ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуу насаа магтъя

Чөлөөт цаг  | 2014 / 10 / 30

Энэ удаагийн яруу найргийн буланд “Залуу нас”-ыг онцолж байна. Сайхан насан дээрээ гэрэл шиг цацарч яваа залуу бусгүйчүүддээ эрч хүч өгч, хийж бүтээх их хүсэл эрмэлзлэлд нь ташуур болох гэж энэхүү сэдвийг сонгосон юм. Өөрсдийн амьдарч ахуй цаг үе бүртээ залуу насны ид шид сайн сайхан бүхнийг магтан дуулсан гурван яруу найрагчийн залуу насны өөр өөр түүхийг эдгээр шүлгийн мөрүүдээс олж харах боломжтой юм. Магадгүй чамд ч бас өөрийн залуу насыг магтан дуулж, түүх өгүүлэх дөрвөн мөрт байгаа биз ээ. Түүнийгээ бидэнтэй заавал хуваалцаарай!

Залуу насаа магтъя

Бямбын Ренчин

Залуу нас
Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?
Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи
Эрчит мөрөн шиг урсан одном…
Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй.
Орчлонг таниагүй омголон насандаа
Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд
Нэхэл хатуу сэтгэлийн өрийг төлөх гэж
Нил цэцэг мэт залуу нас чамайг би зовоосоон
Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь…

Ренчингийн Чойном

Залуу нас
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.
Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.
Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.
Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.
Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Цоодолын Хулан

Миний залуу нас бардамхан байтугай
Сайхнаас сайхан ганц шүлэг чихрийн цааснаа биччихээд
Салхинд гэнэт алдчих мэт араас чинь би гүйнэм
Залуу нас минь халуухан үе минь түр хүлээ
Задгай инээд илхэн сэтгэл минь яльгүйхэн хүлээ
Залуу юм даа алдах л байлгүй гэж
Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна
Заамдаж аваад дайснаа гэнэт өрөвдөх мэт
Зайлуул гээд тэр үгийг нь тэгтлээн би үл тооно
Хоосон магтаалд шувуу шиг хөөрч
Ховын хар үгэнд цэцэг шиг гундавч
Хоргой даалимбаны алинд нь ч өнгө үл дарагдах
Хорин хэдэн нас минь түр хүлээ, жаахан хүлээ
Сүй тавьсан бөгж шиг мөнгөн тойрог саран доорх
Сүү амтагдсан хаврын тэнгэр шиг залуу насаа
Амтай болгонд хэлүүлж бардаггүй хөөрхий насаа
Амьтай бүхнээс өмгөөлье гэсиймаа
Алдар зэм хоёрын завсраар сум шиг харвасан
Алдхан бие зурвасхан нэр минь ч байтугай
Алдаан дээр минь ч гэсэн монгол улс тогтдогсон
Алив миний залуу нас бардамхан байтугай
Хөндлөн гулд Өндөрхааны гудамжинд
Хөглөж явсан Чойномын алдаа залуу нас нь байсан юм
Хөлчүүрхэж бичсэн шүлгээ хам хумхан өвөртлөхөд
Хөвчин их улсынх нь гуниг элгэнд нь мэгшиж байсан
Явлаа гээд Гагарины залуу нас хөлгийн бүхээгнээс инээж
Яллаа гээд Дандарын залуу нас нуувчин дотроос уйлавч
Ял гавьяагаар дутаагүй нас минь эх орныхоо төлөө
Ямар үнэ төлснөө тооцож үзээгүй юм шүү
Хөгшин Английг Битлз тэнд эстрадаар тэглэсэн
Хөмсөг нүдээрээ залуухан Цогзолмаа эрчүүдийг энд дэглэсэн
Одтой тэнгэр талын хүү Батбаяр
Олон Японыг тэнд хэвтээгээр нь нар харуулсан
Онгирохгүй яадаг юм миний залуу нас
Хэрсүү уяхан Жанцанноровын гуниг зуусан аялгуу юм чи, миний залуу нас
Хэнэггүй дампуу Болд-Эрдэнийн минь уйлж бичсэн шүлэг юм чи, миний залуу нас
Ононгийн шугуйн Эрдэнэбаавайн асгарууланхан дуудсан
Олон олон наран тогоруу, миний залуу насаа
Аргамагын дээд ажнайг илжиг гэж мэдэх зөрүүдхэн насаа хайрлахтун
Айлын гоё эхнэрийг урвуулж мэдэх тэнэгхэн насаа хайрлахтун
Цэцэг цэцэгсийн нүдэн дээр үнсдэг гэгээхэн насаа хайрлахтун
Чиний л төлөө үхье гэж хэнд хэлдгээ ч бүү мартахтун
Хашир, хэрсүү, тэвчээртэй буурал орчлонгоос
Халуун хоёр алгаа тосоод гуйж аваагүй юм шүү
Алив миний залуу нас бардамхан байтугай
Ауга монголын залуу нас алдахаасаан бүү айтугай

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(310)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com