ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Хайрыг хамгаалъя!

Мэдээлэл  | 2016 / 12 / 01

-Та хайраа яаж хамгаалдаг вэ?
-Эхнэртээ итгэж, итгэлийг нь алдахгүй байж хамгаалдаг даа. (Батзаяа, 28 настай)
-Ханьдаа, хүүдээ дандаа хайртай гэдгээ хэлж, хайрлуулдаг бас хүндлэгддэг гэдгийг нь өөрсдөд нь мэдрүүлдэг. Бат бөх хайрын хамгийн чухал нь энэ гэж боддог шүү. (Эрдэнэтуяа, 31 настай)

Гоолингоогийн нэвтэрхий толь: Хайрыг хамгаалъя!

-Одоохондоо би ганц бие. Тийм болохоор аав ээжийгээ, бас өөрийгөө л хайрлаж, спортоор хичээллэж, архи тамхинаас татгалзаж, эрүүл мэндээ хамгаалж явна. (Магнайбаяр, 26 настай)

-Эхнэрээ байнга халамжилж, хайрлавал хүүхэд маань ч бас түүнийг хараад ирээдүйн сайн нөхөр болж төлөвшинө. Энэ л миний хайраа эсэн мэнд байлгах арга. (35 настай Баяр)

Хүмүүсийн хариултаас харахад хайрыг хамгаална гэдэг хайрлаж байгаа зүйлээ өвтгөж, шархлуулах хортой зүйлсээс хол байлгахыг хэлдэг юм байна. Бас хайраа үргэлж мэдрүүлэн, улам бэхжүүлж, дархлаажуулахыг нэрлэдэг аж. Хайр бол мэдрэмжээс гадна шийдвэр. Тэр шийдвэрийг хамгаалах нэр төртэй үүргийг сайн биелүүлдэг хүмүүсийг хамгийн аймшигтай зүйлс ихэвчлэн тойрч гардаг. Жишээ нь, салалт, өнчрөлт, хорт хавдар, хүчирхийлэл, бас ДОХ.

Нээрээ шүү, хайраа хамгаалсан хүн ДОХ-оос хүртэл хамгаалагддаг юм. “Аминдаа хайртай” хүн л биедээ үргэлж бэлгэвчтэй явж, тохиолдлын хавьтлаас зайлсхийж, хэн нэгний хэрэглэсэн зүүг биедээ хүргэхээс татгалзаж, ухаанаа алдан тэнэг үйлдэл хийхгүйн тулд хэтрүүлэн уудаггүй. Гэр бүлдээ хайртай хүн л ханьдаа үнэнч байж, хүүхэддээ эрүүл аж төрөх ухааныг өвлүүлэн үлдээж чаддаг. ДОХ гэдэг өвчнөөс үнэндээ бэлгэвч биш, амьдралын зөв хэв маяг л биднийг найдвартай хамгаалж чадна. Тэгээд л Гоолингоо ДОХ-ын эсрэг өдөр 12-р сарын нэгэнд “Хайрыг хамгаалъя” аяныг өрнүүлдэг юм.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэг итгэдэг” хэмээх итгэл үнэмшлээрээ эхлүүлсэн бидний энэхүү санаачилга 3 дах жилдээ өрнөх гэж байна. Никотинд хордож харласан уушгины зураг энд тэндгүй наасан 00-ийн өрөөн дотор хүмүүс цугларч, юу ч болоогүй юм шиг тамхи татсаар л байдаг. Үүн шиг, дархлалын олдмол хомсдолтой хүний тоо нэмэгдэж байгаа талаар зурагтаар хэчнээн их цацсан ч энэ нь хүмүүст үр дүнтэй сэрэмжлүүлэг болж чаддаггүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд хүртэл өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Аливаа хортой зүйлийг үүсгэж байгаа цаад шалтаг, шалтгааныг л устгах нь хамгийн үр дүнтэй гэж үздэг учраас бид анхнаасаа ДОХ тусахгүй байх тийм хэвшлийг жил бүрийн энэ өдөр сурталчилдаг билээ.

Гоолингоо 2012 онд сошиал медиагаар уншигчиддаа өөртөө болон бусдад өгсөн хайраа хамгаалахыг уриалж, 2013 онд үүнээс гадна “Би өөртөө хайртай” гэсэн бичигтэй 500 бэлгэвчийг Өргөө кино театраар үйлчлүүлж байгаа залуучуудад тараасан. Тэд яг одоо л үүнийг ойлгохгүй бол оройтно. Харин энэ жил бид өнгөрсөн 9-р сарын 26 -нд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдөрт зориулж “Хүүхэд бүр хүссэн байх ёстой” өдөрлөгийг хамтран зохион байгуулсан Mary Stopes эмнэлэгтэй хамт илүү олон зүйл хийхээр төлөвлөөд байна.

Зөвхөн ДОХ ч биш, бэлгийн замын бусад халдварт өвчнүүд ч өөрийгөө хайрладаг хүнийг тойрдог. Эрүүл аж төрж, эрүүл амьдарч, хүүхдээ ч бас эрүүл өсгөж, эрүүл амьдардаг болгож, энэ хорвоод хүн болж төрснийхөө утга учрыг биелүүлэхийн тулд бидэнд зүгээр жаахан л хайр, ухаан хэрэгтэй. Тэгвэл айдасгүй, AIDS-гүй амьдарч чадна.

Хэрвээ хүн болгон Гоолингоогийн санаачлагыг дэмжиж, хайраа хамгаалдаг болчихвол энэ аймшигт өвчний тархалт манай оронд зогсоно гэдэгт бид эргэлзэхгүй байна! Хэдхэн долоо хоногийн дараа “Хайрыг хамгаалъя-2014” өрнөнө. Ирэх 12-р сарын 1-нд Гоолингоогийн Facebook, Instagram хуудаст тавигдах уриалгуудыг найзууддаа харамгүй тарааж, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөөх хамгийн чухал зүйлийг хийгээрэй. Хайраа хамгаална гэдэг өөрийгөө хамгаалахаас эхэлдэг.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад энэхүү арга хэмжээнийхээ дүгнэлт нийтлэлийг хүргэх болно.

Чи “Хайрыг хамгаалъя!” аяныг дэмждэг үү?

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(198)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Дадиш.   2016-12-08
Сэтгэгдэлүүд нь үнэхээр хөөрхөн юмаа. Энэ чин сэтгэлтэй сайхан залуучууд үргэлж ингэж эхнэрээ хайрлаж, тэр хэрээрээ өөрсдөө хайрлуулж байгаасай. Манай нөхөр даанч ингэж боддоггүй нь харамсалтай.

Зочин: Zochin .   2016-12-01
AIDS uunii talaar usvur nasnii huuhduuded iluu ih mdeelel uguud gj bishe bnaa. Oiriin ued 18 nasnii ohid jiremsleh asuudal mash ihesseen ghde zarimd ni bol jiremslelt bish uvchin bj bolnoo tmes iluu ih surgalt zohion baiguulj mdeelel oilgooso gj husej bnaa

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com