ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Б.Цэцэгсайхан: Утга учиртай амьдрахыг л хүсдэг

Одууд  | 2015 / 09 / 17

/Анагаах Ухааны Доктор, Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын магистр/

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг. Тэгвэл бүсгүй хүний дотор бүхий л хорвоо тэр чигтээ бий гэлтэй. Айл гэрийн сайн эзэгтэй, ээж байхын хажуугаар ажил мэргэжлийн хувьд ч амжилттай байна гэдэг өнөө үед бүсгүйчүүд бидний хувьд тийм ч амар биш. Тэгвэл энэ тодорхойлолтонд тохирох энгийн хэрнээ ухаалаг нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцан эрч хүч, урам зориг авснаа уншигчидтайгаа хуваалцъя.

Б.Цэцэгсайхан: Утга учиртай амьдрахыг л хүсдэг

Би таныг Австралийн засгийн газрийн тэтгэлгээр Сидней хотод суралцаж байснаар чинь мэдэх юм байна. Тийм болохоор эндээс яриагаа эхлэе гэж бодлоо. Анх яагаад Австрали улсыг зорих болсон бэ?
- Би уг нь эмч мэргэжилтэй. ОХУ - ын Улс Түмний Найрамдлын Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Мөн тэндээ үргэлжлүүлэн суралцаж нян судлалын чиглэлээр доктор хамгаалсан. Эх орондоо ажиллаж байх хугацаанд нийгмээ дагаад зайлшгүй англи хэлээ сайжруулах, суралцах шаардлага гарсан л даа. Тэгээд янз бүрийн тэтгэлгүүдийг судалж үзээд гэр бүлтэй хүний хувьд хамгийн тохиромжой нь Австралийн засгийн газрын тэтгэлэг санагдсан. Тэнд очоод “Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн удирдлага” чиглэлээр хос мастерийн зэрэг хамгаалсан.

Та австралид сурч байх хоорондоо тэндхийн Хавдрын Үндэсний Зөвлөлд ажиллаж байсан. Мөн монголдоо ирээд ТББ нээсэн нь ч үүнтэй холбоотой гэж байсан. Яг одоо та өөрийн эрхэлж байгаа ажлынхаа талаар яриач.
- Сурахынхааа хажуугаар тэндхийн “Хавдрын Үндэсний Зөвлөл”-д гурван сар ажиллах боломж гарсан нь одоогийн хийж байгаа ажлын маань эхлэл болох шалтгаан байсан. Австрали явахаасаа өмнө “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”, “Эрүүл мэндийн яам” –нд тус тус ажиллаж байсан. Тэгээд өнгөрсөнд хийж байсан зүйлүүдээ эргээд бодоход яг хүнд хэрэгтэй зүйл хийж чадсан уу гээд өөрөөсөө асуух үед их чамлалттай санагдсан л даа. Мэдээж бид бодлогын чанартай олон ажлууд хийдэг байсан ч гэсэн эргээд хүнд наалдацтай юу хийж байсан бэ гэдэг дээр өөрийгөө их голсон. Тиймээс Монголдоо ирээд “Хавдрын үндэсний зөвлөл ТББ”-аа нээж, Австралиас сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлье, цаашдаа нийгэмд хэрэгтэй зүйлүүд хийе гэж төлөвлөсөн юм. Манай улсад өвчтөнүүд эмнэлэгт өвчнөө эдгээе л гэж очихоос биш өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ хаанаас авах хэнд хандах, сэтгэл санаагаа хэнтэй хуваалцах тал дээр хаана хэнд хандахаа мэддэггүй. Тиймээс эрүүл мэндийн салбар дахь энэ хоосон орон зайг нөхөх, нийгэмд эерэг өөрчлөлтийг харуулах үүднээс бага гэлтгүй ажлуудыг хийж эхлээд байгаа юм. Яг одоогийн байдлаар вэб сайтын ажлаа эхлүүлчихээд байна. Энэ вэб сайт маань эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд өвчтөнүүдтэйгээ тэр бүр тулж ажиллах боломж олдоод байддаггүй тул иргэдэд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой юм л даа.

