Сайн байна уу, Гоолингоо минь?
Надад болон найз охинд минь тохиолдсон нэгэн явдлыг хэдэн жилийн өмнөөс л танай хуудсанд бичиж сэтгэлээ онгойлгоё гэж бодсоор өнөөдрийг хүрлээ.
Би нэг хөөрхөн, даруухан, сайн найз охинтой байлаа. Бид хар багын, 10 жилийн сургуулийн сурагч байхын л найзууд. Бид хоёрын зан ааш их өөр. Манай найз бол даруухан, аливаа зүйлийг бодож байж хэлдэг, нилээн ул суурьтай. Харин би бол амандаа орсон зүйлийг бодох юмгүй хэлчихдэг, түргэн ааштай нэгэн. Бид хоёр автобусныхаа мөнгөөр чихэр авч идчээд, 10 хэдэн буудал газрыг ам хамхилгүй ирээдүйнхээ тухай мөрөөдөж, энэ тэр банди хөөрхөн гэж ярьсаар торох юмгүй харьдаг байж билээ. Бидний нөхөрлөлд хэн ч саад болохгүй гэж боддог байсан сан. Гэтэл тэр минь өөрөөсөө нилээн ах, эхнэрээсээ салсан багш залуутай уулзах болсноор бидний нөхөрлөл ганхах юм гэж би хэзээ ч бодож байсангүй. Бусад охидын хувьд найз охин нь найз залуутай болвол тэрнийх нь найзууд гээд зөндөө сайхан залуучууд гарч ирж, хоорондоо танилцдаг. Гэтэл миний найзын найз залуу тийм хүн байгаагүй юм. Харахад их сайхан зантай, яриа хөөрөөтэй ах. Анхнаасаа л надад таалагдаагүй. Яг юу нь таалагдаагүй гэдгийг мэдэхгүй ч танилцах тэр үед эвгүй мэдрэмж төрж байж билээ. Хүний зургаа дахь мэдрэхүй эзэндээ худал хэлдэггүй. Харин хүмүүс итгэхийг хүсдэггүй юм уу, эсвэл анзаардаггүй байх. Бид хоёр тэр жил их сургуулиа төгсөж, ажилд орон хуучных шигээ байнга уулзаад байж чадахгүй завгүй хүмүүс болсон ч, нэг уулзвал хэн хэнээсээ өрсөн хамаг юмаа амжиж ярих гэж яардаг байснаа эргэн дурсахад дэндүү сайхан санагддаг. Насан багын нөхөрлөл гэдэг хожим эргээд дурсахад гэгээлэг хэвээрээ л байдаг хойно.
Тэр нэгэн өдөр танихгүй дугаараас залгахаар нь юм бодолгүй л авсан. Гэтэл найз охины минь найз залуу нь мэнд мэдэж байна. Элдэв юм яриагүй ч тэр яриа надад нэг л таалагдаагүй юм. Найз охинтойгоо уулзах үед нөгөөх залуу нь хамт ирнэ, эсвэл мэнд мэдэх гэсэн юм гээд залгана. Нэг удаа манай гэрийн гадаа ирээд гараад ирээч, бид хоёр муудалцчихлаа гээд залгадаг юм байна. Гараад очтол чи надад таалагддаг, би чамтай түрүүлж учрахгүй яав аа гээд баахан юм ярьсан. Одоо эргээд бодохоор түүний ярьсан юмыг бүү хэл, царайг нь ч санахыг хүсдэггүй. Ийм муу хүн яаж багш хийгээд, олон түмний хүүхдүүдэд хичээл зааж байсан юм бол?, хэчнээн олон охидын амьдарлаар ингэж худал үнэн ярьж тоглоо бол? гэхээс уур минь хүрдэг. Нөгөө олон үгтэй, үг тогтоодоггүй надад найз охиндоо хэлэх зориг хүрээгүй юм. Энэ явдлыг тэр чигт нь л нуусан. Үүнээс хойш аль болох тэр хүнтэй уулзахгүй, холбогдохгүй, тааралдахгүй байхсан гэж боддог болж билээ. Хүнээс айдаггүй би тэр залуугаас үхтлээ айж, залгахаар нь хамаг биений хүйтэн хөлс асгарч, гар хуруу чичрэн, хэсэгтээ зүрхээр хатгуулдаг байсан. Найз охиндоо бол гэр бүлээсээ нэг удаа салж, нялх хүүхдээ юу ч бодолгүй орхисон хүн чамд хань болохгүй, эртхэн сал гэж хэлж, өч төчнөөн гуйсан ч тэр минь миний үгийг сонсохыг ч хүсээгүй. Бид бие биеэсээ холдсоор уулзах нь ч цөөрсөн. Нэг удаа ялихгүй юмнаас болж муудалцаад хэдэн жил холбоо тасарч билээ. Тэр хугацаанд түүний минь сонгосон зам бартаа саад багатай, тэр суусан хүн нь бага зовоогоосой л гэж хүсдэг байсан.
