ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2014 онд Гоолингоогийн уншсан онцлох номнууд

Чөлөөт цаг  | 2014 / 12 / 24

2014 онд Гоолингоо нь Стив Жобсын бүрэн цадиг, Хэлхээ 3 роман, Очир Эрдэнийн дээжис, Софийн ертөнц, Үхэл гэж үгүй, Очир эрхшээгч, Цагаан хар улаан, Туурайнаас төрөгсөд, Бясалгал, 13 гэх зэрэг номнуудыг уншсан ч онцгойруулж доорх 4 номын тоймыг та нартаа хүргэжээ.

2014 онд Гоолингоогийн уншсан онцлох номнууд

Эдгээр 4 номны 2 нь цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалтын тухай ба энэ салбартаа хамгийн үр өгөөжтэй, арга заль голчилсон номнуудаас хамгаагүй сайн учраас та нарыгаа уншаасай гэсэндээ, унших сэдлийг чинь төрүүлэхийг хүссэндээ бичсэн юм шүү.

“Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” ном
Энэхүү номыг Гоолингоо багийн бараг л бүх гишүүд уншсан гэхэд болно. Өдөр бүрийн жижиг сажиг ажлуудаа хурдан хугацаанд амжуулж, ирээдүйн том зорилго, мөрөөдөлдөө чиглэж, хэдий маш их ажилтай байсан ч ажлын төлөө төрсөн хүн байхгүйн тухай өгүүлсэн нь бидэнд хэрхэн өөрөө өөртөө зохион байгуулалт хийхийг шинээр заасан хэрэг л дээ.

Номны зарим ишлэлээс:
- Нөхцөл байдалд хандах хандлагаа өөрчилвөл нөхцөл байдал өөрчлөгддөг.
- Алдаагаа хүлээн зөвшөөрч суралцахгүй байх нь шал өөр түвшний алдаа юм. Энэ нь хүнийг ихэвчлэн өөрийгөө хуурах, өөрийгөө хамгаалах аргад хөтөлж, ухаалаг тайлбар хэлэхэд хүргэдэг. Энэхүү хоёрдогч нуун далдлалт нь эхний алдаандаа хүч өгч, зүй бус байдлыг чухал болгодог учраас илүү хор хохиролтой.
- Манлайлалыг биш менежментийг эхэнд тавих нь Титаник доторх сандлуудыг тэгшлэхтэй адил.
- Бие даах нь өөртөө итгэх итгэл, бодол сэтгэл нь гадны нөлөөнөөс хамааралгүй байхыг хэлнэ.
- Хүн бүрт байдаг өөрчлөлтийн хаалга зөвхөн дотроосоо онгойдог.
- Бусдаар төлөөллөө хийх чадвар бол зохион байгуулагч, гүйцэтгэгч хоёрын үндсэн ялгаа.
- Эзгүй байгаа хүмүүст шударга хандсанаар тэнд байгаа хүмүүсийн итгэлийг олж авдаг.
- Ихэнх хүн ойлгох санаагүйгээр, зүгээр л хариулт өгөх санаатайгаар сонсдог. Тэд ярих юм уу эсвэл ярихад бэлтгэж байдаг. Тэд бүхнийг өөрсдийн парадигмын үүднээс шүүж, хүмүүсийн амьдралыг өөрсдийн намтраар дамжуулан уншдаг. Тэд харилцаж байгаа хүн болгондоо өөрийн зүүж байгаа шилийг зүүлгэх гэж оролддог.
- Жорж Бернард Шоу: Миний хувьд амьдрал гэдэг зуурдхан асаад унтрах зул биш. Гартаа барьж буй хэдэн хоромдоо аль болох хурц дүрэлзүүлээд ирээдүй хойчдоо дамжуулах гайхамшигт бамбар билээ...
Тоймыг бүтнээр нь уншихыг хүсвэл энд дараарай.

