ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үнэнтэй эвлэрч өөрийгөө чөлөөл

Чөлөөт цаг  | 2016 / 01 / 17

Өнөөдөр яагаад ч юм, хуучин амьдардаг байсан байрныхаа хөрш айлын эмэгтэйг дурсав. Надтай үе тэнгийн, их илэн далангүй зантай, царайлаг бүсгүй байсан юм. Нөхрийн маань ажил үдшийн 10 цагт тардаг учир хааяа би оройн хоол ханьтай идье хэмээн түүнийг гэртээ урьдаг байлаа. Тэр ч татгалзахгүй, учир нь тэр ганцаараа амьдардаг учраас ихэвчлэн хоол хийхгүй, тараг талх идээд унтчихдаг зуршилтай нэгэн байсан юм. Өөрөө өөртэйгөө үдшийг өнгөрүүлэх хэт гунигтай санагдсан үед нь ч бас би хань болдог байсан биз.

Үнэнтэй эвлэрч өөрийгөө чөлөөл

Хөрш бүсгүй маань их нээлттэй хүн учраас надтай амьдралынхаа талаар ний нуугүй ярилцана. Заримдаа бөөн аз жаргалтай хүн 1 кг-ийн зайрмаг бариад орж ирнэ, заримдаа болохоор нүд нь хавдчихсан амьтан хоёр шил шар айраг тэвэрчихсэн зочилно. Уйлах, инээхийн аль нь ч бай, шалтгаан нь голдуу нэг л эрийн тухай байдаг байлаа. Таван жил тасралтгүй хайрлаж яваа залуу нь юмсанж. Өөрсдийгөө “жирийн найзууд” хэмээн хаягалдаг ч, бүсгүй бол цаагуураа хэзээ нэг өдөр энэ хаяг “дурлалт хос” гэдгээр солигдох мөчийг хуруу тоолон хүлээдэг байсан юм.

Тэр хоёр хамт байдаггүй, яагаад гэвэл өнөөх залуу нь найз бүсгүйтэйгээ цуг амьдардаг. Гэхдээ хөөрхий эмэгтэйг хүний хүнийг хүссэнд нь буруутгах ч бас аргагүй. Залуу нь өөрөө хачин төөрөлдчихсөн амьтан байсан юм чинь. Бүсгүйтэйгээ муудалцсан үедээ хөрш дээр маань зочлоод, “Чамаас өөр ямар ч эмэгтэй намайг жинхэнээсээ ойлгож чадахгүй ээ”, “Чам дээр ирэхээр би нэг л тайван болчих юм”, “Ямар заяа тавилангаар хоёулаа учирчихсан юм бол доо?”, “Хэрвээ би салчихвал эргэлзээгүй чам дээр л ирнэ” гэх мэтчилэн найдлага төрөхгүй байхын аргагүй үгсийг чихэр мэт амтлуулчихаад яваад өгнө. Гэхдээ эвлэрсэн үедээ түүнийг огт байхгүй мэт аашилж, утсыг нь ч авахаас татгалзаж мессежинд нь хариу үл өгнө. 5 жилийн өмнөөс л нөхцөл байдал ийм байж. Дундуур нь тэр хэд хэдэн өөр эмэгтэйтэй үерхээд салсан. Тэгсэн мөртлөө түүнээс хэзээ ч холбоогоо тасалж байсангүй. Заримдаа яг хос шиг, хамт кино үзнэ, зугаална, бэлэг авч өгнө, романтик шөнийг хамт өнгөрүүлнэ. Тэр үед нь үлгэрийн мэт л бүх юм сайхан санагдана. Тэгж байснаа гэнэтхэн л алга болчихно. Энэ хооронд бүр таг болохгүй, үе үе залгахаа мартахгүй. Харин энэ бүхний үр дүнд хөрш бүсгүй маань “Бид хоёр заяаны хос учраас хэзээ нэг өдөр над дээр ирж л таарна. Тэр хүртлээ эрх чөлөөтэйгөөр өөр хүмүүстэй болзож л байг. Залхахаараа, гэрлэхэд бэлэн болохоороо надаас өөр хэнийг ч сонгохгүй” гэсэн бодолтойгоор түүнийг эргээд ирэхэд нь үргэлж бэлэн байдалтай хүлээдэг байж л дээ.

