ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Завсар

Чөлөөт цаг  | 2016 / 03 / 16

Энэ завсраар юу ч үл харагдана. Зах хязгааргүй орон зай л тэнд буй мэт... Тэгсэн атал сэтгэл тэнд ямар нэгэн онцгүй, тааламжгүй зүйл байгааг мэдрээд байна. Зүгээр л амьсгалахдаа хүртэл бие минь өөрийн эрхгүй санаа алдана. Арьсан дээр хөлдүү мөс хайлж урсаж байгаа мэт хүйтэн мэдрэмж... Яг энэ завсарт хүйтэн байна. Яаж цаашлахаа үл мэднэ. Цаашлах зам энд алга!

Завсар

Би энэ завсарт л гацчихсан бололтой. Нээж үзээгүй! Гэхдээ нээхийг ч хүсэхгүй... Яг л энэ завсартаа чимээгүй сууж, хааяа даа нэг гүнзгий санаа алдангаа, гартаа таарсан бүхий л зүйлсийг өөртөө ойртуулна.

Хаалганы завсар юм уу?
Биш ээ! Зүгээр л хуучирсан хоёр модон банзны завсар шиг юм. Гэхдээ удаан хараад суухаар онгойлгож болох цонхны завсартай ижил. Энэ ямар нэг зүйлсийг ялган тусгаарласан завсар байх. Эсвэл миний өөрөө өөртөө бүтээсэн онгойлгож болохгүй бас хааж болохгүй байгаа тэр завсар! Юу гэдгийг нь мэдэхгүй ч миний нүдэнд харагдаж буй нь гагцхүү завсар л байна...

Энэ өчүүхэн завсар зайгаар юу ч харж боломгүй. Бүх зүйл тодорхойгүй. Заримдаа түүний цаана гэрэл асдаг, заримдаа харанхуй бүрхдэг. Завсар зайгаар нь гэрэл асах үед хамаг хүчээрээ түлхэж, урагшилмаар санагддаг ч оргүй хоосон айдас намайг томоотой байхыг тушаана. Түүнийг би үг дуугүй дагана.

Яг одоо байгаа орчин минь тэгээс таван алхмын л зайтай. Нэг өнцөгт хүрэхэд тав алхана. Нөгөө өнцөгрүү ч мөн тав алхана. Баруун зүүн тархи минь байн байн тав таван алхамаар урагшилж бас ухрана. Инээдтэй юм шүү!

Өмнө нь би энд гацахаасаа өмнө тэнгэрт хүн ямар ч онгоц, шүхэр, болон элдэв далавчгүйгээр шувуу шиг дүүлж болно гэдгийг батлахыг хүсдэг байлаа. Тэгээд бүр саран дээр айлчилж, огт өөр төрөлтөнтэй хэл нэвтрэлцэн хамтдаа агаарын бөмбөг үлээж тоглоно гэж бодно. Мөрөөдөл шүү дээ! Би хязгааргүй мөрөөдөж чаддаг байлаа. Шалзлам халуун усанд орж хэвтлээ ч хүний бие өвчинг мэдрэхгүй байж болох, бүх зүйл хормын төдийд нөхөн төлжиж болох, хүн өөрийнхөө төсөөллөөр юуг ч бүтээж бас нурааж болох хоромхон зуурын ертөнц бүтээхийг хүсдэг байлаа. Галзуу байгаа биз? Урьд бие минь жижиг ч бэлчээр минь агуу том санагддаг байсан. Харин одоо бие минь томрох тусам бэлчээр байтугай шалбааг ч надад томдохоор тийм өчүүхэн нэгэн болчихсон. Ердөө таван алхам.

Би их багын завсарт, том бас жижигийн завсарт, нэмэгдэх болоод хорогдохын завсарт гацчихсан.

Хүмүүс том болсоноо, хөгширсөнөө гайхах? Харин ч өмнөхөөсөө хэдэн мянга дахин жижиг хүн болсоноо анзаарахгүй байх шиг. Өдгөө гучин нас намайг хүний амьдралын тоон жагсаалтанд өтөлсөн гэж үл тоомсорлоод огт мэдэхгүй хаа нэг мухарт эсвэл халаасандаа хийгээд мартчихсан бололтой. Тэгээд л би яг одоо халаасных нь онгорхой завсрыг харан шүүрс алдаад сууж байна.

