Токиод ганцхан хонох шахуу төлөвлөгөөтэйг минь мэдэж байгаа мөртлөө Юүи намайг нэгэн үзэсгэлэн рүү дагуулж явахаар улайран зүтгэв. Юүи төгссөн мэргэжлээрээ ажиллахаас зурагчин болохыг илүүд үзсэн япон бүсгүй бөгөөд түүнтэй би өнгөрсөн жил Монголоор аялаж байхад нь танилцаж дотно нөхөрлөсөн билээ. Загварын брендтэй болох мөрөөдөлтэйг минь сайн мэдэх Юүиг “Чи заавал очиж үзэх хэрэгтэй” гэж тувтан “үглээд” байхаар нь хоёр ч уулзалтаа цуцлаад галт тэргэнд хагас цагийг өнгөрөөсний эцэст Токиогийн хамгийн чинээлэг дүүрэг гэгддэг Гинзад ирэв ээ.
Юүигийн аминчлан надад үзүүлэхийг хүссэн зүйл бол Диорийн “Esprit Dior” нэртэй үзэсгэлэн аж. 2013 онд Шанхайд болсон үзэсгэлэн энэ жил Токиог сонгосон нь дараах гурван шалтгаантайг очоод олж мэдэв.
1. Диорийн үйл ажиллагааны захирал Раф Саймонс 2015-2016 оны өвлийн загваруудынхаа урьдач шоуг Токиод 12-р сарын 11-нд хийхээр бэлтгэж буй.
2. Диорийн салбар дэлгүүр шинээр Токиод нээгдсэн.
3. Дээрх хоёроос дутуугүй чухал шалтгаан болох домогт Кристиан Диорийн бүтээлүүдэд туссан Ази, тэр дундаа Япон орны соёлын нөлөөг тэмдэглэх юм.
Үзэсгэлэнгийн хаалгаар оронгуут цагаан бээлий, хар хослолоор ижилссэн ажилтнууд “Esprit Dior”-ийн англи, япон хэл дээрх танилцуулгыг өгөв. Нийт 4 давхар тус барилга бүхэлдээ Диороор өвч бүрхэгдсэн гэж хэлж болохуйц агаад 2-р давхарт Кристиан Диорийн бүх цаг үеийн хамгийн алдартай, авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсны нотолгоо болох бүтээлүүдийг эгнүүлсэн байлаа. Харин шат доошлон буувал бидний дуртай “Miss Dior”, “J’adore” үнэртнүүдийн гоёмсог баглаа боодлыг Диорийн мэргэжилтнүүд хэрхэн урладгаа бэлээхэн үзүүлж байх нь тэр. Мөн жил жилийн загварын цуглуулгадаа яаж хүч зардаг хийгээд бэлэн хувцас гаргахад хэр нарийн ажиллагаа шаарддагддагийг тайлбарлаж байв. “Dior”гэсэн дөрвөн үсэгнээс өөр бичиг, элдэв зүйлгүй цагаан халадтай тэд Диорд ажилладаг гэдгээс ч илүүг зүгээр байгаагаараа л илэрхийлэх шиг санагдсаныг нуух юун. Мэргэжилтэн гэхээсээ тэд уран бүтээлч тал нь давамгайлсан харагдана.
Диорийн түүхийг үүсгэн байгуулагч Кристиан Диороор л зааглах бүрэн эрх бий. Гэсэн ч “Esprit Dior” үе үеийн охь шид болох түүний залгамжлагчдын хэсгийг ч үзэсгэлэндээ байрлуулсан нь зүйтэй оносон хэрэг байсан. Ив Сен Лоран, Марк Бохан, Жон Галлиано, Рам Саймонс гээд энэ брендийн өдгөө хүртэлх замыг засагч, хувь нэмрээ оруулагчдын бүтээлүүд энд хамт орсон учир сая “House of Dior”-ийг бүхэлд нь илэрхийлж байх шиг санагдсан билээ. Нийтлэлийн эхэнд Диорийн загварын цуглуулгад Ази, тэр тусмаа Японы соёл нөлөөлсөн тухай дурдсан. Тэгвэл 3,4-р давхарт өрсөн загваруудаас энэхүү нөлөөг бодитоор харж болох бөгөөд зочдод сонирхуулах үүднээс байгуулсан Диорийн бяцхан номын санд түр саатах боломжтой.
Бодит амьдралаас тасраах 4 давхар “Esprit Dior”-ийн хээнцэр хийгээд гоёмсгийг үгээр илэрхийлэхийн аргагүй учир сэтгэл хөөрлөө энд зогсоосон нь дээр байх. Хэрвээ та хувцас загвар хийгээд бренд, Диорийн талаар тодорхой ойлголтгүй нэгэн бол нийтлэлийн төгсгөлд би энгийнээр дахин тайлбарлая. Диор бол Кристиан Диор хэмээх залуугаас эхлэлтэй, 1946 оноос одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй дэлхийн топд багтах тансаг зэрэглэлийн бренд бөгөөд өөрийн асар баялаг түүхээ хуваалцахын тулд Токиод “Esprit Dior” нэртэй үзэсгэлэнг нээн ажиллуулж байна. Түүнийг нь би тун азтайгаар Токиод ганц хонохдоо үзэж амжсан. Ингээд л болоо. Танд ч гэсэн “Esprit Dior”–ийг нүдээр үзэж, гарах хаалганы дэргэдэх үнэт номд сэтгэгдлээ бичих боломж бий. Гагц 2015 оны 1 сарын 1-нээс өмнө л амжиж очоорой. 10 сарын 30-нд нээгдсэн тус үзэсгэлэн өглөө 10:30- 19:00 цаг хүртэл нээлттэй. Гэхдээ сүүлчийн ээлжний зочдыг 18:00 цагт оруулаад хаалгаа барих хатуу журамтай. Алмайрах цагийг ирсэн хүмүүстээ хангалттай олгож буй нь энэ л дээ.
Сэтгэгдэл (1) | Хэвлэх | Үзсэн тоо: 9620 | | | |
Өмнөх мэдээлэл Александр Вангийн бүтээсэн “H&M” |
Дараах мэдээлэл Шинэ жилсэг санаа №32 |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.