ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо яагаад эмэгтэйчүүдийн эрхийн талаар “бичдэггүй” вэ?

Гоолингоо.мн сайт нээгдээд 6 жил өнгөрчээ. Энэ хугацаанд “эмэгтэйчүүдийн сайн найз” байх үүргээ бололцоот бүх талаар нь биелүүлэхээр хичээнгүйлж ирсэн билээ. Бидэнд хааяа уншигчдаас маань ийм санал ирдэг юм: “Танайх эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж яагаад жендерийн асуудлыг дэлгэж, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар өөрийн дуу хоолойгоо өргөдөггүй юм бэ?”

Гоолингоо яагаад эмэгтэйчүүдийн эрхийн талаар “бичдэггүй” вэ?

Ингэж асуухад нь “Бид үргэлж л энэ тал дээр дуу хоолойгоо өргөж яваа” гэж хариулдаг, хариулахыг хүсдэг билээ. Илэрхийлж буй арга маань “шууд бус” учраас л үүнийг огт хөнддөггүй юм шиг харагддаг байх. Тэгж байгаад нь ч баярлаж байна.

Нэг удаа таксин дотор fm сонсоод явж байтал “гэр бүлийн аз жаргалын төлөө” гэдэг тодотголтой нэгэн нэвтрүүлгээр сэтгүүлч ийн ярьж байв: “Гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүд өөрөө өөрийгөө хамгаалж, байнга бэлэн байдалд ё байх ёстой. Хэрвээ та өөрийгөө хүчирхийлэлд өртөж болзошгүй хэмээн үзэж байвал утасныхаа speed-dial-ийн 1 дээр нь цагдаагийн газрын дугаарыг хадгал. Хоёрт, нөхрийнхөө анзаарахааргүй буланд яаралтай үед хэрэгтэй зүйлсээ уутан дотор баглаад, хэрэг болсон үед шууд аваад зугтахад бэлэн байхаар бэлтгэж тавиарай”

Наад талаас нь харвал, энэ бол эмэгтэйчүүдийн өөрөө өөрийгөө хамгаалж буй, тун зөв зүйтэй, зөвлүүштэй хэрэг мөн мэт. Бүх эмэгтэйчүүд ингээд бэлдчихвэл гэр бүлийн хүчирхийлэл лавтайяа их багасах нь ээ дээ? Гэхдээ цаад талаас нь харвал, энэ нь бүх эмэгтэйчүүдэд “Чи бусдын золиос болох магадлал өндөр шүү” гэж сүрдүүлэхтэй адил сонсогдох шиг. Гэр бүлийн аз жаргалын төлөө хийгдэж байгаа нэвтрүүлэг дээр нь хүртэл “Гэр бүлийн амьдрал гэдэг өөрөө эмэгтэйчүүдийн эсрэг байдаг зүйл” гэсэн далд мессежийг өгөөд байхаар яах болж байна?

Жендерийн асуудлаар түгээмэл хийгддэг ихэнх тэмцлүүд цаагуураа “Чи бусдаас болж хохироод байна!” гэж хашгирч, тийм бодлыг бидэнд үлдээж байдаг. “Чиний нөхөр чамайг хүчирхийлж байна” , “Нийгэм чамайг дарамт шахалтанд оруулж байгаа учраас чи манлайлж чадахгүй байна”, “Чамайг удирдлага чинь эрчүүдээс дутуу үнэлж байгаа учраас чи тушаал дэвшихгүй байна”, “Хүмүүс л чиний мэдлэг чадварыг хүлээн зөвшөөрөхгүй байна”, “Чамайг дэмжихгүй байгаа болохоор л чи шийдвэр гаргах эрх мэдэлгүй байна”, “Чамаар гэрийн ажил хийлгээд байгаа болохоор чи мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна” гэх+ мэтээр... Иймэрхүү уриа лоозонтой тэмцлүүд ихсэж, хэвлэлийн бага хурлууд хийгдэж, байгууллагууд болон түүнд элсэгч гишүүд олшрох тусам хэсэг эмэгтэйчүүдийн амь нас аврагдаж болох ч, ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө “нийгмийн хохирогч” мэтээр харах нь ихсэж байна.

