ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би мөрөөдлөөрөө амьдардаг: Fashion illustrator Э.Золжаргал

Загвар  | 2016 / 02 / 05

/Алдартай дизайнеруудын загварыг арай өөрөөр ахин амилуулдаг зураач бүсгүй/
Fashion illustrator хэмээх манай оронд тийм ч түгээмэл бус мэргэшилд оноож өгөх тохиромжтой монгол нэрийг бодоод олсонгүй. “Загвар зохиогч” гэвэл оновчгүй болно. Учир нь эдгээр уран бүтээлчид ихэвчлэн нэгэнт зохиогдсон алдартай загвар юм уу, оддын хувцаслалтыг өөрийнхөөрөө дүрсэлж шинээр илэрхийлдэг. “Загварын зураач” гэхээр харин арай л сулдана. Тиймээс нэршлийг энэ чигээр нь орхилоо.

Би мөрөөдлөөрөө амьдардаг: Fashion illustrator Э.Золжаргал

Инстаграмдаа 11 мянга гаруй дагагчтай, фэйсбүүк хуудастаа 5 мянга гаруй шүтэн бишрэгчтэй Э.Золжаргал хэмээх бүсгүйн бүтээлүүдийг анх Facebook-ээс харахдаа алдарт Illustrator Hayden Williams –ын зураг юм болов уу гэж эндүүрч байсан. Гэтэл монгол бүсгүйн зураг байхыг хараад шууд л ярилцаж үзмээр санагдан зурвас бичиж илгээсэн билээ. Одоогоор Америкийн нэгдсэн улсад сурдаг, хоббигоо мөрөөдөл болгон амьдарч байгаа түүний хувцас загварын уран зургийн ертөнцөд тавтай морил.

