ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бенгалын гал бид хоёрын өнгөрүүлсэн хорин жил

Чөлөөт цаг  | 2014 / 12 / 04

-Пөөх, ид шид, ид шид...
Хамгийн анх 4-р ангид байхдаа бенгалын галыг хараад ингэж бодож байлаа. Сургуулийн шинэ жилийн үзүүлэн тоглолтоор том ангийн эгч нар цасан охидын бүжиг бүжиглэж байсан юм даг. Дагина шиг таван эгч нар саа зүүсэн цагаан даашинзаа дэрвүүлсээр тойрог болж зогсоод голдоо савх шиг урт зүйлсийг үзүүрийг нь нийлүүлэн цэцгэн хэлбэр үүсгээд зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг л болж байна.

Бенгалын гал бид хоёрын өнгөрүүлсэн хорин жил
Хамгийн цаад талд зогсож байсан эгч юугаар ч юм тэдгээр савхнуудыг асаахад өнөөх чинь хэдэн тийш алтан өнгөөр цацарч гялалзаж эхлэхэд нь урьд өмнө нь тийм гайхалтай юм үзэж байгаагүй тэр бяцхан охинд үлгэр биелэх шиг санагдаж байсансан. Үнсгэлжингийн шидэт саваа шиг л.

Бүжиглэх зуур гарын хөдөлгөөнийг даган хөдлөх тэр шидэт саваагаар зурагдан өнгөрч байгаа агаар нь ч ид шидээр дүүрчих шиг. Тэр үед үзэгчдийн дундаас харж зогссон би том болоод яг энэ эгч нартай адилхан, гартаа шидэт саваа барин “Цалин мөнгөн тэнгэртэй Цасан угалз наадуулсан” гэдэг дуун дээр бүжиглэнэ дээ хэмээн мөрөөдөж байсан юм. Тэгээд ээжийн пальтоноос татаж “Гартаа барьсан юмыг нь би ч гэсэн барьж үзэж болох уу?” гэж асуухад “Болохгүй миний хүү, том хүмүүс л барьдаг юм” гэж ээж маань хариулсан. Тэгэхээр нь том хүмүүст л энэ савааг ингэж гялалзуулах хүч нь байдаг юм байна гэж ойлгоод хурдхан л том болохын түүс болж байлаа.

Хоёр жилийн дараа би юмны учрыг овоо ойлгодог болсон байв. Тэгсэн ч том болохоос нааш бенгалын гал барьж үзэхгүй гэдэгтээ бат итгэж явтал нэг өдөр сургуулийн гадаа манай ангийн хүү хоёр гартаа хоёуланд нь миний мөрөөдөл болсон тэр шидэт савааг барьчихсан яваа харагдав аа. Хүүе, хөөе болсоор бушуухан гүйж очоод найзуудтайгаа ээлж ээлжээрээ барьж үзэн бөөн алмайрал болцгоов. Өнөөх хүүг “Надаас худалдаж авч болно. 100 төгрөг” гэхээр нь нэгийг авах санаатай азаар жоорлосон пирожкиний 80 төгрөгөө, өчигдрийн үлдэгдэл 10 төгрөгтэйгөө нийлүүлээд “Надад 90 төгрөг л байна” гээд гаран дахаа сарвайн, өөдөөс нь урвайн зогсоотхов. “За, яахав” гээд л соёлыг гайхуулсан додигор хүү надад нэгийг сугалж өгөх тэр мөчид амьдралдаа хэзээ ч авч байгаагүй өвөрмөц сайхан бэлэг авсан хүн шиг хөөрөн баясаж орхисон. Эхэндээ зүгээр л хүж шиг харагдаж байсан саваа гэнэт асч эхлэхэд нь айгаад унагаачих шахсан ч тэсээд, өөрөөсөө холдуулж байгаад өөдөөс нь сайн харав. Ямар гоёмсог санагдсан гээч? Хүүхэд насны ер бусын мэдрэмж намайг газраас хөөргөх шахаад, шидэт саваагаа гулгаж байгаа хүүхдүүдэд гайхуулахаар мөсөн гулгуур луу гүйж байтал сургуулийн менежер буурал толгойт Цэдэв багш дотроос гарч ирэх нь тэр. “Хичээл тарчихаад байхад таануус юу хийгээд байгаа юм. Алив явцгаа” гэсэн дуунаар нь сандарсандаа би барьж байсан шидэт саваагаа цасан дээр унагаагаад унтраачихсансан. Дүрэлзэж дуустал нь харж чадаагүйдээ гоморхож тэр оройжингоо Цэдэв багшид уур хүрч байж билээ.

Түүнээс хойш шинэ жил болохоор л “Бямбаагийн гал авахуулъя” гэж аав ээжээс шалдаг хэцүү охин боллоо би. Гараа түлчихнэ, аюултай, салютнаас болж сая нэг хүн яасныг миний охин мэдээгээр үзсэн биз дээ гээд л тэд надад ер авч өгдөггүй. Тэгсэн ч ямар ч бэлэгний оронд “Бямбаагийн галыг л авмаар байна” гэдэг байв. Надад хамгийн анх шидэт саваа худалдаалсан хүүгийн нэрийг Бямбаа гэдэг байсан юм. Асааж байхдаа “Энийг юу гэж нэрлэдэг юм бол?” гэж асуухад “Бенгалын гал” гэж хэлснийг нь би Бямбаагийн гэж сонсчихоод тэрнээс хойш хэдэн жил тэгж итгэлтэйгээр хэлдэг байсан нь энэ л дээ.

