Өнгөрөгч баасан гарагт нийтлэгдсэн Гоолингоогийн нэвтэрхий толийн цуврал нийтлэлд “Хайртай сайтынхаа талаар улам ихийг мэдэхийг хүсч байна!” гэжээ. Хүсэлтийг ёсоор болгоё. Өнөөдөр бид хүмүүсийг гэнэ гэнэтхэн баярлуулаад байдаг “Гоолингоо сюрприз”-ынхаа нууцыг задлахаар шийдлээ.
Хамгийн анхны сюрпризийн санаа бидний ажлаа эхлүүлсэн том байгууллагын дэргэдэх хоёрхон ширээтэй умгар өрөөнөөс үүдэлтэй. Ширээгээ тойрон сууцгааж сар хагасын дараа болох Валентины баярыг догдлон хүлээхдээ юун түрүүнд уншигчдаа яаж баярлуулах вэ гэж бодсон хэрэг л дээ. Ингээд хайртаасаа авсан бэлэг давтагдашгүй гоё байдаг болохоор өнөөх жижигхэн өрөөндөө Гоолингоочуудынхаа хайртай залуусыг нь урьж 2 сарын 14-нд “Гоолингоо сюрприз 2013”-ын тухай танилцуулж эхэллээ. Сонин нь зөвхөн залуус ч бус бүсгүйчүүд олноор ирсэн нь Гоолингоочуудын зоригтой, биеэ даасан, өөртөө итгэлтэй гэдгийг нь ахин баталсан хэрэг болсон юм. Ингээд зуу орчим, нийлээд хоёр зуугаад хосыг баярлуулах том даалгавартай болсон Гоолингоогийн багийнхан Валентины өмнөх орой маргааш хүргэж өгөх “Baci” шоколадандаа захиаг нь шургуулж, дэлгэхэд л уншигддаг байхаар хичээн ажиллаад шөнө гэр гэртээ 2 цагийн үед харьцгаасан юмдаг. Тухайн үед маргааш юу болох вэ гэдгээс сэтгэл догдлоод шөнө ч олигтой унтаж чадаагүй шүү. Яасан гэж унтах вэ дээ. Уншигчидтайгаа компьютерийн дэлгэц, сэтгэгдлээр бус биечлэн уулзах гэж байгаа юм чинь!
“Гоолингоо сюрприз 2013”-ийн үеэр юу болсныг өөр нийтлэлүүдэд хангалттай дурдсан байдаг учир шууд алгасан эндээс юуг олж авснаа л өөрт чинь хэлье. Бид зуу зуун талархлын үгс, амттай инээмсэглэлүүдээр шагнуулчихаад “Huurhun.mn”-ээс эхлүүлэн хамт байгаа уншигчиддаа дараа жил бүр ч гоё сюрпризийг барьж баярлуулах хэрэгтэй гэдгээ л тун сайн ойлгосон юм. Ингээд 2014 оныг догдлон хүлээж байтал шинэ жил ч ирж, бид санаануудаа уралдуулахаар ширээндээ тойрон сууцгаалаа. Гэвч энэ удаа том байгууллагын дэргэдэх хоёр ширээтэй умгар өрөөнд бус өөрсдийн саруулхан оффистоо цугларсан байв.
Үүнээс цаадахыг нь та нар мэднэ. Өргөө кино театрын дэлгэц, дуучин Тэнүүний тоглолт хэрхэн гэрлэх саналын талбар болсныг, “Double Shot”-д дуун флаш моб яаж хийгдсэнийг, хол зайн хосыг анх удаа зэрэг баярлуулсан сошиал сюрприз бүтсэнийг гэсэн үг. Хэрвээ санахгүй байгаа бол эндээс үзээд эргэн санасан ч болно шүү дээ.
Хоёр ч Валентинаар хайртай хосуудад сюрприз бэлэглэснийхээ дараа бид Гоолингоочуудыгаа өөрөөр хэрхэн баярлуулахаа бодож оллоо. Ингээд Мартын 8-наар ээжүүд ба охидуудыг баярлуулъя хэмээн шийдээд захидлын уралдаан зарлаж шилдэг ганцхан оролцогчид боломж олгохоор зэхсэн ч тэр олон дулаахан үгсийг уншаад ахин 7 хүнд туслахаар болсон юм. Үүнээс төрөлхийн сонсголын бэрхшээлтэй, ганц ч удаа хайртай ээжийгээ дуудаж үзээгүй болон сүүлийн нэг жилийн турш өвчний улмаас хэвтэрт, ээжээрээ асруулсан хоёр охиныг сонгон хуурамч бодол уншигч машины тусламжтайгаар сэтгэлийн үгийг нь дамжуулсан. Харин үлдсэн 6 оролцогчийн захидлыг Гоолингоо нь биечлэн хүргэж өгсөн ба манайд хаягласан бүх захидлыг ээжүүдэд нь буцаан шуудангаар явуулсан билээ. Энэ тухай мөн эндээс уншиж болно.
Бид яагаад Гоолингоо сюрпризийг жил дараалан шантралгүй хийдэг юм бэ гэж үү? Нийгмийн хүсдэг өөрчлөлтийг эерэг замаар авчирч болно гэдэгт бүх хүнийг итгүүлэхийн тулд. Тэгээд ч та нар чинь өөрсдөө л “Дахиад Гоолингоо сюрпризээ хийе л даа?”, “Дараа жилийнх юу байх вэ?”, ““Гоолингоо сюрприз 2015” хэзээ захиалгаа авч эхлэх вэ?” гэдэг байнгын асуулт, хүсэлт явуулаад байдаг биз дээ?
Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад бидний салшгүй нэг хэсэг болох “Тэврэлтийн өдөр” – ийн тухай өгүүлэх болно.
Сэтгэгдэл (1) | Хэвлэх | Үзсэн тоо: 21679 | | | |
Өмнөх мэдээлэл Гоолингоогийн нэвтэрхий толь: Ярилцлага |
Дараах мэдээлэл Гоолингоогийн нэвтэрхий толь: Тэврэлтийн өдөр |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.