Сайн байна уу, Гоолингоо?
Энэ өдрийн мэндийг танд болон уншигчдад хүргэе. Би өөрийнхөө багаахан дурсамжийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Ахлах сургуулийн сурагч байхдаа би зун болохоор л их гунигтай болчихдог байж билээ. Яагаад ч юм мэдэхгүй. Магадгүй найз нөхдөөсөө холдсон болоод л тэр биз. Хичээлийн сүүлийн өдөр болоход харьяалагдах зүйлгүй болоод сургууль гэх хүлээснээс ангижрах мэт болох боловч маргаашнаас нь хамгийн том эрх чөлөөнд уначихсан мэт санагдаад юу хийж, яаж цагийг барах талаар л толгойгоо гашилгадаг байсан юм. Хичээл тарсан өдрөөс авхуулаад л халаасандаа гараа хийгээд, гудамж метрлэдэг эсвэл энд тэнд найзтай болох болов уу гэж сул алхдаг хүн болчихдог байлаа. Голцуу л үд хүртэл унтана, утсаараа тоглоно. Аргагүйн эрхэнд тог тасарвал уйдсандаа ном уншина гэх мэт цагийг бол зүгээр л сул асгадаг байлаа. Иймэрхүү хэв маягтайгаар хэдэн зуныг үдсэнээ ч мэдэхгүй юм.
Ингэж явсаар төгсөх ангид ордог намар манай ангийн хэдэн сайчуул өнгөрөгч зуны амралтаараа юу хийсэн тухайгаа ярьж гарав аа. Би ч зуслан явсан, зөндөө олон шинэ найзтай болсон гээд л бурж өглөө дөө. Үнэндээ 7хоног л зусланд амарсан. Нэг их найзтай болж шалиагүй л дээ. Тэгтэл манай ангийнхан ам уралдуулаад л:
-Би хөдөө очиж эмээ, өвөөгийнхөө малыг харж өгсөн. Итгэхгүй бол намайг хар л даа гээд мяралзсан цагаан шүд, наранд түлэгдэж харласан арьсаа харуулна.
-Би гэрийнхэнтэйгээ гадаадаар аялж яваад ирсэн гэх мэт энэ тэрүүгээр явсан тухайгаа ярьж байв. Энэ дунд бараг л бүх хүүхдүүд яриад дууссан хойно манай ангийн хамгийн дуу муутай хүү босч ирээд:
“Би энэ зун машин угаалгын газар ажиллаад, хажуугаар нь англи хэлээ давтаад надад амрах цаг олдсонгүй ээ. Харин хичээл орсоноор би илүү завтай боллоо. Одоо англи хэлээ шаргуу бэлдэнэ дээ” гэж нүдэндээ оч гялалзуулан хэлсэн юм.
Ангид чимээ аниргүй давамгайлж бүгд дотроо нэгийг бодож хоёрыг тунгаасан юм. Бид ээж аавынхаа түрийвчийг нимгэрүүлэн байж авахуулсан ганган чамин хувцаснаасаа ичиж харин тэр хүү л ганцаар өөрийн цалингаараа авсан нэг их үнэтэй биш цагаан цамц, хар өмдөө нүүр бардам өмсөж байсан даа.
Би гэртээ уруу царайлж ороод гэмтэй хүн шиг санагдах энэ мэдрэмжээ нулимсаараа угаан байж тайван унтсан юм. Тэр хүүгийн хэлсэн үг чихэнд сонстсоор сул алхаж байсан үеийн өөрийнхөө алдсан цагийг улам бүр нөхөн авах гэж бүхий л цагийг үр дүнтэй ашиглаж, тэр жилийн ЭЕШ-д хамгийн өндөр оноог авч чадсан билээ. Тиймээ тэр хүүгийн ар гэрээ авч явахын тулд ажиллаж басхүү хичээлээ умарталгүй явж байсны хажууд өөрийн яаж жаргалд умбаж явсанаа бодоод одоо хүртэл ичих бас улам мэрийх сэтгэл төрдөг юм. Энэ дурсамж л надад хамгийн тод үлдсэн. Бас намайг одоог хүртэл ажиллах эрч хүчээр дүүргэж өгдөг гуниг баясал ичимдэг сэтгэл хослуулсан хамгийн үнэтэй дурсамж юм.
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Сэтгэгдэл (7) | Хэвлэх | Үзсэн тоо: 18392 | | | |
Өмнөх мэдээлэл Дэлгүүр хэсье: 151120 |
Дараах мэдээлэл Давс нь таарах сайхаан |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
woow gaihaltai. iim humuus olon baigaasan