ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чимээгүй... (өгүүллэг)

Чөлөөт цаг  | 2016 / 03 / 31

Бүсгүйн харц тайван болоод амгалан. Харин залуу дэргэд нь үргэлж түгшинэ. Түүний юу бодож байгааг олохыг хүснэ. Ядаж сонсохыг хүснэ. Хүрэн туяатай галын дөл шиг дулаахан гэрэл цацруулах харцыг нь унших гээд ч нэвтэрч үл чадам. Чихээрээ л сонсохгүй юм бол яаж түүний бодолд нэвтрэх вэ дээ!

Чимээгүй... (өгүүллэг)

Тэр яг л талд бараа тосон алсыг харуулдах эрэлхэг бяцхан зээр шиг. Нэг л зүгт харц салгалгүй ширтэж тэр чигээрээ бодлоо ч үл салгаж чадах нь түүнд яагаад ч саад болж болохгүйг ойлгуулна. Алтны судал гүйсэн мэт нарны тусгалд гялтаганах үснийх нь ширхэг бүр нүдэнд тодоос тод харагдана. Хамрын үзүүр, уруулын хүрээ, хацарын хонхорхой гээд залуугийн нүдэнд торох бүхэн дэндүү гоёмсог.

Хэдхэн хормын өмнө тэдний харц хутга шиг нэг нэгнээ сийчээд авсан. Хатуу үг нэгийг ч шидэлцээгүй авч хачин муухай хүйтэн хөндий хандлагаар нэг нэгэндээ хаалт хийгээд амжсан. Зүгээр л мэнд мэдэж, инээмсэглэх байсан юм. Зүгээр л нэг сайхан дулаахан ширтэлцээд авах байсан юм. Аян замын уртад хэн хэнийхээ барааг харж урт удаан хугацааг өнгөрөөх байтал ийм хэрэггүй хүйтэн хандлага гаргах ямар хэрэг байв?

Залуугийн толгойд нэг иймэрхүү бодол зурагдсан пянз шиг байн байн эргэлдэнэ. Ядаж байхад түүнийг самууруулах гэсэн шиг нууцлагдмал гэхдээ өмнө нь хаа нэгтээ үнэрлэж байсан болов уу гэмээр сайхан үнэр эргэн эргэн хамар цоргионо. Нэг тийм үнэр байдаг даа, нэг л танил, өмнө нь хаа нэгтэй үнэрлээд өнгөрөхдөө сэтгэлээ тавиад явуулчихсан ч байж мэдэх тийм үнэр. Залуу тэсэлгүй хамраараа агаар гүнзгий сорж, эргэн тойрноосоо тэр үнэрийн эзнийг хайна. Үнэр ч мөн адил яг л энэ бүсгүйн зүгт.

Хэтэрхий чимээгүй. Бүхнийг мэдэх мэт харц нь чимээгүй. Бүгдийг өөрийн болгосон мэт бодол нь чимээгүй. Бүхнийг өөртөө татах үнэр нь хүртэл чимээгүй. Эмэгтэй хүн чимээгүй байх тусмаа эр хүнийг тарчлаан зовоож, арга баруулан, өмнө нь сөхөрч унахаас өөр аргагүй болгодогоо мэддэг болов уу?

Аялал эхлээд дөнгөж нэг л цаг өнгөрч байна. Нэлээн хэдэн сар энэ бүсгүйн хойноос гүйж байгаа юм шиг л хачин мэдрэмж төрөх юм. Тэр зүгээр л бодох юм. Цонхны цаана, наана юу түүнийг ингэж их бодолд оруулаад байгааг хайгаад ч би олохгүй нь. Юуны талаар ингэтлээ тасралтгүй бодож, өөрийгөө өөр ертөнцөд орхичихоод эргэн тойрондоо намайг байгааг ч анзаарахыг хүсэхгүй байгаа юм бол?