“Өөдөө тэмүүл” ном
Номын дэлгүүрийн тавиур дээр өрөөстэй байх үед нь энэ номыг хамгийн түрүүнд шүүрч авах хүмүүс бол карьерийн өндөрлөг зүгт харцаа шулуутгасан, өмнөхөөсөө илүү сайн байхыг үйлдэл бүртээ өөрөөсөө шаарддаг бүсгүйчүүд байх биз. Гэхдээ чи эхлээд тэр их амжилт ололтыг өөрийн болгохыг жинхнээсээ хүсч байгаа эсэхээ сайтар бодож үзээрэй. Үнэхээр хүсч байгаа бол "Өөдөө тэмүүл" бүсгүй минь.

Номны дэд гарчигуудаас:
“Амжилт олох уу? Аятай сэтгэгдэл төрүүлэх үү?”,
“Карьер бол шат бус ширэнгийн зам”,
“Цаг нь болоогүй байхад ажлаа бүү орхи”,
“Нөхрөө жинхэнэ хамтрагч болго”,
“Эрх тэгш нийгмийн төлөө эв эеэ нэгтгэх нь”
Дээрх гарчгуудыг хараад л шууд уншиж үзэх хүсэл төрж байгаа биз дээ?

Тоймыг бүтнээр нь уншихыг хүсвэл энд дараарай.

“Сайтар эргэцүүл” ном
3 дахь ном маань арай өөр төрлийн ном буюу жүжгийн зохиол юм. “Атлантын нуруу тэнийв”, “Эх сурвалж”, “Миний худалдаж авсан нөхөр” гэх мэт роман, өгүүллэгүүдээр нь сайн мэдэх Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” юм.
Энэхүү жүжгийг 2011 онд “X TҮЦ” продакшины жүжигчид МУГЖ Д.Сосорбарамын найруулгаар тайзнаа амилуулсан ба үүнээс хойш зохиолыг нь орчуулан гаргасан нь энэ онд хэвлэгдэн номын дэлгүүрүүдэд тараагдсан юм.

Номны зарим ишлэлээс:
“АДРИН: Намайг явуул, Волтер. Эрх чөлөөг минь өг.
БРЕКЕНРИЖ: Юуны эрх чөлөө гэж? Өөрийгөө баллах эрх чөлөө юу?
АДРИН: Тийм ээ! – шаардлагатай бол. Алдаа хийх эрх чөлөө. Бүтэлгүйтэх. Ганцаараа байх. Ялзрах. Хувиа хичээх. Гэхдээ чөлөөтэй байх эрх чөлөө”

“БИЛЛИ: Аяга ус уумаар байна – өөрөө. Юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу? Ам минь цангалаа гэж хэнд ч хэлэхгүй, өөрөө гал зуухны өрөө орж цоргоо нээж, аяганд ус хийгээд, уумаар байна. Хэн ч хэрэггүй, хэнд ч талархахгүй, хэнийг ч гуйхгүй, уух. Флэш. Хэний ч хэрэг байхгүй байна гэдэг хэчнээн чухал болохыг чи мэдэхгүй байна.”

“Хэрэв хүн бусад хүмүүст туслахад хамаг цагаа зарцуулдаг юм бол тэр хүнд тусламж авдаг хүмүүс хэрэгтэй. Хэрэв хүн бүр биеэ даасан, бусдаас хамааралгүй байвал хүн бүрт тусладаг тэр хүмүүс яах болж байна?”

“Хэрэв чи хүнийг бүрмөсөн дуусгамаар байвал, түүнээс бүх дарамтыг нь – бас бүх зорилгыг нь – булаагаад авчих!”