Хорин жилийн өмнө дэлхий намайг хамгийн том, зах хязгааргүй мөрөөдлөөр дүүрэн орон зайд хүссэнээрээ байхыг зөвшөөрдөг байсан. Харин би голдог болсон. Бага багаар түүнээс холддог, зугтдаг болсон. Үнэндээ дэлхий эсвэл, орчлон хорвоо, бурхан намайг энэ нүхэнд хийгээгүй би өөрөө хүслээрээ гүйгээд орсон юм. Ямар ч мөрөөдөлгүй, ямар ч хүсэлгүй бас ямар ч туйлшралгүй, адал явдалгүй, мэдрэмж үгүй таван алхам доторх орон зайд би өөрөө өөрийгөө гацаачихсан.

Тэгээд бүх зүйлийн завсарт гацсан. Би алхдаг бас алхдаггүй, би гүйдэг бас гүйдэггүй, би ярьдаг бас ярьдаггүй. Би бол би. Гэхдээ зарим үед би биш. Тэгэхээр яах аргагүй завсар мөн. Би завсарт гацсан байгаа нь үнэн. Гэм нь энэ завсарыг би өөрөө бүтээсэн нь маргах аргагүй үнэн...

Энэ зүйлийн хэлбэр дүрс, байрлал, байдал, үүсч бий болсон шалтгаан болоод гарах гарцыг ч би өөрөө тодорхойлж чадна. Яг л тариачин ямар ургамлын үр цацсанаа сайн мэддэг шиг...

Завсрын мэдрэмж. Энэ яах аргагүй завсрын мэдрэмж! Би өөрөө үүнийг өдий олон жил нэг нэг тоосгоор өрсөөр ирсэн болж таараад байгаа юм. Өдий олон жил! Өөрөө өөрийгөө тойруулаад л тоосго шиг их үзэл бодол өрөөд байж. Тэгээд л өчүүхэн бага завсар үлдээчихээд одоо тэрийг л битүүлчихвэл өөрөө өөрийгөө гацаачих гээд байгаагаа мэдрээд байгаа юм байна.

Яагаад би хэдэн мянган давхар оюун ухаанаар хүрээлүүлсэн хязгааргүй орон зайд амьдарч байж энэ өчүүхэн нүхэнд нуугдаж, өчүүхэн завсраар амьсгалж байгаа юм бэ?

Намайг хөдөлгөх хүч хаана байгаа бол? Эр зориг, туйлшрал, ихэрхэл,бардамнал, гэмшил, хатуурхал, гомдол, цөхрөл, өвдөлт, айдас, эмзэглэл, инээмсэглэл цөм хаана байна?

Арай энэ зүйлсээс би зугтах гэж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй өөрийгөө гацаасан юм биш биз дээ?

Хязгааргүй орон зайд дүүлдэг хүний хамгийн бяцхан биет төрөл бүхий хүүхэд нас хаана яваа бол? Тэр завсар гэдгийг үл мэднэ. Тэр миний бүтээсэн одоогийн энэ өчүүхэн зүйлсийг гайхах байсан. Хүүхэд нас минь ингэж асууна:

Би чамд хэзээ ч дуусахгүй их мөрөөдөл өгсөн. Тэр хаана байна? Би чамайг хязгааргүй ямар ч саад тотгор гэж үгүй орон зайд үлдээсэн. Харин чи яагаад энэ ялзарсан үзэл бодлын тоосгонд гацчихаа вэ?

Миний хүүхэд нас ингэж хэлэх байсан. /Өрөвдсөн, урам хугарсан, гомдолтой харцаар ширтэх байх/ Намайг хэн ч энэ завсарт байхыг тушаагаагүй, тушаах ч үгүй. Тэгэхээр би өөрөө л энэ завсарт орж суучихаад хаана ч зам үгүй мэт, хаана ч хаалга үгүй мэт аашлаад байгаа юм байна. Тэгээд л айгаад байгаа юм байна. Энэ завсрын цаана байгаа үл мэдэгдэх зүйлээс айгаад байгаа юм байна.

Би алдсан байна. Бүх зүйлээс өөрийгөө нууж тэр өчүүхэн орон зайд цоожилж би алдаж. Бид хамтдаа ч алдсан байж болох юм.