Хэн болохыг нь би сонирхохгүй. Түүний юунд дуртай, юу хийдэг талаар ч асуухгүй. Хэн нэгэнд дурласан, хайрласан, хүнийх болоод хэнийх эсэхийг нь ч тодруулахгүй. Надад энэ онц биш байна. Гэхдээ л чи үнэхээр их сонирхол татаад байна.

Мэдээж чи намайг мэдэхгүй, танихгүй. Бас дээр нь би олигтой анхны сэтгэгдэл төрүүлээгүй, хүйтэн харцтай онцгүй залуу. Гэхдээ юу гээч чимээ гаргаач, тэгэх үү! Ядаж санаа алдаач. Би чиний хувьд хэн нэгэн байхыг хүсэхгүй. Хэн ч биш байя. Харин чи намайг гайхшруулах ид шид байна. Би эмэгтэй хүний талаар мэдэхгүй. Гэхдээ чамаас бусдыг нь мэддэг юм шиг байна. Биений чинь сайхан муухайг ажиж харах ч үгүй.Сайхан биетэй хүүхнүүд ихэнхдээ яриасаг байдаг юм. Тэгэхээр би зүгээр л чиний нууцыг тайлмаар байна. Үгүй, зүгээр л дуу хоолойг чинь сонсмоор байна!

Бүсгүйн харц өнөө л янзаараа. Нарны тусгал хүүхэн харааг нь онож улам бүр очир эрдэнийн гэмээр гялалзуулна. Хацрыг нь шүргэн сул унжих үснийх нь ширхэг бүр гайхалтай сайхан. Бумбагар цагаан хацар нь түүнийг өөртөө таарсан багахан мяраатайг харуулна. Энгийн тааран саарал цамц нь түүний ачаар л загварлаг болоод дэгжин санагдмаар. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг биш бил үү? Гэтэл түүний бие нь бурханых гэмээр сайхан юм. Эмэгтэй хүний даруу болоод бодолд автах төрх цаанаа л нэг ихэмсэг, дэгжин. Энэ энгийн төрх нь түүний өмнөөс яриад байхад чимээ гаргах шаардлага бий гэж үү? Залуугийн харц бүсгүйн уруул дээрээс холдож үл чадна.

Аргагүй, аргагүй бүсгүй хүний уруул шүүслэг, булбарай, зөөлөн, бас улаахан, чийглэг, хазаад авахад шим нь шүүстэйгээ хамт урсан гардаг тоор шиг л байдаг. Яагаад ч эр хүний харц түүнийг харахгүй өнгөрөх аргагүй. Харин таарсан уруул бүрийн шүүсийг амтлаад байж болохгүй. Магадгүй залуу энэ уруулыг амтлахсан гэхээс илүү яриулахсан гэж хүсэж байж болох.

Энэ үед урт аялалын унаанд ахин нэгэн зочин нэмэгдлээ. Эелдэг сайхан ааштай, нүдэнд дулаахан харцтай, сэтгэл татсан сайхан залуу, хүн бүртэй инээд алдан мэнд мэдсээр орж ирэв. Энэ үед шинэ зочин маань бүсгүйн өөдөөс цоо ширтэн мэнд мэдлээ. Бүсгүй ч толгой дохив. Гэхдээ ёс болгож толгой дохихоос арай өөрөөр зочиноо сонирхож бас сонжиж харсан юм. Хүйтэн хөндий хандлага бүсгүйгээс огтхон ч гарсангүй. Шинэ зочин их яриасаг, хэн бүхэнтэй инээд алдан яриа өдөхөөс гадна урд суудалд суух бүсгүйг их л өдөж хоргоох шинжтэй ажиглагдана. Гэхдээ түүний дэргэд суугаа залуугийн харц өндөр цамхагт гүнжийг манадаг лууных шиг л өөдөөс нь цоргиж байсан юм. Удалгүй шинэ зочин бүсгүйд амттан өгч араас нь нэр усыг нь тухтай сураглаж бүр сүүлдээ хажууд нь сууж болох уу гэж асуулаа. Уг нь түүний хажууд сууж байгаа хүнээс л асуумаар юм.