“Ноён Хастингс, эелдэг зан, найрсаг байдал гэж ямар аймаар аюултай зэвсэг болохыг та мэдэхгүй байна. Дайсан чинь таны эсрэг босвол та эсэргүүцэн тэмцэж чадна. Харин найзынхаа, даруухан, эелдэг, инээмсэглэсэн дүр төрхийн эсрэг босвол – та өөрийнхөө л эсрэг эргэнэ гэсэн үг. Та өөрийгөө өөдгүй, хүний тус мэддэггүй амьтан гэж санана. Дотор чинь байдаг хамгийн сайхан зүйл л өөрийг чинь үгүй хийдэг юм шүү дээ. Энэ л хамгийн аймаар”

“Мөнгөнд дуртайгаа хүлээн зөвшөөрч байгаа хүн бол зүгээр. Тийм хүн хийснийхээ хэрээр олдог юм. Тэр мөнгөний төлөө хүн алдаггүй. Тэгэх шаардлага ч түүнд байхгүй. Харин мөнгийг хэчнээн их үзэн яддаггаа гайхаж чалчдаг хүнээс л болгоомжил. Тийм хүн мөнгөнөөс дор юмны араас явж байдаг юм.”

Тоймыг бүтнээр нь уншихыг хүсвэл энд дараарай.

“365 өдөр тэр чигтээ аз жаргал” ном
Энэхүү номыг Гоолингоогийн сэтгэл зүйч Г.Наранбаатар доктор бичсэн ба бид өөрсдөө уншаад ч өмнө нь огт бодож үзэж байгаагүй зүйлсээ олж нээсэн юм. Бид хэзээ ч суралцаж дуусдаггүй ажээ. Мөн энэхүү номыг шинэ жилийн бэлэг болгож нэг нэгэндээ бэлэглэвэл тун тохиромжтой санагдсан шүү.

Номны зарим ишлэлээс:
-Таны хайрын хариуд тэр таныг хариу хайрлахгүй ч байж болно. Бүр үл ойшоож ч магадгүй. Одоо энэ бүхэн ямар ч үржил шимгүй харагдаж болох ч, таны тарьсан үр тэдний зүрх сэтгэлийн хөрс зөөлөрсөн, зөв цагт үндэслэн ургах болно. Тиймээс та дэмий зүйл хийгээгүй.

-Та өөрийгөө цэвэр ариун зүрхтэй эсэхийг мэдэх нэг арга бий. Энэ нь та бусдыг хэр их шүүдгээс хамаарна.

-Хүмүүсийг буруутгал, шүүлтээр хучих амархан. Тиймээс тэднийг хайраар хучиж сурцгаая! Хайр эдгээдэг. Хайр хүмүүсийг босгодог. Хайраа илэрхийлэхдээ үргэлж өгөөмөр, бусдыг магтах боломж гарах бүрт үргэлж чөлөөтэй байгаарай. Учир нь хүмүүс хэн нэгнээс өөртөө хайртай гэдгийг, тэднээр бахархдаг гэдгийг сонсохоос хэзээ ч залхдаггүй.

-Таны нөхөр яг л усанд хөвж байгаа мод шиг. Таны түүнд үзүүлэх хүндэтгэл, бахархал бүр тийш ус нэмж цутгахтай адилаар нөлөөлдөг. Таныг ус нэмэх бүрт мод улам дээшлэхтэй адил таны нөхөр ч бас улам л хүчтэй нэгэн болох болно. Магадгүй таны нөхөр хамгийн сайнаараа байж чадахгүй байгаа нь түүний хүртэж буй хүндэтгэл бага байгаатай холбоотой байж болох юм. Та түүний эхнэрийн хувьд түүний “хүндэтгэл авах хэрэгцээ”-г гартаа атгаж байдаг. Тэр хэрэгцээг хангах хүч зөвхөн танд л байгаа.

-Бидний нэн тэргүүнд үйлчлэх ёстой газар бол бидний гэр бүл юм.

Тоймыг бүтнээр нь уншихыг хүсвэл энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Шинэ жилсэг санаа №52
Дараах мэдээлэл
Чи бол шинэ жил (зурхай)

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(670)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com