Нэг өдөр орой 8 цагийн үед хаалга чанга, гэхдээ маш удаанаар балбах чимээ сонсогддог юм байна. Гайхаад нээтэл хөрш бүсгүй маань хоёр биш дөрвөн шил шар айраг, давсалсан самар барьчихсан зогсож байна. Царай нь гэж авах юм алга. Дэлхийн сүйрлийг үзсэн хүн л тийм байдаг байх. Хамаг зорилго нь нуран унасан хүн хөлөө чирэн манайд орж ирээд буйдан дээр сууснаа баахан уйллаа. Би ч эхлээд юу болсныг нь асууж байснаа гадуур хувцсыг нь тайлан том өрөөнд оруулав. “Цогтоо хуримаа хийхээр болчихож”. Амнаас нь хамгийн түрүүнд гарсан өгүүлбэр намайг хүртэл гайхшруулав. Долоо хоногийн өмнө л эднийд хоноод явахдаа хөрш бүсгүйг маань л өөрт нь хань болж чадах эмэгтэй мөн гэж боддог тухайгаа ярьсан гэж байсан юм. Гэтэл өнөөдөр 14 хоногийн дараа болох хуримынхаа урилгыг авчраад “Өнгөрсөн хугацаанд маш их баярлалаа” гэж хэлэн гүн шоконд оруулжээ.

Эхлээд асгарсан их нулимс. Дараа нь харин эрүүл ухаанаар түүнтэй ярилцлаа.

-Миний өнгөрсөн таван жилийн итгэл найдвар юу ч үгүй нуран уналаа даа.
-Чи яагаад түүнд тэгж их итгэдэг байсан юм? Тэр итгэлийг чинь хүлээх зүйл хийсэн гэж үү?
-Итгэмээр байсан болоод л итгэсэн байх. Үнэндээ тэр анхнаасаа ч минийх биш байсан дөө. Анхнаасаа бусдынх, өөр хэн нэгнийх байсан. Би ядаж нөөц төлөвлөгөөнд нь ч байгаагүй байх. Нөөцөөс нь хүртэл ангид, завсарлагааны эмэгтэй.
-Угаасаа л бид нар итгэхийг хүссэн зүйлдээ сохроор итгэх юм даа. Би хүртэл үнэнийг мэдэж байсан мөртлөө чамайг дагаад, чиний төлөө итгэхийг хүссэн зүйлдээ итгэж явсан байна. Чам дээр бүрмөсөн ирчихвэл хэчнээн жаргалтай болохыг чинь төсөөлөөд л.
-Найзууд маань надад ингэж хэлдэг л байсан юм, наа чинь чамтай гэрлэхгүй ээ, гэрлэх хүн нь шал өөр эмэгтэй байх болно гэж. Би “чихэн дүлий” юм шиг царайлаад л, хувь тавиланг таахын аргагүй гэж зөрүүдлээд л, надад хэлсэн найдвар төрүүлэм үгнүүдээр нь үнэнийг халхлаад л явжээ. Заавал энэ мөчийг хүлээлгүйгээр аль эрт хүлээн зөвшөөрчихөж болох л байсан үнэн шүү дээ. Харин би энэтэй нүүр тулах болгондоо л, над руу утасдахгүй бүтэн хоёр сар болоход нь, гудамжинд таараад намайг танихгүй юм шиг царайлахад нь, намайг бүхний сүүлд тавьж хэн ч биш юм шиг харьцахад нь хүртэл “Утсаа хаяад миний дугаарыг мартчихсан байх”, “Магадгүй намайг хараагүй өнгөрсөн байлгүй”, “Үнэхээр өөр чухал ажлуудтай үед надад цаг гаргах хэцүү шүү дээ” гэж өөртөө хэлдэг байсан. Гашуун үнэн урдуур минь хөндөлсөх үед би чамайг харахгүй, сонсохгүй байна, надаас хол бай гээд л зугтаагаад байдаг байсан бололтой.