Энэ бүх үйлдэлд бүсгүй чимээгүй л инээмсэглэнэ. Юу ч хэлэхийг хүсэхгүй байгаа нь харцнаас нь илт. Нэрээ ч хэлсэнгүй, баярлалаа ч гэсэнгүй. Зүгээр л толой дохин сууна. Сонин юм аа! Бүсгүйн ихэмсэг хараа гагцхүү цонхны зүг. Түүнийг даган нүд цавчилгүй ширтэх хоёр залуугийн харц гомдолтой. Шинэ зочин тэсвэр алдан бүсгүйн суудалд ойрхон ирээд яриа өдөх санаатай...

- Би чамайг хаа нэгтэй харж байсан юм шиг ээ?

- ...

- Чи намайг санаж байна уу?

- ... Толгой сэгсрэв

Оролдлого нь нэг ч алхам урагшлуулаагүйд залуу хачин их санаа алдаад “Сонин л юм даа!” гэсээр цааш одлоо. Гэтэл шинэ залуугийн дэргэдүүр жолоочийн туслах зөрөн гарахдаа гартаа барьсан савтай усаа санамсаргүй алдаж бүсгүйн толгойн дээр буулгах нь тэр. Бөглөө нь хазгай таглагдсан учраас хүчтэй шахалтанд нээгдэн эргэн тойрон дүүрэн ус цацарчээ. Жолоочийн туслах байдгаараа сандарч бүсгүйн зүг айж мэгдсэн хоолойгоор

- Ахыгаа уучлаарай! Ёстой санамсаргүй..! гээд гараараа энд тэндгүй цацарсан усыг шүүрдэх аядан газар руу буулгана.

Бүх зүйлийн зангилаа энэ үед л тайлагдлаа. Бүсгүй үсэрч босон сандрах хэдий ч нэг ч авиа амнаас нь үл гарна. Жолоочийн туслах ахын чичигнэх шахан хурдан хурдан хөдлөх гарыг баруун гартаа атгаад нөгөө гараа цээжин тус газраа байрлуулж нүдээрээ намуухнаар харж толгой дохин “Би зүгээр ээ!” гэсэн утга санааг илтгэв. Энэ үед бүх хүмүүс түүний зүг чимээгүй ширтэнэ. Бүсгүй жолоочийн туслах ахыг тайвшруулж суудалдаа эргэн суугаад хормын өмнөх шигээ л юу ч болоогүй царайлан цонхны зүг ширтэж эхэллээ.

Усанд норж бага зэрэг чийг авсан үс нь яг л кинон дээр гардаг шиг үзэсгэлэнтэй цаанаа л нэг энхрий, хайр татам харагдуулна.

Гэвч түүний эргэн тойронд байгаа хүмүүс энэ их гоо сайхныг анзаарсангүй. Гагцхүү ам амандаа бувтнан бүсгүйн зүг араатан харсан мэт гайхан ширтэцгээнэ. Энэ л харцнаас нуугдах гэж тэр цонхтой ярилцдаг аж. Энэ л хандлагаас нуугдах гэж тэр...

Дэргэд нь ирж яриа өдөн, өөрийгөө чухамхүү сайн хүн гэж харуулахаар үснийх нь ширхэг бүрийг долоох нь холгүй байсан урилгагүй зочин нүд ирмэхийн зуурт хуучин суудалдаа тухлан суужээ. Туслах жолооч нэлээн хэдэн хором бүсгүйн дэргэд гэмшиж зогссон боловч өөрт нь огт буруу байхгүй гэдгийг ойлгуулах гэж нүдээрээ хайрлан ширтэх бүсгүйгээс ахин уучлалт гуйгаад урагш алхлаа.

Энэ бүх үйл явдлыг дэргэд нь ажиглаж суунгаа бүсгүйтэй хамт багахан норсон залуу инээмсэглэнэ. Яагаад инээмсэглэж байгааг нь тайлбарлаж мэдэхгүй ч түүний харц хайраар дүүрэн байгааг анзаарахгүй байхын аргагүй.

