6-р сарын 1-нд телевизээр аав ээжийнхээ гараас хөтөлсөн алдрай үрсийн инээд гарч, гудамж хөөрдөг бөмбөлгөөр дүүрдэг. 9-р сарын 1-нд нэгдүгээр ангийн сурагчийн сэтгэгдэл, хонхны дуутай хослон радиогоор цацагдаж, гудамжаар дүүрэн оюутнууд дэгдэж цэцгийн туузнууд дэрвэдэг. 4-р сарын 1-нд фейсбүүк зөвхөн хөгжилтэй постоор дүүрч, гудамжинд хүн болгон хошин шогийн тоглолт дээр үзэгчийн суудалд сууж байгаа юм шиг шуугиантай, хөгжөөнтэй байдаг.
Гоолингоогийн байнгын уншигчид 7-р сарын 1-нийг яагаад үнсэлтийн, эвлэрлийн, уучлалын биш тэврэлтийн өдөр болгон зарласныг сайн мэдэж байгаа байх. Тэврэлт бол хүнд өөртөө итгэх итгэл, тайтгарал, тунгаамал, эрч хүч өгдөг зүйл. Мөн тэврэлтийг танихгүй хүнд ч өгч болно, хэнд ч өгсөн хүн болгонд таалагдах бэлэг. Бие бие рүүгээ сум шагайлгаж, нударга чиглүүлсэн өдрийг цагаатгаж бие биенийхээ өмнөөс гараа дэлгэн чанга тэврэх ёстой өдөр болгох аян маань бухимдлаа биш бахархлаа share-лэдэг эерэг сэтгэлгээтэй хүмүүсийн ачаар жил ирэх тусам улам өргөжсөөр байна.
2013 онд 25 байсан тоо 2014 онд гурав дахин үржигдэж, бид “Тэврэлтийн өдөр”-ийг энэ жил илүү өнөр олуулаа тэмдэглэсэн юм. Тэгээд хар бараан дурсамжийг сургамжаар нь эргэн дурсаж, эрт урьдын цагт эвдрэлцсэн биш, эгнэгт эв найрамдалтай байх ёстой гэдгээ л санах ёстой өдөр болгож 7 сарын 1-нийг хоёр дахиа тамгалсан. Чингисийн талбай дээрээс тэврэлдэх аялалд нэгдсэн хүний тоо нь л энэ болохоос хэчнээн олон хүн “Өнөөдөр тэврэлтийн өдөр гэсэн. Алив, нааш ир” гэж хажуудахдаа хэлж, хэн нэгнийг зорьж очиж тэврээд нурууг нь зөөлхөн алгадаж тайтгаруулсан гэдгийг Балхаа ахын хэлдгээр бид үнэхээр таашгүй. Ингээд бодохоор 7-р сарын 1 элэг нэгтнүүддээ элгэмсэг хандаж, танихгүй нэгэнтэй ч “зүү орох зайгүй” болтлоо тэврэлддэг, нэгэндээ зөвхөн эерэг цэнэг л дамжуулан солилцдог өдөр болоход ахиад тийм ч олон жил шаардагдахгүй юм шиг байна шүү.
Хамгийн ихээр бахархах дурсамж үргэлж бусдын төлөө хийсэн зүйл байдаг. “Тэврэлтийн өдөр” бол Гоолингоогийн хувьд зөвхөн бүсгүйчүүдэд биш хахир хатуу эрчүүдийнхээ ч харах өнцгийг нь залруулахад хувь нэмэр оруулж байгаа бахархалт үйл хэргүүдийн нэг билээ. Ард түмэн маань өөрийн гэсэн тэврэлтийн өдөртэй болж, хар үйл явдлыг цагаахан тэврэлттэй хамтад нь дурсдаг болчихвол ирээдүй хойчид маань үлдэх итгэл эвдсэн муу муухай хэргийн мөр зөөлрөх байх. Болсон үйл явдал бол өөрчилж болшгүй баримт ч гэсэн үеийн үед ахин нэхэн сануулж, сэтгэл зүрхэнд үргэлжлэх ёстой зүйл биш. Эсвэл зүгээр л юу ч болоогүй юм шиг аажим аажимдаа замхруулан мартчихвал дараа нь энэ явдал ахин сөхөгдөхөд байдал бүр ч дордож магадгүй. Энэ хоёрын аль нь ч түүхээс “авахыг нь авах”-д нэмэр болохгүй юм. Тиймээс хүмүүсийг 7-р сарын 1 гэхэд баргар царайлдаг байдлаас эртхэн салгаж, эерэгээр бодож эв эетэй байх шалтгаан, нөхөрсөг сануулгыг бий болгоё. Чи бидэнд тусалж чадна.
Зарим хүн биднийг улс төрийн ул мөрийг баллаж, үнэнийг саармагжуулах ажиллагаа явуулж байна гэж буруутгадаг. Тэдгээр хүмүүсийг гутранги үзлээс нь аврах ч бас бидний хийх л ёстой ажил юм.
Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад бидний салшгүй нэг хэсэг болох “Ирээдүйд илгээх захидал” аяны тухай өгүүлэх болно.
Сэтгэгдэл (1) | Хэвлэх | Үзсэн тоо: 20886 | | | |
Өмнөх мэдээлэл Гоолингоогийн нэвтэрхий толь: Гоолингоо Сюрприз |
Дараах мэдээлэл Гоолингоогийн нэвтэрхий толь: Ирээдүйдээ илгээх захидал |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.