Ахлах ангид орлоо. Өдөр болгон шинэ дурлалтай учирдаг юм шиг, тийм дэврүүн насан дээрээ явсан би гэдэг хүн өвлийн нэг өдөр fm радио дээрээ Мөнхийн Реп-ийн дууг тааруулаад, “Цаснаар чамтай алхах би дуртай” гэдэг хэсэгт нь дууны клипэнд тоглож байгаагаар өөрийгөө төсөөлж коридортоо ганц хүний жүжиг тавьж байсан юм. Бас болоогүй ээ, хажуугаар нь гар утсандаа мессеж ирэхийг хүлээгээд л, ямар мессеж ирэх бол гэхээс өөрөө өөрөөсөө ичиж нүүрээ даран орон дээрээ унаж байтал... утасны дуудлага! Тэр үед би дээд ангийнхаа ахтай танилцаад бүтэн сар гаруй ээжээсээ нууцаар мессеж бичилцээд амжсан байлаа. Утасны цаанаас нэг дулаахан (одоо санахад жаахан хөвгүүний) хоолой:

-Сайн уу? Юу хийж байгаа юм?
-Юу ч хийгээгүй (Тэр үед их үгийн баялаггүй хариулт хэлдэг байж)
-Аан. Гялс цонхоороо хар даа.
Юу юм бол гэхээс тэсэн ядан хартал бенгалын галаар хийсэн алтан шаргал зүрх цонхны минь цаана дүрэлзэж байв. 8 давхарт амьдардаг байсан надад тээр доор гартаа нэг нэг шидэт саваа барьж, зүрхэн хэлбэр гарган зогссон найзууд нь тийм ч тод харагдаагүй юм. Зөвхөн асч буй, цацарч буй томоо зүрх л зогсолтгүй харагдаж байв. Бяцхан зүрх минь амаар гарчих шахан цохилж байх тэр үед анхны хайр маань надад утсаар “Надтай үерхээч” гэж хэлэхэд газар дээрээс нисчих шиг л санагдаж, романтик зохиолтой кинонд тоглоод ч байгаа юм шиг санагдаж байж билээ. Үнэхээр цагаахан байжээ, өсвөр насны үнэн сэтгэлийг минь тэнд байсан хэдэн арван бенгалын гал гэрчлэхсэн.

Эргэн санахад, анхны том шагнал минь ч надад арван хэдэн анивчиж ассан гэрлийн хамт ирж байсан юм билээ. Хэдэн жилийн өмнө хамт олныхоо шинэ жилээр ширээ тойрон хооллож байтал захирал маань гэнэт босч зогсоод миний нэрийг дуудан “Шилдэг ажилтан” өргөмжлөлийг гардуулан өгсөн юм. Анхны минь ажил байсан учир ийм том шагнал авч байгаадаа итгэж ядан, өргөмжлөлөө энгэртээ тэврээд талархсан сэтгэлээ илэрхийлэхээр тэдэн рүүгээ харахад багийнхан маань бүгд нэг гартаа цацарч буй бенгалын гал, нөгөө гартаа хундага барин зогсож байсан нь дурсамжинд тодхон бууж байна. Түгдэрч гацсан хэдэн үгний минь дараа төд удалгүй захирал маань оргилуун дарсаа буудуулан оргилсон бас гялалзсан тэр нэг жилийг сайхан үдсэн дээ.

Сүүлийн үед бенгалын гал яагаад ч юм олдохоо больчихсон. 12-р сар гармагц л гартаа бенгалын гал барьж жаахан үедээ буцаж очихын бөөн бөөн хүслэн болдог байв. Гэхдээ 2013 оны шинэ жил хүслийг минь биелүүлсэн. Өнгөрсөн жилийн он солигдох мөчийн дараа салют буудахыг харахаар хайрттайгаа хамт гэрийнхээ тагтан дээр гарлаа. Тод өнгийн гэрлээр эрээлжлэх тэнгэрийг ажиглан, гаран дах шампанскаа уугаад зогсож байтал тэр минь хаанаас ч юм бэ олсон бенгалын гал гаргаж ирээд өөртөө нэгийг авч, надад нэгийг өгөөд асаасан. Үнсгэлжин болор шаахайгаа олсон юм шиг л, хэний ч санаанд оромгүй гэнэтийн бэлгээ хараад би салют буудаж дуусан дуустал бенгалын галтайгаа гадаа зогсож, байрны доор баярлалдаж байгаа хүмүүстэй “Шинэ оны мэнд!” гэж чангаар мэндчилж билээ. Надад мөрөөдлийг, анхны бөгөөд мөнхийн хайрыг, амжилт бүтээлийг авчирсан ид шидтэй бенгалын гал. Түүнтэй танилцаад би хорин жилийг өнгөрүүлжээ.

Тэр өдөр салют дууссаны дараа эргээд ороход жаахан дүү нар маань бяцхан цасан охид болчихсон цагаан даашинзаа дэрвүүлэн тойрон зогсоод эргэлдэн бүжиж байсан юм. Тэдний бүжгийг хараад сууж байх нь ээ, бага насны сургуулийн шинэ жил сэтгэлд дурсагддаг юм байна. Аль хэдийнэ том болж, юуг л бол юуг хийж чадахаар болсон би харин тэгэхэд л томчуудад биш, 3-р ангийн дүү нарт маань шидэт савааг асаах жинхэнэ хүч байгаа гэдгийг олж харсан. 20 жилийн өмнө бүхнийг мөрөөдөж, ид шидийг ч бодит хэмээн итгэдэг байсан надад ч бас тэр хүч байсан байх. Буцаад яг л тэдэн шиг жаахан цасан охин болоод, жижигхэн гараараа хүрсэн болгоноо ид шидээр дүүргэхийг хүснэ...

* “Гялалзсан сар” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(578)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com