1. “Хавдрын эсрэг дэлхийн чуулган” 2014 он, Мельбурн хот, Австрали улс
Та гадны мэргэжилтнүүдээс туршлага судлаад эргээд эх орондоо ирээд сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх гэхээр хүндрэлтэй, аль эсвэл Монголын хөрсөнд буухгүй байх тохиолдол хэр зэрэг тохиолддог вэ?
- Хэрэв би улсын байгууллагад ажиллаж байсан бол өөрөөсөө хамаарахгүй маш олон зүйлтэй нүүр тулах учраас тиймэрхүү асуудлууд гарч магадгүй юм. Тиймээс ТББ-т ажиллаж байгаагийн маань нэг давуу тал нь энэ юм. Өөрөө өөртөө ажиллаж байгаа мэт боловч, хийж байгаа зүйлийн маань үр дүн олон нийтэд чиглэгдсэн байна гэдэг сайхан.
Манай орны эмэгтэйчүүдэд тулгарч байгаа эрүүл мэндийн гол өвчлөл юу байна вэ?
- Манай улсад жил бүр умайн хүзүүний хорт хавдартай 300-320 эмэгтэйчүүд оношлогддог. Энэ үзүүлэлтээс харахад нэгт элэгний хорт хавдар, хоёрт умайн хүзүүний хорт хавдар орж байна гэдэг эмэгтэйчүүдийн хувьд зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал мөн. Гэтэл энэ хавдараас урьдчилан сэргийлэх вакциныг аль хэдийнэ нээгээд дэлхийн 120 гаруй улсад хэрэглэж асуудлаа шийдчихээд байхад манай улсын эрүүл мэндийн салбар үүнийг тоохгүй өнгөрүүлж болохгүй юм. Жил бүр 300 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогдоно гэдэг манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд бага тоо биш юм. Тиймээс цаашид олон нийтийг мэдээлэлжүүлэх, хавдрын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар хичээн ажиллаж байна. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэй хүн л ойлгох болохоор бид өөрсдөө энэ тал дээр анхаарч, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй.
2. Тантай уулзсан хүмүүс ихэвчлэн ажил хэргийн талаар сонирхдог байх. Манайх эмэгтэйчүүдэд чиглэсэн мэдээллийн хэрэгсэл гэдэг үүднээс энэ асуултыг асуумаар санагдлаа. Та хувийн карьерийнхаа хажуугаар айл гэрийн сайн эзэгтэй, гурван хүүхдийн ээж байх үүргээ хэрхэн зохицуулдаг вэ?
Мэдээж энэ бүхнийг эмэгтэй хүн ганцаараа зохицуулна гэдэг хэцүү. Тиймээс ханийгаа магтах хэрэгтэй байх. Миний хань намайг ажилтай үед ойлгож хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь авах, хоол ундаа хийх зэрэгт тусалдаг. Чи эмэгтэй хүн учраас хоолоо хийгээд гэртээ суу гэдэггүй аль болох хийж байгаа зүйлийг маань ойлгож дэмждэг болохоор энэ тал дээр асуудал бага гардаг.
Саяхан танай гэр бүл хуримаа хийсэн. Хурим гэхээр зөвхөн залуу хосуудад хамаатай юм шиг байсан ойлголтыг эвдэж гэр бүлийн баяраа хийсэнд тань баяр хүргэе. Хуримаа хийе гэж хэзээ шийдсэн бэ?
- Баярлалаа. Нөхөр бид хоёр хуримаа хийе гэж маш олон жил бодож байсан. Гэхдээ яагаад ч юм урьд нь цаг хугацааны хувьд таарч өгөхгүй байсан юм. Тэгээд хуримаа хийнэ дээ, гээд мөрөөдөөд л явсан. Харин энэ жил аль алины маань ажил төрлийн хувьд тохиромжтой үе таарч хуримаа хийхээр шийдсэн. Залуу хосууд хуримаа хийх, гурван хүүхдүүдтэйгээ тавуулаа баярлах гэдэг ялгаатай байх л даа. Гэхдээ надад ингэж хийх нь гэр бүлийг улам ойртуулдаг юм шиг санагдсан. Хүүхдүүд маань ч гэсэн баярлаж гүйлдээд, хүн бүр хувцасаа бэлдээд л хөгжилтэй байсан шүү.
Бал сараа хоёулханаа тэмдэглэсэн үү?
- Тэгсэн, бид хоёр Венец явсан. Нэгэнт л хуримаа хийж байгаа юм чинь нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, дурсамжаа нэмье гээд бал сараа тэмдэглээд ирсэн. Нөхөр бид хоёр бие биенээ бараг л цэцэрлэгээсээ мэднэ. Энэ жил хуримаа хийх болсон бас нэгэн шалтгаан нь бид хоёр бие биенээ мэддэг болоод 33 жил болсон юм билээ. Тиймээс энэ тоог бэлгэдээд хуримаа тэмдэглэхээр шийдсэн.
Таныг хуримаа хийхийг хараад олон хүмүүс нээрээ хожуу ч гэсэн яагаад хуримлаж болохгүй гэж гэсэн бодол төрсөн байх.
- Тийм ээ, ойр орчмын хүмүүс маань их сайхан сэтгэгдэлтэй хүлээж авсан. Зарим найзууд маань ч гэсэн бид хоёр шиг хуримаа хийх тухай ярьж эхэлсэн шүү.
3. Австралийн Күйнслэндийн Технологийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр”-т оролцсон үе
Хамгийн сүүлд та хэзээ, юунаас урам зориг авсан бэ?
- Хэдхэн хоногийн өмнө би Австралийн Күйнслэндийн Технологийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр”-т оролцоод ирсэн. Тэндээс хамгийн түрүүнд тэмдэглүүштэй зүйл гэвэл эмэгтэй хүн өөрөө өөртөө итгэх итгэлээ хамгийн түрүүнд нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн ойлголт байсан юм. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийг эрчүүдтэй харьцуулахад өөрийгөө доогуур үнэлэх, хойш суух хандлага аль ч нийгэмд их ажиглагддаг юм билээ. Энэ талаар ярьж байгаа нь заавал феминист байх хэрэгтэй гэж байгаа юм биш шүү. Зүгээр л эмэгтэйчүүд бид аль ч тал дээр өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм билээ. Мөн эмэгтэйчүүд бид бусадтай хамтран ажиллахдаа нэг нэгнээ өрсөлдөгчид биш хамтран ажиллагчид, нэг баг гэдэг үүднээс хандах хэрэгтэйг хэлмээр санагдсан шүү. Цаашид ажиллах маш их урам зориг өгсөн сайхан хөтөлбөр болж өнгөрсөн.
Та сүүлд хэзээ хамгийн их баярласан бэ?
- Долоо хоногийн өмнө Австралид сургалтанд суучихаад ирсэн юм. Хичээлийн шинэ жил эхлээд хүүхдүүдийн хичээл сургуулийн ажил давхацсан үе таарсан болохоор ар гэртээ нэлээд санаа зовсоор явж ирсэн. Ирэхийн өмнөхөн нөхөр маань залгаад “За чи ирэхгүй бол энд хэцүүдэж байна шүү” гэж хэлсэн нь намайг бүр яаруулчихсан л даа. Тэгээд ирээд харсан чинь нөхөр маань тэр бүхнийг маш сайн зохицуулсан байсан. Төсөөлж байснаас хамаагүй мундаг. Харин хүүхдүүд маань “Ээж байхгүй үед бид хэд ч хэцүүдсэн шүү” гэж байсан нь нөгөө талаар миний хийдэг байсан зүйлсийн үнэ цэнийг улам их ойлгосоных юм болов уу. Энэ үед л маш их баярласан даа.
Та одоогоос 10 жилийн өмнө юунаас хамгийн их айж байсан бэ?
- 10 жилийн өмнө гэхээр Орост докторт сурч байсан үе маань юм байна. Монголд ирээд хүссэн ажилдаа орж чадах болов уу, нийгэмшиж чадах болов уу гэж айж байсан даа. Яагаад гэвэл би тэнд тасралтгүй 9 жил амьдарч, сурчихаад байж л дээ.
4. Таны хамгийн сүүлд хийсэн зоригтой алхам юу байв?
Жил бүрийн 2 сарын 4-ний өдрийг “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр” гэдэг. Орон орны байгууллагууд энэ өдрийг янз бүрээр тэмдэглэж өнгөрүүлдэг юм. Энэ жил Канадын Фрэнсис Маргарит сан “No Hair Selfie” гэсэн нэртэй хөдөлгөөн өрнүүлж, хавдрын эсрэг судалгаа, шинжилгээ хийхэд мөнгө босгох зорилготой байсан. Мөн хавдраар өвчилсөн хүмүүст сэтгэл санааны дэм болох үүднээс, чи ганцаараа биш шүү гэдэг утгаар дэлхийн олон орны хүмүүс энэ аянд нэгдэж үсээ хусуулах, аль эсвэл аппликэшнд зургаа оруулж нэгдсэн юм. Эмэгтэй хүний хувьд гоо сайхан талаасаа үсээ хусуулах нь тийм ч амар зүйл биш. Харин би хусуулсан.
Бид ярилцсан зочин бүрээсээ нэг асуултыг заавал асуудаг. Таны мөрөөдөл юу вэ?
- Надад маш олон мөрөөдөл бий. Тэдгээрээс хамгийн чухал нь утга учиртай амьдрах юм. Нэг ч гэсэн хүнд тус дэм болж эргээд бодоход харамсахгүй байх юм сан, Монгол хүмүүс эрүүл саруул, өвчин зовлонгүй урт насалдаг байгаасай л гэж хүсдэг дээ.
Танд баярлалаа.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Iris
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(742)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-11-03
taalagdlaa. mundag busgui bnaa. ajild ni amjilt husie

