ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нуугдсан харц (өгүүллэг)

Чөлөөт цаг  | 2016 / 03 / 02

“Чамайг тойрох сая сая цэцэг дундаас нэгийг ч бүү тасдаарай. Хэзээ нэгэн өдөр тэр цэцэг хатна. Зүгээр л хөрсөнд нь үлдээ. Чамайг тойрох түм буман харц бүрт согтож бүү торж хоцроорой . Хэзээ нэгэн өдөр тэр явчихна. Зүгээр л сэтгэлд нь дүрээ үлдээ.”

Нуугдсан харц (өгүүллэг)

Нэг л өдөр гэнэтхэн харц тулгарсан...

Өмнө нь би чамайг огтхон ч анзаарч байгаагүй. Яагаад анзаараагүй юм бол? Юу хийж хаагуур явсан нүд вэ чи? Хэтэрхий оройтсон ч гэлээ хэлээ хазаж байгаад ч болтугай хэлмээр байна. Чиний сайхан нүдийг үнсмээр байгаагаа. Чиний гараас атгаад гүймээр байгаагаа. Би чанга дуугаар хэлмээр л байна.

Урт улаан хүрмээ мөрөн дээрээ тохоод ажлынхаа өрөөнөөс яаран гарахыг чинь хараад л харуусч хоцордог. Тэнэг хүнээ би. Их эртнээс энэ хүрмийг өглөө бүр цахилгаан шатан дотор хардаг байсан атлаа нэг удаа ч гэсэн эгцэлсэнгүй. Ингэтлээ энэ хүрэмний эзэнд нь ухаанаа алдах гэж. Ингэтлээ эр хүний арга мэх, эр зоригийг газарт булшлах гэж.

Чанга дуутай, хэгжүүн, ажилсаг, өөрийнхөөрөө, эзэрхэг зангаас нь эхнээсээ л би айсан. Ажлын эхний өдрөө л чи олны хараанд өртсөн. Харин би бол тийм хүн биш. Өөрийнхөө ертөнцөд л амьдардаг. Чаддаг зүйлээ л хийдэг. Өөр бусдад хий үзэгдэл шиг байхдаа л тухтай суудаг нэгэн.

Хэрвээ би ядаж үнэтэй хослол өмсөж нүдний чинь өмнүүр хэд хэд сүржин алхаад өнгөрсөн бол чи намайг нэг удаа ч гэсэн онцолж харах байсан болов уу? Гэхдээ одоо бол чи намайг яагаад ч олж харахгүй. Дурлалдаа шатаж яваа бүсгүйн харц миний хүйтэн боловч дотроо шатаж байгаа сэтгэл зүрх дээр байтугай хуучирсан саарал хүрмэн дээр минь ч тогтохгүй. Ямар тэнгэрт жиргэж байгаа болоод чи ийм их аз жаргалтай байгаа юм болоо?

Чи дэндүү сайхан инээх юм. Хажуу өрөөнд чинь суудаг мөртлөө л хаалганы чинь дэргэдүүр эргэлдэх бүртээ завсраар нь ч болтугай хараад авахсан гэж горьдоно. Яаж тийм их эрч хүч дүүрэн бас эр зоригтой дуу алдан, аз жаргалтайгаар инээмсэглэж чаддаг байна? Яаж чи миний мэдэхгүй ертөнцийг өөрийнхөө эргэн тойронд бүтээчихээд түүндээ намайг ойртох ч зориггүй болгож хаядаг байна аа? Яаж тийм хол байгаа зүйлд би хүрэх болж байна вэ? Дэргэд минь инээж байгаа ч сэтгэл чинь бас намайг харах харц чинь тээр холын тэнгэрт байгаа нар шиг л дэндүү алс. Гэхдээ л дулаахан... Миний хэзээ ч хүрч чадахгүй зүйл бол чи. Миний хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмж чи. Миний сонсч байгаагүй дуу авиа, миний хэзээ ч үнэрлэж байгаагүй зөөлөн тансаг, хамаг л эд эсийг минь чангалж, хүсэл тачаалын дээд цэгт хүргэдэг гайхамшиг чи. Би чамайг юутай ч зүйрлээд нэмэргүй. Учир нь чи хэсэгхэн хоромд л миний төсөөлөлд түмэн мянган өнгийн гэрэл асаагаад оддог.