Хүнд багын найз гэдэг хамгаас үнэ цэнэтэй, гэгээхэн байдаг юм билээ. Түүнгүйгээр өнгөрсөн жилүүдэд би хэзээ ч найзыгаа мартаж байгаагүй. Юм бүхэнд хоёулаа хамт явсаар байгаад сурчихсан хүн гэнэт ганцаараа болчихоор их хэцүү. Гэсэн ч найзын минь сэтгэл надаас болж шархтай бүү үлдээсэй гэсэндээ амаа хамхиад, тэдний амьдралаас холдон одсон. Хэчнээн жил өнгөрсөн ч тэр хүний орон зай сэтгэлд минь эзгүйрч, найз нөхрөө үгүйлэх нь өдөр хоног өнгөрөх бүрт нэмэгдсээр тэсэлгүй би залгаж уулзъя гэсэн. Бид хэн хэндээ хэлээгүй ч үгүйлж санасан нь мэдрэгдэж байсан. Хэд хэдэн удаа уулзаж хүүхэд ахуй насныхаа явдаг байсан тэр л замаараа өнгөрсөн 3 жилийг нөхөх юм шиг л бүрий болтол ярилцаж алхахад сэтгэл дүүрээд, зүрх минь цадсан. Тэр минь нөгөө залуутайгаа сууж, хөөрхөн охитой болсон гэнэ. Амьдрал нь тийм ч сайхан байхгүй байгаа нь харцнаас нь мэдэгдэж байсан ч би асууж зүрхлээгүй юм. Бид хоёр ажлынхаа цаг заваар хаяа уулздаг боллоо.
Гэтэл ахиад л нөгөө тэнэг нөхөр нь над руу залгаж мэнд мэдэх гээд гэх нь тэр. Энэ удаа байдал өмнөхөөсөө ч дордлоо. Найз минь нөхрийнхөө утсыг шалгатал над руу дуудлага хийснийг нь мэдээд бөөн хэрүүл, над руу залгаад юу ярьсныг асуутал яриа хоорондоо зөрж, тэр шөнөдөө хүүхдээ аван гэр лүү гээ явсан. Бүтэн сайхан байсан гэр бүлд би орж ирээд бусниулчихаж байгаа юм шиг санагдаад найз охиндоо үнэн мөнийг учирлан ярьтал “Чи сайхан болоод чамруу ярьсан юм биш. Энэ хүн угийн л ийм хүн.” гэх нь тэр. Энэ үг “Манай нөхөр чамайг тоохгүй, чи юун их юм санадаг юм?” гэж нөхрийгөө надтай хардаж хэлснээс өөрцгүй тийм муухай сонсогдсон. Би найздаа худлаа ярьж, хүний эр нөхрийг илүү харж, гэр бүлийг нь бусниулъя гэж хэзээ ч бодож байгаагүй. Тайван бус гэр бүлд амьдарсан ямар ч эмэгтэйн зан ааш өөрчлөгддөг байх гэж бодсон ч миний бодож байгаа царай, тэр хүний хэлж байгаа үг хоорондоо даан ч их ялгаатай.
Гэсэн ч би найздаа хамаг гомдлоо тайлж ярихыг хүссэн ч миний ам урьдынх шигээ бас л ангайсангүй. Тэд гэртээ хүүхэн шуухнаас болж мууддаг бололтой юм билээ. Ийм байтал би нэмэрлэж олон жилийн өмнөх өнгөрсөн улирсныг яриад яах ч юм билээ. Би хэлсэн ч хэлээгүй ч амьдрал тэр хүнийг харуулах биз. Харин би найз охиндоо, нөхөр чинь засрахгүй завхай залуу, намайг хүртэл эргүүлсэн гэж хэлж зүрхлээгүй. Бас бид хоёр хэчнээн их хичээсэн ч хуучных шигээ тийм сайхан нөхөрлөхгүй юм гэдгээ ойлгосон. Чи минь аз жаргалтай, хүссэнээрээ амьдраарай. Охиноо сайн хүн болгож, эрүүл саруул өсгөөрэй. Намайг сайн муу алинаар нь дурсах нь хамаагүй ээ, он жил улиран өнгөрсөн ч чамайгаа би хайралсаар байх болно.
2016 он гарахад бид 30-н нас хүрч, бусдын нүдэнд бие сэтгэл тэгширсэн юунд ч гайхаад байдаггүй, сайн муу юмыг өнгөрөөж чаддаг тийм бүсгүйчүүд харагдах боловч үнэн хэрэгтээ бидний дотор 10 жилийн тууз зүүсэн дүрсгүй жаахан охин нуугдаж, амьдралынхаа хаа нэгтээ хийсэн алдаандаа гэмшиж, найз нөхдөө үгүйлэн санаж, хожим хойчийг гэгэлзэн мөрөөдсөөр байдаг юм. Хүн хөгшрөх боловч бидний бие биенээ гэсэн тэр хайр, бидний зүрх сэтгэл хэзээ ч хөршрөхгүй цэл залуугаараа байдаг нь дэндүү сайхан.
Охид минь, үе тэнгийн хөөрхөн бүсгүйчүүд минь элдэв муухай үгээр найз нөхрөө битгий гомдоогоорой. Гэр бүл нөхөр сүүдэртэй нь болгоомжтой харьцаж байгаарай. Эр хүн бүр чиний бодсон шиг сайхан сэтгэлтэй байдаггүй юм шүү.
Өнгөрсөн жилүүдэд сэтгэлд минь дүүжлэгдээд салахгүй дагаж байсан тэр хүнд зүйлийг хуучин он чамд хэлж, ирэх 2016 оноо сэтгэл дүүрэн угтъя. Инээмсэглээрэй.
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Сэтгэгдэл (13) | Хэвлэх | Үзсэн тоо: 15500 | | | |
Өмнөх мэдээлэл “Vlogger” –уудын зөвлөсөн энэ шинэ жилийн нүүр будалтууд |
Дараах мэдээлэл Надтай гэрлэх гэж ирлээ гэсэн утгатай юм хэлсэн |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
uyangaad iim er hezee ch zasardgui shu setgetsiin oorchlolttei bdiin bnle shuud ergej butsalgui sal chamaig namag shig soroh l bno