Зочин: Zochin.   2015-09-22
Буянтай ажил хийж байгаа юм байна, амжилт хүсье. Өрсөлдөгч биш нэг баг гэж бодох ёстой гэдэг нь таалагдлаа.

Зочин: b.   2015-09-21
mundag ymaa

Зочин: Zochin.   2015-09-18
Hudlaa reklaamaa boliochee.. mungu mungu gesen huuhen biz de? Ner hund oloh geed l end tend neg yariltslaga ugsun bolj mungu tulj yavhiin... yag unendee chamaig hen medeed toogood bga? Uuruu l tulburtei yum hiigeed l yavhiin. Usee ch husaad anhaarliin tivd orj chadaagui biz de?

Зочин: hi.   2015-09-17
saihan emegtei bna. urt us chin goyo haragdaj bna. udahgui urgaad urt boloh bhaa. az jargal, sain saihan, eruul enhiig bugded n huseye

Зочин: Deegii.   2015-09-17
Сайхан ярилцлага байна. Бас миний өөртөө эргэлзээд хариуг нь олж чадахгүй байсан нэгэн асуултын хариулт энд байлаа. Маш их баярлалаа Гоолингоо. Энэ бүсгүйд бас ажлын өндөр амжилт хүсье.

Зочин: Enkhtungalag.   2015-09-17
saikhan yariltslaga boljee, ulam ih amjilt husie!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com