ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Өглөө, бас үдшийн мэндчилгээ

Мэдээлэл  | 2014 / 12 / 11

Энэ хоёр булангийн сэтгэгдлээс уншихаар “Үргэлж л надад зориулаад биччихсэн юм шиг байдаг шүү!” эсвэл “Өдөр бүрийг сайхан үгээр эхлүүлж, жаргааж байдаг Гоолингоодоо баярлалаа” гэдэг үгс л хамгийн их тааралддаг юм. Хэрвээ та ч гэсэн ийм сэтгэгдэл бичиж байсан бол Гоолингоогийн нэвтэрхий толь ямар хоёр булангийнхаа талаар танилцуулах гэж байгааг дор нь ойлгосон байх. Үгүй гэж үү?

Гоолингоогийн нэвтэрхий толь: Өглөө, бас үдшийн мэндчилгээ

Фейсбүүкээ өглөө нээнгүүт Гоолингоогоос “+10 хэмтэй өнөөдрийн мэндийг хүргэе!”, орой унтахын өмнө “Сайхан амраарай, чиний Гоолингоо” гэдэг тогтмол үгнүүдтэй, содон зурагтай постууд өдөр бүр “уйгагүй” орж харагддаг шүү дээ. Та нар минь үүнийг “Өглөө, оройн мэндчилгээ”, “Урмын үгнүүд” гээд хэрхэн ойлгодгийг мэдэхгүй юм. Бид лав өөрсөддөө “Өглөөний мэнд”, “Сайхан амраарай” хэмээн нэрлэж хоёр булангийн төлөөлөл болгон заншсан билээ. Хэвлэл болгохдоо нэгийг нь ажлын ширээн дээрээ, нөгөөг нь унтлагын өрөөндөө тавих зориулалт бүхий хоёр ном болгон гаргана гэдэг тогтсон үзэл бодол ч бий.

Юун түрүүнд “Өглөөний мэнд”, “Сайхан амраарай” булангуудыг хариуцан хөтлөх нь сэтгүүлч миний хувьд ажил гэж санагддаггүйг цохон тэмдэглэмээр байна. Гоолингоогийн хувьд “шинэков”ч “Би бичье” гэж зориглон авахдаа үүнийг ажил гэхээсээ өөрт тохиолдсон эсвэл ойлгосон зүйлээ бусадтай хуваалцах боломж л гэж харсан юм. Бод доо, хэрэв ийм гоё булангуудыг хариуцах нь ажлын цагаараа л хийдэг үүрэгт зүйл байсан бол орой унтахынх нь өмнө “Сайхан амраарай” гэж хэлж чадна гэж үү? Он гарах гээд догдолж байхад нь “Ирэх жил уулзъя, Гоолингоочууд аа!” эсвэл “Шинийн нэгний мэндийг хүргэе!” гэж амжиж мэнд мэднэ гэж үү? Үгүй л болов уу. “Хээ цэс, амрах минь” гэчихээд хувийнхаа зүйлсийг л хийх байх. Тэгэхээр “Өглөөний мэнд”, “Сайхан амраарай” булангууд бичүүлж буй хүнийхээ сэтгэл зүрхнээс уягддаг нэг тийм өвөрмөц шинж чанартай гэдэгт нь би үргэлж итгэж явдаг билээ. Хоёр буланг маань үргэлжлүүлэн бичих үе үеийн сэтгүүлчидэд энэ чанар ижилхэн үйлчлэнэ гэдэгт ч мөн ялгаагүй итгэдэг.

Энэ мэтчилэн сэтгүүлч хүний үүднээс хоёр буландаа зориулсан сэтгэлээ өөр олон янзаар илэрхийлж би чадна. Гэсэн ч түр завсарлага аваад “Өглөөний мэнд”, “Сайхан амраарай”-ийн дор бичигддэг зуу зуун сэтгэгдлээс та нартаа үзүүлэхийг хүслээ. Уг нь бүх постуудаас хамгийн түгээмэл, бас инээдтэй сэтгэгдлүүдийг түүмээр байсан ч өдөр болгон ордог “ажилсаг” булан учир дэндүү их цаг авах гээд болдоггүй. Тиймээс дурын нэг сарыг сонгоод уншуулахыг хүссэн 8 сэтгэгдэлд хариулт өгөх замаар энэ булангуудын талаар илүү мэдээлэл одоо өгье.