Бүх бодит биетийг төсөөллөөрөө үгүй болгох үед чи бид хаанаас ч завсар хайгаад олохгүй. Эх дэлхий байгаль чамайг юунаас ч нуулгүй ил хаях болно. Эсвэл бүр энэ эх дэлхий ч өөрөө ямар нэг дүрслэлийн сүүдэр байж мэднэ!

Миний бодлоор бид л өөрийгөө завсарт байгаагаар төсөөлөн бодоод байх шиг байна. Үнэндээ бид ямар ч хязгааргүй, саадгүй, өнгөгүй, үнэргүй, бодит биет гэж үгүй гагцхүү мэдрэмжээр л бүх зүйл бүтээгддэг орон зайд байгаа ч юм билүү! Яагаад байж болохгүй гэж? Биднийг бүтээгчид эсвэл зүгээр л бидний дээдийн дээдэд байх үл мэдэгдэх оюун ухаан гагцхүү чиний миний тархинд байгаа мэдээлэлтэй л холбогддог учраас бид юу хүссэнээ бий болгож бүтээж чаддаг ертөнцөд амьдраад байгаа ч юм бил үү? Тэдэнд бидний бүтээсэн өндөр хурдны технологи, өндөрлөгт барьсан байгууламж огтхон ч чухал биш учраас л биднээс юу ч нэхдэггүй авдаггүй байж таараа.

Тэгэхээр миний бодлоор бол бид л өөрсдийгөө тойруулж өрсөн материаллаг эд зүйл дундаа хоригдчихоод төсөөлөл, мэдрэмж хийгээд тайван амгалан, сэтгэл хангалуун байдлыг мартаад байна. Өнөө завсрын мэдрэмжиндээ гацчихаад байна. Эсвэл өөрийгөө тойруулж барьсан нүхнийхээ завсар зайгаар л хорвоог хараад сууж байна гэсэн үг.

Ийм үед яах хэрэгтэй вэ?

Завсар олж хар! Завсар дундаасаа гар! Чамайг айлгадаг бас жихүүдэс төрүүлдэг бүрхэг ирээдүйг цаанаа нуух завсрыг олж харсан л бол түүнийг сэтлээд үз.

Түүнээс, завсарт гацаж болохгүй. Би бол би гэж хэлэх эр зориг буюу түлхэх хүчийг би мөн үү? би биш үү? гэсэн завсар дундаас гарсан цагт л олох болно. Завсраас гарсан бол чи өөрийгөө ЧИ мөн болохыг батлах ч шаардлагагүй. Учир нь завсраас гарах үед хязгааргүй орон зайд аливаа зүйл заавал өөр нэгнийгээ батлах шаардлагагүй болохыг чи ойлгоно... Ер нь тэнд юу ч байж болох? Юу ч байлаа гэсэн завсраас л гар. Тэгээд мэдэр!

Мөрөөдөл гэдэг орон зайд завсар гэж үгүй! Тэнд чиний хязгааргүй орон зай буй! Тайвшрал, тайтгарал, амар амгалангаас ч илүү зүйл тэнд бий! Би хэлж мэдэхгүй байна. Үүнийг илэрхийлэх үг ч олдохгүй байна.

Зүгээр л хязгааргүй орон зай. Завсартай зүйрлэх аргагүй их орон зай.

Чамайг тойрон хүрээлэх асар их энергийн орон зайгаас чи жинхэнэ өөрийнхөө мөн чанарыг ч олж мэднэ. Гэхдээ завсраас бол чи үүнийг олохгүй. Завсарт хүний мөн чанар багтахаар орон зай үгүй.

Чамд одоо гагцхүү асуулт л байгаа. Энэ бол завсар юм. Хариулт нь хаалганы эсвэл цонхны цаана буй! Хаалганы завсраар бүү шагай! Зүгээр л шагайж хараад л суух юм бол чи хаана байгаагаа ч мэдэж чадахгүй.

Харин хаалгаа дэлгээд гүйгээд ор. Тэнд л хариулт байгаа!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(500)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Тусч хүү.   2016-03-17
Сайн уу? https://www.facebook.com/NMYCOM/ энэ хуудас дээр лайк шэйр хийгээд өгөөч. Залуус нэгдэж улаанбаатараа цэвэрхэн болгох гэж байгаан. Бас найзууддаа хүргээрэй. Баярлалаа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com