Чамд би сайхан харагдах гэж оролдоогүй биш оролдсон. Чамд л гэж цэцэгийн баглаа, чихрийн цуглуулга, үнэртэн сүрчиг, үзэмжтэй сайхан бүхнийг хайж явсан ч би олоогүй. Чиний дур сонирхол, үнэ цэнэ, дотоод ертөнц, хэр хэмжээнд чинь хүрэх зүйлийг би олсонгүй. Миний дотор асч унтарч, гэрэлтэж, бүдгэрч, солонгорох мэдрэмжийг илэрхийлэх тэр зүйлийг олсонгүй. Би өөрийгөө гээчихээд олоогүй байж яаж чамайг хайж олох болж байна вэ?

Чиний инээмсэглэл бол гайхамшиг. Хамгийн хүчирхэг нь. Өөр хэн нэгэн зовлонгоо яриад л нуруу нь хугарч, урам нь цуцаж газарт унаж байхад чи зүгээр л инээмсэглэдэг. Өмнө нь хэн ч даваагүй, би ч даваагүй гал дээгүүр үсэрч гарах гэж байж чи зүгээр л инээмсэглэдэг. Яаж? Эр хүнээс ч гарахгүй их хүч яаж чиний энэ уяхан зөөлөн, энхрий инээмсэглэлээс гардаг байна аа?

Би чамайг ойлгохгүй юм, би бүр юуг ч ойлгохгүй байна. Би чамаас юу хүлээж, юу хүсээд байгаагаа ч ойлгохоо байлаа. Зүгээр л чөтгөр шиг би чамайг дэргэдээ хүлээд хүсэл тачаалын галаараа шатааж дүрэлзүүлж байхыг хүсээд байна. Бусдын талаар нэг ч зүйл бодолгүй өөртөө чамайг л өмчирхөж амьдармаар байна. Би үүнийг л хүсээд байх шиг. Гэхдээ би чамайг дийлэхгүй. Өөр зүгт далавчаа дэвсэн жигүүртнийг би яагаад ч дийлэхгүй. Өрөөлийн энгэрт элгээ наах, чиний жаргалтай инээмсэглэлийг би дийлэхгүй.

Булааж чадна. Чамаас тасралтгүй зуурч, гараас чинь тавилгүй атгаж, өөр эрийн тархинд сум зоохыг ч би чадна. Өөрийнхөө төлөө бол би юу ч хийж чадна. Харин энэ бүхэн чиний төлөө биш учраас би хийхгүй. Чамайг жаргалтай болгохгүй юм бол, чамайг л инээлгэж чадахгүй юм бол юу ч хийгээд нэмэргүй.

Миний азгүй нь тэр. Миний хүчгүй нь тэр.

Ямар ертөнцийн тэнгэрт дүүлдэг болоод чи ийм харц булаам юм. Ямар эрийн гараас атгасан болоод ийм их аз жаргалтай явдаг юм бэ? Ядаж нүдэн дээр минь шүүрс алдаж гунигладаг бол би нэг удаа ч гэсэн азаа үзэхсэн. Аргадаж нэг мөрөнд нь гараа хүргэхсэн. Миний чимээгүй ертөнц чамайг жаргалтай байлгаж чадах болов уу? Бараг л үгүй биз. Миний мэдэхээр чи намайг харах тоолондоо хачин сайхан найзын хувиар хүндэтгэн, инээгээд өнгөрдөг. Харин би чамайг бараг л шатаах шахдаг байх.

Чи намайг олноос онцолж хардаг бол, ядаж нэрийг минь, дүрийг минь хааяа ч болтугай санадаг бол, би жаргалын оронд заларсан мэт их баярлана.

Гэхдээ л чамд нэг зүйлийг хэлмээр байна. Энэ л зүйлийг хэлчихвэл, ахин би чиний эргэн тойрондох нуугдсан харц, туугдсан сүүдэр байхгүй. Зүгээр л замаа дагаад чиний явсан зүгийг ширтээд хоцорно.