1. “Ганбаатар- Энэ админ их таалагдаад байгаа юм даа. Их зөв бодолтой, сайн хүн шиг санагдаад гээд л. Сайхан амраарай, Гоолингоо.”- Баярлалаа, чиний Гоолингоо нь нэг л өдөр өөрийгөө ил гаргахаар зэхэж байгаа шүү.
2. “Сувд- Ийм сайхан үгнүүдийг хаанаас олж бичээд байдаг юм бэ?”- Хаа сайгүйгээс буюу хаанаас ч байж магадгүй. Яагаад гэвэл тухайн өдөр бодогдсон хамгийн үнэ цэнэтэй, сургамжтай бодол л пост болж нийтлэгддэг. Тиймээс хаанаас ч, юуг ч хараад бодож олсон байж магадгүй гэсэн үг л дээ. Заримдаа өөрөө хүртэл яагаад анх ингэж бичих болсноо бодоод бодоод олдоггүй юм.
3. “Нармандах- Гоолингоо чамд би хайртай!”- Бид ч гэсэн чамд хайртай, найз минь!
4. “Туяа- Баярлалаа, Гоолингоогийн эгч ээ!”- Энэ сэтгэгдлийг бичсэн хүн өөрөө эгчийн маань үеийн эмэгтэй байсан. Нас насны бүх бүсгүйчүүдэд “хүрч үйлчилж” байгаадаа бид хэчнээн баяртай байдаг гээ?
5. “Мандухай- Далдыг хардаг юм шиг яг л толгойд минь эргэлдэж, бодлоос минь гарахгүй байгаа зүйлст хариулт өгдөг шүү, Гоолингоо.”- Хорвоо дэлхийн хаана ч байлаа, бидэнд тулгардаг асуудлууд адилхан байдаг юм байна лээ шүү, хонгорууд аа!
6. “Түмэнжаргал- Орой болгон Гоолингоогоо уншаад урам аваад унтах юм даа, баярлалаа.”- Зүгээр дээ, өнөөдөр юу ч болсон бай, маргаашийг итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн угтахад туслах л бидний гол зорилго юм чинь!
7. “Ганчимэг- Гүүд наят Гоолингоо. Маргааш сайхан өглөөг хамт угтъя.”- Маргаашийн урам зоригтой угтахад чинь зориулаад бид маш гоё үгийг, зурагтай хамт олж бэлдсэн байгаа.
8. “Алдрай- Шантрахад ойрхон байлаа. Дэмжсэнд баярлалаа.”- Ийм сэтгэгдэл харах бүртээ яагаад Гоолингоогийн сэтгүүлч байх нь утга учиртай, бас азтай талаар боддог шүү.

Үргэлж урмын үгээр мялааж, үүнийг үргэлжлүүлэн хийх эрч хүчийг өгдөг та нартаа талархаад талархаад ханашгүй. Гэсэн ч Гоолингоо нь чин үнэнчээр, найздаа л гэж найдаж хэлье. Өдөр бүр бичдэг үгс шигээ бид дандаа ухаалаг амьдарч чаддаггүй. Уриалж байгаа зарчим, дүрмүүдээ байнга мөрдөөд дагаад байж ч чаддаггүй. Бас пост болон бичигдсэн зүйл хоорондоо зарчмын хувьд зөрөх тохиолдол олон гардаг. Хариулт нь энгийн. “Өглөөний мэнд”, “Сайхан амраарай” булангууд тухайн өдөр л бодсон бодлын нийлбэр юм. Хэдхэн цагийн дараа үгүйсгэх ч магадлалтай тийм л уян хатан зүйл гэсэн үг. Гэсэн ч бидний алдааны түүх, дурсамж болсон энэ хоёр буланд хэзээ ч үзэл санааны хувьд зөрөөтэй зүйл нийтлэгдэж байгаагүйг батлан хэлье. Хэдийгээр бичсэн шигээ ухаалаг амьдарч, дүрмүүдээ хангалттай хэмжээнд мөрдөж чадахгүй байгаа ч өглөө сэрэх бүртээ өчигдрийнхөөсөө сайжрах гэж, улам хичээх гэж өндийдөг гэдгээ ч батлан хэлье. Яагаад ийм тууштай, бас итгэлтэй байгаа гээч? “Мөрөөдөл бол хүрэх цэг бус амьдралын хэв маяг” гэж итгэдэг учраас л өдөр бүр ийн тасралтгүй хичээдэг байхгүй юу даа. Таныг ч бас өглөө, бас үдэш болгон ордог чиний Гоолингоогийн мэндчилгээнүүдтэй хамт ийн хичээгээсэй гэж хүсч байна. Алдаагаа ч, оноогоо ч хамтдаа бичилцье, хонгорууд аа!

“Өглөөний мэнд”, “Сайхан амраарай” булангийн талаар чи өмнө нь мэддэг байсан уу?

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(616)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tseegii.   2015-10-07
sain baitsgaanu? udur bvr shan ugeer uram harildag goolingood bayrlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com