Тэр энэ бүхнийг ярьсныхаа дараа нэг урт амьсгаа авч аягатай шар айргаа өргөөд “Үнэн минь, чи дийллээ. Чамаас гэмт хэрэгтэн шиг зугтааж явах амаргүй байсан шүү. Одоо би хэргээ хүлээгээд өөрийгөө суллалаа” гэж хэлээд худал хоолойгоор өөрийгөө шоолон чанга чанга хөхөрсөн юм даа.

Түүнээс хойш тэр манайхаар нэг хэсэгтээ үзэгдээгүй. Би ч өөрт нь орон зай олгоё гээд оройн хоолонд дуудаагүй. Гэтэл 5 сарын дараа тэр баглаа цэцэг тэвэрчихсэн над дээр орж ирээд талархснаа илэрхийлж, чангаар тэврээд өөрийнхөө шинэ найз залууг танилцуулсан юм. Орой нь манай нөхрийг ирсний дараа бид дөрвүүлээ цугтаа хоол идэж, юм ярин хөгжилдсөн билээ. Тэр үед эрчүүдийг хөлбөмбөг үзэх хоорондуур бид хоёр хүүхнүүдийн яриагаа хийхээр жижиг өрөөнд орж шивнэлдэж гарлаа. “Найз нь үнэхээр сэтгэлийн эрх чөлөөтэй болсон шүү. Цогтоогоос хүлээх зүйлгүй, дахиж найдах, өөрийгөө хуурах, ятгах юмгүй болчихсон чинь их амар байна. Тэр хэзээ ч минийх болохгүй гэсэн бодит үнэнтэй эвлэрсэн учраас гэрлэснийхээ дараа над руу хоёр удаа залгахад нь ч би утсаа аваагүй шүү. Мундаг байна уу? Хэрвээ үнэнээс зугтсан хэвээр байсан бол би аягүй бол дуудлагыг нь авчихсан л, хадмууд нь шахаад байсан болохоор л гэрлэсэн биз гэж өөрийгөө хуураад, ахиад хэзээ ирэхийг нь хүлээсэн мангар эмэгтэй хэвээрээ байх байсан биз.” Тэр ингэж хэлсэн юм.

Одоо би хөрш эмэгтэйтэйгээ жилдээ нэг хоёр удаа уулзаж үг сольдог ч, түүний тухай бодох болгонд “сэтгэлийн эрх чөлөө” гэдэг үг тодоор дурсагддаг. Үнэхээр бид юуны тулд өөрсдийгөө худал хуурмаг дотор хаашаа ч гаргахгүй хорьчихоод байдаг юм бол доо? Үнэнтэй эвлэрээгүй үед түүнээс нэг бол зугтах, нуугдах шаардлага гарна эсвэл түүнтэй тэмцэлдэж “нэгийгээ үзэлцэх” хэрэг гарна. Өөртөө итгүүлэх ямар нэг өчүүхэн ч болов шалтгаан олж хэлэн, нотлох гэж оролдоно. Аль аль нь дарамттай, өвдөлттэй. Өөрийгөө чөлөөлөхийг хүсвэл үнэнтэй эвлэрэх хэрэгтэй аж. Жинхэнэ үнэн гэдэг нотолгоо шаарддаггүй, хүн болгон үүнийг дотроо мэдэрч л байдгаараа ялгаатай. Үнэнээс зугтаах нь өөрийгөө нэг өрөөн дотор түгжчихээд, чихээ бөглөн “сонсохгүй байна”, “сонсохгүй байна” гэж чангаар орилохтой адил, улаан гэрэл байгааг харсаар байж нүдээ аниад зам хөндлөн гарахтай ижил.