Бүсгүй эхэндээ анзаараагүй ч өөрийг нь цоолох шахан ширтэх тэр залуугаас ирэх асар их халуун дулааныг мэдрэхгүй байж чадсангүй. Нэг л мэдэхэд дэргэдээ байгаа залуу өөд гайхсан харцаа төөнүүлчихсэн сууж байх нь тэр. Бүсгүйн харц гайхсан бас багахан эмээсэн бас дээр нь ичингүйрсэн түмэн өнгийн гэрэлтэй. Харин залуугийн харц зүгээр л гал шиг төөнөнө. Өөрийнхөө мөрөөдөл өөд л хүн ингэж хардаг болов уу!

Бүсгүй залууг хараад инээмсэглэлээ. Тэр хоёрын урт удаан аялал ингэж л нэг эхэлж байх шиг. Жинхэнэ аялал шиг. Бүсгүй цонхны зүг эргэн хараад ичингүйрч байгаагаа нуухыг хичээнэ. Энэ үед залуу бүсгүйн чихэнд уруулаа ойртуулаад...

“Чи үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна.” гэж хэлэв.

Энэ үед бүсгүй нэг зүйлийг дохио зангаагаар ойлгуулах гэж хичээнэ. Бие биерүүгээ ширтэлцэх авч ойлголцож чадахгүй л байлаа. Бүсгүй цүнхнээсээ цаас бал гаргаж ирээд бичиж эхлэв.

“Бид ойлголцож чадахгүй байна! Би ойлгуулж чадахгүй!”

Залуу инээмсэглэн чихэнд нь ахин ойртоод шивэгнэж эхэллээ.

Миний чих угаас юу ч сонсохгүй. Би чамайг зүрхээрээ сонсоё! Би ойлгохгүй байлаа ч хамаагүй. Нэг л өдөр ойлгоно. Чамайг ойлгохын тулд бүхнээ зориулна.Би чиний цонх байя. Нүдээ ч салгаж чадалгүй бодолд оруулдаг тэр гайхалтай нууцлаг ертөнцийг агуулах цонх байя.

Залуу бүсгүйн зүг чимээгүй ширтэнэ. Одоо л тэр бүхнийг ойлгожээ. Чимээгүй байх нь ямар их ойлголцол болохыг... Бас ямар их тайвшрал гэдгийг... Тэр бүсгүйн зүг чимээгүй ширтээд харцнаас нь ном унших шиг л ихээр гүн бодолд автана. Тэдний эргэн тойронд чив чимээгүй. Аялал заримдаа огт дуу авиа үгүй орон зайгаас эхэлдэг юм. Хэн хэн нь юу ч хэлэх шаардлагагүй тийм чимээгүй орон зайгаас...

Эх сурвалж: Баттулгын Батгэрэл
  |  
Өмнөх мэдээлэл
4 сарын зурхай
Дараах мэдээлэл
35+ : Коллаген – Уух уу, түрхэх үү?

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(319)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: GegeenCom.   2016-03-31
Hugjliin berhsheelteimu

Зочин: Moba.   2016-03-31
Goy uguulleg bna. Amjilt

Зочин: Uni🐎 .   2016-03-31
Wooow gaihaltai.zuger l negen bodold orson busguig buh ed eseer n nudend uzegdtel saihan durseljee.orchuulgiin oguulleg baih l daa.gehdee tanai medee,oguulleg,zahianuud ged bugd l ih goy hunii nudend buuhuits tod amitai baih yma.deer n ih goy ugiin baylagtai, neg tiim... . 👌. GOOLINGOO.s neg zuiliig husmeer bna. Ene goy zuiluudiiin tsaana ymar bag hamt olon ajilladag ym ne? Oorsdigoo taniltsuulsan niitlel oruulj boloh u? Dahin bayarlalaa Goolingoo 😊 Tanai site.r zochlohgui odor gj nadad lav bhgui 😉

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com