэх зүйл гардаг тул эхлэлээ зөв хийдэг, алс ирээдүйгээ харж дүгнэдэг болохыг л зөвлөх байна.

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1
www.twitter.com/NaranbaatarDr

Редакцийн зурвас
Амьдралд маш олон асуудлууд тохиолдож, тэднийг бид өөр өөрсдийнхөөрөө л сайн муу гэж дүгнэдэг. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Эхнэрээ сайхан халамжилчихдаг, үр хүүхдүүддээ хэнээс ч илүү анхааран, хүмүүжүүлдэг, гэр бүлийн ноён нуруу болсон эр нөхөр, бэрдээ төрсөн охин шигээ хандаж, хайрладаг хадмууд ч зөндөө бий. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - д ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(532)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com