Үүнийг дурссаны учир нь чамд ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ямар нэг “үнэн” байгаа болвол, айж эмээлгүйгээр нүүр тул гэж хэлэх байна.

Бодоод үзвэл хэн нэгэнд буруугаа тохох үндэслэл байсан ч, болсон бүхэн угтаа өөр хэний ч биш чиний буруу, өмнөх тохиолдолд ч бас чиний л буруу байсан. Энэ бол үнэн.

Чи түүнд яг үнэндээ хайргүй, зүгээр л ганцаардсан эсвэл шуналтаж байсан хэрэг. Энэ бол үнэн.

Чи хангалттай сайн биш байна, чи үүнээс ч илүүг хийж чадах мөртлөө зүгээр л биеийн амрыг харж байна. Энэ бол үнэн.

Чи үүнийг хийж болохгүй, буруу гэдгийг нь мэдэж байгаа. Мэдсээр байж өөрийгөө захирахгүй байгаа. Энэ бол үнэн.

Чи өөрийнхөө сонгосон амьдралаар амьдрахгүй байна. Чи зүрх сэтгэлээсээ эсрэг зүйлийг хийж байна. Энэ бол үнэн.

Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ бол эргэлзээгүй үнэн юм...

Үнэн анхандаа өвтгөсөн ч түүнээс хойш дандаа эмчилдэг. Харин худал анхандаа тайвшруулж байсан ч түүнээс хойш бага багаар өвтгөсөөр байдаг.

Үнэнтэй эвлэрсэн үед түүнийг өөртөө тээгээд түүнтэй цуг цаашаа амьдрах боломжтой болдог. Тайвшраад дараагийн алхмаа бодож чаддаг. Тэгээд хөлөө хөдөлгөж чадна. Урагшаа алхаж чадна.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(952)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: margo.   2016-01-26
tm shu , uneniig zarimdaa xuleen zuvshuuruxud xetsuu bdag shu...

Зочин: N.   2016-01-25
Bayrlalaa goolingoo. Yag l ingeh estoi bh unenteigee evlereh heregtei yum bn. Uneheer odoo hurtel unenees aij bn. Ter hun bhgu bolson gedegt itgehees aisaar bgaan bn.

Зочин: N.   2016-01-25
Bayrlalaa goolingoo. Yag l ingeh estoi bh unenteigee evlereh heregtei yum bn. Uneheer odoo hurtel unenees aij bn. Ter hun bhgu bolson gedegt itgehees aisaar bgaan bn.

Зочин: bb2.   2016-01-19
аан би дээд талын хүнтэй зарим талаараа адилхан бодож байна. iimerhuu huuhen zaluuchuudiig oilgodoggui yum ...гэж хэллээ Угаасаа ойлгомжтой асуудал биш л дээ Гаж юм хүмүүс эвлэрсэн юм байхдаа. Хамгийн энгийнээр бодоход өөр дээрээ авч үзэх хэрэгтэй байх. Та болон таны хайртай хүн тэгж яваад байвал ямар байна? Хэзээ ч хаана ч байж болохгүй асуудал маш том асуудал заза

Зочин: tsts.   2016-01-18
Баярлалаа Гоолингоо. Зүгээр л үнэнээр нь хүлээж авах хэрэгтэй юм байна.

Зочин: Анжэла.   2016-01-18
тиймээ яг үнэн,эцэстээ бүх зүйл үнэнээр дуусдаг

Зочин: bb.   2016-01-18
za yer ni bol bi iimerhuu huuhen zaluuchuudiig oilgodoggui yum . oorsdoo naiz ohintoi baij ,esvel naiz ohintoi huntei hariltsaad tegsen mortloo jiriin naiz geed gutsaad baidag yumnuudiig yerseedee oilgodggui .. Eregtei ch ter naiz ohintoi bol naiz ohinoo hairlasan shig hairla chadahgui bol zugeer taivan orhi . Ter emegteichuud ch gsn hunii hunluu bitgii olbi dolbi hiigeed gaihaad barahgui yum

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com