1. Яагаад? – Хувцас загварын гоо үзэмжийг уран сайханч нүдээр ахин дүрслэхүй
Би бага байхаасаа л загварын зураг зурах дуртай байсан. 10 настайгаасаа эхэлж эмэгтэй хүний зураг зурж байгаад, хэдэн жилийн дараанаас fashion illustration болон өөрийн зохиосон загваруудаа зурж, чөлөөт цагаараа гараа үргэлж завгүй байлгадаг байлаа. Бага байхын л эмэгтэй хүний гоо үзэсгэлэн болон хувцас загварыг шүтэн биширч, тэдгээрийн өөртөө ирсэн тусгалыг цаасан дээр шинээр буулгахыг хүсдэг байсан юм.
2. Fashion illustration бол дизайнеруудын (өөрийнхөө ч байж болно) зохиосон загварыг уран сайхны нүдээр харж, цаасан дээр ахин буулгахыг хэлдэг гэж би боддог. Гоо сайхны болон хувцас загварын гээд олон төрлийн компанитай хамтран ажилладаг. Хүнд аливаа дизайнерын хувцас загварын фото зургийг харахаас, яг тэр загварыг зурж буулгасан зургийг харахад арай өөр нүдээр дүгнэж, өөр мэдрэмж төрөх ч тал бий. Фото зурагт хувцасны загвар, материал, өнгө хангалттай тодорч гарч ирэхгүй байж болно. Харин түүнийг зурж буулгахад тухайн загварын дүрслэл, санаа, материал, өнгөний уусгалт зэрэг нь маш тодоор илэрхийлэгддэг.
3. Бүх дизайнерын бүтээл надад сонин содон, гайхалтай санагддаг. Аль болох бүгдийнх нь л загвараас зурж өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг гэх үү дээ. Монгол дизайнеруудынхаа загварыг ч бас зурах маш их дуртай. Өөр оронд олон жил болсон болоод ч тэр үү, би Монголынхоо загварын мэдээллээс их хоцорсон байснаа мэдсэн. Хэдэн сарын өмнөөс O Couture, Michel&Amazonka нарын загваруудыг харж, өөрийнхөөрөө дүрсэлсэн. Үнэхээр биширмээр санагдсан шүү.
4. Миний зургаас зөвхөн хувцас загварыг нь олж хараасай гэж би хүсдэггүй. Харин гоо үзэсгэлэнг олж хараасай гэж боддог. Тухайн загварын гоо сайхан болон эмэгтэй хүний ялдам, сэтгэл булаам, сайхан төрхийг нь харж таашаал аваасай гэж хүсдэг юм. Бас би өөрөө эмэгтэй хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг биеэ авч яваа байдал болон нүднээс нь олж харахыг хүсдэг. Тэгээд ч тэр үү, зурган дээрээ нүдийг нь сайн гаргахыг хүсдэг.
5. Аав, ээж хоёр маань ч бас их гарын ур дүйтэй хүмүүс байдаг юм. Тэд минь миний мөрөөдлийг бага байхаас л дэмжиж, урамшуулдаг байсан. Би бол мөрөөдлөөрөө, мөрөөдлөө даган амьдарч байгаа хүн мөнөөсөө мөн. Одоогоор өөр мэргэжлээр сурч байгаа ч хажуугаар нь зургаа би хэзээ ч орхихгүй гэж боддог. Зураг, дизайн хоёр миний багын мөрөөдөл учраас би үүндээ өөрийгөө 100 хувь зориулж, үнэнч байхыг маш их эрмэлздэг. Ирээдүйд олон том зорилгуудыг тавьж байгаа. Ирэх 5 жилийн дотор өөрийн уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргахыг хүсэж байгаа.
6. Яаж? – Сониуч зураач энэ салбарын өрсөлдөөнд тунаж үлдэнэ
Намайг ямар будаг ашиглаж зурдаг вэ гэж олон хүн асуудаг. Их үнэтэй, тусгай будаг хэрэглэдэг учраас өнгийг нь гоё гаргаж байна гэж боддог бололтой санагдсан. Гэтэл гарын доорх ямар ч будгаар өнгө тавилтыг хийж болдог. Жирийн харандааг ашиглаад ч аргыг нь олоод гоё уусгалт гаргаж болно. Энэ нь тухайн хүний чадвар, авьяасаас шалтгаална. Будгийг зураач нь өөрөө амилуулах нь чухал. Би ихэвчлэн усан будаг, гуашиар голчилдог. Хааяа харандаа болон шохойгоор нэмэлт өнгө гаргадаг.
7. Facebook, instagram, blog-ийн ачаар өнөөдөр маш олон fashion illustrator-ууд нэрд гарч байна. 2000-аад оны эхээр би интернэтээс зарим illustrator-уудын бүтээлийг харж байсан боловч тэд тийм ч алдартай байгаагүй. Харин одоо тэд сая сая дагагчтай, нэр хүндтэй хүмүүс болчихсон байна. Тиймээс мөрөөдлөө дагаж байгаа зураачдад боломж илүү нээлттэй болж байгаа. Нөгөө талаас энэ салбар өрсөлдөөн маш ихтэй болж байна. Шинэ уран бүтээлчид интернэтийн тусламжтайгаар маш хурдан алдаршиж байгаа. Тиймээс тухайн зураач өөрийн гэсэн хэв маягтай, бусдаас өөр байж байж л ялгарч үлдэнэ.
8. Одоогоор би Америкийн нэгэн их сургуульд нягтлан бодогчийн мэргэжлээр сурдаг юм. Би өдөр нь хичээлдээ яваад, орой нь зургаа зурдаг. Надтай хамтран ажилладаг олон хүмүүс бий. Тэр дундаа хувцасны дэлгүүр, вебсайт, boutique болон дизайнерууд ашиглах зургуудаа зуруулах нь их. Сүүлийн үед би нүдний шилний компани болон гоо сайхны компаниудтай хамтран ажиллаж байгаа. Хааяа хувь хүмүүсийн захиалга болон дизайныг гаргаж өгдөг. Саяхан сонссон нэг сайхан мэдээ гэвэл, Лондонгийн нэгэн хэвлэлийн үйлдвэр “International Fashion Illustration” хэмээх номондоо Монголыг төлөөлүүлж миний бүтээлүүдийг оруулахаа мэдэгдсэн. Тэрхүү ном нь олон оронд хэвлэгдэж борлуулагдах юм билээ.
9. Зургийнхаа чадварыг хөгжүүлэхийн тулд аливаа юмыг нээлттэй хүлээн авч, үргэлж сониуч байх нь чухал гэж боддог. Би ийм л хэв маягтай гээд түүндээ баригдаад байвал хэзээ ч чадвараа дээшлүүлж чадахгүй. Мөн олон янзын сэтгүүл, ном уншиж мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Тэр нь заавал загварын тухай байх албагүй, янз бүрийн салбар, урлагийн тухай уншиж, үзэх нь оюун санаанд маань сайнаар нөлөөлдөг. Аль болох олон янзын зүйлсийг зурж гарынхаа хэвшлиийг хөгжүүлэхийг боддог доо. Ингэж төрөл бүрийн туршилт хийж, сониучирхах нь хааяа бүтэлгүйтэлд хүргэдэг ч, түүнээс нь ч бас авч үлдсэн, сурсан зүйл зөндөө байдаг юм.
Түүний бүтээлүүдээс илүү ихийг үзэхийг хүсвэл :
Facebook: /fashionillustrationsbyZol
Instagram: @Zoljargal_e
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(503)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Arabell.   2016-02-07
Гайхамшигтай мундаг охин байна. Мөрөөдлөө битгий орхиорой!

Зочин: leia.   2016-02-07
Mundag!!! <3

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com