Чи бол миний мэдэх хамгийн гайхалтай ертөнц. Өөрийгөө ийм гайхалтай нэгэн гэдгийг хэзээ ч бүү март! Өөр бусдаас сайхан үгсийг ханатлаа сонс. Бүү татгалз. Хэрэгтэй үед тийм үгсийг өөртөө ч гэсэн хэлж бай, бүсгүй минь.

Чамайг харах түмэн мянган харц дундаас үнэнийг олж тань. Чамайг дагах олон арван залуусын сэтгэлийг ухаж хар. Чамайг онилох талархлын нялуун сүрчигт бүү согтоорой. Чамайг онох шаналалын хүйтэн үгсэд бүү гомдоорой. Чамайг олсон үнэн болоод чин сэтгэлийг өөрөөсөө бүү түлхээрэй. Цаг хугацаа нэг л зүйлийг дийлэхгүй. Тэр бол чиний дэргэд үүрд үлдэх үнэн сэтгэл юм. Би ч тэр зүйлийг дийлэхгүй.

Үнэн болоод чин сэтгэл гэдэг заримдаа харагддаггүй юм. Яг л миний нуугдсан харц шиг. Тэр чамайг холоос хараад л “Энэ цэцэгт би хайртай. Тиймээс хөрсөндөө ургаг” гэж хэлээд хамгийн сайхнаасаа эхлээд муухай болох хүртэл чинь усалж ундаалж, дэргэд чинь байсаар л байх болно.

Харин худал болоод шунан дурлагч сэтгэл чамайг хөрснөөс чинь тасалж, таалж, үнгэж, үнэрлэж, хамаг л гоо сайханг чинь бишрэн шүтээд хатах үед чинь хогийн шуудайнд хэнэг ч үгүй хаяад одох болно.

Чи минь үүрд мөнх өөрийнхөө үнэн төрх, чин сэтгэлийг бусдад энэрэнгүй дэлгэж яваарай. Яг л миний нүдэнд тэнгэрээс буусан далавчит дагина шиг үргэлж гялалзаж байгаарай. Нууцхан харцны минь өнгө гэрэл, инээд хөөр, баяр баясал, эдгэрэл, тайтгарал, тайвшрал минь яг л энэ хэвээрээ аз жаргалтай амьдраарай.

Эх сурвалж: Баттулгын Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(262)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bayartsengel.   2017-03-06
wowldaa yag l shulegshig like 1000

Зочин: nmn.   2016-03-04
uneheer setgeleesee bichsen bololtoi.... saihan ugvvlleg baina

Зочин: Ariun.   2016-03-04
Хэн нэгэн биднийг үргэлж холоос харж, хайрлаж, санаа нь зовж, басхүү нууцхан харамлаж явдаг байх. Миний ч мэдээгүй надад дурласан залуу. Тэрний хувьд би халдаж боломгүй тийм нандин, зөвхөн өөрөө өөртөө хадгалдаг тийм нууцлаг хайр нь. Хүн чинь ихэнхидээ л халамж, хайр, сэтгэлд л татагддаг шүү дээ. Тиймээс тэр залууд хэлэхэд намайг хайрладаг тэр их халамж, хайраа надад мэдрүүлээрэй. Магадгүй чиний надад мэдрүүлэх хайранд уярч хайлаад чамайг ч гэсэн хайрлах юм билүү. Амьдрал таашгүй. Хайр гэдэг хормын төдийд л бидэнд ирнэ.

Зочин: Odgo.   2016-03-02
Тийм шүү, гайхалтай зүйрлэлээр, гайхалтай гаргаж хэлжээ. Бүсгүй минь: Хүрэхэд хол, барихад ойрхон мэт санагдах тийм эгэлхэн... Тавихад дүүлэх, харахад нисэх мэт тийм ихэмсэгхэн... Бүхнийг харцаараа уярааж, инээмсэглэлээрээ гэрэлтүүлж амьдраарай. Бүсгүй хүн бүр ингэх чадалтай, бас эрхтэй шүү!

Зочин: Bolor.   2016-03-02
hair gdg ene l baih hair durlal 2in yalga endee l bn..durlal hichneen ch tohioj bolno..hair gants l bdgt bi itgedeg..jinhene tsor gants hairaa haisaar huleeseer..:)

Зочин: nnn.   2016-03-02
unshsan chin ene neg l tanil dotno medremj...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com