Гэхдээ энд “Чиний нөхөр бол чиний сонголт. Чи өөрөө амьдралдаа хариуцлагатай хандаж, зөв сонголтыг хийх хэрэгтэй. ” гэсэн зайлшгүй үнэнийг хэн ч дурддаггүй. Уг нь энэ л хамгийн их яригдах ёстой, нийгэмд буюу эмэгтэйчүүдэд дутагдаад байгаа “дуу хоолой” нь мөн байлтай. Үнэхээр дутагдаад байгаа зүйл бол “Чи өөрөө манлайлах хүсэл эрмэлзэлтэй байвал хэн ч чамайг зогсоож чадахгүй” гэдгийг ойлгуулах явдал. Бас “Чи өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, олны дэмжлэгийг өөрөө авах ёстой”, “Чиний мэдлэг чадвар шууд анзаарагдахуйц байх хэрэгтэй”, “Хүмүүс чамайг ойлгох ёстой бус, харин чи өөрийгөө ойлгуулах ёстой”, “Өөр юу ч биш, чиний хувийн зохион байгуулалт л бүхнийг амжуулах эсэхийг чинь шийднэ.” гэдэг үгс л дутагдаж байгаа мэт санагддаг. Бидний амьдрал бидний л гарт байдаг.

Ийм үзэл санааг дөвийлгөн, тогтмол сурталчилбал, гэр бүлдээ аз жаргалтай, салбартаа манлайлагч, өнөөх бий болгох гээд байдаг өөрийгөө эрчүүдтэй “ижилхэн” хэмээн мэдрэгч бүсгүйчүүд олширно гэж боддог юм. Өөрийгөө хэн нэгний үйлдлийн золиос гэж харахаа больж байж л гартаа бэлээхэн байгаа боломжуудыг харах нүд нээлттэй болдог шүү дээ.

Сайн бодоод үзвэл, “эрх тэгш байдал”-ын тухай яриа нь өөрөө “эрх тэгш бус” яриа ч мэт. Учир нь энд эмэгтэй хүн, эрэгтэй хүн хэмээх хоёр гайхамшигтай хүйсийг харьцуулж, ялгаж, онцолж, эсвэл адилтгах гэж оролдон зүтгэдэг. Харин энэ талаар ярихаа больчихвол, эм хүйсийг энэ талаас нь онцолж үзэхээ байчихвал л, эмэгтэйчүүд өөрийгөө хүйсийнхээ үүднээс биш хүнийхээ үүднээс л эрчүүдтэй харьцуулж хардаг болно. Ажилд нэгэн зэрэг орсон ч, өөрөөс нь түрүүлж шилдэг ажилтан болсон залууг хараад эмэгтэйчүүд “Түүнийг эрэгтэй болохоор нь өгчихлөө” гэж бодон жигшиж, эсэргүүцэлгүй, харин “Мундаг болохоор нь өгч байна. Би ч бас илүү хичээх хэрэгтэй” гэж боддог болно гэсэн санаа юм. Үнэн нь тэр шүү дээ.

Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид аливаа асуудлыг гадны хүчин зүйлээс хамааралтай мэтээр ойлгуулахаас аль болох зайлсхийдэг юм. Азаар манай улс Конго, Энэтхэг, Ираны аль нь ч биш. Сонголт хийх эрх чөлөө бүгдийн өмнө нээлттэй цагт бид амьдарч байна. Энэ нь үүрэг хариуцлага маань ч бүгдийн өмнө нээлттэй гэсэн давхар утгатай.

Анзаараад үзвэл Гоолингоо цаг үргэлж “эмэгтэйчүүдийн эрх”-ийн талаар бичдэг юм. Гэхдээ болохгүй байгаа учраас тэмцэх хэрэгтэй гэсэн талаас нь биш, бүх боломж нээлттэй байгаа учраас чи өөрөө л түүнийг олж харан, өөрийнхөө төлөө ухаантай байж тэмцэх хэрэгтэй хэмээн ойлгуулах гэж хичээдэг билээ. Ингэхдээ чи эмэгтэй болохоор илүү хүчтэй байх ёстой ч гэсэн талаас нь дөвийлгөхийг хүсдэггүй. Тэгэхээр бас л хүйсээр онцолсон хэрэг болох гээд байгаа биз? Чи “хүн” учраас өөртөө хариуцлагатай, хүн учраас л өөртөө итгэлтэй, хүн учраас л өөрийн гэсэн мөрөөдөлтэй, түүнийхээ араас хөөцөлддөг байх хэрэгтэй шүү гэж уриалдаг.

Мэдээж маш олон шударга бус үйл явдлууд эмэгтэйчүүд бидний сонголтыг үл харгалзан тохиолдох нь бий. Энэ үед “Чи өөрөөсөө л болж ийм байдалд орж байгаа юм” гэж хэлэх нь харгис, буруу явдал мөн. Гэхдээ өөрөөс хамааралгүй эрсдэл гээч зүйл зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд ч биш, хүн болгонд тулгарч болдог. Тиймээс үүний тал дээр урьдчилан сэргийлэх сонголт нь ч бидний гарт байгаа гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Чамайг ч бас үүнтэй санал нийлж байгаа байх гэдэгт найдаж байна. Тэгэлгүй яахав, чи бол өөдрөг, бүхнийг өөрөө л хүсэх юм бол чаддаг, хувь тавилангаа өөрөө удирдсан Гоолингоо бүсгүй шүү дээ.

Чамдаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(647)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: MglausCom.   2016-03-11
Huisiin yalgavarlal mgld bol bdg shw ar geriin achaslal huvaarilalt geed l

Зочин: saraa.   2016-03-10
neg bodliin zovhon huvi hun oorin hogjildoo anhaarah ni zov hereg hedii ch nogoo talaas harval hicheneen emegteichuud oorsdiigoo oorchilson ch eregtei humuusin emegtei hunii erhiig hudlehgui handaj baigaa handlagiig oorchilj chadah bolov u? minii bodloor eregtei ch emegtei ch buh hund ene shudraga bus baidliig huleen zovshooruulj chadval hamgin ehnii alham boloh um shg sanagddag. ene oilgoltiig ogj chadval emegteichuud erhinhee toloo yamar neg zuil hiij, shudarga bus yavdliig medej baij tuund tohiroh hariu uildliig uzuleh um shg. harin eregtei humuus uzel bodloo uurchilj emegteichuudinhee toloo yamar neg setgelin ch hamaagui tuslaltsaa uzulj baij ene niigemd emegtei hunii erhiig zorchson uil yavdal bagasah bolovuu gej bodoj bna.

Зочин: m.   2016-03-09
Mongol emegteichuudiin erh tiim sain hangagdsan uls bish ee. Enetheg ene ter ulstai haritsuulbal l yu yum gehees. Baruun europiin ornuudtai haritsuulahad uneheer etsgiin erht yos davamgailsan gazar. Manai emegteichuud erhee olj avahiin tuld emegteichuud daichin baih heregtei.

Зочин: Enkhee.   2016-03-09
Sain bnu? Niitleliin suuliin paragraph taalagdlaa gehdee zuvhun uuruus hamaaraltai gej bodvol arai l uruusgul. Salbar salbart uur bj boloh ch todorhoi heden salbart bol ene yah argagui genderees bolj bgaa ni todorhoi bgaa, heden jiliin umnu yg ijil 6 zaluuchuud /5 zaluu 1 emegtei/ ajild oroh gej ursulduud 1 emegtei ni buh l zuileeree dutahaargui bsn ch jiremsen boloh bolno gesen shaltgaanaar l gantsaarhnaa ajild orj chadaagui goroij hotsorch bsn, hediigeer ter jiremsen bish buguud hoishid ch jiremsleh tuluvluguugui bsn ch. Iim hatuu niigemd odoo yaltai ch bilee, heniigee ch buruutgah bilee, tegeel az bvl tenger tusheed yvdag l bh daa. Ene sedev uuruu mash chimeegui tahal shig emzeg sedev uchir olon talaas ni hunduj bj l zuv hariu ni oldoh bh

Зочин: namm-d.   2016-03-09
тийм хуучинсаг үзэлтэй удирдлагатай бол ажлаа сольсон нь дээр байх аа, удирдлага чинь л солигддоггүй юм бол... одоо үед ер нь тийм удирдлага байхаа больсон ш дээ. яахав яг хүүхэд гаргах насны эмэгтэйг том даргаар томилохоосоо жаахан айдаг учир нь дундуур нь хаяад явчих магадлалтай гэж үзээд, гэхдээ л нээлттэй чөлөөтэй нийгэмд амьдарч бж хүйснээсээ болоод хүссэн амжилтандаа хүрч чадахгүй бна гэдэг байж боломгүй зүйл. Наанаас чинь өөр зөндөө их ажиллах газар бий шүү, сурах зүйлийг нь сураад өөр газар ор оо. Чадвараараа үнэлүүлдэг газарт л ор. Тэр чинь харин чиний сонголт, чиний шийдвэр байх болно.

Зочин: namm.   2016-03-09
“Чамайг удирдлага чинь эрчүүдээс дутуу үнэлж байгаа учраас чи тушаал дэвшихгүй байна, яг л энэ зүйл уржигдар надад тохиолдсон. би яагаад болохгүй гэж гэж даргаасаа асуухад тэр надад юу гэсэн гээч учир нь чи эмэгтэй болохоор гэсэн хариулт өгсөн. Муу эрээс дээр эмэгтэй байж болно ш дээ. тэр тусмаа би тусгай сургуулийг нь төгссөн, үүнээс аймшигтай зүйлтэй нүүр тулж ч байсан.

Зочин: Sky.   2016-03-08
Uneheer zow hellee... uuniig olon emegteichuud uhaarch oilgoosoi. Uneheer bidnii songolt bidnii gart... Mash ih bayrlalaa GOOLINGOO

Зочин: b.   2016-03-08
Энэ нийтлэл чинь харин жинхэнэ байх ёстой дуу хоолой байна даа. Баярлаж явдаг шүү, Гоолингоо :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com